Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/742

 

 

2021          11          03                                  2021/ШЦТ/742       

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар, 

Шүүгдэгч О.Б, өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-д холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .......... тоотод оршин суух /иргэний үнэмлэхийн лавлагаагаар: .......... тоот/ урьд:

 

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №139 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн О.Бийн эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 2 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №574 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, О.Б,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч О.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Б-г Сүхбаатар дүүргийн ................ тоотод гэрт нь байхад утсаар ярьж “манай дүү “.............” ХХК-д ажилдаг гэж хуурч юнителийн .................. дугаарыг хямд үнээр авах боломжтой байна” гэж итгүүлэн Худалдаа хөгжлийн банкны ........ дугаартай дансаар 7.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

 

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хохирогч Т-д “хүнд даацын авто машины зөвшөөрөл гаргуулж өгнө” хэмээн хуурч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн үндэсний төвийн орчмоос 3 удаагийн үйлдлээр нийт банкны дансаар 22.500.000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулсан,

 

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Б-г “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авна хэмээн хуурч банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулан мөнгийг нь авсан атлаа Ч.Б өгөлгүй өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан иргэн Ч.Б 9.000.000 төгрөгийн хохирол учруулан нийт 38.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Батзоригтой найзууд. Тэгээд бид хэд нэг өдөр сууж байгаад 8811-тэй дугаар авъя гэж ярилцаад хүнээс асуухад боломжтой гэсэн. Тэгээд би Батзоригоос 7 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. 2 дугаараа ломбардад 16.000.000 төгрөгөөр тавьсан. Тэр асуудлыг би Батзоригт хэлээгүй. Би ломбардаас дугаараа авсныхаа дараа Батзоригт шилжүүлье гэж бодож байсан. Дорнодоос загас авч ирж экспортолъё гэж ярьсан. Мөнгөө аваад Батзоригт шилжүүлж өгье гэж бодож байсан. Надаас бас багагүй мөнгө гарсан. Эрсдэлд ороод тэр мөнгөө гаргаж чадаагүй. Би эхэлж Тэмүүжин над руу өөрөө Дамдинпүрэв гэж хүн чинь байгаа юу. Энхтуяад мөнгө зээлсэн гэх гэрээ, Энхтуяа, Шижир нартай уулзсан. Тэмүүжинтэй утсаар ярьсан. 10 дугаар хороололд байрлах Их монгол гэх газар мөнгийг шилжүүлж авсан. Маш их хугацаа алдаж надад маш их эрсдэл учирсан. Нийт 38.000.000 орчим төгрөгийг авсан. Би Батсүх ахаас машин оруулж 10 дугаар хороолол мат импексд тавиад би тэр мөнгийг өгөөгүй. Машин аваагүй залуудаа машиныг өгсөн байсан. Миний үйлдлүүд дээр буруу зүйл байгаа. Батзоригт 700.000 төгрөг, 1.300.000 төгрөг өгсөн байгаа. Батзоригт 5.000.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Тэмүүжинд 2 газраа шилжүүлж өгөөд 2.000.000 төгрөг өгөөд гомдол, саналгүй болгоё гэж ярьсан. Гэтэл дахиад 6.000.000 төгрөг нэхээд байгаа. Батсүхийн хохирлыг төлсөн байгаа....” гэв.

 

