Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/0459

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

НэхэмжлэгчБ.У

Хариуцагч: ХХҮЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/1836 тоот албан бичгийг хүчингүй болгуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан урамшуулал олгох чиглэл өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болох”-ыг тогтоолгож, Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт урамшуулал олгох тухай чиглэл өгөхийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Дорноговь аймгийн харьяат Б.У нь харааны бэрхшээлийн улмаас Дорноговь аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 79 хувиар тогтоогдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд би 2016 онд Бразил улсын Рио Де Жанеро хотод болсон Рио-2016 зуны 15 дугаар паралимпийн наадамд жү-до бөхийн төрлөөр 60 кг-ийн жинд барилдан тус паралимлаас хүрэл медалийн шагналыг хүртсэн билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно” гэж заасан байдаг ба миний бие уг хуулийн зохицуулалтад заасан болзлыг хангаж байгаагийн хувьд хуульд заасан нэг удаагийн мөнгөн урамшууллыг олгож өгөх тухай өргөдлийг оршин суух хаягийн албан ёсны бүртгэлтэй байгаа харьяаллын дагуу Дорноговь аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт хандан 2019 оны 10 дугаар сарын З0-ны өдөр холбогдох баримтаа бүрдүүлэн гаргасан юм.

Тус өргөдлийн хариуг дээрх газраас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 378 тоот албан бичгээр албан ёсоор авсан бөгөөд уг хариу албан бичгээр өргөдлийн дагуух саналыг ХХҮЕГ-т хүргүүлсэн ба тус ерөнхий газраас нэгдсэн чиглэл ирэх хүртэл өргөдлийг хүлээн авч байх чиглэлийг ирүүлснээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Үүний дагуу би тухайн үед дээрх чиглэл өгсөн талаарх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Дорноговь аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт ирүүлсэн албан бичиг байгаа бол түүний хувийг өөртөө гаргуулан авах талаар утсаар холбогдоход дээд газраас уг чиглэлийг амаар өгсөн гэж хэлсэн.

Иймд би тухайн асуудлын талаар ХХҮЕГ-т хандан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор бичгээр хүсэлт гаргасан. Гэтэл тус газраас эргэж надад албан ёсны хариуг өгөхгүй байсан хүсэлт хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх хариуг албан ёсоор авахаар 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн биеэр очиход тус газрын холбогдох албан тушаалтан нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн огноотой, 1/1836 дугаар албан бичгээр хуульд заасан тухайн урамшууллыг ямар санхүүжилтээр хэрхэн олгох нь тодорхойгүйгээс олгох боломжгүй гэсэн хариуг гар дээрээсээ надад хүлээлгэн өгсөн.

Уг хариуг авснаас хойш би дээрх урамшууллыг яагаад олгохгүй байгаа, түүнийг хэрхэн ямар журмаар олгох ёстой зэрэг талаар мөн холбогдох хүмүүстэй уулзаж, асууж сураглаж явсан боловч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Иймд арга буюу

 шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Гэтэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “...болзол, шаардлагыг хангасан хөгжлийн бэрхшээлтэй тамирчинд нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно...” гэж тодорхой зааснаар хуулиар нэгэнт олгогдох ёстой урамшууллыг хэрхэн яаж олгох талаар хуульд заагаагүй гэснээр шалтаглан олгохгүй байгаа явдлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх зарчмыг алдагдуулсан, улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн үйлчилгээг бусдын адил тэгш хүртэх боломжийг хязгаарлаж буй төрийн байгууллагын хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна.

Дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас миний бие хуульд заасан болзол шаардлагыг хангаж байгаагийн хувьд олгогдох ёстой мөнгөн урамшууллыг авч чадахгүй байгаагаар хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байгаа тул түүнийг олгох шийдвэр гаргахгүй байгаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улмаар Нийгмийн халамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан бүрэн эрх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 40 дүгээр зуйд заасан үүргийн дагуу хуульд заасан дээрх мөнгөн урамшууллыг олгох шийдвэр гаргахыг тус ХХҮЕГ-т даалгаж өгнө үү...“ гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2005 оны 12 дугаар сарын 08-ний өдөр батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлт”, 5.1.15-т “хөгжлийн бэрхшээлтэй иргэн олимп,тивийн наадам, хийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгох” гэж заасан. Тус хуулиар олгох боломжтой байсан.

2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан ”Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн 26 дугаар зүйл “Нийгмийн халамжийн“-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлт”, 26.1.1-1.16 хүртэл олгохоор хуульчилсан.

        Тус хуулийн 33 дугаар зүйл “Хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамир спортын үйл ажиллагааг дэмжих”, 33.4-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп паралимп,

дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно” гэж заасан боловч нийгмийн халамжийн сангаас олгох тухай ямар нэгэн шийдвэр байхгүй тул уг тэмцээнд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дээрх тэтгэмжийг олгох боломжгүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрх, түүнийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо, баримтлах зарчмыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хуулийн зорилтоор тодорхойлсон.

Уг хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх, урлаг спортын болон бүх харилцааг зохицуулж байгаа бөгөөд нийгмийн халамжийн тусламж хөнгөлөлт олгох асуудлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1-д “энэ хуулийн 3.1-д заасан хүнд нийгмийн халамжийн сангаас доор дурдсан тусламж, хөнгөлөлт үзүүлнэ" заасан байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүний 33-д “Хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжих" арга хэмжээний зардлыг хаанаас олгох нь тодорхойгүй улмаас энэ хуулийн 33.4-д “хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно” гэсэн заалтаар нийгмийн халамжийн сангаас урамшууллыг олгох боломжгүй байна.

Энэхүү хуульд өөрчлөлт орж 33-т заасан урамшууллыг нийгмийн халамжийн сангаас олгохоор зохицуулалт орсон тохиолдолд боломжтой.

Мөн энэ хуулийн 33.4-д “... оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно" гэсэн заалт нь нийгмийн даатгалын тэтгэвэр өндөр, халамжийн тэтгэвэр бага байдаг учраас тэтгэвэртэй тэнцэх хэмжээгээр урамшуулал бодож олгосон тохиолдолд адил тэмцээнд оролцоод адилхан медаль авсан тохиолдолд тэтгэврээр ялгавартай урамшуулал авахаар зохицуулалттайг анхаарах шаардлагатай байна.

        Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын болон

нийгмийн халамжийн санд цаашид хохирол учруулахгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлж өгнө үү... ”гэв.  

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэг: Маргааны үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн харьяат Б.У нь харааны бэрхшээлийн улмаас Дорноговь аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 79 хувиар тогтоогдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн[1] бөгөөд 2016 онд Бразил улсын Рио Де Жанеро хотод болсон “Рио-2016” зуны 15 дугаар паралимпийн наадамд жү-до бөхийн төрлөөр 60 кг-ийн жинд барилдан хүрэл медаль хүртжээ[2].

Улмаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан шалгуурыг хангасан гэж үзэн тэрээр “нэг удаагийн мөнгөн урамшууллыг олгож өгөх тухай” өргөдлийг харьяаллын дагуу Дорноговь аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт хандахад 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 378 тоот албан бичгээр “ерөнхий газраас нэгдсэн чиглэл ирэх хүртэл өргөдлийг хүлээн авч байх чиглэлийг ирүүлснээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна[3].

Харин энэ асуудлын талаар ХХҮЕГ-т хандахад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/1836 дугаар албан бичгээр”...хуульд заасан тухайн урамшууллыг ямар санхүүжилтээр хэрхэн олгох нь тодорхойгүйгээс олгох боломжгүй...” гэх хариуг өгчээ[4].

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.У-гээс “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/1836 тоот албан бичгийг хүчингүй болгуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан урамшуулал олгох чиглэл өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болох”-ыг тогтоолгож, Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт урамшуулал олгох тухай чиглэл өгөхийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан болно[5].

