Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2015/0300

 

 

 

2015 оны 7 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2015/0300

Улаанбаатар хот

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн

Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын

газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Н-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, татварыг гаргуулах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн төрийн сангийн хэлтсийн даргын 2014 оны 5/1137 дугаартай албан бичгийн дагуу санхүүгийн алыг байгуулах саналыг хүргүүлсэн. Үүний хариу саналыг ирүүлсний дагуу 2015 оны 04 дүгээр тушаалаар Боловсрол, соёлын байгууллага хариуцсан нягтлан бодогчоор Л.Алимааг томилсон. Сумын Засаг даргаас ирүүлсэн саналд Б.Н-ын нэр байгаагүй. Б.Н нь ажлын цаг баримтладагүй, Хөдөлмөрийн хууль зөрчдөг. Удирдлагын академд суралцаж байгаа нэрээр ажиллалгүй цалин бүтнээр нь авдаг. гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд: Б.Н-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Хэрэгт гуравдагч этгээдээр орохоос татгалзаж байна гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр: 1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11, 27.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.Ныг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын боловсрол, соёлын байгууллагуудыг хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-ын ажилгүй байсан хугацааны цалин болох 2750989 төгрөгийг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Б.Нт олгож,

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газраас төгрөг гаргуулж, Б.Н-ын ажилгүй байсан хугацаанд төлөгдөөгүй байсан нийгмийн даатгалын шимтгэл 302608.79 төгрөгийг нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Н нь Баян-овоо сумын сургууль, цэцэрлэг, соёлын төзийн нягтлан бодогчоор 2010 оноос 2014 оны дуустал ажилласан. Сумд санхүүгийн алба байгуулах Засгийн газрын шийдвэр гарч 2015 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс эхлэн Санхүүгийн албыг Тамгын газрын даргын тушаалаар томилон ажиллуулж байсан.

 

Аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 5/1137 дугаартай тоотын дагуу нягтлан бодогч нарыг санхүү төрийн сангийн даргатай зөвшилцөн томилно уу гэсний дагуу санхүүгийн албыг байгуулах санал сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 166 тоотыг санхүү Төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн. Энэ тоотын хариу 2014 оиы 12 дугаар сарын 31 өдрийн 5/1331 дугааргай тоот ирж санал болгосон нэр бүхий хүмүүсийг томилон ажиллуулах саналыг хүргүүлж байна гэсний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 08 өдрийн 04 тоот тушаалаар боловсрол соёлын байгууллагыг хариуцсан нягтлан бодогчоор Л.Алимааг томилсон.

2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 4-3/6495 дугаартай Сангийн яамны дэд сайдын Зөвлөмж нь сумдын Засаг даргын Ташын газарт зөвлөж байна гэсэн учраас эна нь захиргааны акт болохгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоолыг дагаж мөрдсөн болно. Б.Ныг чөлөөлөх Сургуулийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 08 өдрийн 03 тоот тушаал гарсны дарая санхүүгийн алба байгуулсан.

Б.Н нь ажлын байрандаа байдаггүй, ажлын цагаа бүртгүүлдэггүй сарын 2 өдөр л ажил хийдэг байхад цалингаа бүтнээр авсаар өдий хүрсэн харин ч цэцэрлэгээс 40 хувийн нэмэгдэл сар бүр авч байгаа нь хууль зөрчиж санхүүгийн сахилга батгүй нь харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 60.2, 70.2 дах заалтуудыг байнга зөрчдөг нь 2014 оны санхүүгийн баримтаас харагдана. /Тухайн байгууллагын удирдлагууд цалинг нь бүтнээр нь олгосон нь мөн л хууль зөрчсөн/

Ардчилсан намын шугамаар Удирдлагын академид 2-р ээлжинд суралцах болж энэ нь 3 дугаар сараас 6 дугаар сар хүртэл, 11 дүгээр сараас 01дүгээр сар хүртэл улирлаар суралцан төгссөн. Энэ суралцаж байх хугацааны цалинг бүтэн авсан бусад сарын цалинг цагийн бүртгэлгүй ажил хийгээгүйнхээ төлөө цалингаа бүтнээр нь авсан байгаа. Удирдлагадаа 2014 оны турш бүтэн суралцаж байгаа гэж тайлбар өгсөн байдаг.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлэзн авснаас эсхүл мэдсэнээс 30 хоногийн дотор тухайн байгууллага албан тушаалтныг шууд харъяалах дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанд гомдлоо гаргана,"

 

