Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 105/2022/0662/Э |
Дугаар | 2022/ШЦТ/678 |
Огноо | 2022-05-10 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ч.Батзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/678
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Ч.Б,
Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бт холбогдох эрүүгийн 2206 0000 1396 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн эсрэг талын автобусны буудал дээр 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл дотор сууж байсан хохирогч Б.Сийг өөрийн эхнэртэй хардаж, улмаар толгой руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 1396 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч П.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн эсрэг талын автобусны буудал дээр зогсож байхад нэг танихгүй эрэгтэй хүн ирээд машины урд талын хаалга онгойлгоод юугаар цохисныг мэдэхгүй байна хатуу зүйл орж ирээд миний зүүн талын нүдрүү 2 удаа цохисон. Дараа нь би нүүрээ дараад юу болоод байгааг асуутал машинаасаа буусан чинь тэр эрэгтэй “чи миний эхнэрийг оролдож, явалддаг хэн бэ гээд “ хөл рүү өшиглөсөн, тэгээд чулуу хаяад байсан. Тэгэхээр миний нүүрийг чулуугаар цохисон байх гэж бодож байна.
2021 оны 12 дугаар сарын сүүлээр Энхтайваны гүүрний петровосийн колонк дээр спорт загварын автомашин хараад өөрөө зураг авах сонирхолтой болохоор жолооч эмэгтэйгээс нь зургийг нь авч болох уу гээд зөвшөөрөл аваад тухайн автомашины зургийг нь аваад бичлэг хийгээд дрифт сонирходог залуучуудын фэйсбүүк группт пост оруулсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 11-ний шөнө Ala Mala гэсэн фэйсбүүк хаягаас залгаад шууд чамайг ална шүү, хоёуулаа уулзья бөхийн өргөөн дээр хүрээд ир эр хүмүүс шиг уулзья, тэр группт тавьсан автомашины зураг, бичлэгийг устга гэсэн юм. Тэгэхээр нь нөгөө эгчийн фэйсбүүкийг мэддэг байсан учраас асуусан чинь манай нөхөр байна аа, бид 2 салчихсан юм гэж хэлсэн. Тэгээд нөгөө бичлэг, зургаа устгасан. Тэгсэн өнөөдөр намайг ирээд цохиж зодсон асуудал болсон. Тухайн эрэгтэй 21-77 УАС улсын дугаартай саарал өнгийн приус 30 маркийн автомашинтай явж байсан болохоор нөгөө спорт автомашины эгчээс асуухад манай нөхрийн автомашин мөн байна, Пунцагдаш овогтой Б /РД:АЮ84042118, утас 99096998, 88668989/ гэж хүн гэсэн.
Би тухайн эрэгтэйг цохиж зодсон асуудал байхгүй. Миний зүүн нүд нээх гэхээр болохгүй, хөхөрсөн, цус гоожсон, толгой өвдөж байна. Уруул сэтэрсэн байна гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
Гэрч Д.Жигжиддуламын мөрдөн байцаалтад өгсөн:
2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүргэн Бийн хамт өгеөмер зэх орох гээд нарны зам дээр явж байтал ааваа зогсоорой, манай эхнэрийн зургийг фэйсбүүк дээр тавиад байдаг хүн явж байна гээд машинаас буугаад явсан. Би машинаа зогсоолд тавьчихаад араас очиход Говь хангай мебелийн автобусны буудал дээр хүргэн Б нь 24-25 орчим насны залуутай барьцалдаад авсан, нөгөө залуугийн баруун талын шанааны дээд хэсгээс цус гарсан байдалтай байсан, Тэгээд би очоод салгах гэтэл салахгүй байхаар нь зуурэлдсаар байгаад салгасан. Тэр 2-ыг салгаад Б нөгөө залуугаас уучлалт гуйгаад бэйж байхад зодуулсан залуутай хамт явсан залуу ирсэн. Б хохирогч залуугийн биений аль хэсэг рүү, яаж зодсоныг би хараагүй, намайг ирэхэд шанаанаас нь цус гарчихсан, барьцалдаад байж байсан. Бийн гарт нь чулуу байгаагүй. Цус гарчихсан байхаар нь юу болсныг нь асуусан чинь гараараа 2 удаад цохисон гэж хэлсэн.
