Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2032

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.А, Ц.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01361 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.А, Ц.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ё.Ц, Э.Б нарт холбогдох,

 

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, ................... тоот, 2 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, улсын бүртгэлд зохих бүртгэл хийхийг даалгах, 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн "Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл"-ийг гэрчилсэн Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Э.Бгийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.А,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Д.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ээж уг байранд ганцаараа амьдарч байгаад нас барсан. Бид Ё.Ц гэдэг хүнийг танихгүй, бид нартай хамаатан, садан төрлийн болон таньдаг хүн биш. Ээжийн маань ажил явдлын үеэр энэ хүнийг анх харсан. Гэтэл энэ хүн уг байранд миний өмч гэж маргасан. Бид ажил явдал дууссаны дараа ээжийнхээ бичиг баримтыг цэгцэлж байхад уг байрны гэрчилгээ огт байгаагүй, одоог хүртэл эх хувь гэрчилгээг үзээгүй байсан. Ё.Ц нь 2013 оноос хойш шүүхэд биднийг хариуцагчаар татаж, уг байрны талаар маргалдаж байгаа билээ. Өмнөх хэрэгт шинжээчийн дүгнэлт гарахад дүгнэлттэй санал нийлэхгүй байна гээд Ё.Ц нь дахин шинжээч томилуулсан, тэр дүгнэлтээр мөн гарын үсэг биш гэж баталж өгсөн. Манай ээж уг байрыг худалдаж авсан, баримтууд нь байгаа. Ээжийг маань өөрийгөө асарч чадахгүй, дорой гэсэн тайлбарыг хэлсэн байсан. Гэтэл манай ээж тийм асаргаанд орсон хүн биш. Бид ээж дээрээ өдөр бүр очдоггүй ч гэсэн утсаар ярьж, асуудаг, байнга холбоотой байсан. Бид өөрсдөө боломжийн амьдралтай учраас ээжийг байр, мөнгөө юунд яаж байгааг хянаж цагддаггүй. Ээж маань өөрөө ч боломжийн амьдралтай, гадаад дотоодод явсан баримтууд, мөн хадгаламжийн дэвтэртээ мөнгөн хадгаламжтай байсан. Ээж маань хойшоо явах гээд виз хөөцөлдөж байх үедээ хариуцагч Ё.Цтэй танилцсан юм шиг байгаа юм. Нөхөр нь байрны зээл авахдаа манай ээжийг хуурч, байрыг нь барьцаанд тавьсан байдаг. Шинжээчийн дүгнэлтэд авагдсан баримт дээр манай ээжээс мөнгө зээлж авсан байдаг боловч буцааж төлсөн талаар баримт байгаагүй. Тэгэхээр энэ хүнийг мөнгөний сонирхолтой, залилан хийсэн гэж үзэж байна. 2017 оны 4 дүгээр сард Нотариатчдын танхим дээр бичиг авах гээд очтол  биднийг өргөдөл гаргаснаас сарын дараа хариуцагч Ё.Ц нь тухайн байрыг өмчлье гэсэн өргөдөл гаргасан байсан. Өөрөөр хэлбэл 2 хүүхэд нь амьд байгаа гэдгийг мэдсэн мөртлөө өргөдөл гаргасан үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Бидний зүгээс 2010 оны 12 дугаар сарын 08-нд орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл гэрчлэхэд ээж Ш.Ц-ийг нотариатч дээр очоогүй гэж үзэж байна. Яагаад гэвэл шинжээчийн дүгнэлтээр манай ээжийн зурсан гэх гарын үсэг нь таарахгүй байсан. Нотариатч нь баримт бичгийг гэрчлэхдээ ямар нэгэн өргөдөл, баримт авч, мөн хүүхдүүд нь байдаг эсэх талаар тодруулах баримт бүрдүүлээгүй, дутуу баримтыг бүрдүүлж хэлцлийг гэрчилсэн нь хууль бус болсон. Энэ хүн эдийн засгийн асар их ашиг сонирхолтой байна гэж үзэж байна. Үүнээс болж орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ 2 хүний нэр дээр гарсан байдаг. Хариуцагч Ё.Ц гэдэг хүн нь Ш.Ц-эй хамт очиж хэлцэл хийсэн гэдгийг зөвшөөрсөн эсхүл үгүйсгэсэн тайлбар өгөөгүй учир нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж ойлгож байна. Иймд бидний 2 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож, зохих бүртгэл хийхийг хариуцагчид даалган, хамтран өмчлөгчөөр Ё.Ц-г нэмж оруулсан хэлцлийг гэрчилсэн Э.Б-гийн үйлдлийг хүчингүйд тооцон бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Б шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Э.Б миний бие 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр "Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл"-ийг Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааварт нийцүүлэн үнэн зөвөөр гэрчилсэн. Иргэн Ш.Ц нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, ............ тоот 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болох тухай 1998 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 8351 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн 2202003675 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг авчирсан ба Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7.-д заасан "... Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгийн эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгоно ..." гэснийг баримтлан дээрх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр түүний өөрийнх нь хүсэлтийн дагуу хэлцлийг гэрчилсэн. Тухайн үед Ш.Цэнд нь нотариатч дээр ирэхдээ Ё.Ц гэх эмэгтэйг дагуулж ирсэн бөгөөд "... Ё.Ц намайг харж ханддаг ганц хүн байгаа юм, ийм учраас би өөрийн байрны хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хүсэлтэй байгаа юм ..." гэж хэлж байсан бөгөөд нотариатч дээр өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж нотариатын үйлдэл хийлгэсэн, хэлцэл, нотариатын бүртгэлийн дэвтэр зэрэгт өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, хууль бус нотариатын үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,-д "... Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно ..." гэж заасны дагуу тухайн үед Ш.Ц, Ё.Ц нарын иргэний бичиг баримтыг үндэслэн нотариатын үйлдэл хийсэн бөгөөд нотариатын хувийн хэрэгт тухайн этгээдүүдийн бичиг баримтыг хувилан хадгалсан. Энэ нь нотариатын бүртгэлийн дэвтрийн 759 дугаарт бүртгэгдсэн бүртгэлээр нотлогдох бөгөөд уг нотариатын бүртгэлийн дэвтэрт Ш.Ц, Ё.Ц нар гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "... Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, cap, өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ ..." гэж заасан хуулийн шаардлагад нийцэж байгаа болно. Мөн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, нотариатын бүртгэлийн дэвтэр, мөнгөний тасалбар зэрэгт Ш.Ц болон Ё.Ц нар гарын үсэг зурсан бөгөөд энгийн нүдээр харьцуулан харахад дээрх баримтуудад зурагдсан Ш.Ц-ийн гарын үсэг нь өөр хоорондоо ижилхэн байгаа нь нэхэмжлэгч нарын эх Ш.Ц-ийн гарын үсэг биш гэдгийг үгүйсгэж байна. Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Э.Б миний бие 2010 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хэлцлийг нотариатын үйлдэл хийх заавар, нотариатын тухай хуульд заасан холбогдох журмын дагуу хуульд нийцүүлэн үнэн зөвөөр гэрчилсэн тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах гэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ё.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Шинээр гаргаж өгөх баримтгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь нэгэнт нийтэд илэрхий болсон тул дахин нотлохгүй гэсэн байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Мөр овогт Ц., Мөр овогт Ц.Ө нарыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .............. дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, ................... тоот 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны төрсөн эх талийгаач Ш.Ц-д оногдох хэсгийг буюу 50 хувийг өвлөх эрхтэй, хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож, нэхэмжлэлээс орон сууцны үлдэх хэсгийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, улсын бүртгэлд зохих бүртгэл хийхийг даалгах, 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн "Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл"-ийг гэрчилсэн Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Э.Б-гийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Ц-гээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Маргааны зүйл болох хэлцлийг гэрчилсэн Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Э.Б-гийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2015 оны 216 тоот, 2016 оны 3560 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлэхгүй орхигдуулсан нь буруу юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нотлох баримт болох дээрх шинжээчийн дүгнэлтэд хамаарахгүй. Тус шинжээчийн дүгнэлтүүд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт биш юм. Мөн нөгөөтэйгээр шүүх өөр нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг дахин үнэлэхийг хориглосон, хязгаарласан зохицуулалт алга байна.  Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааварын 2.3-т тус тусзаасны дагуу нотариатч нь үйлчлүүлэгч Ш.Ц-ийн хувийн байдлыг тогтоогоогүй, өөрөө биеэр ирээгүй байхад иргэний үнэмлэхний гарын үсэгтэй зөрүүтэй гэрээ, хэлцлийг баталсан байна. Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа "...Ё.Ц намайг харж ханддаг ганц хүн байгаа юм, ийм учраас би өөрийн байрны хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хүсэлтэй байгаа юм гэж хэлж байсан бөгөөд нотариат дээр өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж нотариатын үйлдэл хийлгэсэн, хэлцэл, нотариатын бүртгэлгийн дэвтэр зэрэгт өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан" гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэдэг боловч тус хэлцэлд зурсан гарын үсэг Ш.Ц-ийнх биш болох нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2015 оны "46 тоот, 2016 оны 3560 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус нотлогддог. Мөн хариуцагч Ё.Ц уг хэлцлийг гэрчилэхэд Ш.Цэндийг хамт байлцсан талаар тайлбар нотлох баримтыг шүүхэд огт гаргаагүй болно. Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т үүргээ хариуцагч нь биелүүлээгүй. Ш.Цэнд өндөр настай хүн байсан ба өөрийн өмч хөрөнгийг бусдад үнэ төлбөргүй шилжүүлж байсан тул үйлдлийн үр дагаврыг өөрт нь харин ч сайн тайлбарлаж, танилцуулсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар үндэслэлгүй юм. Учир нь хүний асрамжид байгаагаа хэлж буй өндөр настан Ш.Ц-ийн сэтгэц, эрүүл мэндийн талаар эмнэлгийн лавлагаа тодорхойлолт аваагүй, бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд ороогүй өөрийн хүсэл зоригийн дагуу хэлцэл хийж байгааг илэрхийлсэн бичгэн өргөдөл, тайлбар гаргуулаагүй, нотариатын үйлдэл хийхдээ хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй байх ба энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Хариуцагч Ё.Ц нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг гардак авч, ИХШХШТ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш тогтоосон хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ мэдсэн боловч биелүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд ирээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцогддог. Энэ нь хариуцагч Ё.Ц нь Ш.Цэндтэй хамт тус хэлцлийг байгуулахаар нотариатч дээр очоогүй, үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг тогтоохгүй, иргэний үнэмлэхийн гарын үсэг болон хэлцэлд зурсан гарын үсэг зөрүүтэй байхад гэрээ хэлцлийг баталсан нотариатчийн буруутай хууль зөрчсөн үйлдэл байгааг хариуцагч хүлээн зөвшөөрсний илрэл юм. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан гэрчлэх гэрээ, хэлцэлд орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай энэ хэлцэл хамаарахгүй, нотариат үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг тогтоохгүйгээр иргэний үнэмлэхийн гарын үсэг, гэрээн дээрх гарын үсэг зөрүүтэй байхад гэрчилсэн нь хууль зөрчсөн, хэлцэлд бичигдсэн гарын үсэг нь талийгаач Ш.Ц-ийн гарын үсэг биш болох нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Ш.Цэнд хэлцэл гэрчлүүлэхэд өөрийн биеэр очоогүй байгааг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 19-ний өдрийн 01361 дугаар шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Ц.А, Ц.А нар нь хариуцагч Ё.Ц, Э.Б нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, ...................... тоотод байрлах, 2 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, улсын бүртгэлд зохих бүртгэл хийхийг даалгах, 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн "Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл"-ийг гэрчилсэн Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Э.Б-гийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/01134 дүгээр шийдвэрээр Ё.Ц-гийн нэхэмжлэлтэй Ц.А, Ц.А нарт холбогдох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, .....................тоотод байрлах 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөх хэсэг 47 250 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулахыг зөвшөөрсөн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. /хх-ийн 17-19 дүгээр тал/

 

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулахыг зөвшөөрсөн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулахыг зөвшөөрсөн хэлцэлд Ш.Ц гарын үсэг зурсан эсэхийг тодруулахаар  шинжээч томилсны дагуу гаргасан шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан байна. /хх-ийн 82-94 дүгээр тал/ Дээрх шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулахыг зөвшөөрсөн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай маргаантай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн дүгнэлт байна. Тодруулбал, шинжээч нь тодорхойлолт болон иргэд хоорондын итгэлцлийн гэрээг  шинжилгээний обьект болгон ашиглаж, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулахыг зөвшөөрсөн хэлцэлд зурсан Ш.Ц-ийн гарын үсэгтэй харьцуулж дүгнэлтээ гаргажээ. /хх-ийн 84-87, 91-94 дүгээр тал/

 

Гэтэл нэхэмжлэгч нар нь нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... эх Ш.Ц нь өөрийн биеэр нотариатад очоогүй, нотариатын бүртгэлийн дэвтэрт өөрөө гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй” гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх уг тайлбарыг үндэслэлгүй гэж няцаахдаа дээрх өөр төрлийн шинжилгээний обьектод, өөр нэхэмжлэлийн шаардлагаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болсон үйл баримт гэж үзсэн нь учир дутагдалтай болсон байна. 

 

Анхан шатны шүүх нотариатын үйлдэлтэй холбоотойгоор уг орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулахыг зөвшөөрсөн хэлцлийг гэрчилэхэд хэн байлцаж гарын үсэг зурсан, ямар замаар нотлох баримт цуглуулж гаргуулах эсэхийг тодруулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01361 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                        

                                                          ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                                                                      

                                                                                                          Г.ДАВААДОРЖ