Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2015/0456

 

2015 оны 9 сарын 30 өдөр

Дугаар 456

Улаанбаатар хот

 

Т ТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, гуравдагч этгээд С.С.Ж нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 381 дүгээр шийдвэртэй, Т ТББ-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээрхянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТБЭЭАХХ ТББ-ны тэргүүн Б.Б 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ОХУ-ын нэр дээрх улсын бүртгэлийн Ү-2202005427 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн 22 дугаар хорооны 7 дугаар байрны өмчлөх эрхийн 22851 тоот гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2204008823 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны орон сууцны 7 байрны өмчлөх эрхийн 24786 тоот гэрчилгээг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 483 дугаар шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны 2013 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 76 тоот тогтоолоор хэвээр үлдээж байсан.

Гадаад харилцааны яамны 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/5258 тоот албан бичигт Монгол Улсад байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн маргаантай асуудлыг зохицуулах Ерөнхий сайдын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 56 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б-н 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн 3/354 тоот албан бичигт ОХУ-ын зарим үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг оршин суугчид шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцуулсан ба дахин энэ ажиллагаагаа үргэлжлүүлэх аваас нэр бүхий 8 байрыг Монгол Улсад өгөхгүй гэж ОХУ-ын зүгээс сүрдүүлсэн тухай дурдсан байдаг.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь өмчийг удирдах газрын дарга Е.В. П-с 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдөр ирүүлсэн 3188/02-54 тоот албан бичигт Дархан хотын 7 дугаар байр нь Засгийн газар хоорондын хэлэлцэх асуудал учир ажлын хэсэг энэ асуудлыг шийдэх хүртэл хэргийг хойшлуулахыг хүссэн байсан.

Монгол Улс ОХУ-ын Засгийн газар хооронд ажлын хэсгийн хэмжээнд яригдаж буй 8 байр нь 2008-2009 онуудад Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хүчингүйд тооцуулсан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 11, 12, 13 дугаар байр, Баянгол дүүргийн 017 дугаар, Дархан хотын 22 дугаар хорооллын 3, 4 дүгээр байр нийт 6 байр, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 1, 7 дугаар нийтдээ 8 байр юм. Бидний нэхэмжлэлд дурдсан Дархан-Уул аймгийн 22 дугаар хорооллын 7 байр Монгол Улсад шилжүүлэх 8 байрны жагсаалтад ороогүй болно.

Монгол Улсын Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсгийн ахлагч Ж.Б, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх газрын дарга Е.В. П нар үгсэн хуйвалдаж, шүүхэд худал мэдээлэл өгч төөрөгдүүлсний улмаас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан. Шүүхийн шийдвэр гарснаар хойш 1,6 жил ямар ч асуудал шийдэгдээгүй.

Хэргийг хэрэгсэхгүй болгочихвол 2013 оны 12 дугаар сард хуралдах Засгийн газар хоорондын хуралдаанаар 8 байрыг МУ-ын талд шилжүүлээд ирнэ гэж шүүхэд гаргасан амлалт, мэдэгдэл, албан бичгүүд огт худал зүйл болох нь нотлогдоод 1 жил болсон ба Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б-н албан бичигт Монголын талд ирүүлэхээр яригдаж байгаа дээрх 8 байр нэмээд 40 байрны газрыг бүхэлд нь ОХУ-ын мэдэлд шилжүүлэх түүний дараагаар 8 байрны асуудлыг шийдвэрлэнэ гэжээ. Энэ нь Монгол Улсын газрыг ОХУ-д хууль бусаар бэлэглэнэ гэсэн үг бөгөөд тус холбооны зүгээс энэхүү хууль бус ажиллагааны талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шалгуулахаар ажиллаж байгаа бөгөөд ОХУ-аас Монгол Улсад шилжүүлэх орон сууцны асуудал мухардалд орсон байна.

Иймд Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн 2204008823 дугаарт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд орших 7 дугаар барилгыг, 2202005427 дугаарт Дархан-Уул аймгийн 22 дугаар хороололд орших 7 дугаар барилгыг тус тус Оросын Холбооны Улсын өмчлөлд бүртгэснийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 24786, 22851 дугаар гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008823 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 325 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 7 дугаар байрны өмчлөгчөөр ОХУ бүртгэлтэй байх бөгөөд 2000 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр МУИС-тай байгуулсан түрээсийн гэрээ бүртгэлтэй байна.

БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протоколоор манай улсад байрлаж байсан зөвлөлтийн мэргэжилтнүүдэд зориулж 1971-1975 онуудад 50000 м.кв талбайтай орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилгыг зөвлөлтийн барилгын байгууллагын хүчээр барих, уг барилгууд нь ЗСБНХУ-ын өмч байхаар шийдвэрлэсэн байна.

Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1971 оны 5 тоот тогтоолоор ЗХУ-ын мэргэжилтэн, ажилчин нарын 41000 м.кв талбайд орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилгыг барьж байгуулахыг зөвшөөрөн газар олгосон зэрэг ОХУ-ын өмчлөх эрхийг нотолсон баримт бичгүүдийг хавсаргаж өгснийг үндэслэн ОХУ-ын өмчлөлд 1999 оны 12 дугаар сарын 3-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008823 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 24786 тоот гэрчилгээг олгосон байна. Дээрх бүртгэл нь 1997 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2-т заасан нотлох баримтыг мэдүүлэгт хавсаргасныг үндэслэн бүртгэсэн байх тул хууль зөрчөөгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа төрийн болон орон нутгийн өмчид хамаарахаас бусад газар, газраас салгамагц зориулалт, эдийн засгийн агуулгаа алдах барилга байгууламж...-г улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан. Энэ нь Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчид хамаарах тул гадаад улсын өмчийг улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зөрчөөгүй.

Иргэний хуулийн /1994 оны/ 75 дугаар зүйлийн 75.1-д гадаад улс, түүний иргэн, хуулийн этгээд, түүнчлэн олон улсын байгууллага, харьяалалгүй хүн Монгол улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөгч байж болно.

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, өмчийн газрын кадастрын зургийг мэдүүлэгт хавсаргах тухай заалт 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд нэмж орсон бөгөөд 2000 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар эдгээр заалт нь үйлчлээгүй байсан байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хилийн чанад дахь өмчийг удирдах газрын дарга С.С.Ж 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Улаанбаатар хотын 15 дугаар бичил хорооллын 7 дугаар байр болон Дархан-Уул аймгийн 22 дугаар бичил хорооллын 7 дугаар байр 1971 оны Засгийн газар хоорондын протоколд нийцүүлэн баригдсан юм. Дээрх заагдсан ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийн объектын бүртгэл нь 1999 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн ОХУ-ын Төрийн өмчийн Сайдын Орлогч дарга М В.Г., ОХУ-ын Гадаад харилцааны яамны сайдын орлогч дарга С И.И. болон МУ-ын Төрийн өмчийн хорооны дарга Д.З, МУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга О.О нарын хоорондын ажлын уулзалтын протоколоор баталгаажсан. Талуудын хүрсэн тохиролцоонд нийцүүлэн явагдсан бөгөөд энэ талаар 2000 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6774 тоот ОХУ-ын ГХЯ-ны нот бичиг үйлчилж байгаа хууль тогтоомжийн актын үндсэн дээр Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгө болон ОХУ дахь Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийг багцаар нь бүртгэхээр болсон юм.

2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах болон хэргийг хэрэгсэхгүй болгосон.

МУ-ын хууль тогтоомжид нийцүүлэн нэхэмжлэл гарган мэтгэлцэж байгаа төр засгийн байгууллагын зүгээс эрх, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн этгээдүүд эдэлдэг юм. Гадаад улс орны эд хөрөнгийн хувьд Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хууль зүйн, үндэслэл байхгүй бөгөөд шаардлага нь утгын хувьд учир утгагүй юм.

Шүүхийг төөрөгдөлд оруулах зорилгоор шүүхэд үнэн зөв бус мэдээлэл хүргүүлэх, дарга нар хуйвалдсан, худал ярьсан тухай үндэслэлгүй мэдэгдэл нь ОХУ-ын МУ-ын хууль ёсны төлөөлөгч болон өндөр албан тушаалтны өндөр зэрэг, нэр хүндийг доромжлон унагааж байгаа юм.

Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийн объектын эзэмших статус нь ОУ-ын эрх зүйн актуудаар баталгаажсан бөгөөд эдгээр актууд нь 1969 оны ОУ-ын гэрээний эрх зүйн тухай Венын конвенц болон ОУ-ын хэлэлцээрийн залгамжлах зарчимд нийцүүлэн Монгол Улс болон ОХУ-аас хүчин төгөлдөр байгаа тухай хүлээн зөвшөөрч байгаа юм. ОУ-ын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн гарч байгаа асуудлыг талууд хоорондын хэлэлцээрийн замаар зохицуулагдах ёстой юм.

Монгол Улсад байгаа ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх талаарх ажлыг Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг болон шинжлэх ухаан, техникийн комиссын хүрээнд байгуулсан Монгол, Оросын ажлын хэсэг үргэлжлүүлэн эрхэлж байгаа.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 483 дугаар захирамжийн үндэслэл хэсэгт Засгийн газар шийдвэрлэх боломжийг тогтоосон юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй захирамжийг хэвээр үлдээсэн гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 381 дүгээр шийдвэрээр: Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 6 дугаар зүйлийн 1, 7, 9 дүгээр зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т ТББ-ын төлөөлөн нэхэмжлэлийг хангаж, 1999 оны 12 дугаар сарын 3-ны өдөр улсын бүртгэлийн 2204008823 дугаарт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд орших 7 дугаар барилгыг, 2202005427 дугаарт Дархан-Уул аймгийн 22 дугаар хороололд орших 7 дугаар барилгыг тус тус Оросын Холбооны Улсын өмчлөлд бүртгэснийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 24786, 22851 дугаар гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: 2015.06.16-ны өдрийн Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн 381 дүгээр шийдвэрийг дараах нөхцөл байдлын улмаас хууль бус ба үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүх хэргийн талаар нөхцөл байдлыг судлалгүйгээр өөрийн шийдвэрээр аль хэдийн хүчингүй болсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 24786, 22851 тоот гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Үнэн хэрэгтээ, Нийслэлийн БЗД-ийн 4 дүгээр хорооны 15 дугаар хороолол байрлах 7 дугаар барилга дээр 24786 тоот гэрчилгээ нь хүчингүй болсон, учир нь 2015.10.21-ний өдрөөс эхлэн 000362167 дугаар гэрчилгээ хүчинтэй болсон юм. Монголын талд үнэ төлбөргүй хүлээлгэхээр төлөвлөсөн үл хөдлөх эд хөрөнгийн объектын хууль ёсны хаяг тодорхой болгох явцад шинэ гэрчилгээ олгогдсон юм.

Дархан-Уул аймгийн 22 хороололд байрлаж байгаа 7 дугаар орон сууц байрны 22851 тоот гэрчилгээний хувьд гэвэл, байрлаж байгаа байршлаар нь үл хөдлөх эд хөрөнгийн дахин бүртгэлтэй холбоотойгоор Дарханд байрлаж байгаа, ОХУ-ын өмч үл хөдлөх эд хөрөнгийн объектын бүртгэлийн бүх материалыг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн бүртгэлийн газраас Дархан-Уул аймгийн бүртгэлийн газарт хүлээлгэсэн бөгөөд дээрх гэрчилгээ нь мөн л хүчингүй болсон юм.

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь төр засгийн байгууллагын маргаантай шийдвэрээр зөрчигдсөн этгээд нэхэмжлэлийн өргөдөл гаргах эрхийг эдэлдэг юм. Гадаад улсын эд хөрөнгийн бүртгэлийн үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөнийг тогтоох ямар нэгэн оролдлого шүүхийн зүгээс гараагүй юм. Нэхэмжлэл гаргах зорилгоор зүйл, хууль эрх зүйн үндэс нэхэмжлэлийн өргөдөлд байхгүй бөгөөд шаардлага нь үнэндээ утгагүй.

