Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар  2022/ШЦТ/50

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        01          04                                    2022/ШЦТ/50

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр;

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

 

Улсын яллагч: Ц.Шагдар;

 

Шүүгдэгч: Ч.С;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Буджав;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;

 

            Хэргийн дугаар:;

 

Шүүгдэгч Ч.С регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 2, эхнэрийн хамт  , урьд:

Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 882 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, Хэнтий аймгийн Сум2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 118 дугаартай захирамжаар торгуулийн ялыг 33 хоног хорих ялаар сольсон.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Ч.С нь согтуурсан үедээ 2021 оны 06 дугаар сарын 16-ны орой хүн байнга амьдрах зориулалттай Э.Б-ийн эзэмшлийн ....... өрөөнд нууцаар, хууль бусаар нэвтэрч, иж бүрэн суурин компьютер хулгайлж Э.Б-д 1.214.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Ч.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.С мэдүүлэхдээ: “Би тухайн үед юу болсон талаар санахгүй байгаа. Би гэртээ 0,5 литрийн “Хараа” архи уусан. Баян-Эрдэнийн түлхүүрийг авсан зүйл байхгүй. Надаас 10 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлэг авах гэхэд нь өмгөөлөгчтэй өгнө гэж хэлсэн. Байцаагч надад “чиний хэрэг гайгүй юм чинь өмгөөлөгчгүй мэдүүлэг өгчих юм байгаа биз дээ” гэсэн учраас мэдүүлэг өгсөн. Би компьютер авснаа санахгүй байгаа. Цагдаагаас над руу залгаад “чи авчихсан юм шиг байна” гэж хэлсэн. Гэр лүү явах замд жалга байдаг. Би эхнэртэйгээ тэр замаар явж байхад цагаан даавуутай юм харагдахаар нь очоод харахад суурин компьютер байсан. Бид хоёр аваад Баян-Эрдэнэд оруулж өгсөн. Энэ хэрэг болсноос хойш 4 хоногийн дараа оруулж өгч байсан” гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 22-23, 28-29/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33/, Э.Б-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 37/, Ч.Сын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 18-20/, Ч.Сын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 61, 72/, Ч.Сын өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 89-92, 104-113/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 16-ны орой Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 4-247 тоотод байрлах нийтийн байрны 6 тоот өрөөнд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Э.Б-ийн эзэмшлийн иж бүрэн суурин компьютерыг хулгайлан 1.214.640 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Э.Б-ийн /хх-ийн 28-29/: “...Би 2021 оны 06 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед гэрээсээ гараад шөнө 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь миний суурин компьютер байхгүй байсан. ...Манай хаалганы цоож жижигхэн болохоор татахад онгойгоод буцаагаад дарахад түгчигдэх боломжтой.  Компьютерийн дэлгэц, процессор, хулгана /mouse/ зэрэг эд зүйл алдагдсан. ...хажуу айлын Ч.С гэх ахыг сэжиглэж байна. ...компьютер алддаг өдөр Ч.С ах манай гэрт 2,5 литрийн нэг пиво авч орж ирээд надтай хамт уусан. Тэр үедээ суурин компьютер ямар үнэтэй байдаг талаар надаас асуугаад бас танай гэрийн цоож жижигхэн юм байна гэх зэрэг юм ярьж байсан. Өмнө нь нэг удаа манай гэрийн түлхүүрийг авч байсан болохоор сэжиглэж байна...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 32-33/,

 

