Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/425

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                           Хэргийн индекс:166/2019/0412/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагч  Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Ц.Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 1918008650442 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 28-ны өдөр УБ хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3 эхнэр хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд:

-2005 оны 04 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146-р зүйлийн 146.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар,

-2008 оны 08 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,

-2015 оны 06 сарын 30-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1- т зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан Ц.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Ц.Ц.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Э.Э.М-гийн гэрт орж BSB брэндийн 32 инчийн зурагтыг хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Ц.Ц.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

    

Эрүүгийн  1918008650442 дугаартай хэргээс:

 

            Хохирогч Э.Э.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 11-ны орой манай хамаатны эгч О-ь нь 22:00 цагийн орчимд танихгүй залуу дагуулж ирээд “Энэ залуу маргааш бид нартай хамт ажиллах юм одоо очих газар байхгүй болохоор гэртээ хонуулчих” гэхээр нь гэртээ хонуулсан. Маргааш өглөө нь манайд хоносон залуу 10:00 цагийн орчимд гарч яваад би 5-10 минутын дараа ажил руугаа явж манай хүүхдүүд үлдсэн. Би тухайн үед Өргөө кино театр дээр ажиллаж байсан ба орой 22:00 цагийн орчимд гэртээ иртэл зурагтыг маань ирээд аваад явсан байхаар нь хамаатныхаа эгчид хэлж хэн болохыг асуухад Ц.Б- гэдэг юм би сайн танихгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 16/,

 

            Иргэний нэхэмжлэгч Б.У- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний ажиллуулдаг “Золбоо" ломбарданд 2019 оны 12 сарын 12-ны өдөр Ц.Ц.Б- гэж хүн 100.000 төгрөгний барьцаанд 32 инчийн зурагт тавьсан. 2020 оны 10 сарын 10-ны өдөр мөрдөгч надаас прокурорын зөвшөөрлөөр хураан авсан.” гэх мэдүүлэг /хх 20/,

 

            Гэрч Н.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг  ажиллаж байхад 40 орчим насны туранхай бор ах орж ирээд зурагт тавих гэсэн юм гэхээр нь манайх зурагт тавих газар байхгүй гэхэд “Ах нь байнга ирдэг юм аа О- гээд, ээжээсээ асуучих гэхээр нь ээжээс утсаар асуухад ороох юм байгаа бол авчих гэсэн. Тэгээд би бичиг баримтаа өг гэхэд надад одоо алга байна, хуучин баримтнаасаа хараад биччих Оюунгэрэл гээд байгаа гэхээр нь би хуучин баримтнаас хараад Болоож овогтой Оюунгэрэл гэдэг хүний нэр дээр бүртгэж авсан.” гэх мэдүүлэг /хх 24/,

 

            Гэрч Ж.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 11-ний орой 19:00 “Өргөө кино театрын” ажил дээрээ байж байтал урьд нь хамт ажиллаж байсан Ц.Б- гэдэг залуу орж ирээд гэрийнхэнтэйгээ муудалцаад гараад ирсэн хонох газар байхгүй, танайд очоод хоноё” гэхээр нь манай нөхөр уурлана, чи манай дүү Э.Э.М-гийнд ороод хоночих гээд гэрт нь оруулсан юм. Тэгтэл маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны орой 21:00 цагийн үед ажлаасаа буугаад ирсэн чинь Ц.Б- манай дүүгийн гэрээс зурагтыг нь аваад явсан байсан.” гэх мэдүүлэг /хх 25/,

 

            Насанд хүрээгүй гэрч М.Х- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би он сарыг нь мэдэхгүй байна, саяхан манай гэрт нэг танихгүй ах ирж хоноод маргааш өдөр нь эргэж ирээд “Ах нь зурагтыг нь засуулаад ирье, орой гоё хоол хийж иднэ ээ” гэж хэлээд манай зурагтыг эрээн даавуунд боогоод аваад явсан. Тэгээд эргэж ирээгүй” гэх мэдүүлэг /хх 27/,

 

