| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
| Хэргийн индекс | 221/2015/0000/З |
| Дугаар | 221/МА2015/0291 |
| Огноо | 2015-07-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2015/0291
С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн
газарт холбогдох захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 204 дүгээр шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголчуудын хүндэтгэлийн билэгдэл болгон хэрэглэж ирсэн уламжлалаар манай компани өөрийн барааны тэмдэгтээр 8 болон 9 тоог хээ, өнгөний хослолоор дүрслэн бүртгүүлэхээр Оюуны өмчийн газарт хандсан. Гэтэл нийтээр дагах хэм хэмжээ, зан заншил, ёс суртахуунд харшлах агуулгатай гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан нь хууль бус тул 40-2013-0013030, 40-2013-0013031 тоот бүртгэлийн дугаартай мэдүүлгүүдээс татгалзсан Оюуны өмчийн газрын шинжээчийн 2013 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрүүд, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн татгалзсан шүүлтийн тайлангууд, маргаан шийдвэрлэх комиссын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, дээрх хоёр барааны тэмдэгтийн мэдүүлгийг Барааны тэмдэгтээр бүртгүүлэн гэрчилгээг олгуулах гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т агуулгаар нийгмийн дэг журам, зан суртахуунд харш гэсэн заалтыг баримтлан барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан. 89 гэдэг тоог залуу үеийнхэн nice гэж бичиж уншиж байгаа ба мөн сайтуудаар сурталчилсан байна. Иймээс гос шар айраг гэсэн согтууруулах ундааг хэрэглэхэд уриалан дуудсан хэлбэрээр ашиглаж байгаа нь дээрх хуулийг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 204 дүгээр шийдвэрээр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу бүртгэлийн 40-2013-0013030 дугаар мэдүүлэгтэй болон бүртгэлийн 40-2013- 0013031 дугаар мэдүүлэгтэй барааны тэмдгүүдийг бүртгэхээс татгалзсан Оюуны өмчийн газрын шинжээчийн 2014 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн "Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах урьдчилсан шийдвэрүүд, 40-2013-0013030 дугаар мэдүүлэгтэй болон бүртгэлийн 40-2013-0013031 дугаар мэдүүлэгтэй барааны тэмдгүүдийг бүртгэхээс татгалзсан Оюуны өмчийн газрын шинжээч нарын 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Барааны тэмдгийн шүүлтийн тайлангуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Маргаан шийдвэрлэх комиссын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, бүртгэлийн 40-2013-0013030 болон 40-2013-0013031 дугаар мэдүүлэгтэй барааны тэмдгүүдийг бүртгүүлэн гэрчилгээг олгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны 20-р шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 204 тоот шийдвэрийг үл зөвшөөрч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Тус барааны тэмдэгүүд нь Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, уйлчилгээний олон улсын ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээрийн 32, 33 дугаар ангилал болох шар айраг, согтууруулах ундаанд хэрэглэх гэж байгаа нь өсвөр уеийнхний яриа болон интернет орчинд "89" гэдэг тоог "Nice" /монголоор "гоё" гэсэн утгатай/ хэмээн бичиж уншиж байгаа бөгөөд "89" шар айргийг "Nice" гэж "youtube.com" болон "business.news.mn" вэб сайтууд сурталчилсан байсан энэ бол "Зар сурталчилгааны тухай хууль"ийн 6-р зүйлийн 6.5.8 дах хэсэг, мөн хуулийн 141-р зүйлийн 141.3. 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа нь согтууруулах ундааны хэрэглээг уриалсан шинжтэй байж болохгүй гэж тус тус заасан байна.
"Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль"-ийн 5-р зүйлийн 5.2.4-т агуулга нь нийгмийн дэг журам, зан суртахуунд харш гэж заасан нь уг барааны тэмдгийн дүрс дотор төгс амт, төгс шар айраг гэсэн үг орсон нь дээрх мэдээллийн хэрэгсэлүүдээр суталчилж байсантай холбоотой юм.
"Зар сурталчилгааны тухай хууль"ийн 7-р зүйлийн 7.4.6-д хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн бол хууль бус зар сурталчилгаа хэмээн заасан байна. С ХХК-ий тайлбар гомдол "89" Монголчууд хэрхэн эрхэмлэн дээдэлдэнг талаар тайлбарласан дэлгэрэнгүй бичсэн байгаа нь уг барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх эрх зүйн үндэслэлгүй байна.
