Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2015/0298

 

 

2015 оны 7 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2015/0298

Улаанбаатар хот

 

Б.Я-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд,

спортын яамны Төрийн нарийн бичгийн

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Б.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 224 дүгээр шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Я-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 оны 9 дүгээр сард Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Төрийн захиргааны удирдлагын газрын харьяа Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаар томилогдсон. 2013, 2014 онуудад үр дүнгийн гэрээгээ А үнэлгээтэй дүгнүүлсэн. 391 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4 дэх заалтуудыг үндэслэл болгосон бөгөөд энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахыг хориглосон. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 391 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, мэргэшил, мэргэжлийн дагуу өөр ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамыг Эрүүл мэнд, спортын яам болгон өөрчлөн зохион байгуулалтын бүтцийг батлахдаа Төрийн захиргааны удирдлагын газрыг хэлтэсгүй болж, хэлтсийн дарга гэх албан тушаал байхгүй болсон. Тиймээс Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 391 дүгээр тушаалаар Б.Я-г ажлаас чөлөөлсөн. Тухайн үед гадаад харилцааны асуудлыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй мэргэжилтний сул орон тоо гарч нэхэмжлэгчтэй уулзсан боловч тохиролцоогүй. Иймд Б.Я-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн асуудал байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 224 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 391 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.Я-г Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжил, мэргэшлийн дагуу албан тушаалд томилохыг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд төрийн захиргааны албан тушаалын "яамны мэргэжилтэн ангиллын ТЗ-7 зэрэглэл"-ээр тооцон үндсэн болон нэмэгдэл цалин олговрыг олгохыг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 1.Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" 382 дугаар тогтоолоор "Эрүүл мэндийн яам"-ыг "Эрүүл мэнд, спортын яам" болгон өөрчлөн зохион байгуулалтын бүтцийг батлахдаа Төрийн захиргааны удирдлагын газрыг хэлтэсгүй болгосон.

 

2.3асгийн газрын шийдвэрээр Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газар нь хэлтэсгүй зохион байгуулалтад орсонтой холбогдуулан Гадаад хамтын ажиллагааны хэлтэс болон бусад хэлтсүүд татан буугдаж, "... хэлтсийн дарга ..." гэх албан тушаал нь байхгүй болж, хасагдсан тул Б.Я-г Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 391 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

 

З.Засгийн газрын шийдвэрээр яамны зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөн Төрийн захиргааны удирдлагын газрын бүтэц хэлтсийн даргын албан тушаал /орон тоо/ байхгүй болсон хэдий ч шинээр өөрчлөн зохион байгуулагдсан Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газарт гадаад харилцааны асуудлыг хэрэгжүулзх чиг үүрэгтэй мэргэжилтний сул орон тоо тухайн үед гарч, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэг нар Б.Я-г хүлээн авч авч уулзан ажлын байраар хангахаар өөрт нь хэлж, санал тавьж боломж олгосон юм.

Гэтэл Б.Я нь тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар хэн томилогдохоос шалтгаалж саналаа хэлнэ гэж байсан. Тухайн үед Б.Я нь саналыг хүлээж аваагүй, тодорхой хариу хэлээгүй тул цомхотгосон шийдвэр хэвээр үлдэж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох шийдвэр гарсан болно.

 

Одоогийн байдлаар Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газарт гадаад хамтын ажиллагаа хариуцсан 2 мэргэжилтний орон тоотой, уг орон тоон дээр мэргэжилтнээр Б.Туяа, н.Баярмаа нар ажиллаж байгаа тул Б.Я-г мэргэжил, мэргэшлийн дагуу чиглэлээр авч ажиллуулах боломжгүй байна. Учир нь ".., гадаад хамтын ажиллагааны чиглэлээр ажиллах мэргэжилтний орон тоог 2 ..." байхаар Эрүүл мэнд, спортын сайдын "Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай" 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 162 дугаар тушаалын хавсралтаар баталсан, Тиймээс Б.Я-г анхан шатны шүүхийн шийдвэр дурдсан тухайн чиглэл буюу гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний илүү орон тоо байхгүй болно.

Түүнээс гадна шүүх иргэн Б.Я-гийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ "... яамны мэргэжилтэн ангиллын ТЗ-7 зэрэглэл"-ээр тооцон үндсэн болон нэмэгдэл цалин олговрыг олгох, ..."гэж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т "... ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно." гэж заасантай нийцэхгүй байна.

 

Иймд иргэн Б.Я-гийн нэхэмжлэлийг хангасан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 224 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоос гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зөв байна.

 

Эрүүл мэндийн яамны /хуучин нэрээр/ Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Я-г Засгийн газрын Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор зохион байгуулалтын бүтцийн хувьд Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газар нь хэлтэсгүй болсон бөгөөд уг газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр үүрэгт ажил, албан тушаалтаас нь чөлөөлж, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 391 дүгээр тушаал гаргасныг нэхэмжлэгч Б.Я эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэжээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолын дагуу Эрүүл мэнд, спортын яамны орон тооны хязгаарыг 101 гэж баталсан бөгөөд түүн дотроо Гадаад хамтын ажиллагааны хэлтэст ажлын байрын 4 орон тоотой байхаар тогтоосон болох нь Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарын бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 389, 399 дүгээр тушаалаар нотлогдож байна.

Дээрх 399 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газарт Олон улсын гэрээ, эрх зүй, гадаадын зээл тусламжийн хэрэгжилт, зохицуулалт хариуцсан мэргэжилтний орон тоог баталсан бөгөөд уг шинээр зохион байгуулагдсан бүтэц орон тооны ажлын байрны чиг үүрэг нь нэхэмжлэгч Б.Я-гийн өмнө эрхэлж байсан ажлын байрны чиг үүргээс өөрчлөгдсөн зүйлгүй, мөн тэрхүү шинээр батлагдсан ажлын байранд албан хаагч томилогдоогүй байхад хариуцагч Гадаад хамтын ажиллагааны хэлтэс байхгүй болсон, хэлтсийн даргын орон тоо байхгүй болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Я-г ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчжээ.

 

Мөн нэхэмжлэгч Б.Я-г ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг хариуцагч гаргахаасаа өмнө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан төрийн албан хаагчийн хуулиар олгосон нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжийг түүнд олгоогүй зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хэргийн оролцогч нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б.Я-гийн Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 391 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд томилохыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд нэмэгдэл цалин олговрыг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзлээ.

Зүй нь, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн буюу 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртлэх хугацааны цалин ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж түүнд олгох байжээ.

                Тиймээс шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүй байна.

 

                Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 224 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх гэснийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаардавж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                  Э.ХАЛИУНБАЯР