            Гэрч Б.Г-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манайд байнга үйлчлүүлдэг О- “Haier” брэндийн 32 инчийн зурагт барьцаанд тавьсан. Тус зурагтыг эрээн даавуунд ороосон байсан. гэх мэдүүлэг /хх 30-31/

           

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “BSB маркийн 32 инчийн LCD өнгөт зурагч /хуучин/ 1 ширхэг нь 400000 төгрөг” гэх эд хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 33-34/,

 

Шүүгдэгч Ц.Ц.Б-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 48-56/,   тээврийн хэрэгсэл эзэмшдэг талаарх тодорхойлолт, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа /хх 65-69/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Ц.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Э.Э.М-гийн гэрт орж насанд хүрээгүй М.Хуланд зурагтыг нь засуулаад ирье” гэж хууран BSB брендийн 32 инчийн зурагтыг нь авч 400000 хохирол учруулж залилах гэмт хэрийг үйлдсэн болох нь

Хохирогч Э.Э.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...” 2019 оны 12 дугаар сарын11-ны орой манай хамаатны эгч О-ь нь 22:00 цагийн орчимд танихгүй залуу дагуулж ирээд “Энэ залуу маргааш бид нартай хамт ажиллах юм одоо очих газар байхгүй болохоор гэртээ хонуулчих” гэхээр нь гэртээ хонуулсан. Маргааш өглөө нь манайд хоносон залуу 10:00 цагийн орчимд гарч яваад би 5-10 минутын дараа ажил руугаа явж манай хүүхдүүд үлдсэн. Би тухайн үед Өргөө кино театрын ажиллаж байсан ба орой 22:00 цагийн орчимд гэртээ иртэл зурагтыг маань ирээд аваад явсан байхаар нь хамаатныхаа эгчид хэлж хэн болохыг асуухад Ц.Б- гэдэг юм би сайн танихгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 16/,

Гэрч Ж.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 11-ний орой 19:00 “Өргөө кино театрын” ажил дээрээ байж байтал урьд нь хамт ажиллаж байсан Ц.Б- гэдэг залуу орж ирээд гэрийнхэнтэйгээ муудалцаад гараад ирсэн хонох газар байхгүй танайд очоод хоноё” гэхээр нь манай нөхөр уурлана чи манай дүү Э.Э.М-гийнд ороод хоночих гээд гэрт нь оруулсан юм. Тэгтэл маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны орой 21:00 цагийн үед ажлаасаа буугаад ирсэн чинь Ц.Б- манай дүү гэрээс зурагтыг нь аваад явсан байсан. гэх мэдүүлэг /хх 25/,

Насанд хүрээгүй гэрч М.Х- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би он сарыг нь мэдэхгүй байна саяхан манай гэрт нэг танихгүй ах ирж хоноод маргааш өдөр нь эргэж ирээд “Ах нь зурагтыг нь засуулаад ирье орой гоё хоол хийж иднэ ээ” гэж хэлээд манай зурагтыг эрээн даавуунд боогоод аваад явсан. Тэгээд эргэж ирээгүй” гэх мэдүүлэг /хх 27/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хулгайлах гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдлээр илрэх бол залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг үгээр буюу үйлдлээр хуурч, тэдний зөвшөөрлөөр хөрөнгийг өөрт шилжүүлэн авч байгаа гэмт хэргийн шинжээрээ ялгаатай байна.

 

Шүүгдэгч Ц.Ц.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг журамлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг холбогдуулан шүүгдэгч Ц.Ц.Б-д Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Ц.Б-ыг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Ц.Б- гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт үйлдлийн улмаас хохирогч Э.Э.М-д 400000 төгрөгийн хохирол учирсаныг биет байдлаар буцаан өгсөн болох нь хавтаст хэргийн 13-р хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр, иргэний нэхэмжлэгч Б.У- иргэний нэхэмжлэлийг барагдуулсан болох нь “Гомдол санал байхгүй. 100000 төгрөгийн хохирлыг манай ажилтанд өгсөн” гэх тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Ц.Б-ыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Ц.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Б-ы 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон түүнийг ял эдэлсэнд тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Ц.Б-ыг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Б-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Б- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хйилгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Б-ы 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

 

   6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

   7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

   8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