Эрүүгийн .............. дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би Ё.Тэмүүжинтэй утсаар холбогдоод нийт 22.500.000 төгрөгийг аав Оюунбаатарын 5405429456 дугаарын дансаар шилжүүлэн авсан. Учир нь Ё.Тэмүүжингээс шилжиж ирэх мөнгө заавал Хаан банкны данс байх шаардлагатай гэж хэлэхээр нь өөрт Хаан банкинд дансгүй учир аавынхаа дансыг өгсөн. Зөвшөөрөл бүтэхгүй байгаа талаар Т-д тайлбарлаад 15 сая төгрөгийг Тэмүүжингийн эхнэр Номингийн ХХБ-ын дансанд шилжүүлсэн. Яг одоо дансны дугаар болон огноог санахгүй байна. Би Ё.Тэмүүжингээс 2019 оны 10 дугаар сарын 23-нд аав Оюунбаатарын Хаан банкны ........ дугаарын дансаар ахиад 15 сая төгрөг авсан. Уг мөнгийг ахиад өөр хүнээр зөвшөөрөл гаргуулах зарцуулна гэж хэлээд авсан байсан. Ингээд би Ё.Тэмүүжингээс нийт 37.500.000 төгрөгийг хүнд даацын автомашины зөвшөөрөл гаргаж өгөхөөр аваад 15  сая төгрөгийг буцааж өгсөн. Миний тооцоогоор бидний хооронд 22.500.000 төгрөгийн үлдэгдэл байгаа...Би Батзоригт 10 сая төгрөгөөр 8811-тэй 2 дугаар худалдаж аваад эргээд уг дугаарын ханш өсөхөөр заръя гэж тохиролцсон. Батмөнх надад 7 сая төгрөгийг гэрээсээ шилжүүлсэн. Би үлдэгдэл 3 сая төгрөгийг өөрөө олж зохицуулаад 2 дугаар аваад нэг дугаарыг нь зарагдтал нь түр хэрэглэж байя гэж тохиролцсон. Би Батзоригоос авсан 7 сая төгрөгийг тухайн үед БНХАУ, ӨМОЗО-ны иргэдтэй хамтарч борцны үйлдвэр ажиллуулж байх үедээ тухайн ажилдаа зарцуулсан. Энэ талаар Батзориг хэлээгүй... Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-55, 74-76, 242-243 дугаар хуудас/,

 

