Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар  2022/ШЦТ/332

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        03          30                                    2022/ШЦТ/332

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Б.Дуламсүрэн, шүүгч Д.Дарьсүрэн;

 

Улсын яллагч: Ц.Буянхишиг;

 

Иргэдийн төлөөлөгч: Б.Ц;

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Л.Ө;

 

Шүүгдэгч: Г.Г;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Сувд-Эрдэнэ;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

            Хэргийн дугаар:  ;

 

Шүүгдэгч Г.Г регистрийн дугаартай:  Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 54 настай, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, “Ө” ХХК-д хамгаалагч ажилтай байсан, ам бүл 1,  , урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Г.Г нь 2021 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих өнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 28 дугаар гудамжны 584 тоот хашаанд байрлах нийтийн байрны 12 тоот гэртээ иргэн Л.Ц-ийн цээжин тус газарт хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “2001 оноос хойш талийгаачтай танил болсон. Би архи уухаараа талийгаачийг дууддаг юм. Тухайн өдөр талийгаач гэрт бие зассанаас болж маргалдсан. Талийгаач хутга авахаар нь буцаалцалдаж байгаад санамсаргүй юм болсон. Тухайн үед ухаан орж гараад байсан. Их согтолттой байсан. Талийгаачийг санаатай алаагүй. Үнэхээр их гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ө мэдүүлэхдээ: “Би талийгаачийн хамгийн бага төрсөн дүү нь байна. 10 дугаар сарын 06-ны өглөө хүргэн ах маань над руу залгаад талийгаачийг нас барсан талаар  хэлсэн. Тухайн үед яаж өнгөрснийг мэдээгүй. Ах маань их зөөлөн хүн байсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй байна” гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 17-32/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1хх-ийн 36-37/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 40-43/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 44/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ө /1хх-ийн 48-51/, гэрч Н.Энх-Амгалан /1хх-ийн 57-58/, гэрч С.Даваацэцэг /1хх-ийн 60-61/, гэрч Ш.Батжаргал /1хх-ийн 63-65/, гэрч Н.Энхболд /1хх-ийн 67-69/, гэрч Б.Чингүүнжав /1хх-ийн 71-72/, гэрч Д.Жамъянсүрэн /1хх-ийн 74-75/, гэрч Б.Баярцэцэг /1хх-ийн 77/, гэрч Б.Мандуухай /1хх-ийн 79/, гэрч Д.Галбадрах /1хх-ийн 81-83/, гэрч Б.Ганхүү /1хх-ийн 84-85/, гэрч Н.Энхтуяа /1хх-ийн 88-89/, гэрч Ц.Батдорж /1хх-ийн 91-92/ нарын мэдүүлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 95-96/, эд зүйлд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 100-102, 105-108, 117-123, 130-133, 146-149, 155-165, 189-190, 195-201, 206-209, 213-216, 222-225, 230-233, 236-238, 243-245/, Г.Гийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9617 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 138-139/, мөн хүрээлэнгийн цогцост үзлэг хийсэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2114 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 172-181/, шинжээч эмч Э.Баасанжавын мэдүүлэг /1хх-ийн 182-184/, Г.Гийн сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-ийн 249-250/, амь хохирогчийн өвчний түүх /2хх-ийн 5-9/, Г.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 21, 31-32, 42/, Г.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 6, 8-9/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 28 дугаар гудамжны 584 тоот хашаанд байрлах нийтийн байрны 12 тоот гэртээ Л.Ц-той “гэрт бие заслаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Л.Ц-ийн барьж байсан хутгыг булаан авч түүний цээжин тус газарт хутгалсны улмаас цээжний хөндий рүү нь нэвтэрсэн шарх гэмтэл учруулж санаатай алсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өийн /1хх-ийн 48-51/: “...би ажил дээрээ байхад манай эгч над руу залгасан байсан бөгөөд би буцаагаад залгахад манай хүргэн ах “...ах Л.Ц-г нас барсан” талаар хэлсэн. ...Өчигдөр орой би 20 цагийн үед залгахад гар утсаа авахгүй байсан. ...хувь хүнийхээ хувьд архи л хэрэглэдэг болохоос биш гэм зэмгүй хүнд муу санадаггүй, мөрөөрөө тусархуу өрөвчхөн сэтгэлтэй хүн байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Энх-Амгалангийн /1хх-ийн 57-58/: “Миний амьдардаг хоёр давхар нийтийн байрны 12 тоотод 1 эрэгтэй ганцаараа амьдардаг. Би тэр хүний нэрийг мэдэхгүй. Би 2021 сны 10 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн үед 12 тоотод байх айлаас зурагтыг нь гуйхаар ороход уг өрөөнд амьдардаг эрэгтэй өөр нэг эрэгтэйтэй хамт байсан. ...2021 оны 10 дугаар сарын 06-ны шөнө 03-04 цагийн хооронд 12 тоот айлын хүмүүс маргалдаж байгаа чимээ гарсан. Би хаалгаар шагайгаад харахад 12 тоотод амьдардаг эрэгтэй “цагдаа дуудчихлаа” гэхээр нь юу болсон талаар асуухад юм хэлээгүй, удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Даваацэцэгийн /1хх-ийн 60-61/: “Би өглөө ажилдаа гараад шөнө 00 цаг өнгөрч байхад ирсэн. ...12 тоотод хүмүүс байсан, гэрэл нь асаалттай, хоёр хүн хоорондоо яриад байгаа бололтой чанга дугараад байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Энхболдын /1хх-ийн 67-69/: “...манай ах Ганхүү залгаад “Г.Г хүн амины хэрэгт холбогдсон байна, намайг хүрээд ир гэж байна, чи мэддэгээрээ яваад оччих” гэж хэлэхээр нь би нийтийн байрны эзэн Батжаргал руу залгахад “Г.Г ах асуудалд орсон юм шиг байна, та хүрээд ирээч” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Ганхүүгийн /1хх-ийн 84-85/: “...2021 оны 10 дугаар сарын эхээр шөнө 04 цагийн үед над руу Г.Г залгаад “ахаа би хүн амьны хэрэгт холбогдчих шиг боллоо” гэхээр нь “яасан, юу болсон бэ” гэхэд “хамт архи уусан хүн судсаа ханачих шиг боллоо” гэж хэлэхээр “цагдаа, эмнэлэг дууд” гэсэн” гэх мэдүүлгээр,

