Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/309

 

 

 

 

 

­

 

 

   2022        03          24                                     2022/ШЦТ/309

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

 

Улсын яллагч: Ц.Гэрэлбаатар;

 

Шүүгдэгч: Б.Г (өөрийгөө өмгөөлж);

 

Хохирогч: Б.Х (өөрийгөө өмгөөлж);

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал;

 

Хэргийн дугаар:;

 

Шүүгдэгч Б.Г регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.Г нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ..... гадна хохирогч Б.Хээс ...... УНГ улсын дугаартай “Хонда фит” маркийн тээврийн хэрэгслийг “2 өдөр түрээслээд өгнө” хэмээн хуурч аван 2.117.741 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “Тухайн үед надад машин хэрэгтэй байсан. Интернэтэд “машин түрээслэнэ” гэсэн зар байхаар нь утсаар яриад орой очиж уулзаж машиныг авсан. Б.Хт 120.000 төгрөг өгөөд машиныг нь аваад явсан. Би Тэрэлж явсан. Учир нь манай хамтран амьдрагч тэнд байна гэж сонссон. Тэгээд яваад очиход манай хамтран амьдрагч Дархан-Уул аймаг явсан байсан. Би араас нь Дархан-Уул аймаг явсан бөгөөд Заамар руу уурхайд ажил хийнэ гээд явсан. Хатран амьдрагч маань засварчин хийгээд, би тогооч хийсэн. Би Б.Х рүү ярина гэж бодож байсан. Тухайн машиныг Тамир гэж хүнд үлдээгээд Дархан-Уул аймаг руу явсан. 1 сар хүртэл тэнд байсан. Би хамтран амьдрагчдаа “машин түрээсэлсэн” гэж хэлээгүй байсан. Удалгүй хамтран амьдрагчдаа үнэнээ хэлээд машиныг авахаар явахад Тамир машиныг эвдсэн байсан. Тэгээд ачуулж авч ирсэн. Бид хоёр 5 сар ажилласан цалингаа аваагүй байсан тул машиныг янзалж чадаагүй.  Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хохирлыг төлж барагдуулна. Удахгүй уурхайд ажилд орох гэж байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Х мэдүүлэхдээ: “2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр .... УНГ дугаартай машинаа түрээслэх зар тавьсан. Учир нь машиндаа “нано тос” авах зорилготой байсан. Удалгүй “Ган Ган” гэх фейсбүүк хаягаас “эгч нь машиныг нь түрээсэлье, би хоёр хоног машиныг чинь хэрэглэнэ” гээд нэг хүн холбогдсон. Удалгүй надтай Б.Г эгч ирж уулзаад миний машиныг унахаар болоод надад барьцаа 100.000 төгрөг, 2 өдрийн мөнгө 50.000 төгрөг, нийт 150.000 төгрөгийг өгсөн. Тэгээд тухайн өдрөө “эгч нь бензиний мөнгөгүй байна” гээд шилжүүлсэн 150.000 төгрөгөөс 20.000 төгрөгийг буцааж авсан. Тэгэхээр надад нийт 130.000 төгрөг өгсөн гэсэн үг. Ингээд миний машиныг авч явснаас хойш 2 хоног өнгөрсний дараа Б.Г эгчийн утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Би маш их айсан, араас нь маш олон захиалга авсан байсан. Гэтэл машинаа алдсанаас хойш 10-аад хоногийн дараа над руу нэг залуу залгаад “би чам руу 150.000 төгрөг шилжүүлсэн, миний мөнгийг өг” гэж хэлсэн. Би гайхаад асуудлыг тодруулахад Б.