Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/677

 

 

                                                                                                                      

     2022         05          10                                     2022/ШЦТ/677

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Я.Амарзаяа,   

Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Шүүгдэгч И.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Нд холбогдох эрүүгийн 2206 0000 1351 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Н нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Казино нэртэй баарны гадна 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Т.Нийн Хондо инсайт маркийн 8.308.912 төгрөгийн үнэ бүхий автомашиныг завших зорилгогүйгээр хохирогчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хохирогчид 445.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                                                                               

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч И.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 1351 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч И.Н нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Т.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2022 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө найз Мөнхбатын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Казино нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Шөнө 02 цагийн үед би ганцаараа баарнаас гараад тамхи татчихаад буцаад орсон чинь Мөнхбат бид хоёрын сууж байсан ширээг хураачихсан, Мөнхбат ч байхгүй байсан. Тэгээд би баарны зөөгчөөс асуухад найз чинь явчихсан гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийн гар утаснаас 02:28 цагт найз Мөнхбатын руу би тамхилчхаад ороод ирлээ, чи хаашаа явчихваа гэсэн утгатай мессеж бичсэн. Тэгээд намайг ганцаараа сууж байхад Мөнхбат үл таних залуутай ороод ирсэн.Тэгэхэд Мөнхбат хамт яваа тэр залуутайгаа зодоон хийсэн байсан. Мөнхбатаас асуухад тэр хоёр гадаа өөр хүмүүстэй зодолдсон гэсэн. Тэгээд Мөнхбат бид 2 суугаад архи ууж байхад баар хаах цаг болсон. Тэгээд гадуур хувцсаа хайгаад олоогүй. Гадуур хувцасгүй баарнаас гартал баарны гадаа байсан миний машин байгаагүй. Тэгээд цагдаа дуудсан, дуудлагын цагдаа ирээд надаас мэдүүлэг авах гээд Цагдаагийн хэлтэс рүү аваачсан юм. Цагдаа нар Мөнхбатын дагуулж яваад байсан үл таних залууг авч ирж байсан. Тэгэхэд тэр залуу миний гадуур хувцсыг барьчихсан байсан. Тэр гадуур хувцасны халаасанд миний машины түлхүүр байсан. Цагдаа нар миний машиныг олсон гэсэн. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр журмын хашаанд очиж машинаа хүлээж авсан. Тэгэхэд машины зүүн гар талын кирло, гуфер эвдэрсэн байсан. Миний машиныг унаж явсан Н гэх залуу надад 445.000 төгрөг төлж хохирлыг бүрэн барагдуулсан. Цаашид ямар нэг гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

 

Гэрч Э.Намсрайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: п

Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг юм. 2022 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө би оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжилж Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Казино баарны гадаа өөрийн 01-17-УБА дугаартай хар өнгөтэй тоёота приүс 30 маркийн автомашинтай зогсож байсан юм. Тэгтэл Баянцээлийн туслах замаар хойноос урагш чиглэлд нэг машин аваарын гэрлээ анивчуулаад урсгал сөрөөд ирсэн. Тэгээд тэр машин миний хажуугаар өнгөрөхдөө миний машины зүүн хойд талын хаалганы хэсгээс хойд гуфер хүртэл машинаараа шүргэж зурсан. Тэгээд би машинаасаа буусан чинь нөгөө машин доошоо яваад байхаар нь араас нь очсон. Тэр хавьд байсан хүмүүс урд нь хааж зогсоод машиныг зогсоосон. Хаалгыг нь онгойлгоод машиныг нь унтраагаад жолоочийг нь машинаас буулгасан. Жолооч нь шал согтуу байсан. Цэнхэр өнгийн Хонда инсайт маркийн машин байсан. Замын цагдаа дээр очоод машины эвдрэл гэмтлийн талаар үнэлгээ хийлгэсэн. Тэр залуу надад 450.000 төгрөг төлж учирсан хохирлыг бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 11/

 

Гэрч Т.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2022 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө найз Нийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Казино нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Тухайн үед Н бид 2 бааранд 3 шил архи уусан байна лээ. Бааранд байхад би нилээн согтсон байсан. Болсон зүйлийг бараг санахгүй байна. Санаж байгаа зүйлээ ярья. Би баарнаас гараад гадаа ганцаараа тамхи татаад зогсож байтал үл таних нэг залууг 3-4 залуу нийлээд зодож байсан. Тэгэхээр нь би тэд нарт хандаж та нар ганцаараа яваа хүнийг дээрэлхэж байна гээд тэр залууг өмөөрч дундуур нь орж салгасан. Тэгээд би буцаж бааранд ороод ширээндээ  суусан. Тэгэхэд нөгөө ганцаараа яваа залуу намайг дагаж орж ирээд хамт суусан санагдаж байна. Тэгээд сууж байтал нэг мэдэхэд баар хааж байна гээд Н бид хоёр баарнаас гартал баарны гадаа байсан машин алга болчихсон байсан. Тэгээд цагдаад дуудлага мэдээлэл өгсөн, би тэр үед нилээн согтуу байсан болохоор миний санаж байгаа зүйл энэ нь байна гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 03 сарын 22-ны өдрийн БЗД2-22-554 дугаартай:

