Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 82

 

      Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч С.Ариунаа,

Хохирогч С.Бадамцэцэг түүний өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн,

Шүүгдэгч Д.Ганбат нарыг оролцуулан

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баягад овогт Дуламжавын Ганбатад холбогдох эрүүгийн  дугаартай  хэргийг  2016 оны 06 сарын 30-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  1976 оны 02 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн 2-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЯ76020312 регистрийн дугаартай, Баягад овогт Дуламжавын Ганбат.

Шүүгдэгч Д.Ганбат нь 2015 оны 05 сарын 18-ны өдрийн 11 цагийн орчим согтуугаар "Тоёото-спринтер" маркийн 6330 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг "Цэцэг" төвийн баруун хойд талд төв замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-1.5-д зааснаар "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 9.2-д заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 2.5/в/-д заасан "зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх", 2-5/а/ "тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хохирогч С.Бадамцэцэгийн жолоодон явсан "Ниссан санни" маркийн 5828 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгслийн хойд, урд гупер, хойд дохионуудыг хагалж, 4 хаалга гажсан, копудыг   хонхойлгож    гэмтээн   140000   төгрөгийн  хохирол  учруулж осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ганбат мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Д.Ганбат мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "…Би 2016 оны 05 сарын 18-ны өдөр …гэртээ харих гээд төв замаар буюу Хэрлэн сумын 7 дугаар баг Цэцэг төвийн хойд талд явж байхад миний урд талд явж байсан "ниссан санни" маркийн хар хөх өнгийн авто машин дохио өгөхгүй хойш эргэх гэхэд нь би тэр машиныг дохио өгөөгүй тул чигээрээ явна гэж бодоод араас нь явж байгаад мөргөсөн. …би жолооч эгчид хандаж таны авто машиныг янзлуулаад өгье гэхэд тэр эгч, чи энэ машиныг өөрөө ав би зарах гэж байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдүүдээ гэртээ хүргэж өгөх гээд гэрлүүгээ авто машинтайгаа ослын газрыг орхиж яваад гэртээ очоод хашаан дотроо машинаа тавьчихаад гэртээ орж хөргөгчин дотор байсан 0.5 граммын Ерөөл архины тал байхаар нь уучихаад байж байхад цагдаа ээж Дуламжавын хамт ирээд намайг осол гарсан газарт авч ирсэн" гэжээ /хх-ийн 73-74/

Хохирогч С.Бадамцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг  такси үйлчилгээнд явж байтал гандангийн тэндээс нэг залуу гараа өргөөд суусан. Хүүхдийн өлгийнд "Евро-10000" явна гээд төв замаар баруун тийшээ явж байтал ардаас хурдтай явж байсан  машин ирээд мөргөсөн. Надад уулзвараар эргэх шаардлага байгаагүй бөгөөд эргэх дохио ч өгөөгүй байсан. Тухайн үед би хамгаалалтын бүстэй байсан. Би урагшаа нэг удаа мөргөсөн. Миний машиныг замын хажуу тал руу орж, хашлага давуулж ургаа модыг  мөргөтөл ардаас хүчтэй мөргөсөн.  Буух гэтэл хаалга онгойхгүй, зорчигчийн хаалга ч онгойхгүй байсан. Буугаад хартал арын машин замын уулзвар дээр хөндлөн орж ирээд зогссон байсан. Машинаас шал согтуу жинсэн өмдтэй залуу  бууж ирээд эгчээ тохиръё, араас дагаад явчих гэхээр нь "Чи байж бай, цагдаа дуудна"  гэж хэлсэн. Надад бол цагдаа дуудах боломж байгаагүй, гар  хөл чичрээд утсаар  ярих боломжгүй байсан. Машинд сууж байсан залуу цагдаа дуудсан юм билээ. Та цагдаа иртэл байж бай, би явлаа гээд миний машиныг дайрсан залуу яваад өгсөн. Ямар  машин байсныг би  мэдээгүй. Энэ хүнийг явахад араас нь дарсан  зураг байсан  тул машины дугаарыг  зураг дээрээс харж машины эзнийг тогтоосон. Миний машиныг  бүрэн бүтэн болгож өгөхийг хүсч байна. Энэ залуу хувь хүнээр засуулна гээд манай гэрт  очиход нь би найдвартай баталгаатай газраар засуулна гэж хэлсэн. Миний машин одоо хүртэл эвдэрсэн хэвээрээ байгаа. Надад 390000 төгрөг өгсөн. Машины эвдрэлийн засварын мөнгийг төлөөгүй байгаа тул "Дорнын талын чоно" ХХК-иар засварлуулах зардлын1610200 төгрөг нэхэмжилнэ гэв.

        Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 11 тоот дүгнэлтэд: "…Хариулт 1. Гомдол мэдээллийн …тоот материалд авагдсан баримтуудыг шинжлэхэд жолооч Д.Ганбат нь МУ-ын ЗХДүрмийн 1.5-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 9.2-д заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" /Зам дээр аюул саад нь янз бүрийн шинжтэй байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой гэсэн/, 2.5/в/-д заасан "зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх", 2-5/а/ "тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

       Хариулт 2. Зам тээврийн осол гарах гол үндсэн шалтгаан нь жолооч Д.Ганбатын /Зам дээр аюул саад нь янз бүрийн шинжтэй байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой гэсэн/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлтийг тогтоов.

       Хариулт 3. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Мөнхболдын Ниссан Санни маркийн 58-28 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Спринтер маркийн 63-30 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд техникийн хувьд бүрэн бүтэн гэж тэмдэглэснийг үндэслэн тус тээврийн хэрэгслүүд нь техникийн хувьд бүрэн бүтэн, замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзлээ" гэжээ /хх-ийн 47-48/

-    Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг шалгах хугацаа сунгасан тогтоол /хх-ийн 2/

-    Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/

-    Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8/

-    Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/

-    Д.Ганбатаас асууж авсан тайлбар /хх-ийн 12-14/

-    Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 20-21/

-    Хохирогч С.Бадамцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 27-28/

-    Гэрч А.Сумъяабазарын мэдүүлэг /хх-ийн 30-31/

-    Гэрч Н.Насанбаатарын мэдүүлэг /хх-ийн 32-33/

-    Гэрч Б.Одгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 36-37/

-    Шинжээчийн ¹11 тоот дүгнэлт /хх-ийн 47-48/

      -   Д.Ганбатын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн73-74/ зэрэг болон тухайн хэрэгт  хамааралтай,  хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан  бусад  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

      Шүүгдэгч Д.Ганбат нь 2015 оны 05 сарын 18-ны өдрийн 11 цагийн орчим согтуугаар "Тоёото-спринтер" маркийн 6330 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг "Цэцэг" төвийн баруун хойд талд төв замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-1.5-д зааснаар "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 9.2-д заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 2.5/в/-д заасан "зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх", 2-5/а/ "тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хохирогч С.Бадамцэцэгийн жолоодон явсан "Ниссан санни" маркийн 5828 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгслийн хойд, урд гупер, хойд дохионуудыг хагалж, 4 хаалга гажсан, копудыг   хонхойлгож    гэмтээн   140000   төгрөгийн  хохирол  учруулж осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Ганбатын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон хохирогч С.Бадамцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон гэрч А.Сумъяабазар, Н.Насанбаатар, Б.Одгэрэл, шүүгдэгч Д.Ганбатын сэжигтэн, яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг, зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 11 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

     Иймд шүүгдэгч Д.Ганбатыг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

    Шүүгдэгч Д.Ганбат нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа  нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хүндрүүлэх  нөхцөл байдал болно.

   Шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлаас гадна хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Хохирогч С.Бадамцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө "Ниссан санни" маркийн 58-28 ДОР дугаарын тээврийн хэрэгсэлд засвар хийлгэх ажлын хөлсөнд 975000 төгрөг, түүнд хэрэглэгдэх материалын зардалд 255200 төгрөг машины эд ангид 380000 төгрөг нийт 1610200 төгрөг нэхэмжлэн "Дорнын талын чоно" ХХК-ийн 2  ширхэг зарлагын баримтыг нотлох баримтаар гаргаж өгөв.     

Шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирогчид 390000 төгрөг төлсөн байна. Хохирогч нь тээврийн хэрэгсэлд эвдэрч гэмтсэнийг засаж сэргээхэд гарах зардлыг нэхэмжилж байх бөгөөд шүүгдэгч Д.Ганбат нь засварын ажлын хөлсний талаар гаргасан нотлох баримтын талаар маргалдаж байх тул 1220200 төгрөгтэй холбоотой иргэний нэхэмжлэлийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Ганбат нь одоо төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс "Тоёота спринтер" маркийн 6330 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол"-ыг хүчингүй болгов.

          Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн Д.Ганбатын 427412 дугаартай "В" ангиллын жолоочийн үнэмлэх, 00905382 дугаартай тээврийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Баягад овогт Дуламжавын Ганбатыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч Д.Ганбатыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Д.Ганбатад оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Ялтан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүхийн шатанд хохирогч С.Бадамцэцэгт 390000 төгрөг төлснийг дурдаж хохирогч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар нэхэмжлэлийн зөрүү 1220200 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан Д.Ганбатад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Д.Ганбатын эзэмшлээс "Тоёота спринтер" маркийн 6330 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

7. Энэ хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн ялтны 427412 дугаартай "В" ангиллын жолоочийн үнэмлэх, 00905382 дугаартай тээврийн гэрчилгээ зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтанд буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзсан хугацааг 2016 оны 08 сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ж.ДОЛГОРМАА