Г эгч нэг хүнд жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хэлээд 150.000 төгрөг авахаар болоод тухайн мөнгийг миний данс руу хийлгэсэн байсан. Би бас энэ тухайгаа хэлсэн. Харин тэр залуу над руу байнга залгаад дарамтлаад байсан. Би дарамтыг нь тэсэлгүй үлдэгдэл 81.000 төгрөгийг тухайн залуу руу буцааж шилжүүлсэн. Одоо миний машин маш их эвдэрч гэмтсэн байгаа гэсэн. Би өмнө нь машиндаа маш их засвар хийсэн байсан. Өөрийн машиныг би 2.340.000 төгрөгөөр авч нийт 500.000 төгрөгөөр машинаа янзалсан байсан. Би цагдаагаар дамжуулж энэ хүнтэй 1 жил 2 сарын дараа уулзсан. Хэрэг үүссэнээс хойш энэ хүн 2-3 удаа алга болсон. Миний машин 1 жил 5 сарын дараа айлын хашаанд байгаа сураг гарсан. Би машинаа сурагласаар байгаад мөрдөгчөөсөө Дархан-Уул аймгийн мөрдөгчийн дугаарыг авсан. Тэгээд тухайн мөрдөгчөөс “машинаа үзэж болох уу?” гэж асуухад “машин битүүмжлэгдсэн байгаа тул үзэх боломжгүй” гэж хэлсэн. Надад маш их хэцүү байсан. Одоо ч маш их хэцүү байна. Миний машинд хэдэн төгрөгийн засвар орохыг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Би нийт 1.000.000 төгрөгийн хохирол гарсан байх гэж бодож байна.  4 дугуй 700.000 төгрөг, амаржин 200.000 төгрөг орчим, мөн засварын хөлс 100.000 төгрөг нийлээд нийт 1.000.000 болох байх. Сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн зам ашигласан, автомашины татвар 52.976 төгрөг, машины үнэлгээ 81.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна. Надад машинаа засуулах мөнгө байхгүй, Дарханаас Улаанбаатарт авчрах мөнгө байхгүй байна. Эдийн засгийн хувьд маш их дарамтад орж байна... ” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Х  /хх-ийн 20/, гэрч Ц.Жигжсүрэн /хх-ийн 23-24/, гэрч Л.Санжаа /хх-ийн 25-26/, гэрч А.Өлзийбаатар /хх-ийн 112/ нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн мэдээлэл /хх-ийн 31, 74/, Б.Ггийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40, 100-102, 105/, Б.Ггийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 50-51, 54/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 76-77/, Б.Хийн депозит дансны дэлгэрэнгүй  хуулга /хх-ийн 86-89/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол /хх-ийн 109/, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 107-108/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 113-114/, Б.Ггийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 96-98/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүк нийгмийн цахим сүлжээг ашиглан “автомашиныг чинь 2 өдөр түрээслээд өгнө” хэмээн иргэн Б.Хийг хуурч ....... гаднаас Б.Хийн эзэмшлийн .... УНГ улсын дугаартай “Хонда фит” маркийн тээврийн хэрэгслийг нь шилжүүлэн авч 2.117.741 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Б.Хийн (хх-ийн 29): “2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Фейсбүүкээр “Ган ган” гэсэн хаягаас “машин түрээслэх хүн байна уу “ гэсэн зар тавьсан байхаар нь чат бичээд уг хүнд өдрийн 30.000 төгрөгөөр 2 өдөр түрээслэхээр болоод тухайн өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 14-2и байрны гадаа өөрийн эзэмшлийн .... УНГ улсын дугаартай “Хонда Фит” маркийн автомашинаа түрээслүүлэхээр өгсөн. Тэгтэл “эгчид нь мөнгө алга, манай найз мөнгө хийнэ, чи 96910409 гэсэн дугаар луу өөрийнхөө дансыг явуулчих” гэсэн. Тэгтэл миний данс руу 150.000 төгрөг ..... гэсэн данснаас орж ирсэн ба гүйлгээний утга дээр нь “жолооны үнэмлэхийн мөнгө” гэсэн байсан. Тэгтэл нөгөө эмэгтэй “20.000 төгрөг өгчих, эгч нь бензин хийнэ” гээд АТМ-ээс авсан. Тэгээд “эгч нь үлдэгдэл 30.000 төгрөгийг орой хийчихнэ” гээд миний машиныг аваад явсан. ...тэгээд гар утас нь холбогдох боломжгүй болсон” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар (хх-ийн 76-77),

