Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2049

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/01647 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “А К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Н-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1 704 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Д.Н-тай байгуулсан “Орон сууцны барилга захиалгаар барьж, нийлүүлэх гэрээ”-ний дагуу түүнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдын орон сууцны 5 давхарын 2 өрөө орон сууцыг хүлээлгэж өгсөн. Д.Н нь тус орон сууцандаа 2016 оны 11 дүгээр сард орсон боловч талбайн хэмжээний зөрүү төлбөр болох 1 704 000 төгрөгийг төлөөгүй. 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор зөрүү төлбөрийг өгнө гэж мэдэгдсэн боловч өгөхгүй өнөөг хүргэлээ. Манай компани “Айзарзоне” ХХК-иас тус барилгын ажил гүйцэтгэх гэрээг шилжүүлж авсан бөгөөд шилжүүлж авсны дараа орон сууцны талбайн хэмжээг эрх бүхий этгээд болох “Петронастауэр” ХХК-иар хэмжилт хийлгэхэд Д.Н-ын орон сууцны талбайн хэмжээг 46,68 м.кв болохыг тогтоосон. Иймд түүнээс орон сууцны талбайн хэмжээний зөрүү буюу орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 1 704 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдын орон сууцанд захиалга өгч “Айзарзоне” ХХК-тай 45,26 м.кв орон сууцны захиалгын гэрээ хийсэн. Уг захиалгын гэрээнд барилгын ажлын 80 хувь хийгдсэн орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор захиалагчид хүлээлгэж өгнө гэж тусгасан боловч ашиглалтанд оруулаагүй. Гэтэл “Айзарзоне” ХХК цаашид барилгын ажлыг хийж гүйцэтгэхгүй боллоо гэсэн шалтгаанаар 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр “А К” ХХК-ийн захирал О.Б-той захиалгын гэрээг шинэчлэн хийсэн. Уг гэрээнд 45,26 м.кв орон сууцыг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор захиалагчид хүлээлгэж өгөх орон сууцны захиалгын гэрээ хийсэн. “А К” ХХК-ийн захирал О.Бямбадорж “Анх гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн төлбөр 17 651 400 төгрөг “А К” ХХК-ийн дансанд шилжсэн байгаа учир гэрээг шинэчилж хийж байна” гэж хэлсэн. Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 2015 оны 10 сард 10 000 000 төгрөг, 11 сард 7 651 400 төгрөгийг “Айзарзоне” ХХК-ийн төрийн банкны дансанд, 2016 оны 11 дүгээр сарын 14-нд 35 160 600 төгрөгийг “Голомт” банкны 8 хувийн зээлээр “А К” ХХК-ийн дансанд, 2017 оны 2 дугаар сарын 13-нд 1 500 000 төгрөгийг “А К” ХХК-ийн захирал О.Бямбадоржийн нэр дээрх “Хаан” банкны дансанд тус тус төлсөн. Миний бие “Хаан” банкнаас орон сууцны зээлийн 8 хувийн зээлд хамрагдах гээд банкин дээр очиход захиалга өгсөн орон сууцны маань 45,26 м.кв өөрчлөгдөж 46,68 м.кв болсон байсан. Ингээд захирал О.Б-той холбогдож асуухад дахин хэмжилт хийлгэсэн, би илүү гарсан м.кв-ын зөрүүнд төлөх мөнгийг хүлээж авсан гээд банкинд бичиг хийгээд өгье, зээлээ аваад гэрчилгээгээ гаргуулчих гэж хэлсэн. Ингээд би банкнаас зээлээ авч, миний үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гарсан. Метр квадрат өөрчлөгдөх болсон шалтгаан, эрх бүхий байгууллагаар баталгаажуулалт хэмжилт хийлгэсэн акт, дүгнэлтийг өгөөгүй учраас би 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Гандирс од” ХХК-иар хэмжилт хийлгэхэд захиалсан орон сууцны хэмжээ нь 45,97 м.кв байна гэсэн дүгнэлт гарсан. “А К” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний 3.9-д “Гүйцэтгэгч гэрээнд зааснаар орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд худалдан авагч хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний дагуу алданги тооцон авах болон учирсан хохирлыг шаардах эрхтэй”, 4.2-т “Гүйцэтгэгч ... 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгнө”, 4.4-т “гэрээг байгуулснаас хойш орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаанд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх үүрэгтэй”, 4.9-д “Гүйцэтгэгч захиалагчид гэрээний үнэ төлсөн тохиолдол бүрт нотлох баримтын шаардлага хангасан санхүүгийн баримт өгөх үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчиж гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, орон сууц ашиглалтанд өгөх гэрээнд заасан хугацаанаас 6 cap хэтрүүлэн ашиглалтад оруулснаас манай гэр бүл сарын 450 000 төгрөгөөр байр хөлсөлж 5 сарын түрээсийн төлбөрт 2 250 000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг “А К” ХХК-иас нэхэмжлээгүй. Мөн өнөөдрийг хүртэл тус компани хуульд заасны дагуу төлбөрийн баримт олгоогүй учир 2 хувийн буцаан олголтын 1 056 240 төгрөгийг буцаан авч чадаагүй хохирч байна. Төлбөрийг төлж дуусгана гэсэн баримт хийж өгсөн нь үнэн, гэхдээ 1 704 000 төгрөгийг төлнө гэж хэлээгүй, ямар ч гэсэн зөрүү байгаа юм байна тэр хэмжээнд нь төлнө гэж л баримт бичиж өгсөн. Шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлтээр орон сууцны талбайн хэмжээг 46,08 м.кв гэж тодорхойлсон учир энэ хэмжээгээр талбайн зөрүү төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Миний бие нийт 54 312 000 төгрөгийг нэхэмжлэгч компанид төлсөн учир талбайн зөрүү төлбөр буюу орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 984 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байна. Үүнээс илүүг төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Н-аас 984 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А К” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 720 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 42 220 төгрөг төлснийг дурдаж. хариуцагч Д.Н-аас улсын тэмдэгтийн хураамж 28 166 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А К” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч “А К” ХХК-иас шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлс 58 499 төгрөг гаргуулан хариуцагч Д.Н-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Байдолда давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн эрх бүхий байгууллагын бүрэн эрхийн гаргасан байрны талбайн хэмжээг 46,68 м,кв байхаар баталсан улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг аливаа баримт бичгийн зөв, буруу эсэхийг тогтоогоогүй байж гаднаас нь шууд үгүйсгэж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох эрх шүүхэд олгогдоогүй байна. Мөн байраа хүлээж авах үедээ эргэлзээ төрвөл уг байрны талбайн дутуу хэмжээс буюу доголдлын талаар мэдэх боломжтой өөрөөр хэлбэл мэдэх боломжгүй доголдол гэж үздэггүй. Учир нь талбайн хэмжээг шууд метрлэж хэмжээгүй. Талбайн хэмжээг нотолсон бусад баримтыг худалдагчаас шаардах эрхтэй байтал асууж аваагүй. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт  заасан  заалт нь зохигч талд аль алинд нь хамаарч байх тул хариуцагч эрхийн дагуу хариу үйлдлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрөх эрхээ алдаж байна. Учир нь хариуцагч Д.Н нь 2017 оны 11 сард уг байранд орсоноос хойш өдгөө 7 сарын хугацаа өнгөрсөн учраас  байрны талбайн хэмжээ, түүний үнэ, төлбөрийн талаар хөндөгдсөн асуудлыг хариуцахгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх нь хуулиар харилцан зохицуулсан зохигчийн нэг тал хариуцагчийн эрхийг алдсан гэж үзэхээр байна. Шүүх “Арккад” ХХК-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэсэн байна. Гэтэл “Арккад” ХХК-ийн гаргасан дүгнэлт  шаардлага хангаагүй, баталгаажаагүй байхад заавал шүүхийн шатанд томилсон этгээдийн гаргасан дүгнэлт зөв байх тухай хуулийн зохицуулалт байхгүй.  Хариуцагчийн өгсөн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн гар баримтад үнийн дүн заагаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Шүүх зөвхөн дан ганц нэхэмжлэгчийн хүсэлтээр “Арккад” ХХК-ийг шинжээчээр томилсон болохоос бус бусдын гаргаагүй хүсэлт, хийгээгүй үйлдлийг хийсэн мэтээр зохигчид маргаагүй гэж гуйвуулан мушгиж байна.  Тиймээс 46,08 м.кв-ыг  хууль бус аргаар шүүгчийн эрх мэдлийг урвуулан ашиглаж бусдад хүч хэрэглэхгүйгээр албадан хүлээн зөвшөөрүүлсэн байна. Иймд  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 720 000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

