Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2016/0009/З |
Дугаар | 221/МА2016/0341 |
Огноо | 2016-05-27 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2016/0341
Ж.Зийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Г.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 208 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Зийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Ж овогтой З нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай Хуурай мухар зусланд өөрийн хөрөнгөөр хашаа барьж, төгөл мод тарьж ургуулсан болно. Энэхүү газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасныг удирдлага болгон зохих журмын дагуу эзэмшин авах хүсэлтэй байгаагаа Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны мэргэжилтэнд мэдэгдэхэд, уг газрыг нэгж талбарт бүртгэн өөр иргэнд эзэмшүүлсэн захирамж, шийдвэр байгаа тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн болно. Миний бие тус газрыг 2011 оноос эхлэн арчлан тордож, улмаар хашаа байгуулсаны үндсэн дээр төгөл мод тарьж ургуулсан бөгөөд зохих журмын дагуу эзэмшин авах эрхээ хэрэгжүүлэхээр бэлтгэж байтал, барьсан хашааг маань нурааж 2014 оны А/309 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх захирамж гаргуулан газрыг эзэмшсэн байсан. Дээрх газар эзэмшүүлэх тухай захиргааны акт нь иргэн миний бие тус газрыг давуу эрхээр эзэмших эрх зүйн боломж, субъектив эрхийг маань хязгаарласан, зорилгодоо нийцээгүй акт гэж үзэж байна. Миний бие Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасан журмын дагуу тус газрыг давуу эрхээр эзэмших эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн боломжтой иргэн юм. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/309 дүгээр захирамжийн Г.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ж.Зийн хүсэлтийг хүлээн авч бүртгэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус дүүргийн Засаг даргын 2014 оны А/309 дүгээр захирамжаар иргэн Г.Нт тус дүүргийн Хуурай мухарын зусланд гэр бүлийн хэрэгцээнд 500 м.кв газрыг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана, 32.2.1 овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 32.2.2 эзэмшил газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, 32.2.3 газар эзэмших зориулалт, хугацаа гэх заалтад заасны дагуу 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийг зөрчиж эрх олгосон захирамж, гэрээ, гэрчилгээгүй төрийн өмчийн газрыг дур мэдэн ашиглаж ирсэн. Иймд тус нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Г овогтой Н миний бие 2003 оноос Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын газар зуслангийн байшин барих зорилгоор модон хайсан хашаа барьсан бөгөөд 2004 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргад газар эзэмшүүлэх хүсэлтээ газрын мэргэжилтэн н.Б гэх хүнд өгсөн боловч 2008 он хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. Дахин 2008 онд кадастрын зураг хийлгэж, Засаг даргад дахин газар эзэмших хүсэлтээ өгсөн бөгөөд үүний дагуу газар эзэмшүүлэх захирамж гарсан. Захирамжийн дагуу бүхий л хийх ёстой төлбөр тооцоог хийж, миний газар эзэмших эрх баталгаажиж, газар эзэмшүүлэх гэрчилгээг 2014 онд авсан. Миний 2003 онд барьсан хашаа алга болж, манай газар дээр өөр шон зоон 3 ширхэг мод тарьсан байсан. Тиймээс утасны дугаараа хашаан дээр үлдээн холбоо барих зар тавьсан боловч нэг ч удаа холбогдоогүй. Хашаа барьсан хүн олдохгүй болохоор нь бид өөрийн газар дээрээ төмөр хашаа барьсан бөгөөд хууль ёсны дагуу хүсэлтээ өгч, газар эзэмших эрхтэй болсон. Газар эзэмших хүсэлтээ өгч, кадастрын зураг хийлгэсэн газар дээр Ж.З нь 3 ширхэг мод тарьсан үйлдэл нь хүний газрыг авах гэсэн санаатай үйлдэл байх бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасан заалтад хамаарахгүй байна. Тиймээс Ж.Зийн гаргасан нэхэмжлэл болон хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 208 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, 27.6, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Зийн гаргасан ...иргэн Г.Нт газар эзэмшүүлсэн А/309 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ж.Зийн хүсэлтийг хүлээн авч бүртгэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:...Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 6 дугаар догол мөрөнд нэхэмжлэгч маргаан бүхий газрыг 2011 оноос хойш арчилж, тордож, мод тарин өөрийн эзэмшилд байлгаж байсан гэж маргаж байгаа боловч гуравдагч этгээд Г.Н нь тухайн газрыг эзэмшихээр 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд хандаж байсан гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан өргөдөл хүсэлт хүлээн авсан баримт, Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэхээр хүссэн өргөдөл, Кадастрын зураг, Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2008 онд ирсэн баримт бичгийн бүртгэл зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ гэсэн, мөн Тогтоох нь хэсэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ гэрч нарын мэдүүлэг, холбогдох журам, мөн нэхэмжлэгчийн тайлбар зэргийг бүхэлд нь орхигдуулсан буюу буруу үнэлсэн, улмаар Газрын тухай хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн явдал гэж үзэж байна. Иймд тус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийг хүсч байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна .
Нэхэмжлэгч Ж.З нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай А/309 дүгээр захирамжийн иргэн Г.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ж.Зийн хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар иргэн Г.Нт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын зусланд 500 м.кв газрыг зуслангийн зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 27.6, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчөөгүй байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна. Тодруулбал,
Нэхэмжлэгч Ж.З нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн газрыг 2011 оноос хойш арчилж тордон улмаар хашаа барьж төгөл мод тарьж ургуулсан тул давуу эрхээр эзэмших эрхтэй гэж тайлбарласан боловч тухайн үед газар эзэмших хүсэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор гаргаагүй, харин гуравдагч этгээд Г.Н нь 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тус газрыг эзэмшиж авах хүсэлтээ гарган холбогдох бичиг баримтыг бүрдүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул маргаан бүхий актаар Г.Нт газар эзэмшүүлэхдээ бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцуулан олгосон гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно гэж заасныг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтгүй орхигдсон газрын эвдрэл, элэгдлийг сэргээх төсөл, төлөвлөгөө боловсруулан дүүргийн Газрын алба, Засаг даргатай урьдчилан тохиролцож, гэрээ хийсний үндсэн дээр хөрсний үржил шимийг сайжруулсан, ургамлын нөмрөгийг сэргээсэн, газрын гадаргууг засаж тэгшилсэн, хордолт, бохирдлыг цэвэрлэсэн зэрэг тохиолдолд давуу эрхээр газар эзэмших эрх олж авахыг ойлгох бөгөөд уг шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй, 27 дугаар зүйлийн 27.6-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр байгуулсан хиймэл нуур, цөөрөм, усан сан, өсгөж үржүүлсэн ан амьтан, тарьж ургуулсан ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно гэж заасан шаардлагыг хангаж эрх бүхий байгууллагаас шийдвэр гараагүй, ойн төгөл тарьж ургуулаагүй байх тул нэхэмжлэгч Ж.Зийг давуу эрхээр газар эзэмших эрхтэй гэж үзэхгүй.
Захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, зорилго нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус актын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчиж 2011 оноос уг газарт хашаа барьж мод тарьсан нэхэмжлэгч Ж.Зийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН