| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0047/И |
| Дугаар | 40 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 40
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 57 дугаар байр 87 тоотод оршин суух Боржигон овгийн Сономын Мэндбаяр /РД:ПЮ80012114/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Аянчин Фоор Сийсонз Лодж” ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгасан нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Аянчин Фоор Сийзонз Лодж” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан жолоочоор ажилд орсон. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 12/01 гэсэн дугаартай захирлын тушаалаар ажлаас халсан. Би ажиллах хугацаандаа зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Иймд намайг өмнө ажиллаж байсан ажил болох “Аянчин Фоор Сийзонз Лодж” ХХК-д жолоочоор ажилд томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих журмын дагуу тооцон дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Мэндбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан татгалзал зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Мэндбаяр нь хариуцагч “Аянчин Фоор Сийсонз Лодж” ХХК-иас Ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж бичгээр хүсэлтээ ирүүлжээ.
ИХШХШТ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...нэхэмжлэгчийн татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана.” гэж заасан.
Дээрх нөхцөл байдал энэ хэрэгт үүссэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож нэхэмжлэгч Налйх дүүргийн Татварын хэлтсийн татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Мэндбаярын нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн 6 дугаар хороо“Аянчин Фоор Сийсонз Лодж” ХХК-д холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч С.Мэндбаяр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