Иймд Оюуны өмчийн газраас гаргасан эцсийн татгалзсан шийдвэр "Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль"-ийн 5-р зүйлийн 5.2.4-т заасныг үндэслэн татгалзсан нь хуулийг зөв хэрэглэж тайлбарласан гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоос гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Оюуны өмчийн газар нь ...уг хоёр барааны тэмдгийн хувьд 89 гэсэн тоог Nice буюу Гоё гэсэн утгаар өсвөр насны залуу үеийнхэн интернет орчинд бичиж, уншиж байгаа бөгөөд 89 шар айргийг Nice гэж youtube.com болон business.news.mn вэб сайтуудад сурталчилсан нь 89-ийг Nice буюу гоё шар айраг хэмээн өсвөр үеийнхнийг согтууруулах ундааг хэрэглэхэд уриалан дуудсан хэлбэрээр ашиглаж байгаа нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4-д заасан нийгмийн дэг журам, зан суртахуунд харш гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч С трейд ХХК-ийн гаргасан 89 гэсэн тоог дугуй хүрээнд хоёр өөр төрлийн хээг суулган улаан, улбар шар өнгөний хослолыг гаргасан барааны тэмдгийн 40-2013-0013030, 40-2013-0013031 бүртгэлийн дугаартай мэдүүлгүүдийг барааны тэмдэгтээр бүртгэхээс татгалзсан байна.
Нэхэмжлэгч С трейд ХХК нь дээрх үндэслэлээр 40-2013-0013030, 40-2013-0013031 бүртгэлийн дугаартай мэдүүлгүүдийг барааны тэмдэгтээр бүртгэхээс татгалзсан Оюуны өмчийн газрын шинжээчийн 2013 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрүүд, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн татгалзсан шүүлтийн тайлангууд, Оюуны өмчийн газрын маргаан шийдвэрлэх комиссын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар дүгнэлт гаргасныг эс зөвшөөрч, уг шийдвэрүүдийг хүчингүй болгуулах,
мөн 40-2013-0013030, 40-2013-0013031 тоот бүртгэлийн дугаартай мэдүүлгүүдийг Барааны тэмдэгтээр бүртгэхийг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Анхан шатны шүүх Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг тоо, ... тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болон гэж зааснаас үзэхэд 89 буюу тоогоор барааны тэмдгийг илэрхийлж болохыг хуулиар зөвшөөрсөн байх тул хариуцагч энэхүү хуулийг заалтыг хариуцагч буруу тайлбарлан хэрэглэсэн гэж, мөн 89 гэсэн дүрслэл бүхий барааны тэмдгийг хэрэглэснээр Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д /Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна/ заасан үндэслэлүүдийг бий болгоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн бүртгэлийн 40-2013-0013030 дугаартай мэдүүлэгтэй болон бүртгэлийн 40-2013-0013031 бүртгэлийн дугаартай мэдүүлгүүдийг барааны тэмдэгтээр бүртгэхээс татгалзсан Оюуны өмчийн газрын шинжээчийн 2013 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрүүд, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн татгалзсан шүүлтийн тайлан зэргийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, С трейд ХХК-ийн гаргасан 89 гэсэн тоог дугуй хүрээнд хоёр өөр төрлийн хээг суулган улаан, улбар шар өнгөний хослолыг гаргасан 40-2013-0013030, 40-2013-0013031 дугаартай барааны тэмдэгт нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актад заасан нийгмийн дэг журам, зан суртахуунд харш гэх хориглосон заалтыг зөрчөөгүй байна.
Тодруулбал, Монгол Улсад 89 гэсэн тооны утга нь бичгийн болон ярианы хэллэгт наян ес гэж дуудлагаар илэрхийлэгдэж байгаа бөгөөд уг 89 гэсэн тоог иргэд энгийн хэл яриандаа Nice гэж гадаад хэлний утга, агуулга бүхий дуудлагаар хэвшмэл байдлаар хэрэглэж заншсан гэдийг зөвхөн интернет орчинд өсвөр насны залуу үеийнхэн 89 гэсэн тоог Nice буюу Гоё гэсэн утгаар бичиж, уншиж байгаа гэх үндэслэлээр шар айрагны барааны тэмдэгтээр 89 гэх тоог бүртгэх нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4-д заасан нийгмийн дэг журам, зан суртахуунд харш гэж шууд тодорхойлох боломжгүй юм.
