| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2017/01715/И |
| Дугаар | 183/ШШ2017/01579 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2017/01579
| 2017 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 183/ШШ2017/01579 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 10-209 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, РС:78021403 тоот регистрийн дугаартай, Баяжих овогт Лувсандоржийн Цолмонгэрэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Баянцогт сум, 4 дүгээр баг, Сонор хайрхан 2-12 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, НИ:75080331 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Дамбажанцангийн Эрдэнэбатад холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Цолмонгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Цолмонгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Эрдэнэбаттай 2010 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн бөгөөд бидний дундаас 2015 оны 11 дүгээр сарын 26-нд охин Э.Маралжингоо төрсөн. Д.Эрдэнэбат нь надтай нийлэхдээ сайн сайхан амьдарна гэж элдэв амлалт өгч, өмнөх гэр бүлээс минь салгаж гэр бүл болсон. Гэтэл намайг байнга хардаж, зодож, улмаар намайг нялх хүүхэдтэй ажилгүй, гэр оронгүй байхад хаяад явсан байж хариу тайлбартаа намайг гүтгэж худал зүйл бичсэн байгаад гомдолтой байна. Д.Эрдэнэбат надтай нийлэхдээ манай гэрт ирж амьдрах болсон. Хоёр том хүүхдийн аав өөрийн гэр орондоо хоёр хүүхэдтэйгээ ирж уулздаг, тэгэхээр Д.Эрдэнэбат хардаж уурладаг, түүний бодож байгаа шиг юм биш. Харин ч би түүний олон үйлдлийг тэвчиж, Д.Эрдэнэбатыг зодох үед өрөвдөөд Цагдаагийн байгууллагад хэлж байгаагүй. Бид гэрлэлтээ батлуулаагүй боловч охиноо эцгээр нь овоглосон. Иймд Д.Эрдэнэбатаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Эрдэнэбат шүүхэд ирүүлсэн тайлбар болон хүсэлтдээ: Би өөрийн охин Э.Маралжингоод сар бүр цалингийн доод хэмжээтэй дүйцэхүйц хүүхдийн тэтгэлэг өгөх боломжтой. Би Л.Цолмонгэрэлтэй 2010 онд танилцаж, дотносон хамтран амьдрах болсон. Гэтэл 2015 онд н. Болдоо гэдэг залуутай хамт явах болсон. Тэгээд би Заамарт үлдэж, 2 сар ажиллаж байтал эргэж ирэн уучлалт гуйж дахин амьдарч, Э.Маралжингоо гэдэг охинтой болсон. Намайг ажилдаа явах үед хоёр хүүхдийнхээ аавтай хамт байдаг учраас би салж явсан. Өөрийн унаж явсан Прусс маркийн автомашинаа өгөөд салсан. Би Төв аймгийн Заамар сумын Шижир алт багт хувиараа ажилладаг, ажлын цаг ихтэй тул шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Эрдэнэбат, Л.Цолмонгэрэл нар 2010 онд танилцаж, хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2015 оны 11 дүгээр сарын 26-нд охин Э.Маралжингоо төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т... “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг, эх өөрөө өргөдөл гаргасан бол Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно” гэж зааснаар хүүхдийн эцгийг Захиргааны журмаар тогтоож, охин Э.Маралжингоог Боржигон овогт Дамбажанцангийн Эрдэнэбатаар овоглон, 2016 оны 1 дүгээр сард 00001984467 тоот төрсний гэрчилгээг олгожээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т... “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ” гэжээ.
Зохигчид хэдийгээр гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас төрсөн охин Э.Маралжингоогийн хувьд бүртгэлтэй гэр бүлийн дундаас төрсөн хүүхдийн адил эрх эдлэх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тухайн хүүхдийн эцгийн хувьд түүнийг тэжээн тэтгэх үүрэгтэй юм.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Э.Маралжингоог 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв хүүхэд суралцаж байгаа бол/ 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Эрдэнэбатаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хариуцагч Д.Эрдэнэбат хөдөө орон нутагт ажиллаж, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй, эзгүйд хийлгүүлэх хүсэлт гаргаж байх тул хариуцагчийн эзгүйд түүний шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн охин Э.Маралжингоог 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв хүүхэд суралцаж байгаа бол/ 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Эрдэнэбатаар тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дугаар зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Л.Цолмонгэрэлд олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН