Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2026

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/01434 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.С-д холбогдох

 

  Эзэмших, ашиглах эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 оноос 2005 оны хооронд Р.С-тэй хамтран амьдарч байсан бөгөөд бидний дундаас үр хүүхэд төрөөгүй, гэрлэлтийн баталгаа байхгүй, дундын өмчлөл байхгүй учир 2005 оноос тус тусын амьдралаар амьдарч ирсэн. Миний эцэг, эхийн өмч хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо ................. тоот өмчлөх эрхтэй хашаа байшинг улсын бүртгэлд оруулж албан ёсоор гэрчилгээ гаргуулах, өмчлөх эрхээ эдлэх гэсэн боловч Р.С-тэй хамтран амьдарч байх үед шинэчилсэн бүртгэл хийгдэн түүний нэрийг бүртгэлд бүртгүүлсний улмаас мэдээлэл нь мэдээллийн санд орж улсын бүртгэлийн гэрчилгээ авахад саад болсон. Р.С-г өөрийн биеэр ирж хүсэлтээ өгч өмчлөгчөөс хасуулах тухай хүсэлт гаргасан боловч мөнгө төгрөг өг, үгүй бол чадахгүй гэж элдэв үг хэллэг хэлж байгаа. Иймд хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлж өөрийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхийг хүсч байна. Миний бие 1977 оноос хойш энэ хашаа байшинд амьдарч байна. Энэ байрыг эцэг, эх маань надад өвлүүлсэн. Р.С-г эцэг, эхээс маань өвлүүлсөн хашаа байшинг булаацалдаад байгааг ойлгохгүй байна. Би Солонгост байх хугацаандаа эгчийгээ манайд очоод амьдраач гэж хүссэн. Манай эгчийг очингуут Р.С бүх эд хогшлыг аваад явсан байсан. 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шинэчилсэн гэрээнд Р.С-г цаашдаа надтай хамт амьдрах байх гэж бодоод нэрийг нь оруулсан. Р.С-ийн нэрийг өмчлөлөөс хасуулах хүсэлтэй байна. Тус газарт хогын цэг байсныг буулгаж эцэг, эх 2 маань хашаа байшингаа барьж амьдарч байсан. 40 гаруй жилийн тэр газар дээрх амьдралыг хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдэхгүй. Өөрийн аав, ээжийнхээ босгосон эд хөрөнгийг Р.С-тэй хуваалцах үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие газрын өмчлөх эрхийн гэрчилгээгээ авахад Р.С-гийн нэр хамтран өмчлөгчөөр гарч ирээд байгааг хасуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Д.Б-тай 1995 онд танилцаж гэр бүл болж 2010 он хүртэл амьдарсан. Тухайн үед ажил төрөл болон бусад шалтгаанаар гэр бүлээ батлуулаагүй. Д.Б нь 2006 онд хувийн компанид ажиллаж байгаад 2006 онд Солонгос Улсад гэрээгээр 4 жил ажилласан. 2010 онд салья гэхээр нь бид тусдаа амьдрах болсон. Бид хоёр хамт амьдарч байх 8 жилийн хугацаанд ажиллаж хөдөлмөрлөж олсон орлогоо амьдрал ахуйдаа хэрэглэдэг байсан. Тэр үед бидний амьдарч байсан хашааны газрыг өмчлөлд авах боломж гарч бид хоёр хамтран өмчлөх болсон. Гэтэл нэхэмжлэгч Д.Б нь миний хууль ёсны дагуу өмчилж авсан газрыг Газар өмчлүүлэх хуулийн 27-р зүйлийн 27.2.5-д заасан заалтыг зөрчиж өмчлөх эрхийг үгүйсгэн нэхэмжлэл гаргаж байгааг үл зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлэх тухай шийдвэр нь хууль ёсны шийдвэр гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад хэллээ. Уг захирамж нь хууль ёсны шийдвэр учраас Р.С-гийн нэрийг өмчлөгчөөс хасуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Р.С-гийн зүгээс нэхэмжлэгчийг эрхээ эдлэхэд нь саад болж байгаа үйлдэл харагдахгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ....................... тоотод байрлах газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлсэний дагуу хамтран өмчлөх гэр бүлийн гишүүдийн бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлээс нэрээ хасуулж, нэхэмжлэгч Д.Б-ы 351 тоот газрыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг хариуцагч Р.С-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.С-гээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие нэхэмжлэгч Д.Б-тай гэр бүл болж 1997 оноос 2010 oн хүртэл 13 жил хамтран амьдарсан боловч ажил төрлийн шаардлагаар албан ёсоор гэр бүлээ бүртгүүлээгүйн улмаас хамтран амьдрах хугацаанд хөдөлмөр хийж олсон цалин хуримтлалыг хамтын амьдрал ахуйдаа хэрэглэж байсныг нэхэмжлэн авах эрхгүй болсон. Би 13 жил Д.Б-тай амьдрахдаа жилд 3-12 сая төгрөгийн цалин, орлоготой байсан. Биднийг хамтран амьдарч байх хугацаанд Монгол Улс түүхэндээ анх удаа иргэддээ амьдарч буй хашааны эзэмшил газрыг хувьчлах хууль гаргаж, бид 2 хамтран өмчилж авах шийдвэрийг өөрсдийн хүсэлтээр гаргаж өмчилсөн. Би нэхэмжлэгчид нэгэнт гэр бүл салж байгаа бол бид хоёрын  нэр дээр байгаа хувьчлагдсан газрыг чи аваад, надад улсаас үнэлсэн үнэлгээ болох 4  413 552 төгрөгийн 50 хувь болох 2 200 000 төгрөгийг өгөөч гэхэд чамд юу ч өгөхгүй гэсэнд гомдолтой байдаг. Анхан шатны шүүх миний нэхэмжлэгчтэй хамтран амьдрах хугацаанд оногдсон цорын ганц өмч болох тус газрын хамтран өмчлөх эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хэт нэг талыг  барьж миний өмчлөх эрхийг зөрчсөн гэж гомдолтой байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Р.С-д холбогдуулан хууль бус өмчлөлөөс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрыг эзэмших, ашиглах эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоох гэж өөрчилжээ.