Дээрх илэрхийлсэн зүйлийг авч үзэж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 381 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох, Улаанбаатарын 15 дугаар бичил хорооллын 7 дугаар байр болон Дархан-Уул аймгийн 22 дугаар хорооллын 7 дугаар байр дээр ОХУ-ын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай 29 дүгээр нэхэмжлэлийн талаар шаардлагыг хангахгүйгээр хэвээр нь үлдээж, хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсье. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Т” Төрийн бус байгууллага нь оршин суугч иргэдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 22 дугаар хороололд байрлалтай, 7 дугаар байрыг 2202005427 дугаарт бүртгэж, 22851 дүгээр гэрчилгээ олгосныг, мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байрлалтай, 7 дугаар байрыг 2204008823 дугаарт бүртгэж, 24786 дугаар гэрчилгээ олгосныг тус тус илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2 барилгыг улсын бүртгэлд бүртгэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ... эд хөрөнгийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлд заасныг үндэслэн улсын бүртгэлд бүртгэнэ”, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг хянан үзэж, зохих шийдвэр гаргах”, 7 дахь хэсэгт заасан “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой газрын кадастрын зураглал, түүний хэмжээ болон шаардлагатай бусад үзүүлэлтүүдийг бүртгэлд хавсарган хадгалах”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүртгэлийн байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэх үйл ажиллагааг орон нутагт эрхлэн явуулах нэгжтэй байна”,  9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “мэдүүлэгт ... дараах бичиг баримтыг хавсаргана: 1/тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт; 2/ тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын бичиг баримт;” зэргийг бүрдүүлж өгнө гэсэн заалтуудыг зөрчиж бүртгэсэн нь хууль бус болохыг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоосны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, уг бүртгэлүүдийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, бүртгэлийг үндэслэж олгосон гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон байна.

            Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч “Т” ТББ-аас өмнө нь захиргааны хэргийн шүүхэд хандаж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороололд байрлалтай 11, 12, 13 дугаар байрууд, Баянгол дүүргийн 2 дугаар хороололд байрлалтай 24 айлын 17 дугаар байр, Дархан-Уул аймаг, Дархан сумын 22 дугаар хороололд байрлалтай 3, 4 дүгээр байруудыг бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлүүдийг дээрхтэй агуулгын хувьд адил үндэслэлээр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 112 дугаар тогтоол, 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоол, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр тус тус хангаж, холбогдох бүртгэлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, гэрчилгээг хүчингүй болгожээ.

            Хуулийн хүчин төгөлдөр дээрх шийдвэр, тогтоолуудаар бүртгэлүүд нь илт хууль бус болох нь тогтоогдож, гэрчилгээнүүд нь хүчингүй болсон байруудтай одоогийн маргаж буй байрны бүртгэлийг 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр багцаар нь бүртгэж, гэрчилгээ олгосон байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2 байрны бүртгэл, гэрчилгээ нь цаг хугацаа, үйл баримт, үр дагавар, нөхцөл байдлын хувьд адил байсан болох нь хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

            Түүнчлэн нэхэмжлэгчдийн эрх зүйн байдал, мөн тэдгээрийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан ТББ болон нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл зэргээс үзэхэд эрх зүйн адил нөхцөл байдалд өмнө нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, тогтоолоос өөрөөр дүгнэх нь боломжгүй.

            Гуравдагч этгээдээс “...бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдөж буй эсэх нь тодорхойгүй, энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй...” гэж тайлбарладаг ч дээр дурдсан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 121 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 197 дугаар магадлалаар “түрээсээр оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа гэх үндэслэл тогтоогдоогүй” гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 112 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, мөн уг тогтоолыг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээдээс Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзсэн Улсын Дээд шүүхийн 2008 оны 6/3253 дугаар албан бичиг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь тэдгээрийн амьдарч буй байрыг ОХУ-ын өмчлөлд бүртгэгдсэн бүртгэлийн улмаас зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

            Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, ямарваа байдлаар зөрчигдсөн тохиолдолд шүүх актыг хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх учиртай.

            Нөгөөтээгүүр энэхүү маргааны хувьд тухайн байрууд нь хэн нэгний өмчлөлд байх эсэх асуудлыг хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлын хэсэг эцэслэн шийдвэрлээгүй байгааг гуравдагч этгээдийн зүгээс үгүйсгээгүй байна.

            Түүнчлэн гуравдагч этгээдээс Баянзүрх дүүргийн 15 дугаар хороололд байрлах 7 дугаар байранд шинэ гэрчилгээ олгогдсон гэж гомдолдоо дурдсан байх бөгөөд уг шинээр олгогдсон гэрчилгээ нь энэхүү шүүхийн шийдвэрээр илт хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгдсэн бүртгэлийн 2204008823 дугаарыг үндэслэж олгогдсон тул ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болно.

             

            Дээрх үндэслэлээр хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 381 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                                

                                              

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