Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/88

 

 

 

2022 01 11                                       2022/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1354 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Гын Монгол гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн Самсунг загварын зурагтыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Д.С нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Гын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрээс 32 инчийн Самсунг загварын зурагтыг хулгайлан авч гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Гын мөрдөн байцаалтад өгсөн:

2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэрээсээ эхнэр, охины хамт 11 цагийн үед гараад эмнэлэг орсон. Манай охин кино үйлдвэрийн буудлаас автобусанд суугаад буцаад гэр рүүгээ харьсан. Охиныг гэрт ирэхэд хаалга онгорхой гэрт хулгай орж зурагт алдагдсан байсан. Энэ талаараа над руу утсаар ярьж хэлсэн гэх мэдүүлэг /хх 12/,

Хэргийн газрын үзлэг хийсэн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн: “... үүдний амбаар гаднаа ил цоожтой байсан гэх ба цоожийг эвдэж хулгайч орсон байв. Эвдлэгч багажийн мөр байсныг криминалистик шинжээч Г.Сайнбаяр гэрэл зургаар бэхжүүлэв. Гэрт ороход доторх зүйл эмх замбараагүй байдалтай байсныг гэрэл зургаар харуулав. Гэрийн хойморт цагаан өнгийн зурагтын тавиур байх ба дээр нь байсан зурагт алдагдсан гэх тул криминалистик шинжээч Г.Сайнбаяр 3 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэн энгийн нунтаг ашиглан мөр эрэхэд зурагтын тавиурын тавцангийн гол хэсгээс 1.2 гэж дугаарлан 2 ширхэг мөр илрүүлэн бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 05-08/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно компанийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн БЗД2-21-451 дугаартай: “32 инчийн Самсунг маркийн зурагтыг 280.000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хх24-25/,

Шүүгдэгч Д.Сын мөрдөн байцаалтад өгсөн: Манай эхнэр Отгонсувд нь өөрийн аав ээжтэйгээ мөнгөний асуудалтай байсан. Эх орны хишиг гэж орсон 300.000 төгрөгийг нь манай хадам аав ээж аваад өгөөгүй. Ер нь бол мөнгөө авах гэж хэд хэдэн удаа очиход янз бүрийн шалтаг тоочоод мөнгийг өгөөгүй. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрт нь очиход гэрт нь хүн байгаагүй тэгэхээр нь би хаалгыг эвдэж ороод зурагтыг авч гараад ломбардад тавьсан юм гэх мэдүүлэг /хх 42/,

- гэмт хэрэг захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 04/,

- эд зүйлийг хүлээлгэн өгсөн “... Хар өнгийн Самсунг гэсэн бичиглэлтэй 32 инчийн зурагт 1 ширхгийг .....хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл /хх 28/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хавтаст хэргээс Д.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 32-35/, хувийн байдлын талаарх баримт /хх 36-38, 53-54/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Сад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

Гэмт хэрэг үйлдэгдсэн байр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр байх бөгөөд хохирогчийн гэр бүлийн гишүүдийн хамтаар амьдран суух энэ объект нь нэг субъектийн эрх ашиг, орон зайг нөгөө субъектийн орон зай, үйлдлээс тусгаарлаж байдаг байдлаараа тусгайлан хамгаалсан байранд хамаарах юм.

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

Шүүгдэгч Д.С нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.С нь бусдын эд зүйлийг хулгайлж авах санаа сэдэл төрж улмаар гүйцэлдүүлсэн. Энэ үйлдэл нь түүний хүсэл зоригийн дагуу хүсэж хийгдсэн санаатай үйлдэл юм.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Сыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Сыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг буцаан өгсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүгдэгч буцаан өгсөн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирогч Ц.Г нь эд зүйлээ буцаан авсан, гомдол саналгүй болохоо илэрхийлснээр тогтоогдсон учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.Сын үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс 5 жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир түүнд оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан хорих байгууллагад биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өршөөж, уг хугацаанд хуульд заасан тодорхой үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгчид дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Дийн Сыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Сыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож дүйцүүлэн сольж өршөөсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сад Улаанбаатар хотын хүрээнээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг нэг жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