 

гэрч Л.Санжаагийн (хх-ийн 25): “...Б.Г 2020 оны 07 дугаар сарын эхэн буюу ойролцоогоор 03-ны үед “явлаа” гэж хэлээд гарсан. Түүнээс хойш огт ирээгүй. Харин Б.Гд машинаа түрээслэхээр өгөөд алдсан гэж хүмүүс ирж байсан” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Өлзийбаатарын (хх-ийн 112): “...би өөрөө хувиараа автомашинаар тээврийн ажил эрхэлдэг. 2021 оны 07 дугаар сард Улаанбаатар хотоос ажлаа дуусгаад Дархан-Уул аймагт оршин суух хаягтаа ирэхэд манай хашаан дотор цэнхэр өнгийн ....УНГ улсын дугаартай “Тоёота Фит” маркийн автомашин оруулаад тавьсан байсан. ...би тухайн үед ямар учиртай автомашин болох талаар нь хүргэн Отгонбаатараас асуухад “манай найз авчирч тавьсан юм” гэж хэлсэн. Би өөр зүйл лавлаж асуугаагүй...” гэх мэдүүлгээр,

 

Б.Ггийн яллагдагчаар мэдүүлсэн (xx-ийн 97-98): “ миний бие 2020 оны 07 дугаар сард фейсбүүкээр “машин түрээсэлнэ” гэх зарыг харсан бөгөөд зарын дагуу Хишиг гэх хүнтэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Багшийн дээдийн автобусны буудал дээр очиж уулзахад ““Хонда фит” машин байгаа өдрийн 30.000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хэлж би 3 хоногийн мөнгө болон барьцаа мөнгөтэй 120.000 төгрөгийг Хишигт өгч .... УНГ улсын дугаартай машиныг түрээсэлж авсан. Дараа нь Дархан-Уул аймаг руу ганцаараа машинаараа очиж нөхөр болох Жигжсүрэнтэй уулзаж 2 хоноод Заамар сум руу машинаараа Жигжсүрэнтэй хамт ирж уурхайд нөхөртэйгөө ажилд орсон. Түрээсийн машинаа ахуйн хэрэгцээндээ унаж байгаад 2020 оны 12 дугаар сард Заамар суманд Тамир гэх хүнд үлдээгээд Жигжидсүрэн бид хоёр Дархан-Уул аймаг руу явчихаад 2021 оны 01 дүгээр сард Тамираас машинаа буцааж аваад Дархан аймагт байх Жигжсүрэнгийн таньдаг хүний хашаанд үлдээсэн. ...би анх Дархан-Уул аймагт унаж очихдоо өөрийн ах Ганболдод “хүн барьцаанд тавьсан машин байгаа юм, уг машиныг түр унаж байгаа” гэж хэлсэн. ...Түрээсэлсэн хоног дуусчихсан мөн Заамарт ажилд орчихсон учир би өгөлгүй өөртөө аваад үлдчихсэн. ...Би хийсэн үйлдлээ гэмшиж байна” гэх мэдүүлэг болон Б.Ггийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 50-51, 54/, Б.Хийн депозит дансны дэлгэрэнгүй  хуулга /хх-ийн 86-89/, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 107-108/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 113-114/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Б.Гд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн нийгмийн цахим сүлжээ буюу фейсбүүкт нийтэлсэн зарын дагуу холбогдож эд хөрөнгийг нь шилжүүлж авснаа, хохирогч нь шүүгдэгчийн “тээврийн хэрэгслийг нь 2 өдөр түрээсэлнэ” гэсэн үг, үйлдэлд хууртагдан түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Б.Г нь хуурч мэхлэх аргаар Б.Хийн эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хохирогчийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн өөрийн эзэмшилдээ авч буй Б.Ггийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Б.Хээс залилсан Хонда Фит  маркийн автомашиныг Б.Г нь өөрийн хэрэгцээ шаардлагад ашигласны эцэст эвдрэл гэмтэл учруулж айлын хашаанд орхисон байна. Б.Г өртгийг нь төлөлгүй бусдаас хууль бусаар авсан уг автомашиныг өөрийн хөрөнгө биш гэсэн хүйтэн хандлагаар хэт хайхрамжгүй хандаж эвдэж гэмтээсний үр дүнд хохирогч Б.Х өнөөг хүртэл автомашины эвдрэл гэмтлийг засуулж чадаагүй байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт ирээдүйд гарах тодорхой зардлын хэмжээ, хохирогчийн эд хөрөнгийн хохирол хүлээсэн байдал нь түүний амьдралын нөхцөл, эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж байгаа, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн арга зэрэг нь шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг тодорхойлоход илүүтэй нөлөөлж байх тул шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүргэв.

Ингээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар хорих ял  шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг засварлахад гарах зардалд 1.000.000 төгрөгийг, нийт 2.000.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн.

 

Хохирогч Б.Х нь тухайн тээврийн хэрэгслийн эвдрэлийг засахад гарах бодит зардлыг болон сэтгэл санааны байдал буюу эдийн бус хохирлын талаарх шаардлага хангасан баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх нь зүйтэй. Ийм учраас энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж байна.

 

Харин мөрдөн байцаалтын шатанд гаргуулах үндэслэл хэмжээ нь бүрэн тогтоогдсон автомашины үнэлгээний хөлс 80.000 төгрөг, түрээсийн төлбөрөөс жолооны үнэмлэхийн мөнгө гэж өгсөн 81.000 төгрөг, хохирогчоос бензиний мөнгө гэж буцаан авсан 20.000 төгрөг, машины татвар 52.976 төгрөг зэрэг нийт 233.976 төгрөгийг шүүгдэгч Б.Ггаас гаргуулж хохирогч Б.Хт олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Г нь шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст хохирогч Б.Хт учирсан 233.976 төгрөгийн хохирлоос 214.000 төгрөгийг нөхөн төлсөн ба нэгэнт шүүхийн шийдвэрээр гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирлын үлдэгдэл 19.976 төгрөгийг шүүгдэгч Б.Ггаас гаргуулж хохирогч Б.Хт олгох нь зүйтэй.

Мөрдөн байцаалтын явцад Б.Ггаас биеийн байцаалтыг авахдаа нөхөр, хүүхдийн хамт амьдардаг гэж тэмдэглэж ирсэн боловч хүүхдийн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Хэрэв  үнэхээр Б.Гд бага насны хүүхэд байдаг бол хүүхдийн эцэг гэх Ц.Жигжсүрэнгийн асран хамгаалалтад хүүхдийг үлдээж уг асуудлыг шийдвэрлэснийг дурдаж байна.

Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц .... УНГ улсын дугаартай “Тоёота Фит” маркийн 2.117.741 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож хохирогч Б.Хт олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ггаас 19.976 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хт олгосугай.

 

5. Хохирогч Б.Х нь тухайн тээврийн хэрэгслийн эвдрэлийг засахад гарах бодит зардлыг болон сэтгэл санааны байдал буюу эдийн бус хохирлын талаарх шаардлага хангасан баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц .... УНГ улсын дугаартай “Тоёота Фит” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хохирогч Б.Хт олгосугай.  

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