Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Паламын Амаржаргал |
Хэргийн индекс | 116/2020/0013/З |
Дугаар | 14 |
Огноо | 2020-07-06 |
Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч оршин суух, *******н *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг ******* хотхон, ******* байрны урд /хувийн/ үйлчилгээний зориулалттай 25.9 м2 талбай бүхий, Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн доорхи газрыг эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, түүний өмгөөлөгч В.*******, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., М., М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг ******* хотхонд ******* байрны урд /хувийн/ үйлчилгээний зориулалттай 25.9м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул Ү-******* дугаарт бүртгүүлж, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр уг объектоо хууль ёсны дагуу өмчилж авсан. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг түүний доорх эзэмшил газрын хамт иргэн Д., С. нараас худалдан авч, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Миний бие энэхүү үл хөдлөх хөрөнгөө одоо хүртэл өөрөө өмчилж, эзэмшиж, худалдаа үйлчилгээ эрхлэх болон бусдад түрээслэх зэргээр ашиглаж байна. Харин уг үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг Хиад овогт *******ийн т Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 279 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын ******* дугаар бүхий 25м2 газрыг 1 жилийн хугацаатай, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд уг газар эзэмших эрхийн хугацааг 2007 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан байдаг. Үүнээс хойш иргэн Д. нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгах, эзэмших эрхээ Х.*******д шилжүүлэх талаар хүсэлт гаргаж, холбогдох баримтуудыг бүрдүүлсэн боловч шийдвэрлэж өгөхгүй байсаар өдийг хүрсэн юм. Одоог хүртэл тус газар дээрх үл хөдлөх хөрөнгөө миний бие өөрөө өмчилж, ашиглаж байгаа боловч газрыг эзэмшилдээ шилжүүлж аваагүй л байна. Энэ талаар аймгийн Засаг даргад хандаж өргөдөл гаргахад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар дамжуулан 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4/270 тоот албан бичгээр “...тус хороололд дахин төлөвлөлт хийх шаардлагатай тул газрын харилцаа дууссан иргэн, аж ахуйн нэгжийн газрыг дахин төлөвлөлт хийх хүртэл хугацаанд эзэмшүүлэхгүй байхаар шийдвэрлэв...” гэсэн хариу өгсөн. Аймгийн Засаг даргын энэхүү хууль бус эс үйлдлийн улмаас иргэн Х.******* миний үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгөдөө дулааны асуудал, техникийн нөхцөл гаргуулахаар зохих журмын дагуу ашиглах гэхэд газрын гэрчилгээтэй байх шаардлагыг эрх бүхий байгууллагаас шаардаж байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан байна. Үүнээс үзвэл миний бие үл хөдлөх хөрөнгийнхөө доорх газрыг хуулийн дагуу эзэмшиж байж л үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрх маань хэрэгжих боломжтой болоод байна. Иймээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийн тулд түүний доорх газрыг хууль ёсоор эзэмших хүсэлтэй байна. Тус газар нь одоогоор хэн нэгэн иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд байхгүй бөгөөд иргэн миний эзэмшилд олгосноор хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж зөрчигдөхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. ...Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* байрны урд талд байршилтай 25м2 үл хөдлөх хөрөнгийн доорх газар нь иргэн Д. гэж хүний нэр дээр захирамж гарсан байгаа. Хэрлэн сумын Засаг даргаас 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Д.т газар эзэмших гэрчилгээг олгож, улмаар 2005 оноос 2007 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар сунгасан. Үүнээс өөр тухайн газар дээр гарсан шийдвэр захирамж байдаггүй.
2. “Иргэн Д.ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2007 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болсон...” гэж гэрчилгээн дээр бичилт хийгдсэн байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон өдрөөс хойш тооцож үзвэл 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр энэ газрын газар эзэмших эрхийн хугацаа дууссан. Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “...газар эзэмшигч хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны Засаг даргад хандаж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах...” шаардлагатай байдаг. Энэ ажиллагаа хийгдээгүй. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргээ иргэн Д., Х.******* нар өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй, тухайн газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байсан байна гэж харахаар байна. Түүнчлэн иргэн Х.******* 2019 оны 08 дугаар сард аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газар эзэмших эрхийг шилжүүлэх, хугацаа сунгуулах хүсэлт гаргасныг аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын зөвлөлийн 2019 оны 11 зүгээр сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцэж “...Ивээл хороололд дахин төлөвлөлтийн ажил хийгдэх зайлшгүй шаардлагатай байгаа учраас дахин төлөвлөлтийн ажил хийгдэх хүртэл хугацаанд тухайн газар дээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь дуусч байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн газрын гэрчилгээг сунгахгүй байх, цаашид газар ашиглуулах гэрээгээр явах боломжтой эсэх асуудлыг судалж эргэн танилцуулах...” чиглэлийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өгсөн.