2009 онд үйлдвэрлэгдэж, 2019 онд Монгол улсад орж ирэн бүртгэгдсэн цэнхэр өнгийн 3689УНМ улсын дугаартай Хонда инсайт маркийн тээврийн хэрэгсэлийн зах зээлийн суурь үнэ 8.308.912 төгрөгийн үнэлгээтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 15-16/,

 

-Зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3/,

-И.Нын жолоодох эрхийг хассан шийдвэрийн мэдээлэл /хх-ийн 30, 34/

-цагдаагийн алба хаагчийн “...2022 оны 03 сарын 17-ны өдрийн 04:20 цагт БЗД-н цагдаагийн 2-р хэлтэсээс 3689УНМ улсын дугаартай, хонда инсайт маркийн автомашиныг хулгайд алдсан гэсэн дуудлагын дагуу БЗД-н 2-р хороо, Сансарын эвтэй 4 амьтаны тойрогт хяналт хийх хугацаанд3689 УНМ, Х.инсайт маркийн автомашин орж ирэн зогсооход Ичинхоролын Наражаргал /ЖД90021673/ нь хулгайлан унаж явсныг зогсоож БЗД-н цагдаагийн 2-р хэлтэсд хүлээлгэн өгөв” гэх илтгэх хуудас /хх-ийн 31/,

 

Шүүгдэгч И.Нын мөрдөн байцаалтад өгсөн:

2022 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө би гэртээ 0,33 литрийн савалгаатай пиво ганцаараа уусан. Тэгээд эхнэртээ дэлгүүр ороод ирье гээд гарч тэндээс 6 лаазтай 0,33 литрийн савалгаатай пиво авсан. Нэгийг нь уугаад доошоо явж байгаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай колонкын тэнд машинаа үлдээгээд үлдсэн пивоныхоо дөрөвийг уусан. Тэгээд ганцаараа баарлуу явсан. Сансарын гудамжны дээрээс нь доошоо явж байгаад хамгийн сүүлд нь Казино гэх нэртэй бааранд орсон. Эхлээд нь 3 шилтэй 0,5 литрийн савалгаатай боргио пиво уугаад нэлээн согтсон байсан. Тэгээд Нийн найзтай муудалцаад гадаа гарсан. Бид 2 хоорондоо зодолдсон зүйл байхгүй. Бид хоёр нэг тал болоод өөр хүмүүстэй муудсан.  Тэгээд нэг мэдсэн чинь би нэг өөр хүний куртик, цамц барьсан байсан. Тэгээд би Нийн найзыг энэ чиний куртик уу гэж асуусан чинь үгүй гэж хэлсэн. Тэгээд цамц нь минийх байсан. Нэг мэдсэн чинь би хүний машин бариад өөрийнхөө машин дээр ирсэн байсан. Тэгээд би дохиогоо асаагаад хүний машиныг аваачиж өгөх гээд явж байгаад Банана гэх баарны гадаа хүний машин шүргэсэн. Зогсоод машиныг нь унтраагаад буусан. Хүний машин шүргэсэн учир тэндээ цаг гаруй болсон байсан. Машины эзэн Н нь цагдаа дуудсан байсан. Би согтуугаар хүний машин барьж хүний машин шүргэсэндээ Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр 400.000 төгрөгөөр торгуулж нэг жил эрхээ хасуулсан бас хүний машины хохирлыг барагдуулсан. Нд 450.000 төгрөг өгсөн. Нөгөө шүргүүлсэн машины эзэнд бас 450.000 төгрөг өгсөн.

 Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

 

Хохирогч Т.Нийн “... миний бие БЗД-н цагдаагийн 2-р хэлтэст шалгагдаж байгаа 2206000001351 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар /хх-ийн 48/,

Шүүгдэгч И.Нын “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 50/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч И.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, цагдаагийн хайлтын системийн мэдээлэл /хх-ийн 20-29/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас И.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч И.Н нь автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Н, гэрч Э.Намсрай, Т.Мөнхбат нарын мэдүүлэг, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар И.Нд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч И.Нын хохирогч Т.Нийн өмчлөл, эзэмшлийн  3689УНМ улсын дугаартай, хонда инсайт маркийн автомашиныг завших, хулгайлах зорилгогүйгээр, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Т.Н нь “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тайлбарыг бичгээр гаргаж өгснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч И.Нын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч И.Н нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Иын Ныг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ныг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол И.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