                                                    ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “А К” ХХК нь хариуцагч Д.Н-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1 704 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

            Зохигчид 2016 оны 2 сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “А К” ХХК Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Засаг даргын тамгын газрын ажилчдын байр, 5 давхарт байрлах 2 өрөө, 45,26 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх, хариуцагч Д.Н нь 1 м.кв нь 1 200 000 төгрөгийг, нийт 54 312 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Анхан шатны шүүх талууд хэдийгээр орон сууц захиалгаар барих нэртэй гэрээ байгуулсан боловч маргааны зүйл болох орон сууцыг өмнө нь буюу 2015 онд “Айзарзоне” ХХК барьж, барилгын хана, тааз, бүрэн хийгдсэн үед барилгын ажлыг “А К” ХХК үргэлжлүүлэн хийсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

            Талууд орон сууцны талбайн хэмжээний талаар тус тусдаа хэмжилт хийлгэсэн, уг хэмжилтийн дүгнэлтүүдээр талбайн хэмжээ харилцан адилгүй зөрүүтэй гарсан байна. /хх-ийн 4-6, 19-23 дугаар тал/  Иймд анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, шинжээч “Арккад” ХХК-иас маргааны зүйл болох орон сууцны талбайн хэмжээг 46,08 м.кв болохыг тогтоосон дүгнэлтийг үндэслэн, худалдан авагч нь гэрээнд заасан хэмжээнээс илүү эд хөрөнгө хүлээн авсан гэж дүгнэж, хариуцагчаас гэрээнд заасан хэмжээнээс илүү хэсэг буюу орон сууцны талбайн зөрүү төлбөрт 984 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47  дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилж болно” гэж заасны дагуу анхан шатны шүүх талуудын маргааны зүйлийг тодруулахаар шинжээч томилсон нь дээрх хуульд заасныг зөрчөөгүй.

 

            Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай,  ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлжээ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.  

           

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/01647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