 

 Талуудын маргааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ................. 334 м.кв талбай бүхий газрыг АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1977 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр нэхэмжлэгчийн эцэг болох С.Д-д амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэхийг олгосон байна. Эцэг С.Д-оос 2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр нэхэмжлэгч Д.Б-д уг эрхээ шилжүүлжээ. /хх-ийн 5-6 дугаар тал/

 

 Нийслэлийн Засаг дарга нь 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр маргаан бүхий газрыг Д.Б, Р.С нарт өмчлүүлэх шийдвэрийг гаргасан байна. /хх-ийн 17 дугаар тал/ Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Р.С-д хамтран өмчлөх эрх олгосон дээрх газар өмчлүүлэх шийдвэр нь үндэслэлгүй, энэхүү үндэслэлгүй шийдвэрээр би газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ авч чадахгүй байна” гэж тайлбарласан.

 

  Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг зөрчсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмчлөх эрхийн гэрчилгээг авахад саад болж байна гэж тайлбарласан атлаа өмчлөх эрхийн талаар бус эзэмших, ашиглах эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоох гэж тодорхойлсон байхад  анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болно.

Нөгөө талаар анхан шатны шүүх гэр бүлийн гишүүдийн бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлээс нэрээ хасуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүлийн 115.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.   

 

   Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас дүгнэхэд тэрээр Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр маргаан бүхий газрыг Д.Б, Р.С нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлгүй гэж маргасан байхад анхан шатны шүүх уг шаардлагатай холбогдуулан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой эсэх, хэргийн харьяалал зэргийг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчжээ.

 

  Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан, хэргийн үйл  баримтад дүгнэлт өгөх боломжгүй байна.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2017/01434 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                        

                                                          ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                                                                      

                                                                                                          Г.ДАВААДОРЖ