Хохирогч Ё.Тэмүүжин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын үед найз О.Б над руу залгаад “улс хооронд нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашины “С” зөвшөөрөл гаргах боломж байна. Танайд хэрэгтэй юу, би бүтээж чадна” гэж хэлэхээр нь би тоогүй. Тэгсэн удалгүй хэдэн өдрийн дараа миний Wechat хаяг руу зөвшөөрлийн зураг явуулсан. Тэр үед нь үнэхээр гаргаад бүтээчих юм болов уу гэж бодсон. Миний ажиллаж байгаа Өмнөговь аймагт хүнд даацын автомашины “С” зөвшөөрөл өдөр тутам хэрэг болж байдаг учраас түүнд яг гаргаж чадах эсэхийг асуугаад урьдчилгаа мөнгө өгч чадахгүй шүү” гэж хэлсэн. Тухайн үед миний ажиллаж байсан байгууллагатай хамтран ажиллаг ӨМӨЗО-ны иргэн Галбадрахын явуулдаг машинууд дээр зөвшөөрөл гаргуулахаар тохиролцон би Галбадрахаас 22,500,000 төгрөгийг 2 хувааж 12,500,000 болон 10,000,000 төгрөгөөр хэсэгчилэн авч Батмөнхийн аав Оюунбаатарын дансанд шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш Батмөнх над руу яриад “зөвшөөрөл бараг бүтэж байна түр хүлээж бай би Зам тээврийн яамны туслах Шижирээ гэлүү хүний нэр хэлж байсан. Сүүлдээ зөвшөөрөл нь удаашраад бүтэхгүй байхаар нь би Зам тээврийн яаманд Шижирээ гэгчийг сураглаад үзсэн тийм нэртэй хүн ажилладаггүй байсан. Энэ талаар Батмөнхөөс асуухад “мөнгөө цааш өөр хүнд өгсөн зөвшөөрлийн бичгээ гаргаж өгөхгүй байна, би ардаас нь хөөцөлдөж байна” гэж хэлээд яваад байдаг байсан. Тэгээд би Ё.Тэмүүжингээс мөнгө авахаар уулзахад “надаас авсан мөнгө өөрийнхөө хувийн ажилд зарцуулаад дууссан" гэж хэлсэн. Тиймээс би Ё.Тэмүүжингээс 22,500,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 62-63 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Батзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 08 дугаар сарын үед Батмөнх надад “хямд үнээр 8811-тэй 4 дугаар авах боломж байна, миний дүү ......... ХХК-ийн техникийн албанд ажилладаг юм. Тэнд хэрэглэхээ больсон дахин худалдаанд гарах гэж байгаа дугаарууд байгаа учраас худалдаанд гарахаас өмнө хямд үнээр авах боломж байна” гэж хэлэхээр нь би авахаар болсон. Тэр үед би мөнгөгүй байсан учраас хүнээс 10 сая төгрөг зээлээд 1, 2 өдрийн дараагаас буюу 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр О.Бийн Худалдаа хөгжлийн банкны .............. дугаарын дансанд өөрийн Төрийн банкны ............ дугаарын данснаас 7 сая төгрөг шилжүүлсэн. Тэр үед О.Б надад “би 2 дугаар олчих лоо, 7 сая төгрөг шилжүүлчих гэж хэлсэн юм”. Тэгсэн Батмөнх маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр над руу залгаад манай гэрийн хажуу талын цайны газарт уулзаад “................ дугааруудыг авчирахаар нь “бусад 2 дугаар нь яасан юм бэ, уг нь 4 дугаар гэж ярьсан биз дээ” гэж асуутал “2 дугаар нь гарах боломжгүй болсон” гэж хэлсэн. Тэгээд надад ............. дугаарыг өгөед өөрөө ........ дугаарыг “нэр шилжүүлтэл ашиглаж байя” гэж аваад авч үлдсэн. Одоо “нэрээ шилжүүлье” гэж хэлэхээр 6 сарын дараа шилжих боломжтой гэж хэлэхээр нь би итгэсэн. Тэгээд бид дээрх дугааруудыг 2 сарын хугацаанд ашиглаж байтал танихгүй дугаараас “барьцаанд тавьсан дугаарынхаа төлбөрийг төлөхгүй бол уг дугаарыг хаалгах болсон мэдэгдэж байна” гэж мэссэж ирсэн. Тухайн үед О.Б бид хамт Дорнод аймагт явж байхдаа ирсэн мессежийг үзүүлсэн чинь “хаалга нь гэсэн зүйл болохгүй, харин ярианы төлбөрөө цаг тухайд нь хийгээгүй учраас ирсэн байх” гэж хэлэхээр нь итгэсэн. Тэгээд удалгүй миний барьж байсан утасны .............. дугаарын орох, гарах ярианы эрх хаагдахаар Батмөнхөд хэлтэл “Улаанбаатар хотод ороод учрыг нь олно” гэж хэлээд шийдвэрлэхгүй удаад байхаар нь 2020 оны 06 дугаар сард цагдаагийн байгууллагад хандсан. Ийм л зүйл болсон. Би О.Бөөс 2 ширхэг Юнителийн дугаар 7 сая орчим төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод би 7 сая төгрөг шилжүүлсэн. Надаас авсан 7 сая төгрөгөө өөр зориулалтаар ашигласан байна лээ. Би хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

 