Б нь манай охин Маргадтай гэрлээд 14 жил болсон, 3 хүүхэдтэй, хоорондоо таарахгүй болоод тусдаа амьдраад 4 сар болж байгаа. Манай охин уралдааны машин сонирхдог болсноос хойш үл ойлголцол үүсээд тусдаа байгаа гэж 2-лаа бидэнд ярьдаг. Тухайн өдөр Б фэйсбүүк дээр манай эхнэрийн зургийг тавиад байдаг залуу байна гэж хэлээд машинаас буугаад явсан. Намайг машинаа зогсоолд тавиад ирэхэд зодооны асуудал болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5352 дугаартай:
Б.Сийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамар, дээд уруул, хүзүүнд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/,
-Зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3/,
-хохиролд 1.000.000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 48/,
Шүүгдэгч П.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:
2022 оны хавар манай эхнэрийн машины зургийг оруулаад 4943 дайчин бүсгүй шүү гэж бичээд дрифт машин сонирхогчдын групп дээр тавьсан байсан. Мэдээлэл оруулсан хаягыг харахад нэрээ японоор бичсэн, машиныхаа урд зогссон профайл зурагтай фэйсбүүк хаяг бөгөөд профайл зураг дээр нь 8984 УНИ дугаартай цагаан өнгийн марк экс загварын машин байсан юм. Тэгээд би 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12:00-14:00 цагийн орчимд Баянзүрх дүүрэг 25 хороо нутаг дэвсгэрт байрлах нарны зам дээр хадам аавын хамт өгөөмөр орохоор явж байтал намайг фэйсбүүкдээ блоклосон 8984 УНИ дугаартай цагаан өнгийн марк экс загварын машин автобусны буудал дээр зогсож байхаар нь машинаасаа буугаад 8984 УНИ машин дээр очиход 1 залуу байсан бөгөөд тэр залууд хандаж намайг яагаад блоклосон юм бэ, манай эхнэрийн машины зургийг устгаарай, шөнө орой 3 хүүхэдтэй эхнэрийг битгий уруу тат гэж би сануулсан биздээ гэж хэлээд хацар дээр нь 2 удаа алгадсан. Тэгээд машинаас бууж ирээд барьцалдсан байдалтай байхад хадам аав бид хоёрын дундуур ороод сэпгасан. Та хэн бэ гэхээр нь би Маргадын нөхөр нь байна, энэ хүн төрсөн аав нь байна гэсэн чинь та Маралаа эгчийн нөхөр мөн юмуу, Дөлгөөн гэдэг хүнийг нөхрөө гээд танилцуулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яагаад манай эхнэртэй дотно харилцаагүй байж намайг машины зураг устгаарай гэж хэлэхэд хариу өгөхгүй фэйсбүүкдээ блок хийж байгаа юм бэ, би блоклогдсон болохоор тэр зургийг устгасан үгүйг нь мэдэж чадаагүй. Чамайг эхнэртэйгээ дотно харьцаатай юм байна гэж ойлгосон гэж хэлээд уучлалт гуйгаад ярилцах гэтэл уурлаад байхаар би яваад өгсөн.
Би тэр залууг машинд сууж байхад зүүн хацар дээр нь 2 удаа гараараа алгадсан. Бууж ирэхэд мөрний орчмоос гараараа бариад барьцалдсан байдалтай байхад хадам аав салгасан. Бид 2 барьцалдаад байж байхад түүний зүүн нүдний орчимд шалбараад цус гарч байсан. Өөрөөр тэр залууг зодож цохисон асуудал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
Хохирогч Б.Сийн “... миний бие Боос хохирол болох 1 сая төгрөгийг хүлээн авсан тул гомдол санал, нэхэх зүйл байхгүй” гэх тайлбар /хх-ийн 48/,
Шүүгдэгч П.Бийн “... хохирогч Б.Сийн нэхэмжилсэн мөнгөн дүнг 2022 оны 05 сарын 05-ны өдөр төлж барагдуулсан. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх 47/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч П.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, НДШ төлөлтийн тодорхойлолт, цагдаагийн хайлтын системийн мэдээлэл /хх-ийн 35-43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч П.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.С, гэрч Д.Жигжиддуламын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар П.Бт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч П.Бийн хохирогч Б.Сийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.С нь “хохирол 1.000.000 төгрөгийг авсан тул гомдол, саналгүй” гэсэн тайлбарыг бичгээр гаргаж өгснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгч П.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч П.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Пийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