"Гомдол нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна" гэж тус тус заасан. Гэтэл Б.Н нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4 дүгээр тушаалыг тухайн өдрөө мэдсэн атал 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр сумын Засаг дарга Ж.Пүрэвсүрэнд 60 хоногийн дараа гаргасан байгаа нь ЗХХШТХ-д заасан заалтыг зөрчсөн байна. Дзэрхи хугацааг хэтрүүлэн гаргахдаа Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага буюу 10 дугаар зүйлд "Бичгээр гаргасан ергөдөл гомдолд овог нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж гэрын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлеөлүүлзн зурж болно."гэж заасныг тус тус зөрчиж овог болон оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаягаа бичээгүй байхаас гадна нэхэмжлэлд зурсан гарын үсгээс өргөдөлд зурсан гарын үсэг нь эрс ялгаатай байгаа нь аль гарын үсэг нь Б.Н-ын гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл, өргөдөлд Б.Н гарын үсэг зураагүй бол ямар хүндэтгэн шалтгаан байсан эсэхийг тайлбарлалгүй орхигдуулжээ. Эндээс харахад урдчилан шийдвэрлэх ажиллагаа хүчин төгөлдөр бус, дээд шатны албан тушаалтнаар шийдвэрлэлт бүрэн хийгдээгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 19 ний өдрийн 42 дугаар албан бичигт Иргэдзэс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасныг зөрчсөн байгаа тул гомдлыг хүлээн авах боломжгүй байгаа талаар бичсэн байхад анхан шатны шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэж хзргийг шийдвэрлэсэн нь ЗХХШТХ-ийн 8 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх боломжийг олгоогүй гэж үзэх үндэслэл болж байна.

 

Хэрэв харъяалах дээд шатны албан тушаалтан байхгүй бол 6,1-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ гэжээ.

Гэтэл Б.Н нь хуульд заасан хугацааг хэтрүүлэн харъяалах дээд шатны албан тушаалтанд болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж, ямар нэгэн хүндзтгзн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр шүүхэд хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээрхи байдлуудыг харгалзан үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9, 88 дугаар зүйлийн 88.1.1-т тус тус зааснаар Захиргааны хэргийн 3 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Н-ын нзхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Н нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, татварыг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Харин шүүх Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, татварыг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулахгүйгээр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Жавзансүрэн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр Санхүүгийн алба байгуулах тухай тушаалыг гаргахдаа хуулийн ямар ч заалт баримтлаагүй гэж уг тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, мөн ... нэхэмжлэгч Б.Н-ын ажилгүй байсан хугацааны цалин 2750989 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь нотлох баримтад тулгуурлаагүй, хуульд үндэслэн шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг явуулаагүй, мөн маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх хөндөгдсөн, үүнтэй холбоотой захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалгаж тодруулаагүй байна.

Тодруулбал: Нэхэмжлэгч Б.Н нь Монгол Улсын Засгийн газрын Санхүүгийн алба байгуулах тухай 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаар тогтоол гаргасантай холбогдуулан Баянхонгор Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын дарга Санхүүгийн алба байгуулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тушаалыг гаргахдаа Баян-Овоо сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Н-ын нэрийг хасч шийдвэрлэсэн нь миний эрхийг зөрчиж байна гэж шүүхэд маргаж байгаа.

 

Харин маргаан бүхий 04 дүгээр тушаалаар Санхүүгийн албаны даргаар Д.Эрдэнэбулганыг, Төрийн сангийн оператороор Ж.Ганцэцэгийг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Орон нутгийн хөгжлийн санг хариуцсан нягтлан бодогчоор Б.Энхбаатарыг, Боловсрол, соёлын байгууллагуудыг хариуцсан нягтлан бодогчоор Л.Алимааг тус тус томилон ажиллуулах-аар шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, дээрх тушаалд дурдсан аль байгууллагыг хариуцсан нягтлан бодогчоор нэхэмжлэгч Б.Н нь томилогдоогүйгээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байгаа эсэх, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулснаар түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх, захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, мөн нэхэмжлэгч Б.Н нь Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны нягтлан бодогчоор намайг ажилд томилоогүй гэж маргаж байхад түүнийг ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой эсэх, үүнтэй холбогдуулан нэгэнт ажил албан тушаалд томилогдоогүй байхад ажилгүй байсан хугацааны цалинг хэрхэн бодож олгох журамтай эсэх, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.Н нь сумын иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр ажилладаг гэсэн тул түүнийг тодруулах зэргээр холбогдох нотлох баримтыг цуглуулсны дараа эрх зүйн үндэслэлд дүгнэлтийг хийх нь зөв байна.

Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулах, холбогдох шаардлагын хүрээнд хариуцагч, гуравдагч этгээд нараас тайлбар гаргуулах, тэр талаарх нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгч хэргийн шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч төрийн албан хаах эрхээ сэргээлгэх, тэр талаарх захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны актын эрх зүйн үндэслэлийн талаар хянуулж, хуульд заасан эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан байхад шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй нь буруу. Шүүх хэргийн талаарх бодит үнэнийг тогтоохын тул маргааны үйл баримттай холбоотой, холбогдох бүх нотлох баримтыг цуглуулж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй байна.

Мөн Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 78 дугаар захирамжаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж иргэн Л.Алимааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн атлаа гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагад холбогдох тайлбарыг бичгээр гаргаж өгөх үүргийг нь шаардаагүй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

               

                ШҮҮГЧ                                                                                    Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                                    О.НОМУУЛИН

                ШҮҮГЧ                                                                                    Э.ХАЛИУНБАЯР