Хохирогч ........... мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хавьцаа О.Б гэх хүн над руу утсаар холбогдоод “автомашин авъя” гэж хэлсэн. Тэгээд 2020  оны 02 дугаар сарын 18-ны өдөр байх 10 хорооллын “Материал импекс” дээр Батмөнх ирээд “Японоос ирсэн “Тоёота приус 30” маркийн автомашиныг банк бусаар авъя, тэгээд урьдчилгаа өгье” гээд 6 сая төгрөгт тооцож “нэрийг нь дараа шилжүүлье” гээд ........... гэсэн дугаарыг надад өгсөн. “Очир ундраа” банк бус санхүүгийн байгууллага дээр надаас авсан автомашиныг барьцаанд тавиад үлдэгдэл 9 сая төгрөгийг надад өгнө гэж зээл аваад надад мөнгө өгөөгүй намайг залилаад алга болчихсон. Автомашины үлдэгдэл болох 9.000.000 төгрөгөө авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 147-148 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ........ гэх нэртэй /рд:..../ хүн ............ дугааруудыг 16.000.000 төгрөгөөр барьцаанд тавиад 16.000.000 төгрөгийг бэлнээр аваад явсан. Сарын төлөлт нь 560.000 төгрөг хүү нь 3,5 хувийн хүүтэй байсан эхний 6 сарын төлөлтийг хийсэн тэрнээс хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй учраас хүлээлгийн 3 сар хүлээгээд Батмөнхтэй удаа дараа холбогдож уулзахад төлбөр төлөөгүй учраас манайхаас зарагдсан байгаа. Тэр дугаарууд нь зарагдаагүй байгаа. Манайх 16.000.000 төгрөгөөр зарахаар зар тавьсан байгаа....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 111 дүгээр хуудас/,

 