Ч.Сын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 8-9/: “...Би 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд улмаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 4-247 тоотын 6 номерын Э.Б-ийн гэрийн хаалгыг татаж хүчээр онгойлгож гэрт нь байсан суурин компьютерийг дагалдах эд зүйлийг нь хулгайлж хажуу талын овоолсон шорооны хажууд нуусан бөгөөд удалгүй цагдаа нар хайгаад байхаар  нь Э.Б-д компьютерийг нь өгсөн...” гэх мэдүүлэг болон Э.Б-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 37/, зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Ч.Сд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, тухайн хэрэг гарсан өдөр хохирогч, шүүгдэгч нар хохирогчийн гэрт хамтдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, энэ үед шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийн үнийг сонирхож байсан, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг хохирогч мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирсон иргэний хөрөнгийг гэрт нь нэвтэрч нууцаар, зөвшөөрөлгүйгээр авч явсан, хулгайлсан эд зүйлээ өөр газарт нууж байсан, хэрэг асуудлыг цагдаа шалгах үед хохирогчийн эд зүйлийг нуусан газраасаа гаргаж хохирогчид буцаан өгснөө шүүгдэгч мэдүүлсэн, хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Ч.С нь Э.Б-ийн гэрээс эд хөрөнгийг нь хулгайлсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Ч.Сын мэдүүлгийг газар дээр нь шалгах болон түүнээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн тул уг баримтуудыг нотлох баримтад тооцохгүй хасах, улмаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан нь эргэлзээтэй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэстэй...” гэх агуулга бүхий хүсэлтэд дараах байдлаар хариу өгч байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн, хуулийн этгээд тодорхойгүй байгаа үед мөрдөгч нь ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс   гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Гэрч  өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” болохыг тусгайлан тайлбарлах ёстой.

 

Гэтэл мөрдөгч нь Ч.Сыг “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэсээр атал түүнээс үргэлжлүүлэн гэрчийн мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн боловч шүүх Ч.Сын гэрчээр өгсөн мэдүүлгийг түүнийг гэм буруутайд   тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   16.11 дүгээр зүйлд зааснаар энэхүү мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх шаардлагагүй гэж үзэв.

 

2021 оны 10 дугаар  сарын 01-ний өдөр Ч.Саас яллагдагчаар

мэдүүлэг авах ажиллагааны үед тэрээр “...өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...” хэмээн цаашид мэдүүлэг өгөхөөс татгалзжээ. Гэтэл тухайн өдөр Ч.Сын урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж, уг ажиллагааны тухай хэрэгт авагдсан баримт сэлт нотолгооны ач холбогдлоо алдсан байх боловч Ч.Сын “…Баян-Эрдэнийн гэрийн хаалгыг татаж хүчээр онгойлгож гэр нь байсан суурин компьютер, дагалдах эд зүйлсийг нь хулгайлж хажуу талын овоолсон шорооны хажууд нуусан...цагдаа нар хайгаад байхаар нь Баян-Эрдэнэд  компьютерыг нь өгсөн...” /хх-ийн 8-9/ гэсэн мэдүүлгээр, Э.Б-д компьютерыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 37/ зэргээр Ч.С хохирогчийн гэрээс эд хөрөнгийг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримтыг сэргээж нөхөн тогтоох боломжтой байна гэж шүүх үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед Ч.Сыг “бичиг мэдэхгүй” үндэслэлээр түүнд өмгөөлөгч томилуулахаар Хууль зүйн туслалцааны төвд хандаж байжээ. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоох явцад (урьд ял шийтгэгдсэн тухай шүүхийн шийтгэх тогтоолын хуулбаруудаар) тэрээр “бүрэн бус дунд” боловсролтой буюу бичиг мэдэхгүй гэх нөхцөл байдал арилжээ. Энэ нөхцөл байдлаас үүдэн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ч.Саас яллагдагчаар мэдүүлэг авахад түүний эрх ашиг нь зөрчигдсөн, мэдүүлэгт нь шууд ба шууд бусаар нөлөөлсөн, өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр түүний мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн гэж дүгнэхээр байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Ч.С хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй” гэх хүсэлт, гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шунахайн сэдэлтээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй Ч.Сын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт  хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт  хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид оногдуулах хорих ялын хэмжээг тогтоон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.С нь хохирогчид төлөх төлбөргүй;

 

урьд 3 удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн зэрэг болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн

нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор 2 жилийн хугацаагаар хорих ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан.

 

 Шүүгдэгч Ч.С нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэмт хэрэгт хамаарч байх ба тэрээр урьд өмнө батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, бусдад төлөх төлбөргүй тул түүнд зохих өршөөлийг үзүүлэх нь зүйтэй.

 

Иймд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн  7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор  тогтов.

 

Шүүгдэгч Ч.С энэ хэрэгт 15 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Б-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл хавтаст хэргийн 37 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч Ч.С энэ тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болно.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ч.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Сыг 2 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.                     

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Ч.С нь байнга оршин суух бүртгэлтэй байгаа газраа буюу .......эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрчлөх, зорчих, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт зорчих үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С 15 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

 

6.  Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ч.С зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