Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/269

 

 

 

 

 

 

 

 

 

    2022       03          16                                     2022/ШЦТ/269

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

 

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;  

 

Улсын яллагч: Ц.Гэрэлбаатар;

 

Шүүгдэгч: Б.Э (өөрийгөө өмгөөлж)

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа;

 

Хэргийн дугаар.;

           

Шүүгдэгч Б.Э дугаартай: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн менежмент мэргэжилтэй, “А” хөгжмийн дэлгүүрт засварчин ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт  , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

Б.Э нь 2021 оны 10 дугаар сард 05-ны өдөр .... орцонд Г.Г-ийн “Самуснг Эс 9” загварын гар утсыг хана руу шидэж, мөн “Аникал” загварын rap утсыг нугасаар нь хугалж лифт рүү хаясан буюу уг гар утаснуудыг дахин ашиглах боломжгүйгээр устгаж 452.000 төгрөгийн,

мөн 2021 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө ..... гадна Г.Г-ийн “Самсунг А50” загварын гар утсыг хана руу шидэж дахин ашиглах боломжгүйгээр устгаж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Б.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулсан. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 11-12, 15/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20, 22-23/, Б.Эгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 32-36, 39/, Б.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогч Г.Г-ийн хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь нь 2021 оны 10 дугаар сард 05-ны өдөр .... орцонд Г.Г-ийн “Самуснг Эс 9” загварын гар утсыг хана руу шидэж, мөн “Аникал” загварын rap утсыг нь нугасаар нь хугалж лифт рүү хаясан буюу уг гар утаснуудыг дахин ашиглах боломжгүйгээр устгаж 452.000 төгрөгийн,

мөн 2021 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө ....байрны гадна Г.Г-ийн “Самсунг А50” загварын гар утсыг хана руу шидэж дахин ашиглах боломжгүйгээр устгаж 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Г-ийн /хх-ийн 11-12, 15/: “...”Самсунг эс 9 плас” загварын гар утсыг 2021 оны 10 сарын сүүлээр Б.Э надтай үл ялих зүйлээс маргалдаж миний халааснаас булааж аваад орцны хананд шидээд хагалж эвдэлсэн. Жижиг дэлгэгддэг гар утсыг мөн тухайн өдөр намайг лифтэнд суух гэж байхад хаалга барьж байгаад шууд миний гарнаас булааж аваад нугасаар нь хугалаад лифт рүү хаячихсан. Энэ асуудал ... болсон. Дараа нь 2021 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө .... гадаа бид 2 маргалдаж байгаад би явах гэхэд намайг явуулахгүй гээд миний гар утсыг аваад өгөхгүй байсан. “Ингээд явбал яваарай” гээд миний “Самсунг А50” гар утсыг байшингийн хананд саваад эвдэлсэн. Ашиглах боломжгүй болтол нь эвдэлчихсэн.  Би одоо ашиглахгүй байгаа. Хохирлоо багагдуулж авмаар байна” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 19-20, 22-23/,

 

Б.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 5/: “...2021 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө .... гадна найз охин Г.Гантуяатай ...хэрэлдэж би “утсыг чинь өгөхгүй” гээд гар утсыг нь байрны хажууд байдаг сэндвичэн хавтантай агуулах руу шидчихсэн. ...Би өмнө нь Г.Г-ийн барьж байсан 2 ширхэг гар утсыг нь эвдэлж байсан. Би ямар гар утас байсныг мэдэхгүй байна. Тухайн үедээ гар утсыг нь эвдлээд лифтний нүхээр доошоо шидчихсэн. Энэ асууудал зүүн 4 замын Зүүн хүрээ хотхон дотор 2021 оны 10 сарын үед болсон...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Б.Эд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох  баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр бусдын өмчлөлийн гар утаснуудыг хана руу шидэх, нугасаар нь салгаж хугалах зэргээр санаатайгаар эд хөрөнгийг нь дахин ашиглах боломжгүйгээр эвдэж устгаснаа өөрөө болон хохирогч зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон“ зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Б.Э нь Г.Г-ийн эд хөрөнгийг санаатайгаар устгасныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж 852.000 төгрөгийн хохирол учруулсан Б.Эгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Г.Гантуяа нь “...хохирлын мөнгө болох 852.000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн. Гомдолгүй болно” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