Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лидагийн Одбаатар |
Хэргийн индекс | 159/2020/0016/З |
Дугаар | 159/ШШ2020/0021 |
Огноо | 2020-06-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 159/ШШ2020/0021
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль хамгаалагч Н.Цод холбогдох 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0063816 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хүлээн авч зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Я.Амарзаяа би, тус сумын Байгаль орчин хяналтын тасгийн байгаль хамгаалагч Н.Ц, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хайрхан-Буянт ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар ...гэрээний нөхцөл байдал зөрчсөн... гэсэн заалтаар 10.000.000 төгрөгөөр торгож зөрчилд шийтгэл оногдуулсан 0063816 дугаартай шийтгэлийн хуудас бүхий зөрчлийн 2032000059 дугаартай хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Мандал сумын Байгаль орчин хяналтын тасгийн байгаль хамгаалагч Н.Ц гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан.. гэж Хайрхан-Буянт ХХК-д 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан шийтгэлийн 0063816 дугаартай маягт 1 хуудсаар 10000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-д зааснаар Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйл заасан зөрчилд шийтгэл оногдуулах атал Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын тасгийн байгаль хамгаалагч Н.Ц Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан шийтгэлийн 0063816 дугаартай маягт 1 хуудсаар шийтгэл оногдуулсан үйлдэл нь хуулиар өөрт харьяалуулаагүй зөрчлийг шалгах ажиллагаа явуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь зөрчлийн хэрэгт авагдсан шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Мандал сумын Байгаль орчин хяналтын тасгийн байгаль хамгаалагч Н.Ц 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан /маягт 1/ шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан 0063816 дугаартай шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив...гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль хамгаалагч Н.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Я.Амарзаяагийн бичсэн 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь уншиж танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Иймд тухайн зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагавартай танилцсан болно...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль хамгаалагч нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 0063816 дугаартай шийтгэлийн хуудсаар Хайрхан Буянт ХХК-ийг ...гэрээний нөхцөл зөрчсөн... гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 10000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ...Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-д зааснаар Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйл заасан зөрчилд шийтгэл оногдуулах атал Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын тасгийн байгаль хамгаалагч Н.Ц Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан шийтгэлийн 0063816 дугаартай маягт 1 хуудсаар шийтгэл оногдуулсан үйлдэл нь хуулиар өөрт харьяалуулаагүй зөрчлийг шалгах ажиллагаа явуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн... гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын бичсэн дүгнэлтийг хариуцагч тус сумын байгаль хамгаалагч Н.Ц бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалган шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль хамгаалагч Н.Цод холбогдох 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0063816 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР