Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/766

 

 

 

2021           11          10                                   2021/ШЦТ/766        

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,   

Шүүгдэгч Ч.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М-д холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эмэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч.М,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Умбаа” зоогийн газрын шургуулганаас “Dell” загварын CPU i3 gen 2 ram 2 hard 500 загварын нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч Э.Номин-Эрдэнэд 390.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…гэв.

 Эрүүгийн 2009001911190 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ч.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Умбаа” зоогийн газарт тогоочоор ажилд орсон. Ингээд би уг газарт ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зоогийн газартаа цэвэрлэгээ хийж байгаад нэг шургуулгыг татаж үзэхэд нөүтбүүк байсан. Тэр нөүтбүүкийг би хулгайлж аваад эхлээд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ломбардад 150 мянган төгрөгөөр тавьсан. Ингээд хэд хоногийн дараа буцааж аваад Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байгаад нэг танихгүй залуугаас гуйж байгаад “Бүрэн” гэх нэртэй ломбардад 150 мянган төгрөгөөр тавиулаад нөгөө залуудаа 10 мянган төгрөг өгсөн. Би тухайн залууг дахиж харах юм бол танихгүй өмнө таарч байгаагүй. “Бүрэн” ломбардад тавьсан нөүтбүүкээ 14 хоногийн хугацаатай тавьсан ба 14 хоногийн хугацаа нь дуусахад сунгуулалгүй нөүтбүүкээ тэр ломбардад үхүүлсэн. Ажил хийж байгаад хохирлоо төлж барагдуулах болно. Хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51, 99-101 дүгээр хуудас/,

Хохирогч Э.Номин-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Б.Нямдулам над руу 2019 оны 12 дугаар сарын сүүлээр залгаад “ээжийн ажил дээр шинэ жилийн арга хэмжээ болох гээд байна, хэд хоног нөүтбүүкээ түр хэрэглүүлээч” гэж гуйсан. Тэгэхээр нь зөвшөөрөөд өөрийн Дэлл маркийн нөүтбүүкээ  Нямдуламд өгч явуулсан. Тухайн үед нөүтбүүк авахдаа манай гэрээс ирж авч байсан. Ингээд он гараад нөүтбүүкээ буцааж авах гэхэд миний нөүтбүүкийг хулгайд алдсан талаар хэлсэн. Ердөөсөө хохирлын мөнгө гэж авсан зүйл байхгүй. 2017 онд Дархан хотын Пс молл худалдааны төвөөс 999 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Дэлл маркийн, 4 гегабайт рамтай, 14 инчийн, Е-350 Ай Эм Ди Сипүтэй хар өнгийн нөүтбүүк байсан, жоохон эдэлгээний сэвтэй байсан. Одоо нөүтбүүкээ 400 мянган төгрөгөөр үнэлж байна. Нөүтбүүкийн хохирлын мөнгөө барагдуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/,

Гэрч Р.Болормаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Ингээд 12 цаг өнгөрч байхад үед ажил дээрээ иртэл хүн байхгүй цоожтой байсан. Тэгэхээр нь би тогооч руу залгаад хаана байна гэтэл  “би зам дээр хүн тосож байна одоо орлоо” гэж хэлээд утсаа ч авахгүй алга болчихсон. Тэгэхээр нь би өөрт байсан илүү түлхүүрээрээ пабаа онгойлгоод орсон ба хүмүүс орж ирж үйлчлүүлээд 18 цагийн үед дахиад тогооч руу залгахад удчихлаа уучлаарай одоо очлоо гэж хэлээд мөн л ирээгүй. Энэ үед манай хүүхэд над руу залгаад “ээж ажил дээрээсээ нөүтбүүкээ аваад ирээрэй” гэхээр нь шургуулгаа ухаж үзтэл нөүтбүүк алга болсон байсан...” /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Г.Мөнхсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай Монгол 3-р сургуулийн автобусны буудал дээр байрлах F1 ломбардын салбарт Чойдаш овогтой Мандах нь Dell inspiron N4050 загварын зөөврийн компьютерыг 150.000 төгрөгөөр өөрийн иргэний үнэмлэхийг ашиглан тавьсан. Тэгээд тухайн хүн нь өөрөө 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 175.000 төгрөгийн барьцаагаа төлөөд тухайн зөөврийн компьютерыг аваад явсан. Би тухайн үед энэ зөөврийн компьютерын талаар цагдаагаас залгаж асуусан гэх үед “би энэ талаар мэдэхгүй байна, надтай ямар ч цагдаа яриагүй энэ миний хүүхдийн зөөврийн компьютер, энэ зөөврийн компьютерыг манай хүүхэд найзаасаа гар утсаар сольж авсан” гэж хэлсэн. Би тухайн хүний ломбардын бичгийг хүлээлгэж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Б.Нямдулам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын дундуур манай ээжийн ажлын газар болох Бабу пабад шинэ жилийн үйл ажиллагаа болох гээд нөүтбүүкээр дуу тавих хэрэг гарсан юм. Ингээд манай ээж Болормаа надаас “нөүтбүүк олдох уу” гэж асуухаар нь би өөрийн оюутан ангийн охин Номин руу залгаж нөүтбүүкийг нь хэд хоног зээлж ээжид өгөхөөр болсон юм. Ингээд он гараад буюу 2020 оны 01 дүгээр сарын эхээр Номингийн нөүтбүүк алга болсон талаар ээж надад хэлсэн. Өөр зүйл болоогүй. Номингийн нөүтбүүкийн хохирлыг төлж барагдуулаагүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

Гэрч Х.Тунгалаггэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Dell маркийн i3 загварын нөүтбүүк одоогийн байдлаар манай ломбардад байхгүй. Өмнөх мэдээллийг үзэхийн тулд мөн хайж олохын тулд заавал ломбардад эд зүйл тавьсан хүний регистрийн дугаар хэрэг болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-105 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Ч.М нь “Бүрэн” ломбардын урд хаалгыг зааж ломбардын урд талд танихгүй залуугаас гуйж нөүтбүүкийг тус ломбардад тавиулсан юм гэж тайлбарлан дотогш оров. Ч.М нь “Бүрэн” ломбард дотор ороод би “ломбард дотор ороод тус залуугаас нөүтбүүк ломбардад үнэмлэхээрээ тавиад өгөх юм бол 10 мянган төгрөг өгье” гэсэн харин тэр залуу энд нөүтбүүк тавьсан гэж зааж харуулав..” гэжээ /хх-ийн 102-103 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...2017 онд худалдан авсан Dell загварын 350 Cpu 4 gb ram 14 инчийн хар өнгийн компьютер нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 392.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 115-116 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 30, 133 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч Т.Норовсамбуугийн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Д.Нэргүйн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 134 дүгээр хуудас/, хүүхдүүдийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон төрсний гэрчилгээнүүдийн хуулбар /хх-ийн 135-137 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Умбаа” зоогийн газрын шургуулганаас “Dell” загварын CPU i3 gen 2 ram 2 hard 500 загварын нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч Э.Номин-Эрдэнэд 392.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч Э.Номин-Эрдэнийн “...өөрийн Дэлл маркийн нөүтбүүкээ Нямдуламд өгч явуулсан. Ингээд он гараад нөүтбүүкээ буцааж авах гэхэд миний нөүтбүүкийг хулгайд алдсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Нямдуламын “...манай ээж Болормаа надаас “нөүтбүүк олдох уу” гэж асуухаар нь би өөрийн оюутан ангийн охин Номин руу залгаж нөүтбүүкийг нь хэд хоног зээлж ээжид өгөхөөр болсон юм. Ингээд он гараад буюу 2020 оны 01 дүгээр сарын эхээр Номингийн нөүтбүүк алга болсон талаар ээж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Р.Болормаагийн “...манай хүүхэд над руу залгаад “ээж ажил дээрээсээ нөүтбүүкээ аваад ирээрэй” гэхээр нь шургуулгаа ухаж үзтэл Нөүтбүүк алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Мөнхсайханы “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай Монгол 3-р сургуулийн автобусны буудал дээр байрлах F1 ломбардын салбарт Чойдаш овогтой Мандах нь Dell inspiron N4050 загварын зөөврийн компьютерыг 150.000 төгрөгөөр өөрийн иргэний үнэмлэхийг ашиглан тавьсан. Тэгээд тухайн хүн нь өөрөө 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 175.000 төгрөгийн барьцаагаа төлөөд тухайн зөөврийн компьютерыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Х.Тунгалаггэрэлийн “...Dell маркийн i3 загварын нөүтбүүк одоогийн байдлаар манай ломбардад байхгүй. Өмнөх мэдээллийг үзэхийн тулд мөн хайж олохын тулд заавал ломбардад эд зүйл тавьсан хүний регистрийн дугаар хэрэг болно...” гэсэн мэдүүлэг,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,  

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...2017 онд худалдан авсан Dell загварын 350 Cpu 4 gb ram 14 инчийн хар өнгийн компьютер нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 392.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл гэрч, хохирогчоос компьютероо алдсаныг мэдүүлж, шүүгдэгчийн мэдүүлгээр компьютерыг хулгайлж ломбардад тавьсан болохыг нотолж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Мын үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ. 

Иймд шүүх шүүгдэгч Ч.Мыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч Э.Номин-Эрдэнэд учирсан хохирлыг нөхөн төлөөгүй тул шүүгдэгчээс 392.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Номин-Эрдэнэд олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ч.Мыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Ч.Мад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 63 хоног, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 26 хоногийн хугацаагаар нийт 89 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу түүний цагдан хоригдсон хугацааны нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялд оруулан 6 сар 1 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биечлэн эдлэх хэмжээг тогтоов. 

 

Шүүгдэгч Ч.М нь Улаанбаатар хот, ............. тоотод оршин суух байнгын хаягтай болох нь тогтоогдсон байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ч.Мыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, ............... тоот газраас шаардлагатайгаас бусад тохиолдолд явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, оршин суугаа газраас өөр газарт зорчихгүй байх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.  

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ыг 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ын цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд оруулан тооцож 6 сар 1 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биечилэн эдлэх хэмжээг тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ч.М-ыг байнгын оршин суух хаяг болох Улаанбаатар хот, ............... тоот газраас шаардлагатайгаас бусад тохиолдолд явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.М-аас 392.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Номин-Эрдэнэд олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, оршин суугаа газраас өөр газарт зорчихгүй байх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.  

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, оршин суугаа газраас өөр газарт зорчихгүй байх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ДУЛАМСҮРЭН