 

“...Талийгаач Л.Ц-ийн цогцост цээжинд шарх, зүүн 4-р хавирганы дээд ирмэгийн бүрэн бус хугарал, гялтан, булчинд цус хуралт, үнхэлцэг хальс, зүрхний хөндийд нэвтэрсэн шарх, баруун сарвуу, бугуйн үе, хоёр тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цээжинд шарх, зүүн 4-р хавирганы дээд ирмэгийн хугарал, гялтан, булчинд цус хуралт, үнхэлцэг хальс, зүрхний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун сарвуунд зулгаралт гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас зүрх чихэлдэж нас баржээ.

Талйгаачийн цогцост хийсэн 2021.10.06-ны 10:40 цагийн анхны гадна үзлэгээр нас бараад 7-8 цаг өнгөрсөн байжээ. Талийгаачийн цогцост учирсан цээжинд шарх, зүүн 4-р хавирганы дээд ирмэгийн бүрэн бус хугарал, гялтан, булчинд цус хуралт, үнхэлцэг хальс, зүрхэнд шарх, баруун сарвуу, бугуйн үе, зүүн тохойд зулгаралт гэмтэл нь шинэ гэмтэл байна. Баруун тохойд зулгаралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Талийгаачийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь баруун дээрээс зүүн доош чиглэлтэй, ташуу байрлалтай байна. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

Шүүх биологийн шинжилгээгээр талийгаачийн цус нь 4-р бүлгийн харьяалалтай байна. Талийгаачийн цогцос нь 165.0 см урттай, 49.0 кг жинтэй байна. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Ходоодны шингэнд 1.3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2114 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 172-177/,

 

дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Э.Баасанжавын /1хх-ийн 182-184/: “...тухайн шарх нь шинжилгээнд ирүүлсэн 24.1 см урт, ажлын хэсгийн урт 13.2 см, ажлын хэсгийн өргөн 2.4 см хэмжээтэй бор модон иштэй хутгаар үүссэн байх боломжтой байна. ...Амь хохирогчийн биед тогтоогдсон цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун хурууны 1-р үе, баруун бугуйн үе, зүүн тохойн зулгаралт гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд ноцолдох, унах, цохигдох мөн ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүссэн байж болох шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлгээр,

 

“...Шинжилгээнд ирүүлсэн саравчтай малгай, хүрэм, цамц, богино ханцуйтай цамцанд гэмтэл үүссэн байна. Бусад хувцаснуудад гэмтэл үүсээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн саравчтай малгайд үүссэн гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр үүссэн урагдалт, хүрэм, цамц, богино ханцуйтай цамцанд үүссэн гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн зүсэгдэлтүүд байна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2907 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 195-198/,

 

Г.Гийн биед “баруун алганд шарх” бүxий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9617 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 138-139/,

 

“...Г.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Г нь хэрэг үйлдэх үедээ болон одоо, хэрэг үйлдэхээс өмнө сэтгэцийн өөрчлөлттэй байсан гэх баримт үгүй байна. Г.Г нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №847 дугаартай шинжээчийн дүгнэлтээр,

 