Гэрч П.Мягмардаш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 10 сарын 29-ний өдөр би фэйсбүүк дээр приус-30 машин авна гэж зар тавьсан юм. Тэгсэн миний тавьсан зарын коммент хэсэгт ............ гэсэн дугаар бичсэн байсан. Би тэр дугаараа бичсэн фэйсбүүк хаягийг мэдэхгүй байна. Тэр дугаар луу нь би залгаад машиныг нь очиж үзэхээр болоод Дүнжингарав худалдааны төвийн замын урд талын нэг байрны гадаа байсан. Тэр байрыг нь ямар байр гэдгийг мэдэхгүй байна Тухайн үедээ анзаараагүй. Тэгээд тэр машиныг 13.800.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод тохиролцсон. Тэр ах надад ахынх нь машин банк бус дээр байдаг юм гэж хэлсэн бөгөөд авахаар болоод банк бусыг нь шууд хаахаар болоод банк бус руу явж байсан чинь нөгөө ах утсаараа залгаад банк бусын дансыг авсан. Тэгээд ахын дүү энэ данс руу шилжүүлчих гэхээр нь би тэр данс руу нь 8.135.000 төгрөг шилжүүлсэн. Хаан банкны интернет банкаар шилжүүлсэн бөгөөд дансны эзэмшигч нь “.........” ББСБ гэж гарч ирсэн. Тэгээд явж байтал нөгөө ах “за ахын дүү орйтчихлоо банк бус хаах цаг нь болчихож ахдаа үлдэгдэл мөнгөө шилжүүлчих хоёулаа маргааш яваад нэрээ шилжүүлчихье, чи машинаа аваад яв” гэж хэлсэн. Тэгэхээр нь би үлдэгдэл мөнгө болох 5.665.000 төгрөгийг Худалдаа хөгжпийн банкны .......... гэсэн данс руу шилжүүлсэн. Банк хооронд шилжүүлсэн болохоор данс эзэмшигчийн нэр нь гарч ирдэггүй юм билээ. Гэхдээ эзэмшигчийнх нь нэр дээр Батмөнх гэж бичээд явуулахад мөнгө шилжсэн. Эзэмшигчийн нэр нь буруу юм уу нэг үсэг зөрвөл мөнгө шилжихгүй. Тэгэхээр Батмөнх гэдэг хүний данс байх. Тэгээд би маргааш нэрээ шилжүүлж авъя гэж бодоод машинаа аваад яваад өгсөн. Тэрнээс хойш буюу маргаашнаас нь тэр надад машин зардаг ахын утас нь холбогдохоо больсон..Намайг анх Батмөнх гэдэг хүнээс машин авахад ........... гэсэн уг дугаартай байсан. Одоо энэ дугаартайгаа л байгаа. Машин авч явдаг өдрийн маргааш нь буюу 2020 оны 10 сарын 30-нь би тухайн машин барьцаанд тавьсан байсан Очир Ундаа ББСБ дээр очиж уулзаад “би энэ машиныг худалдаж авсан юм аа нэрээ шилжүүлэх гэсэн юм” гэхэд ББСБ-ын ажилтан надад Батсүх гэдэг хүнээс Батмөнх энэ машиныг аваад манайхаар зээл гаргуулаад тэр мөнгөө Батсүхэд өгөөгүй юм билээ. Энэ мөнгөө өгөөгүй байгаа учраас нэр шилжүүлэх боломжгүй гэж хэлсэн. Тэгэнгүүт нь ББСБ-аас гараад Батмөнх рүү ............ гэсэн дугаар луу залгаад би “ББСБ дээр ирсэн чинь ийм юм яриад байна” гээд ББСБ-ын ажилтны хэлсэн үгийг хэлсэн чинь Батмөнх “аа харин нэг тийм юм болчихоод байгаа юм аа ах нь чиний мөнгийг буцаагаад өгнө” ухааны юм ярьж байснаа утсаа салгачихсан. Би дахиад залгасан чинь утас нь дуудаад авахгүй байсан. Би бараг 10-аад удаа залгасан ерөөсөө авахгүй байсан. Би Батмөнх болон Очир Ундраа ББСБ-руу мөнгө шилжүүлэхдээ өөрийнхөө Хаан банкны .......... гэсэн дугаарын данснаас шилжүүлсэн..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 151-152 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Ариунзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би “Очир Ундраа" ББСБ-ын Хан-Уул салбарт 2019 оны 06 сард томилогдож очсон. Тэгэхэд Ч.Батсүх гэдэг хүн манай байгууллагатай хамтран ажиллах гэрээтэй байсан Би тэр утгаар нь мэднэ. Түүнээс бол өөрөөр танихгүй. 2019 оны 01 сараас болов уу л гэж бодож байна. Түүнээс бол тэр гэрээг нь нарийвчилж харж байгаагүй. Тэгэхээр сайн мэдэхгүй байна. Манай журам дээрээ тухайн автомашин худалдаж авч байгаа хүний данс руу шилжүүлдэг юм. Манай байгууллагын зүгээс хамтран ажиллах гэрээтэй буюу автомашин худалдсан хүний данс руу гарсан зээлийн мөнгийг шилжүүлдэггүй. Тийм тохиолдол байхгүй. Ер нь бол автомашин худалдаж байгаа хүн нь машиныхаа зургийг аль эсвэл авчирч үзүүлдэг мөн тухайн тээврийн хэрэгслийн гаалийн бичиг, нэхэмжпэх зэргийг өгдөг. Харин үндсэн зээлдэгч буюу автомашин худалдаж авч байгаа хүн маань бусад бүх материалаа бүрдүүлж байж зээлээ гаргуулж авдаг. Уг О.Б гэдэг хүн нь манай байгууллагаас тээврийн хэрэгсэл барьцаанд тавьж зээл гаргуулж авсан манай зээлдэгч юм. Би тухайн хүний зээлийг нь судалж гаргасан. Тэр утгаар нь л мэднэ. Яг он сар өдрийг нь сайн санахгүй байна ямар байсан 2020 онд л байсан. Тоёота приус-30 маркийн автомашин лизингээр худалдаж аваад манайхаас зээл гаргуулсан.....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 153-154 дүгээр хуудас/,

 

Г.Оюунбаатарын “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга “............. мөнгө шилжүүлсэн баримт”, /1 хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

О.Бийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга “Б.Батзоригоос мөнгө шилжүүлсэн баримт ” /1 хх-ийн 127 дугаар хуудас/,   

 

Зээлийн болон фидуцийн гэрээ /1хх-ийн 108-110 дугаар хуудас/,

 

Гар утасны мессежний зургууд /1хх-ийн 112-116 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлд “...О.Бөөс Энхтуяа, Шижир нартай харилцсан гэх чатны хуулбар баримтыг хүлээн авч тэмдэглэл үйлдэв..” гэжээ /1хх-ийн 129 дүгээр хуудас/,

 

О.Б нь Энхтуяа, Шижир нартай харилцсан гэх чатны хуулбар /1хх-ийн 130-133 дугаар хуудас/,

           

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлд “...Ч.Батсүхээс худалдах худалдан авах гэрээний хуулбар 1 хуудас, тээврийн хэрэгслийн гаалийн бичиг хуулбар 1 хуудас, “...........” ББСБ Ч.Батсүхтэй хамтран ажиллах гэрээний хуулбар 2 хуудас зэрэг баримтыг хүлээн авч тэмдэглэл үйлдэв..” гэжээ /1хх-ийн 197-214 дүгээр хуудас/,

 

            Автомашин худалдан авах зээлийн гэрээ /1хх-ийн 215-220 дугаар хуудас/,

 

            Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /1хх-ийн 221-225 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлд “...О.Бөөс Очир Ундраа ОМЗ ББСБ-д өр, төлбөр, зээлгүй гэх тодорхойлолт 1 хуудас, Очир Ундраа ОМЗ ББСБ-ын зээлийн дансны хуулга 3 хуудас, иргэн П.Мягмардашаас бичиж өгсөн О.Бөөс 93-53 УНЛ улсын дугаартай Тоёота приус-30 загварын машиныг хүлээн авсан гомдол, саналгүй гэсэн бичгийн хуулбар 1 хуудас, 8811-9230, 8811-9240 дугаарын зээлийн хүүгийн төлбөрийг Tsolmon гэх 5926210148 дугаарын дансанд шилжүүлж байсан баримт 2 хуудас, хохирогч Тэмүүжингийн хохирлын 2,000,000 төгрөгийг Ялалтбаяр гэх хүний .......... дугаарын дансанд 2021.05.05-нд шилжүүлсэн баримт 2 хуудас, газрын эрх шилжүүлсэн нотариатаар баталгаажуулсан гэрээний хуулбар 4 хуудас нийт 13 хуудас баримтыг хэргийн материалд хавсаргахаар хүлээн авав...” гэжээ /1хх-ийн 250 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 34, 117, 169 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56, 172 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх-ийн 36 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 35 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа  /1хх-ийн 37 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 38 дугаар хуудас/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /1хх-ийн 46, 127 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 176-178 дугаар хуудас/, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 179-182 дугаар хуудас/, ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамж /1хх-ийн 182-183 дугаар хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөнтэй холбоотой 4 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Б нь үргэлжилсэн үйлдлээр:

 

2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 2 дугаар байрны 43 тоотод иргэн Б.Батзоригийг гэрт нь байхад утсаар ярьж “манай дүү “Юнител” ХХК-нд ажилладаг. Тэнд хэрэглэхээ больсон дахин худалдаанд гарах гэж байгаа дугаарууд байгаа учраас худалдаанд гарахаас өмнө хямд үнээр авах боломж байна” хэмээн хуурч юнителийн ..........., ........ дугаарыг хямд үнээр авах боломжтой байна гэж итгүүлэн Худалдаа хөгжлийн банкны .......... дугаартай дансаар 7.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

 

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хохирогч Т-д “хүнд даацын авто машины зөвшөөрөл гаргуулж өгнө” хэмээн хуурч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн үндэсний төвийн орчмоос 2 удаагийн үйлдлээр “Хаан” банкны ............ дугаартай дансаар 22.500.000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулсан,

 

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн ......... “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авна хэмээн хуурч банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулан мөнгийг нь авсан атлаа Ч.Б өгөлгүй хуурч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан иргэн Ч.Б 9.000.000 төгрөгийн хохирол учруулан нийт 38.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

 

-Хохирогч ....... нарын мэдүүлэг,

 

-Гэрч .. нарын мэдүүлэг,

 

