Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/695

 

 

     2022        05          13                                  2022/ШЦТ/695      

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Н.Ганчимэг,

нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Дийн Цийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 01604 1474 дүгээр хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч 4 сартай жирэмсэн Т.Мтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцдаа түүний гэдэс рүү өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 01604 1474 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Д.Ц нь хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Мын мөрдөн байцаалтад өгсөн:

Би өөрийн эзэмшлийн 42-61 УБГ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинтай 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн орчимд офицеруудын ордноос хойш Цайз чиглэлд явж байтал үл таних 30 орчим насны цайвар өнгийн цамцтай эмэгтэй гараа өргөсөн тул суулгаад хаашаа явах талаар асуухад тухайн эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд Улиастайн шинэ эцэст байрлах нийтийн байрны гадна талд 03 дугаар сарын 25-ны өдрийн 23:50 минутад ирээд таксины мөнгөө өгөх үү гэхэд бэлэн мөнгө байхгүй 86131184 дугаарын утсанд таксины мөнгөн дүнг явуулчих гэж хэлсэн. Тэгээд би тухайн дугаарт таксины мөнгө болох 17.000 төгрөгийн үнийн дүнг бичиж мессежээр явуулсан боловч ямар нэгэн шалтгаангүй пизда, гичий гэх зэргээр хэл амаар доромжилсон байсан тул би тухайн эмэгтэйд хандаж битгий намайг хараагаад бай, машинаас буучих, та надад дугаараа өгчих би ярьж байгаад мөнгөө маргааш авъя гэж хэлсэн боловч надад хандаж чи өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бэ гэж хэлээд миний утаснаас 88005577 дугаарын утсанд холбогдож “ тэнэг гичий рүү мөнгө шилжүүлчих” гэж ярьсан. Тэгээд би машинаасаа буугаад арын хаалгаа нээгээд та буучих гэж хэлэхэд миний гэдэс рүү өшиглөж унагаасан. Тэгээд би босож ирээд тухайн эмэгтэйд хандаж би 4 сартай жирэмсэн, та яагаад намайг өшиглөж байгаа юм бэ гэж хэлэхэд надад жирэмсэн байж яах гэж таксинд явсан юм бэ гэж хэлээд буухгүй байсан тул буулгах гэж татахад гэдэс орчимд 1 удаа дахиж өшиглөсөн. Тэгээд тухайн эмэгтэй машинаас өөрөө буугаад над руу ална гэж дайраад миний хөл орчимд 1 удаа өшиглөөд тус нийтийн байр руу орсон. Тэгээд би тус Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд тус нийтийн байрны урд талын хаалгаар ороход ертөнцийн зүгээр баруун талын гадна талдаа айл амьдарч байна, хаалга онгойлгохыг хориглоно гэж бичсэн хаалга байсан. Би тухайн эмэгтэйг харвал танина 30 орчим настай, хар өнгийн мөр орчим хүрсэн үстэй эмэгтэй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4910 дугаартай:

“Т.Мын биед баруун сарвууны зулгаралт, умайн доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/,

Шүүгдэгч Д.Цийн мөрдөн байцаалтад өгсөн:

2022 оны 03 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Офицеруудын ордноос Улиастайн эцэс хүртэл такси барьсан. Таксины төлбөрөө төлөх гэхэд миний интернэт банк болохгүй байсан учраас найз Эрдэнэбаяртай яриад тухайн жолооч эмэгтэйн банкны дансыг өгсөн. Таксины төлбөр нь ороогүй үед жолооч эмэгтэй уурлаад хашхираад машинаасаа буулгахгүй байсан. Би буух гэж тэр жолооч эмэгтэйн гуянд нэг удаа өшиглөсөн.

Би өөрийн гэм бурууг ойлгож байна. Би өөрөө эмэгтэй хүн учраас жирэмсэн хүний нөхцөл байдлыг ойлгож байна гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/,

- хохирлын баримтууд /хх-ийн 27-29/,

- хохирогчийн амбулаторын картын хуулбар /хх-ийн 30-32/,

 

-хохирогч Т.Мын “... таксины мөнгөнөөс болж Ц гэх эмэгтэйтэй маргаан үүссэн түүнээс үүдэн миний биед үүссэн болон гарсан зардал, эмчилгээний мөнгө болох 650.000 төгрөгийг өгсөн. Иймд миний энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. надад гомдол санал хүсэлт байхгүй болно” гэх хүсэлт /хх-ийн 52/,

 

-шүүгдэгч Д.Цийн “... энэ бол миний туйлын буруу үйлдэл байсан. Би үүндээ маш их харамсаж байна. ...хохирогч Мд учирсан эм тарианы мөнгийг нөхөн төлж барагдуулсан болно. Миний бие сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа тул хуульд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 53/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Цийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ц нь хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Д.Ц нь жирэмсэн болохыг мэдсээр байж хохирогч Т.Мын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Т.М нь нотлох баримтаар хохирол төлбөрт 357.150 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд 650.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчид хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Ц нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол арилсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ш овогт Дийн Цийг хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