Г.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 8-9/: “...Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 06 цагийн орчим Л.Цолмон руу утасдаад “ирж шараа тайлах юм уу” гээд залгасан чинь “тэгье” гээд манайд ирээд гадагшаа дэлгүүр хайсан чинь өглөө эрт байсан учир дэлгүүрүүд онгойгоогүй байсан. Манайд сууж байгаад 09 цагийн орчим гэрээс гараад бөөний дэлгүүр ороод 1 шил 0,75 литрийн Монгол стандарт нэртэй архи аваад гэрт очоод уусан. Ууж байхад 11 цагийн орчим манай өөдөөс харсан хаалгатай 11 номерын айлын эмэгтэй хаалга тогшоод “манай зурагт эвдэрчихлээ, илүү дутуу зурагт байна уу” гэхээр нь би тухайн өдөр архи уусан байсан, маргааш нь жижүүртэй байсан болохоор “танайд манай зурагт байж байг” гээд Л.Цолмон бид хоёр зурагтыг тухайн айлд оруулж өгөөд үргэлжлүүлэн архиа хувааж уугаад дахин 12 цаг өнгөрч байхад 1 шил архи авсан. Тэр архиа хувааж уугаад сууж байтал “өнөөдөр танайд хонож болох уу” гээд Л.Ц-г хэлэхээр нь “тэг тэг, манайд хоночих” гээд 15 цагийн орчим ууж байсан архи дуусаад ...дахин 1 шил 0,5 литрийн Монгол стандарт аваад гэр рүүгээ ороод уусан. Гадаа гэгээтэй байхад Л.Цолмон “бие засмаар байна” гээд би орон дээр хэвтэж байсан болохоор “түлхүүр аваад гараарай, түлхүүр жорлонд унагаачихваа” гэж хэлсэн. Л.Цолмон гутлаа өмсөх гэж байгаад амжаагүй үүдэнд байсан шар хувин дээр бие засах гээд суухаар нь би уурлаад “хичнээн архи уусан байсан ч гэртээ шээдэггүй юм, чи гараад бие зас” гэсэн чинь “байж бай” гээд хэлэхээр нь босож ирээд Л.Цолмон тухайн үед фудболкатай байсан бөгөөд тэрнээс нь татаад татсан эрчиндээ ус буцалгагч тавьсан байсан сандлын орчим руу унасан. Тэгээд зууралдаад ноцолдож байж байгаад харсан чинь Л.Ц-ийн гарт манай гэрийн шар иштэй жижиг хутга байсан. Тэгэхээр нь би хутгыг нь авах гээд баруун гараараа хутганы үзүүр дээрээс нь гараараа атгаад булааж авсан. Тэгээд би их уурласан байсан бөгөөд баруун гараараа барьсан байсан хутгаа зүүн гартаа шилжүүлээд тэр үед Л.Цолмон ноцолдох гээд дайраад ирэхээр нь зүүн гарт байх хутгаараа Л.Ц-ийн цээж хэсэгт хатгасан. Тэгтэл Л.Цолмон “өө пизда” гээд баруун гараараа хаах шиг болоод нэг юм хэлсэн. Тэгээд “ямар өөдгүй баагий бэ” гээд доошоо суусан. Миний санаж байгаагаар бид хоёр архи ууж байсан ч билүү сайн санахгүй байна унтаад өгсөн. Миний баруун талд цаашаа буюу гэрийн паар руу харсан дээгүүрээ нүцгэн хэвтэж байсан. Тэгээд “босооч, чи хариагүй юм уу” гээд татсан чинь бие нь хүйтэн, бие нь хөшчихсөн байсан. Тэгэхээр нь би гэрлээ асаагаад гэрт байх хөнжил гудсаа харсан чинь цусны толбо байхгүй байсан, үүд хэсэгт хэсэг цусны толбо байсан. Тэгээд сандраад хамгийн түрүүн Ганхүү ахын дугаар руу залгаад “ахаа манай гэрт хүн өнгөрчихжээ” гэсэн чинь “цагдаа, түргэн дууд” гэж хэлсэн. ...Тэгээд 103 руу залгаад “манай гэрт хүн өнгөрчихлөө” гээд ...5 минут орчмын дараа цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 17-32/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 95-96/, эд зүйлд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 100-102, 105-108, 117-123, 130-133, 146-149, 155-165, 189-190, 206-209, 213-216, 222-225, 230-233, 236-238, 243-245/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэрэг учрал гарсан өдөр Г.Г, Л.Цолмон нар хоёулхнаа байсан, өөр хүн байгаагүй, тэдний хооронд маргаан тэмцэл болсон, шүүгдэгч нь уурласан уурандаа амь хохирогч Л.Ц-г хутгалсан үйлдэл болон хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, Г.Гийн гэрт хүмүүс өөр хоорондоо маргалдах байдалтай чанга дуугаар ярьж байсан талаар гэрч нар гэрчилж мэдүүлсэн, хохирогч Л.Цолмон нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх хүнд гэмтлийн улмаас зүрх чихэлдэж нас барсныг шинжээч тогтоосон, уг дүгнэлтээ тайлбарлаж мэдүүлсэн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Г.Г нь иргэн Л.Ц-г хувийн таарамжгүй харилцааны улмаас хутгаар хутгалж алсан болохыг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзэв.

 

Г.Гт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нотлох баримт шинжлэн судлахад оролцож дээр дурдсан нотлох баримтуудад  үндэслэн хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгчийг “хүнийг хутгалж алсан гэм буруутай” гэж дүгнэснийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгчийн зүгээс яллагдагчаар татсан баримтууд болон хэргийн зүйлчлэлийг эсэргүүцэх санал гаргаагүйг дурдаж байна.

 

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Г.Г нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр хохирогчийн цээжинд хутгалж гэмтээх үйлдлийг санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж,  уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Г.Гийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэстэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс түүнд энэрэнгүй хандаж нэхэмжлэх зүйлгүй гэсэн, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 8 (найм) жилийн хугацаагаар хорих ял  шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ө “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгтээ 175 (нэг зуун далан тав) хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийн цагдан хоригдсон 175 (нэг зуун далан тав) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                     ШҮҮГЧИД                                 Б.ДУЛАМСҮРЭН

 

                                                                                                           Д.ДАРЬСҮРЭН