Тиймээс дээрх дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар зэргээр 89 гэсэн тоог Nice буюу Гоё гэсэн утгаар өсвөр насны залуу үеийнхэн интернет орчинд бичиж, уншиж байгаа бөгөөд 89 шар айргийг Nice гэж youtube.com болон business.news.mn вэб сайтуудад сурталчилсан нь 89-ийг Nice буюу гоё шар айраг хэмээн өсвөр үеийнхнийг согтууруулах ундааг хэрэглэхэд урилан дуудсан хэлбэрээр ашиглаж байгаа нь нийгмийн дэг журам, зан суртахуунд харш гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүх, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг тоо, ... тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болон, 5 дугаар зүйлийн 5.2.4-д нийгмийн дэг журам, зан суртахуунд харш, Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна гэсэн хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Мөн анхан шатны шүүх Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Төрийн захиргааны байгууллагын дэргэд барааны тэмдэг, ... холбоотой дор дурдсан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх эрх бүхий Маргаан шийдвэрлэх комисс ажиллана, 32.1.1-д энэ хуулийн 7, 8, 23, 24 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаатай холбоотой гаргасан мэдүүлэг гаргагчийн гомдол гэж заасныг үндэслэн Маргаан шийдвэрлэх комисс нь барааны тэмдгийг мэдүүлгийг бүртгэх эсэх талаарх бие даасан шийдвэр гаргадаггүй бөгөөд зөвхөн барааны тэмдгийн мэдүүлгийг бүртгэхтэй холбоотой Оюуны өмчийн газрын шинжээчийн шийдвэр хуульд нийцсэн эсэхийг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлж Оюуны өмчийн газрын маргаан шийдвэрлэх комисс 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3 дугаар дүгнэлт гаргасан байх тул үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр бүртгэлийн 40-2013-0013030 дугаартай мэдүүлэгтэй болон бүртгэлийн 40-2013-0013031 бүртгэлийн дугаартай мэдүүлгүүдийг барааны тэмдэгтээр бүртгүүлэхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т нэрлэж заасан шүүхээс гаргах шийдвэрийн төрлүүдийн дагуу оновчтой, зөв нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй, нэхэмжлэлийн бусад шаардлагууд болох мэдүүлгүүдийг бүртгэхээс татгалзсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах шаардлагатай уялдуулж, зөв тодорхойлоогүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй юм.
Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа оновчтой зөв тодорхойлоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хэм хэмжээний зохицуулалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуульд болон бусад хуулиар захиргааны хэргийн шүүхэд олгоогүй байна. Харин шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан шийдвэрийг гаргахын тулд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагааг хийж байжээ.
Тиймээс шүүх нэгэнт нэхэмжлэгчийн бүртгэлийн 40-2013-0013030 дугаартай мэдүүлэгтэй болон бүртгэлийн 40-2013-0013031 дугаартай бүртгэлийн мэдүүлгүүдийг барааны тэмдэгтээр бүртгэхээс татгалзсан Оюуны өмчийн газрын шинжээчийн 2013 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрүүд, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн татгалзсан шүүлтийн тайлан зэргийг хүчингүй болгуулах шаардлагуудыг хангаж байгаа тохиолдолд бүртгэлийн 40-2013-0013030 дугаартай мэдүүлэгтэй болон бүртгэлийн 40-2013-0013031 бүртгэлийн дугаартай мэдүүлгүүдийг барааны тэмдэгтээр бүртгүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байжээ.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 204 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, бүртгэлийн 40-2013-0013030 болон 40-2013-0013031 дугаар мэдүүлэгтэй барааны тэмдгүүдийг бүртгэхээс татгалзсан Оюуны өмчийн газрын шинжээчийн 2014 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн "Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах урьдчилсан шийдвэрүүд, бүртгэлийн 40-2013-0013030 болон 40-2013-0013031 дугаар мэдүүлэгтэй барааны тэмдгүүдийг бүртгэхээс татгалзсан Оюуны өмчийн газрын шинжээч нарын 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Барааны тэмдгийн шүүлтийн тайлангуудыг тус тус хүчингүй болгож, бүртгэлийн 40-2013-0013030 болон 40-2013-0013031 дугаар мэдүүлэгтэй барааны тэмдгүүдийг бүртгэж, гэрчилгээг олгохыг Оюуны өмчийн газарт даалгаж, Маргаан шийдвэрлэх комиссын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж бүхэлд нь өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР