Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/694

 

 

 

 2022          05          13                                   2022/ШЦТ/694   

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч Б.Нэ, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Бийн Нийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0956 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Нэ нь 2022 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн бар” нэртэй бааранд хохирогч Б.Б, Д.Онэ нарын үйлчлүүлж байсан ширээнийхээ сандал дээр үлдээсэн байсан цүнхнээс тэдгээрийн эзэмшлийн Ай фоне 11 про, Ай фоне экс загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч нарт 2,200,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

             

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.Нэ нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Д.Онийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...2022 оны 02 дугаар сарын 20-ны шөнийн 22:30 минутад гурван найзтайгаа Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах бааранд орсон. Дотор бүжиглэж байгаад Нэ, Хонгорзул гэх 2 охинтой танилцсан. Тэгээд бид хэдийг бүжиглэж байх хооронд цүнхэн дотор байсан гар утсыг аваад явсан байсан. Миний гар утас хар өнгийн Айфоне 11 про ногоон кэйстэй шар товчлууртай 256гб багтаамжтай утас байсан. 2021 оны 09 сард 1,750,000 төгрөгөөр худалдаж авч байсан.

Миний гар утсыг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөгч утас авсан гэх ченж ахаас шинэ утас гаргуулж хүлээлгэн өгсөн. Иймд надад одоо санал гомдолтой зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 55/,

 

Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...2022 оны 02 дугаар сарын 20-ны шөнийн 22.30 минутад гурван найзтайгаа Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах бааранд орсон. Дотор бүжиглэж байгаад Нэ, Хонгорзул гэх 2 охинтой танилцсан. Тэгээд бид хэдийг бүжиглэж байх хооронд цүнхэн дотор байсан гар утсыг аваад явсан байсан. Миний гар утас цэнхэр кэйстэй цагаан өнгийн Айфоне Икс 64гб багтаамжтай гар утас байсан. 2021 онд Теди дээрээс 1,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан.

Миний гар утсыг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгч бүрэн бүтнээр нь яг л байсан чигээр нь хүлээлгэн өгсөн. Иймд надад одоо санал гомдолтой зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 51/,

 

Гэрч Г.Цэрэнчимэдийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Би 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Монтел” гар утасны зах дээр ажлаа хийгээд байж байтал 14 цагийн орчим нэг охин над дээр ирээд ахаа та гар утас худалдаж авах уу? гэхээр нь авнаа, үзье гэсэн юм. Тэгтэл 1 Айфоне икс гаргаж ирсэн, дараа нь Айфоне 11 про маркийн гар утас гаргаж ирээд би энэ хоёрыг олсон юм, гэхээр нь би “өө тэгвэл ашиглаж болохгүй шдээ, сэлбэгэнд л авах юм байна, хулгай, дээрмийн гараар орсон гар утас юм биш биздээ” гэсэн чинь янз бүрийн асуудал болохгүй ээ, манай ээжийн бие муу байгаа юм аа, тэгээд мөнгөний хэрэг гараад байна, та манай ээж рүү яриад асуусан ч болно гээд байхаар нь би 2 гар утсыг нь нийлүүлээд 450,000 төгрөгөөр худалдаж авсан, мөнгийг дансаар шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ, ЦХ-2, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 0-05/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн БЗД2-22-475 дугаартай:

“Iphone 11 pro маркийн гар утсыг 1,500,000 төгрөгөөр, Iphone X маркийн гар утсыг 700,000 төгрөгөөр тус тус үнэлэв” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/,

 

Гэрч Г.Цэрэнчимэдэд 450,000 төгрөгийг хүлээн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27-28/,

 

Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 31, 47/,

 

Шүүгдэгч Б.Нийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Би 2022 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Дөлгөөн, Хонгорзул бид гурав уулзаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Мөнгөн бар”-д гурвуулаа орсон. Дөлгөөн жирэмсэн учир түрүүлээд явсан. Ариун цэврийн өрөөнд 4 охинтой танилцаад, хамт бүжиглэж байгаад манай найз Хонгорзулыг цуг ширээнд сууя гээд хамт тэдний ширээн дээр очиж суугаад хамт байж байгаад 01 цагийн орчим гарахдаа жижгэвтэр цүнхнээс 2 ширхэг утас авч гарсан. Ингээд би уг утаснуудыг 2022 оны 02 дугаар сарын 22-нд Монтел дээр байх ченж ахад “манай ээжийн бие муу байгаа юм, мөнгөний хэрэг байна, энэ утаснуудыг олсон юм” гэж худлаа яриад 450,000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Б.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, хувийн байдлын талаарх баримт, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 43-45/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.      

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Нийн 2022 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн бар” нэртэй бааранд хохирогч Б.Б, Д.Онэ нарын үйлчлүүлж байсан ширээнийхээ сандал дээр үлдээсэн байсан цүнхнээс тэдгээрийн эзэмшлийн Ай фоне 11 про, Ай фоне экс загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч нарт 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Б.Нийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эдэлж байгаа эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох  Ай фоне экс загварын гар утсыг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.Бд, Ай фоне 11 про загварын гар утсыг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Д.Онэд, мөн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэрч Г.Цэрэнчимэдэд 450,000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухайн хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Нэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ өгч байгаа үнэлэлт дүгнэлт, хялбар аргаар өөрийн хэрэгцээ болон амин зуулгыг залгуулах гэсэн санаатай үйлдэл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийтэд тустай ажил хийтгэх ялыг тодорхой хэмжээгээр оногдуулж шийдвэрлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Нэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Бгийн Нийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Б.Нийг шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нэд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.  Шүүгдэгч Б.Нэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Нэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