Хоёр: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/1836 тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Маргаан бүхий актаар тодорхойлогдсон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/1836 тоот албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллага, иргэн Б.Уд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшууллыг олгох эсэх буюу тодорхой тохиолдлыг зохицуулахаар, хуулиар олгосон тодорхой чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр байх бөгөөд уг акт нь захиргааны байгууллагын гадна орших иргэн Б.У руу чиглэн, түүнд шууд үр дагаврыг бий болгосон, татгалзсан үйлдэл байна.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт шинжийг агуулж байх тул захиргааны акт мөн байна.

2.2. 2005 оны 12 дугаар сарын 08-ний өдөр батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.15-т “хөгжлийн бэрхшээлтэй иргэн олимп,тивийн наадам, хийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгох, гэж заасантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 3 дахь хавсралтын 3.1-д заасан баримт бичгүүдийг бүрдүүлэн нэг удаагийн мөнгөн тусламжийг олгодог байжээ[6].

Харин 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан ”Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн 26 дугаар зүйлд “Нийгмийн халамжийн“-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлт” зөвхөн энэ зүйлийн 26.1.1-26.1.16-д хэсэгт заасанд үзүүлэхээр хуульчилснаар Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 3 дахь хавсралтыг Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Журам батлах, тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 197 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ[7].

Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан тусламж хөнгөлөлтийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог. Харин энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан мөнгөн урамшууллыг нийгмийн халамжийн сангаас олгох боломжгүй.

Энэхүү хуульд өөрчлөлт орж 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшууллыг нийгмийн халамжийн сангаас олгох зохицуулалт орсон тохиолдолд боломжтой.

Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдаас 2017 онд аргачлал, 2018 онд дахин чиглэл ирүүлсэн боловч үүнийг улсын байцаагчийн эрхтэй 3 хүн хэлэлцээд уг чиглэл нь хуулиас хэтэрсэн чиглэл байна гэж үзэн хэрэгжүүлээгүй...”[8] гэж тайлбарлаж байгаа нь бодит нөхцөл байдалд тохироогүй, эрх зүй үндэслэлгүй байна.

            2.3. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д ”...өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, ...хуульд заасан ...мөнгөний тусламж авах эрхтэй” гэж зааснаар Хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх эрхийнх нь хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т Хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно”-хоор хуульчилж өгсөн.

Харин энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Энэ хуулийн 26.1.1, 26.1.2, 26.1.3, 26.1.4, 26.1.5, 26.1.6-д заасан тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, олгох журам, жишиг үнийг Засгийн газар батална” гэж байгаагаас үзвэл маргааны үйл баримт болсон харилцааг зохицуулсан тодорхой хуулийн зүйл, заалт дээр заавал нэмэлт нарийвчилсан зохицуулалт хийж хэрэглэх шаардлагагүй байна.

Тэгэхээр “...энэ асуудлыг журмаар зохицуулах боломжгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт урамшуулал олгоно гэдгийг тодорхой заасан байхад журам баримтлах шаардлагагүй.

Энэ урамшууллыг эрхлэх чиг үүргийнхээ хүрээнд өмнө нь олгож байсан болохоор одоо ч гэсэн үргэлжлүүлээд олгох боломжтой гэх...” нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

          Өөрөөр хэлбэл нэгэнт хууль тогтоогч нараас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан мөнгөн урамшууллыг олгохоор хуульчлан баталсан тул уг хуулийн зохицуулалттай холбоотой журам

батлагдан гараагүй гэх үндэслэлээр түүнийг хэрэгжүүлэхгүй байж болохгүй.