3. Иргэн Х.*******гийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар “...тухайн газрыг иргэн Х.******* надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү...” гэсэн байгаа. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар Засаг дарга иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 0.7 га, жимс жимсгэнэ тариалах зориулалттай 1000м2, мөн төрийн байгууллагад зайлшгүй шаардлагатай газрыг олгох шийдвэр гаргах боломжтой. Харин бусад зориулалтаар буюу иргэн Х.*******гийн гаргаж буй худалдаа үйлчилгээний зориулалттай газар дээр бол зайлшгүй газрын дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулах талаар Газрын тухай хуульд заасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын хувьд иргэн Х.*******гийн хүсэлтийн дагуу тухайн газрыг шууд эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй. Учир нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу, зохих болзолтойгоор эзэмшүүлсэн газрын хугацаа нь дууссан тохиолдолд сунгах эрхийг аймгийн Засаг дарга эдэлж байгаа. Асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас нь “...тухайн газар дээр дахин төлөвлөлт хийх учир боломжгүй...” гэсэн тул аймгийн Засаг дарга энэ саналыг эс зөвшөөрч, ашиг сонирхлын зөрчил гарган шууд шийдвэр гаргах боломжгүй. Тухайн газрын хугацаа нь 2019 онд дууссан. Хугацаа дуусгавар болсон учир дараагийн газар эзэмших хууль эрх зүйн үр дагавар үүсч байгаа. Хуульд зааснаар иргэнд газар эзэмшүүлэхэд заавал дуудлага худалдаа зохион байгуулна. Х.*******гийн хүсэлтийн дагуу шууд эзэмшүүллээ гэхэд аймгийн Засаг дарга Авлигын эсрэг, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг зөрчсөн үйлдэл болох юм. Иймд шууд шийдвэр гаргаж болохгүй. Хуулийн дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, дуудлага худалдаанд оролцогчийн боломжийг хангаж шийдвэрлэх ёстой. Ингэхгүйгээр шууд шийдвэр гаргачихвал аймгийн Засаг дарга албан тушаалаа урвуулан ашиглаж, хэн нэгэнд давуу байдал бий болгосон хууль зөрчсөн үйлдэл болох учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.*******, Д. нар тухайн үед үйлчилж байсан Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасны дагуу газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх, шилжүүлэн авах хүсэлтээ гаргасаар байтал түүнийг нь шийдвэрлээгүй байсан бол энэ нь Засаг даргын эс үйлдэхүй болох байсан. Өнөөдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ Х.*******гийн нэр дээр биш Д. гэж хүний нэр дээр байна. Д.аас аймгийн Засаг даргад хандаж газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлэх хүсэлтийг гаргасан байхад Засаг дарга шийдвэрлээгүй бол түүний эс үйлдэхүй болох байсан. Гэтэл хандаж байсан талаарх баримт хэргийн материалд авагдаагүй байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Д. зарж борлуулсан байж болно. Гагцхүү тухайн газрыг Монгол Улсын хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа хүн нь Д. гэж хүн байна. Тэр хүн л хүсэлтээ гаргаж өгөх ёстой байсан. Өөрсдийн эс үйлдэхүй гаргасан асуудлаа “...аймгийн Засаг дарга эс үйлдэхүйгээр хандсан...” гэж байгаа нь үндэслэлгүй байна. Дараагийн нэг асуудал нь газар эзэмших эрх гэрээгээр шилждэггүй. Газрын тухай хуульд зааснаар Д., Х.******* нар газар эзэмших эрх, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, авч байгаа тохиолдолд шийдвэр гаргах эрх бүхий субъектэд мэдэгдэх ёстой байсан. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй мөртлөө өнөөдөр “...аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг тогтоолгоно...” гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол Улсад газрыг зөвхөн эзэмших эрхийн гэрчилгээгээр л эзэмшинэ. Дээр нь байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр эзэмшихгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х.*******тай харилцан тохиролцож, Дорнод аймгийн Хэрлэн сум ******* баг, ******* хотхонд ******* байрны урд /хувийн/ үйлчилгээний зориулалттай 25.9м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг, түүний доорх газрыг хамт худалдсан...төлбөрөө бүрэн авсан. Ингээд үл хөдлөх эд хөрөнгөө хууль ёсоор шилжүүлж, Х.*******гийн нэр дээр гэрчилгээ гарсан байдаг бөгөөд, газраа шилжүүлэх бүхий л бичиг баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, 2005 онд газар эзэмшил дээрээ “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, бусад холбогдох баримтуудыг бүрдүүлж, нотариатаар батлуулан Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт өгсөн. Дээрх тохиролцоо ёсоор тухайн үл хөдлөх хөрөнгө нь газрын хамт Х.*******д шилжсэн байх ёстой юм. Харин үл хөдлөх хөрөнгийнхөө доорх газрыг буюу надаас шилжүүлэн авсан газрынхаа гэрчилгээг гаргуулж авч чадаагүй бол ийнхүү шүүхэд хандаж байгаа нь түүний зөв гэж бодож байна. Х.******* уг газрыг эзэмших эрхийг олгосон захирамж гаргах нь хуульд нийцсэн төдийгүй, иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй, харин ч Х.******* бид 2-ын хооронд байгуулсан гэрээний үүрэг хэрэгжих юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь тус шүүхэд “...Хэрлэн сум, ******* баг ******* хотхон, ******* байрны урд /хувийн/ үйлчилгээний зориулалттай 25.9 м2 талбай бүхий, Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн доорхи газрыг эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийг гаргажээ.[1]
Нэхэмжлэгч Х.*******д 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ******* хотхонд 28 дугаар байрны урд 25.9 м2 талбай бүхий байрыг хувийн үйлчилгээний зориулалтаар олгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.[2]
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ******* хотхонд 28 дугаар байрны урд 25 м2 талбай бүхий газрыг Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 279 дүгээр захирамжаар иргэн *******ийн д эзэмшүүлсэн байх ба дээрхи шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдөр олгожээ.[3]
Иргэн Д., Х.******* нар харилцан тохиролцож, 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Х.******* дээрх газрыг 300000 /гурван зуун мянган төгрөг/ төгрөгөөр худалдан авч газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байна.[4]
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэжээ. Иймээс нэхэмжлэгч Х.******* өөрийн үл хөдлөх эд хөрөнгийнхөө доорхи газрыг эзэмших эрхтэй.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж...болно”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д зааснаар “эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”-г хавсаргахаар заажээ. Иймд Д., Х.******* нарын 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газар эзэмших эрхийг шилжүүлэх, хугацааг сунгуулах талаар гаргасан Х.*******гийн хүсэлтийг аймгийн Засаг даргын дэргэдэх Хот байгуулалтын зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор баталсан “Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх хүрээнд Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл, Буйр хороололд дахин төлөвлөлт хийх шаардлагатай тул дахин төлөвлөлт хийх хүртэлх хугацаанд газар эзэмшүүлэхгүй байх чиглэлийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өгчээ.
Хэдий хугацаанд хэрэгжих эсэх нь үл мэдэгдэх дээрх төлөвлөгөөг үндэслэн нэхэмжлэгчийн өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн доорхи газрыг эзэмших эрхийг хязгаарлаж болохгүй. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг ******* хотхон, ******* байрны урд /хувийн/ үйлчилгээний зориулалттай 25.9 м2 талбай бүхий, Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн доорхи газрыг эзэмшүүлэхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч *******н *******гийн, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ******* хотхон, ******* байрны урд /хувийн/ үйлчилгээний зориулалттай 25.9 м2 талбай бүхий, Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлэхийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргын ажлын албанаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ
[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас
[2] Хавтаст хэргийн 5-р хууудас
[3] Хавтаст хэргийн 34-р хуудас
[4] Хавтаст хэргийн 35-р хуудас