Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 83

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Насанд хүрээгүй хохирогч Т.Буянжаргал

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Туяа 

Шүүгдэгч Э.Мөнхтулга нарыг оролцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аюуш овогт Эрдэнэхүүгийн Мөнхтулгад холбогдох 201611000225  дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Аюуш овогт Эрдэнэхүүгийн Мөнхтулга, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1998 оны 07 сарын 25-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЮ98072516/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, ах дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Нуурын 6 дугаар гудамжны 09 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Э.Мөнхтулга нь насанд хүрээгүй байхдаа 2016 оны 05 сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Нуурын 9 дүгээр эгнээний гудамжинд  үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж насанд хүрээгүй хохирогч Т.Буянжаргалыг нүүрэн тус газарт нь цохиж

2016.08.08 ¹83

Хөтлөх хэрэгт 5-125 Ү.Одгэрэл                                                                                                                      D/disk Шийтгэх тогтоол 2016  

танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтын шатанд бүх болсон явдлыг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй учир мэдүүлэг өгөхгүй Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Э.Мөнхтулга мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “Би 2016 оны 05 сарын 15-ны орой 18 цагийн орчимд Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 9 дүгээр эгнээний худаг дээр байж байтал багадаа тоглож байсан Буянжаргал усаа аваад явж байхаар нь дуудахад намайг харчихаад яваад өгөхөөр нь дахиад дуудсан чинь эргэж харалгүй яваад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд дугуйтайгаа очоод араас нь татаад “чи яагаад дуудаад байхад ирдэггүй юм бэ” гэхэд Буянжаргал юу ч дуугаралгүй намайг муухай хараад зогсоод байхаар нь “чи яагаад муухай хараад байгаа юм” гэж хэлээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход Буянжаргал хамраа дараад усаа түрээд цаашаа яваад өгсөн. Тэгээд би буцаад явсан юм” гэжээ. /хх 35-36/

 

Насанд хүрээгүй хохирогч Т.Буянжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 сарын 15-ны өдөр намайг худгаас ус аваад явж байхад Мөнхтулга намайг “бандиа” гэж хэлэхэд нь би дуугараагүй. Усаа түрээд гэр рүүгээ нарийн гудамжаар явж байхад миний араас Мөнхтулга ирээд миний хамар орчим гараараа нэг удаа цохисон. Би юу ч дуугараагүй цаашаа явж гэртээ ирсэн.

Мөнхтулгад цохиулаад миний хамар гэмтсэн, хамрын ясны товойж улайсан нь хэвэндээ байгаа, үүнийгээ эмчлүүлнэ гэж бодож байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хуульд заасан хариуцлага хүлээх байх гэж ойлгож байна гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Туяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 сарын 15-ны орой намайг гэртээ ирэхэд манай хүү Буянжаргал нүүрэндээ жин тавиад хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад, “Мөнхтулга гэдэг хүүхэд дугуйтай ирээд намайг муу банди минь гэхээр нь би чимээгүй яваад өгсөн. Тэгээд нарийн гудамжаар усаа түрээд явж байхад нь нүүрэнд нь цохисон гэж хэлсэн. Буянжаргалын нүүр нь хавдаж улайсан, хамар нь овойж хавдсан байсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлээд анхны үзлэгийн эмчийн тодорхойлолт авсан. Дараа нь учрыг нь олохоор би хүүгээ дагуулаад Мөнхтулгын гэрт очиж уулзахад эх нь “юун сүртэй юм бэ, эрэгтэй хүүхдүүд цус нөжөө гоожуулаад явж л байдаг шүү дээ” гэж хэлсэн. Хүүхдийнхээ бурууг ойлгох ч шинжгүй, элдвээр хэлээд доромжлоод байхаар нь би арга буюу цагдаагийн байгууллагад хандсан юм.  

Адилхан хүүхэдтэй хүмүүс уучлалт гуйгаад ойлголцох байх гэж бодсон боловч энэ хэрэг явдал болсноос хойш Мөнхтулга нэг ч удаа уучлалт гуйгаагүй, түүний ээж насанд хүрээгүй хүүхдийн минь дэргэд байнга хэл амаар доромжилж байсанд гомдож байна. Энэ хэргийн улмаас эм тариа, бариа засалд 50000 төгрөгийн зардал гарсныг Мөнхтулга төлсөн, нэхэмжлэх зүйл байхгүй, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ биз дээ гэв.

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 371 тоот дүгнэлтэд: “1.Т.Буянжаргалын биед хамар, дух, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. /хх 30/

 

Насанд хүрээгүй хохирогч Т.Буянжаргал /хх16-17/, насанд хүрээгүй гэрч Г.Гантайван /хх 21-22/, гэрч О.Энхбаяр /хх 23-24/, Б.Ууганхүү /хх 25-26/, А.Нандинчимэг /хх 27-28/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Э.Мөнхтулгын насанд хүрээгүй байхдаа сэжигтэн, яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Шүүгдэгч Э.Мөнхтулгын насыг тоолсон тэмдэглэл /хх 10/, Э.Мөнхтулгын төрсний гэрчилгээний хуулбар /хх 11/, Насанд хүрээгүй шүүгдэгч болон насанд хүрээгүй хохирогчид хууль ёсны төлөөлөгч томилсон тогтоол /хх 14, 18/, шүүгдэгч Э.Мөнхтулгын төрсний бүртгэлийн лавлагаа /хх 43/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46/, Хохирол төлсөн талаарх баримт /хх 47/, Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд зэрэг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Э.Мөнхтулга нь насанд хүрээгүй байхдаа 2016 оны 05 сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Нуурын 9 дүгээр эгнээний гудамжинд “дуудахад ирсэнгүй” гэдгээр шалтаглан насанд хүрээгүй хохирогч Т.Буянжаргалын нүүрэн тус газарт нь гараараа цохиж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Э.Мөнхтулгын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон насанд хүрээгүй хохирогч Т.Буянжаргал, насанд хүрээгүй гэрч Г.Гантайван нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 371 тоот дүгнэлт, Хохирол төлсөн талаарх баримт зэрэг хуульд заасан үндэслэл  журмын  дагуу  олж  авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Прокурорын газраас шүүгдэгч Э.Мөнхтулгад холбогдох гэмт хэрэгт зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Э.Мөнхтулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа ял шийтгүүүлж байгаа болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46/, хохирлыг хүлээн авсан талаарх хохирогчоос ирүүлсэн баримт /хх 47/, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогдохгүй байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж шударгаар хүлээн мэдүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.7, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Мөн дээр дурдсан нөхцөл байдлуудаас гадна шүүгдэгч Э.Мөнхтулга нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн төрсний гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298   дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Аюуш овогт Эрдэнэхүүгийн Мөнхтулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар шүүгдэгч Эрдэнэхүүгийн Мөнхтулгыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Э.Мөнхтулгад оногдуулсан 1 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Ялтан Э.Мөнхтулга нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, насанд хүрээгүй хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан Э.Мөнхтулгад оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ялтанд мэдэгдсүгэй.

 

6. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Э.Мөнхтулгын ЖЮ98072516 регистрийн дугаартай төрсний гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Э.Мөнхтулгад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзах хугацааг 2016 оны 08 сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

      8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Ү.ОДГЭРЭЛ