2.4. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8-д Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх ажлын хүрээнд “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал” хамаарагдах тул тэрээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 6-д “хууль тогтоомж,...өөрийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллага,...шалган танилцаж, биелэлтийг нь бүрэн хангах талаар шуурхай даалгавар өгч гүйцэтгүүлнэ” гэх бүрэн эрхийнхээ хүрээнд шууд харьяалах Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад  2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/2622 дугаар “Аргачлал, чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр[9] “...Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам” нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг үндэслэн уг хуулийн 26.1.1-26.1.6-д заасан хөнгөлөлт, тусламжийг олгохтой холбоотой харилцааг зохицуулсантай холбогдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан мөнгөн урамшуулалд шаардагдах төсөв, хөрөнгө нь орон нутгийн төсөвт тусгагдсан тул шалгуур, нөхцөлийг хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд мөнгөн урамшууллыг өмнө бүрдүүлж байсан баримт бичгийн дагуу олгох...” чиглэл, аргачлалыг[10] өгсөн бол 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/251 дүгээр “Чиглэл өгөх тухай” албан бичгээр[11] Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшууллыг “...тэмцээний давтамжийн хугацаагаар тооцон олгох...” талаар чиглэлийг тус тус  өгч байжээ.

Үүнээс үзвэл маргаан бүхий актын “...аль сангаас санхүүжүүлэх болон ямар журмаар зохицуулахыг заагаагүй, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай...” гэх татгалзал үндэслэлгүй.

Уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул түүнийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Гурав: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан урамшуулал олгох чиглэл өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болох”-ыг тогтоолгож, Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт урамшуулал олгох тухай чиглэл өгөхийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгах” шаардлагын тухайд:

3.1. Төрийн эрх бүхий дээд байгууллагаас батлан гаргасан, дээд хүчин чадалтай акт буюу хуулийг бүгд нийтээр дагаж мөрдөх, биелүүлэх үүрэгтэй хувьд  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын өгсөн чиглэл, аргачлалыг мэргэжил арга зүйн удирдлага болгон хэрэгжүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хохироохгүйгээр хуульд заасан баталгаагаар хангах ёстой.

Энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн хоёр дахь хэсэгт “төрийн эрх бүхий дээд байгууллагаас батлан гаргасан, дээд хүчин чадалтай акт буюу хуулийг бүгд нийтээр дагаж мөрдөх, биелүүлэх үүрэгтэйн хувьд  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын өгсөн чиглэл, аргачлалыг мэргэжил арга зүйн удирдлага болгон хэрэгжүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хохироохгүйгээр хуульд заасан баталгааг хангах ёстой” талаар дүгнэлт өгсөн.

Гэвч бодит байдалд дээрх хуулийн зохицуулалтыг харилцан адилгүй ялгамжтай хэрэгжүүлж  байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хэргийг бодит нөхцөл байдлыг тогтоох нотолгооны ач холбогдол бүхий баримт байж болзошгүй гэж үзэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим сайтад үзлэг хийхэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан мөнгөн тусламжийг олгоход шаардагдах баримт материалын бүрдүүлбэрийг нийтэлсэн[12] байгаа,  хөгжлийн бэрхшээлтэй иргэний тив дэлхийн наадамд оролцож медаль хүртсэнтэй холбогдуулан 2018 онд нийгмийн халамжийн сангаас мөнгөн урамшуулал олгож байсан талаар Орхон аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01/999[13], Дорнод аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5/483 дугаар албан бичгүүд болон түүнд хавсаргасан баримт зэргээр тогтоогдсон болно.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс дээрх баримттай холбогдуулан “...халамжийн сангаас олгогдсон нь акт тавигдаад явж байгаа...” гэж удаа дараа тайлбарласан хэдий ч шүүхийн хоёр удаагийн хэлэлцүүлэгт энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй тул уг тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.

         Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын

сайдын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн идэвхтэй амьдралд татан оролцуулах, спортоор хичээллэж амжилтад хүрэх хүсэл сонирхлыг дэмжиж, урам, дэмжлэг, итгэлээр хөглөхийн тулд тэдэнд урамшуулал болгон олгож буй мөнгөн урамшууллыг хэрхэн олгох талаар хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг чиглэл, аргачлалаар хангасаар атал Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлттэй хамаатуулан харьяалах Нийслэл, орон нутгийн харьяа газар, хэлтэс чиглэл өгөхгүй[14] эс үйлдэхүй[15] гаргаж байгаа нь хууль бус байна.

3.2.Товчхондоо хариуцагч байгууллагаас харьяалах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт урамшуулал олгох тухай чиглэл өгөхгүй байгаа нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч Б.Угийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь хангалттай үндэслэлүүдээр тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн шаардаж буй даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт урамшуулал олгох тухай чиглэл өгөхийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгахаар шийдвэрлэлээ.

Дөрөв: Бусад:

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Я.Болдоос “...урамшуулал олгох эх үүсвэр нь манайд байхгүй бөгөөд Боловсрол, Соёл шинжлэх ухаан, спортын сайдад байгаа...”, харин Г.Эоос “...Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас тухайн урамшууллын мөнгийг давхардаж олгогдож байна. Халамжийн сан нь ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж дотроо хуваагддаг. Өөрөөр хэлбэл олимпийн наадамд оролцсон хүмүүсийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мөнгө гэж хуваагдсан зүйл байдаггүй...” гэж тайлбарлан маргаж байсан.  

Гэвч нэхэмжлэгч Б.Угийн нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж буй урамшуулал нь төрөөс тухайн хүний цаашдын тэмцээн уралдаанд өөрийгөө бэлдэн  оролцож амжилт гаргахад нь  тус дэм болж буй санхүүгийн багахан дэмжлэг юм.

Үүнийг олимпийн медальт шагналтан болсонд олгодог нэг удаагийн урамшуулалтай[16] холбон ойлгож болохгүй.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблей 2006 оны 12 дугаар сард “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенци”-г боловсруулан гаргасан бөгөөд Монгол Улс 2009 оны 5 дугаар сарын 13-нд уг конвенцид нэгдэн орсон бол Ази, номхон далайн бус нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “эрхийг бодит болгоё” Инчеоны стратеги”-г 2014 оны 3 сард хүлээн авч соёрхон баталсан байна.

            Иймд дээрх нэгдэн орсон олон улсын конвенц болон Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хүлээсэн үүрэг, эрхэм зорилгоо ухамсарлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн хамгааллын хөтөлбөрт хамруулах, тэдгээрийг бие даан өөрийгөө хөгжүүлэн амьдрахад бүх төрлийн дэмжлэг үзүүлэх нь хариуцагч байгууллагын үүрэг болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4,

Монгол Улсын Засгийн  газрын тухай  хуулийн 20 дугаар  зүйлийн 5 дахь  хэсгийн 8,

 24 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/1836 тоот албан бичгийг хүчингүй болгож, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан урамшуулал олгох чиглэл өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болох”-ыг тогтоон, Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшуулал олгох тухай чиглэл өгөхийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтас хэргийн 11,97 хуудас

[2] Хавтас хэргийн 12 хуудас

[3] Хавтас хэргийн 6 хуудас

[4] Хавтас хэргийн 7 хуудас

[5] Хавтас хэргийн 1-2 хуудас

[6] https://www.legalinfo.mn/annex/details/5747?lawid=8950

[7] https://www.legalinfo.mn/law/details/12824

[8] Хавтас хэргийн 140 хуудас

[9] Хавтас хэргийн 11-117, 150-152 хуудас

[10] Хавтас хэргийн 155 хуудас

[11] Хавтас хэргийн 147-149 хуудас

[12]http://hudulmur-halamj.gov.mn/content/62

[13] Хвтас хэргийн 105-110 хуудас

[14] Хавтас хэргийн 6 хуудас

[15] Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан тодорхойлтыг үзнэ үү.

[16] https://www.legalinfo.mn/law/details/13506

“Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг үзнэ үү.