Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/512

 

 

    2022         04         05                                      2022/ШЦТ/512

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,   

нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дэд холбогдох эрүүгийн 2206 00000 0583 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 дугаар хэсгийн сургуулийн 1249 тоотод байрлах хувийн шүдний эмнэлэг дээрээ агсам тавьж, гар утсаа нэхэж, эд зүйлсээ шидлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ц.Бг 200 литрийн усны хуванцар саваар цохиж, гараараа толгойн тус газарт нь 2 удаа цохиж, дух, дээд, доод зовхи, зүүн бугалга, сарвуу, баруун өвдөгт цус хуралт, хамар ясны хугарал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлийг учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 0583 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Д.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ц.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2022 оны 1 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчим Танхил дент шүдний эмнэлэгт ажил дээрээ байж байхад манай нөхөр Д.Д гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирээд надаас гар утсаа нэхээд байсан. тэгэхээр нь би чиний гар утсыг би аваагүй гэхэд чи миний хамаг юмыг хянах гэлээ гээд эд зүйлс авч шидлээд байхаар нь би гадаа гараад зогсоход миний араас 200 литрийн хэмжээтэй цагаан өнгийн хуванцар усны савыг шидэхэд би бултаж амжилгүй нүд болон хамрынхаа хэсэгт оногдсон. Тэгээд араас ирээд миний толгой руу 2 удаа цохичхоод буцаад ажил руу яваад орчихоор нь би хүүхэд рүүгээ утсаар ярьж хамт цагдаагийн газарт ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Гэрч Ц.Сарангоогийн мөрдөн байцаалтад өгсөн:

Танхил дент шүдний эмнэлэг дээр ажил дээрээ их эмч Ц.Бгийн хамт байж байхад гаднаас Ц.Б эмчийн нөхөр Д.Д ах орж ирээд Ц.Б эгчээс утас нэхээд байсан. Ц.Б эгч би чиний гар утсыг яаж мэддэг юм гэхэд Д ах уурлан эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжүүдийг газарт шидэлж эхэлсэн. Тэгэхээр нь Ц.Б эгч Д.Д ахыг дагуулаад хойд хаалгаар хашаа руугаа гарсан ба намайг эмнэлгээ хараад юмаа янзлаад байж бай гэсэн. Хойд хаалгаа түгжчихсэн. Би тэгэхээр нь юмаа янзалчхаад амралтын өрөөний цонхоор тэр хоёрыг харахад Ц.Б эгч намайг цагдаа дуудчих гэж хэлсэн. Түүний 2 нүд хөхөрсөн байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан №1979 дугаартай:

Ц.Бгийн биед дух, дээд, доод зовхи, зүүн бугалга, сарвуу, баруун өвдөгт цус хуралт, хамар ясны хугарал, цус хуралт, зулгарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /17-18/,

 

Шүүгдэгч Д.Дийн мөрдөн байцаалтад өгсөн:

2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны, 3 дугаар хэсэг сургуулийн 1249 тоотод хувиараа ажиллуулдаг “Танхил дент” шүдний эмнэлэгт орж эхнэр Ц.Бд агсам согтуу тавьж, түүнээс гар утсаа нэхсэн. Бид 2 шүдний эмнэлгийн хойд хаалгаар хашаа руугаа орж хэрэлдэж байгаад би Ц.Б руу хашаан дотор байсан хуванцар усны савыг авч шидэхэд түүний нүүрэн тус газарт оночихсон. Ц.Б нүүрээ дарахад нь би араас нь очиж түүний толгой руу 1 удаа гараараа цохьчихоод хашааны хаалгаар гараад явсан. Тэгээд би хийсэн үйлдэлдээ гэмшээд согтуудаа юу хийчихвээ гээд шүдний эмнэлгийн үүдэнд зогсож байтал цагдаа нар ирээд намайг авч явсан. Би урьд нь эхнэрийнхээ биед гар хүрч цохиж зодож байгаагүй бөгөөд өөрийгөө ийм үйлдэл хийсэнд маш их гэмшиж, өөрийгөө буруутгаж байна. Өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Мөн миний эхнэр намайг уучилж бид 2 урьдын адил хэвийн харилцаатай болсон гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл  /хх-4/,

- Хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан зураг /хх-6-7/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хорооны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Дийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Бгийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ц.Б нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол арилсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой байдаг.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан дундаж хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Дийн Дийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэд оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаа тогтоож эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