-Г.Оюунбаатарын “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

- О.Бийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга,

 

-Зээлийн болон фидуцийн гэрээ,

 

-Гар утасны мессежний зургууд,

 

-О.Б нь ....... нартай харилцсан гэх чатны хуулбар,

 

-Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл,

 

            -Автомашин худалдан авах зээлийн гэрээ,

 

            -Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар О.Б нь “манай дүү “.......” ХХК-д ажилдаг, хямдхан дугаар авах боломжтой” гэж .........., “хүнд даацын авто машины зөвшөөрөл гаргуулж өгнө” гэж Т-г, “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авна” гэж Ч.Б нарыг төөрөгдүүлэн хуурч 38.500.000 төгрөгийг өөртөө авсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Тодруулбал шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогч нарт ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн “гар утасны дугаар хямдхан авах”, “хүнд даацын автомашины зөвшөөрөл авах”, “тээврийн хэрэгсэл худалдаж авах” гэсэн  хохирогч нарын хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч буй нь бусдыг санаатайгаар, хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь залилан авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Улсын яллагчаас ялласан болон прокурорын яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг зөв зүйлчилж хэрэглэсэн ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.  

 

Иймд шүүх шүүгдэгч О.Б нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хохирол төлөхтэй  холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч О.Бөөс зарим хохирогч нарын хохирлыг дараах байдлаар төлснийг тооцож түүнээс 11.200.000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэв. Үүнд:

 

- Хохирогч ......... 7.000.000 төгрөгийн хохирлоос 4.300.000 төгрөгийг төлсөнийг хасч үлдэгдэл 2.700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж мөн хохирогчид,

 

-Хохирогч ........ 22.500.000 төгрөгийн хохирлоос 14.000.000 төгрөгийг төлсөнийг хасч үлдэгдэл 8.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж мөн хохирогчид тус тус олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчээс хохирогч ........... 9.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн бөгөөд хохирогч ......... “.....гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ /2хх-ийн 7 дугаар хуудас/ илэрхийлсэн байх тул түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч О.Б-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар түүнийг арилгасан байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд О.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №574 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгох арга хэмжээг авсан байх ба ийнхүү тэнссэн хугацаанд дахин Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг баримтлан О.Б тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №574 дугаар шийтгэх тогтоолын “ТОГТООХ НЬ” хэсгийн 2 дахь заалтад тусгагдсан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Шүүхээс шүүгдэгч О.Б-ийг хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн ял оногдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөнийг хүндэд нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хэмжээг тогтоов.

 

Улсын яллагчаас “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасныг шүүх хүлээн аваагүй.

 

Учир нь шүүгдэгч урьд шүүхээр санаатай гэмт хэрэгт ял шийтгүүлж хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо бүрэн нөхөн төлөөгүй байдал зэргийг харгалзаж О.Бийг тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн.  

 

Түүнчлэн Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №131 дугаартай шийтгэх тогтоолоор О.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №139 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан дээрх шийтгэх тогтоолоор 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн О.Бийн эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 2 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байна.

 

Иймд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...Өршөөл Үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент  байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” гэж заасан тул шүүгдэгч О.Б-ийг өршөөлд хамааруулах боломжгүй болохыг дурьдлаа. 

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Бийн бусдад учруулсан хохирол, түүнийг төлсөн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

            Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

           

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                         

                                                                                                                ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О.Б-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №574 дугаар шийтгэх тогтоолын “ТОГТООХ НЬ” хэсгийн 2 дахь заалт болох “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгосугай.” гэснийг хүчингүй болгож шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор, хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан хорих ялуудыг хөнгөнийг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хэмжээг тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь хохирогч Ч.Б төлөх төлбөргүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч О.Б-с 11.200.000 /арван нэгэн сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д 2.700.000 төгрөгийг, хохирогч Т-д 8.500.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ДУЛАМСҮРЭН