Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00160

 

 МБ ИХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00464 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 711 дүгээр магадлалтай,

 МБ ИХХК-ийн нэхэмжлэлтэй,

“А Т” ХХК-д холбогдох,

Гэрээнээс татгалзснаас учирсан эд хөрөнгийн алдагдал, орох байсан орлого 15 000 ам.доллар буюу 40 000 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч О.Чимгээгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа  нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А Т” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/36 тоот “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ээр  МБ ИХХК-иас Беларусь улсад үйлдвэрлэсэн 85 000 ам.долларын үнэтэй үр тарианы комбайн Палессе КЗС-575 маркийн техникийг худалдан авч, эцсийн төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 31-ний дотор хийхээр тохиролцсон байсан. Худалдсан эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэдэг үндэслэлээр гэрээнд өөрчлөлт оруулах санал ирүүлсэн байдаг ба саналыг хүлээн авах боломжгүй тохиолдолд гэрээнээс татгалзах тухайгаа албан бичгээр ирүүлсэн. Бидний зүгээс саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж талууд дээрх гэрээнээс татгалзаж өгсөн авсан зүйлсээ харилцан буцаасан.

Манай компанийн хувьд дээрх эд хөрөнгийг Беларусь улсын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэгч талд үнийг төлсөн байдаг ба дараагийн худалдан авагчтай 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулан тухайн эд хөрөнгийг өмнө нь ашиглаж байсан хуучин техник гэдэг шалтгааны улмаас 70 000 ам.доллароор худалдан борлуулсан.

Хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон шалтгаан нь гэрээний үүргийн зөрчил болох ба үүнээс болж манай тал тухайн эд зүйлийг 15 000 ам.долларын зөрүүгээр бусдад худалдсан. Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасанчлан Монгол банкны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ханшаар нэгж үнэ 2 666.72 төгрөгөөр тооцож 40 000 800 төгрөгийг хариуцагч болох “А Т” ХХК-иас гаргуулан  МБ ИХХК-д олгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/36 тоот гэрээний дагуу 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэрээний 5 хувь болох 4 250 ам.доллар буюу 10 535 750 төгрөгийн урьдчилгаа төлөн Палессе-КЗС-575 үр тарианы комбайн зээлээр худалдан авсан. 2017 оны зун манай орны хэмжээнд ган болж, газар тариалангийнхан тэр намартаа ургац алдаж, мэргэжлийн байгууллагууд энэхүү байдлыг байгалийн давагдашгүй хүчин зүйл хэмээн тодорхойлсон. Манай компани ч мөн бусдын адил ганд өртөж, ургацынхаа 89 хувийг алдаж ихээхэн хохирол хүлээсэн.

Ийнхүү байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан 2017 оны намар дээрх гэрээний хуваарьт төлбөрөө төлөх боломжгүй болсон тул манай компанийн зүгээс гэрээний төлбөр төлөх хуваарийг 2018 оны 12 дугаар сарын 15-ны дотор болгон хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, мөн энэ хүсэлтийг хүлээн авах боломжгүй бол 2017/36 тоот гэрээний 2.3.2-т заасны дагуу техникийг буцаахаас өөр аргагүй байдалд хүрч байна гэсэн 2017/031 албан тоотыг хүргүүлсэн. Албан тоотод Өвөрхангай аймгийн Хархорин сумын засаг даргын ургац алдсан тухай албан тодорхойлолтыг хавсаргасан.

Албан тоотыг “А Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэсолонго, менежер Ц.Мөнхбаяр нар хүргэж, тэд  МБ ИХХК-ийн захирал А.Болдтой уулзахад 2017 онд гантай байсны улмаас танайхаас өөр олон компаниуд төлбөрийн чадамжгүй болж ийм хүсэлт гаргаад байгаа ба нааштайгаар шийднэ гэсний зэрэгцээ 2017/36 тоот гэрээг шинэчилж хийхгүйгээр гэрээний төлбөр төлөх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 15-ны дотор болгон хойшлуулахаар тохиролцсон билээ.

Гэвч  МБ ИХХК-ийн менежер Л.Ганхуяг нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах “А Т” ХХК-ийн үтрэмийн талбай дээр ирж “А Т” ХХК нь 2017/36 тоот гэрээний үүргээ биелүүлээгүй учир уг гэрээний 2.3.2-т “Гэрээнд заасан хуваарьт хугацаанд зохих төлбөрийг төлөөгүй тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцаахгүйгээр үл маргах журмаар техникийг худалдан авагч талаас хураан авна” гэж заасан хэмээн 2017 оны үр тариа хураалтын үед ажиллаж багахан талбайд 200 га хураалт хийсэн шинэ Палессе-КЗС-575 үр тарианы комбайныг хураан авсан.

“А Т” ХХК бид  МБ ИХХК-тай хийсэн 2017/36 тоот гэрээний 2.3.2 заалтыг давагдашгүй хүчин зүйлийн улмаас хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон гэдгээ гэрээний 8.3-д заасны дагуу мэдэгдэж, тэднээс нөхцөл байдлыг ойлгосон тухай аман хариу авч, төлбөр төлөх хугацаа маань 2018 оны 12 дугаар сарын 15 хүртэл хойшлогдсон хэмээн ойлгож, ажлаа төлөвлөн ажиллаж байтал комбайныг хураан авсан нь  МБ ИХХК нь гэрээний 8.3 дахь заалтыг зөрчсөнөөр барахгүй бидэнд амаар найрсаг хариу өгчихөөд хэрэг дээрээ өөр үйлдэл хийсэн нь хууран мэхэлж, дараа нь ийнхүү төлбөр нэхэмжлэх гэсэн арга мэт билээ.

Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00464 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар хариуцагч “А Т” ХХК-иас 15 000 ам.доллар буюу 40 000 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  МБ ИХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 357 955 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МБ” Инжиниринг ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 711 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00464 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...”А Т” ХХК-иас 15 000 ам.доллар буюу 40 000 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  МБ ИХХК-д олгосугай” гэснийг “...”А Т” ХХК-иас 10 750 ам.доллар буюу 28 667 240 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  МБ ИХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 333 560 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “357 955” гэснийг “301 286” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357 955 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Чимгээ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-д зааснаар дараах үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна.

Магадлал нь “хууль ёсны буюу үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй, хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтанд нийцээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзнэ. Тухайлбал:

Магадлалын хянавал хэсэгт: “...зээлдэгч давагдашгүй хүчин зүйлийн улмаас хугацаандаа гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэх боловч тохиролцоог зөвшөөрч гарын үсэг зурж, хэлцэл хийсэн нь ... хүчин төгөлдөр болно. Мөн хариуцагч дээрх татгалзаж буй үндэслэлээ ... баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Хариуцагч байгууллага нь төлбөр төлөх хугацааг сунгахаар амаар тохирсон байхад “Палессе КЗС-575” маркийн үр тарианы комбайныг нэхэмжлэгч байгууллага нь буцаан авч, үнийг бууруулан бусдад 70 000 ам.доллараар худалдаж, зөрүү төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэх боловч хэрэгт авагдсан баримтаар хугацааг сунгасан байх эргэлзээгүй нотлох баримт авагдаагүй байна...” гэжээ.

Манай компани нь анх л маргаан үүсэхэд 2017 оны намар дээрх гэрээний хуваарьт төлбөрөө төлөх боломжгүй болсон тул компанийн зүгээс гэрээний төлбөр төлөх хуваарийг 2018.12.15-ны дотор болгон хойшлуулах, энэхүү хүсэлтийг хүлээж авах боломжгүй бол 2017/36 тоот гэрээний 2.3.2-т заасны дагуу техникийг буцаахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа тухай 2017/031 тоот албан бичиг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын ургац алдсан тухай тодорхойлолт гэх мэт нотлох баримт, тайлбарын хамт шүүхэд ирүүлсэн. Өөр ямар баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргах байсныг сайн ойлгохгүй байна. Анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэж байхад дээрх баримтаас өөр баримт хэрэгт шаардлагатай, ач холбогдолтой гэж үзсэн бол ИХШХШтХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, дурдаад байгаа баримтыг талуудаас шаардаж гаргуулах бүрэн боломжтой байсан.

Гэтэл энэхүү ажиллагааг хийгээгүй, давж заалдах болон хяналтын шатанд шинээр нотлох баримт гаргах боломжгүй байхад зөвхөн манай компанийг буруутгаад байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлэгч  МБ ИХХК-ийн хохирсон гэх нөхцөл байдлыг ямар нотлох баримтанд үндэслэж, гаргаад байгаа нь тодорхойгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  МБ ИХХК, “Ялгуун Эрдэнэ” ХХК-ийн хооронд 2018.09.10-ны өдрийн №2018/02 дугаартай “Зээлээр худалдах-худалдах авах гэрээ”-ний 1.2-т “нийт үнэ /ам.доллар/ 70 000” гэж, Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дансны хуулгад “Ялгуун Эрдэнэ” ХХК-иас урьдчилгаа төлбөр 10 570,13 гэснээс өөр баримт хэрэгт авагдаагүй, компаниас буцааж авсан “Палессе КЗС-575” маркийн үр тарианы комбайныг  МБ ИХХК нь бодитоор “Ялгуун Эрдэнэ” ХХК-д 70 000 ам.доллараар зарсан эсэх нь тогтоогдоогүй байхад гэрээний хохиролд 10 570 ам.доллар буюу 28 667 240 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзнэ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, ИХШХШтХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг үндэслэж шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож,  МБ ИХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

МБ ИХХК нь “А Т” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзснаас учирсан эд хөрөнгийн алдагдал, орох байсан орлого 15 000 ам.доллар буюу 40 000 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 10 750 ам.доллар буюу 28 667 240 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Зохигч 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2017/36 дугаартай  “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, нэхэмжлэгч  МБ ИХХК Палессе КЗС-575 маркийн үр тарианы комбайныг 85 000 ам.доллараар “А Т” ХХК-д худалдахаар, хариуцагч комбайныг худалдан авч, гэрээнд заасан хуваарийн дагуу комбайны үнийг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан өдөр техникийг хүлээн авч, урьдчилгаа төлбөр 5% болох 4 250 ам.долларыг худалдагчид төлжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийг илэрхийлж чадсан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

Худалдан авсан эд хөрөнгийн үнийг хожим төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэл болохгүй тул хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг зөвтгөх нь зүйтэй.

Гэрээний дагуу төлбөр төлөх нь хариуцагчийн үүрэг бөгөөд үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон үндэслэлээр хариуцагчаас гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг нэг жилээр хойшлуулах болон долларын гэрээг төгрөг болгох, энэ хүсэлтийг хүлээн авах боломжгүй бол гэрээний 2.3.2.-т заасны дагуу техникийг буцаах талаар 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2017/031 дугаар бүхий албан тоотыг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

Худалдан авагчийн хүсэлтийг үндэслэн гэрээг шинэчилж хийхгүй, төлбөр төлөх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болгон хойшлуулахаар болсон талаар талууд амаар тохиролцсон гэх үндэслэлээр хариуцагч нь тухайн жил техникийг паркалж, 2018 оны ажилд комбайнаа бэлтгэж байтал 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр  МБ ИХХК “А Т” ХХК-ийн үтрэмийн талбайд ирж техникийг буцааж авсан үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй.

Хариуцагч “А Т” ХХК нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж, хөрөнгөө буцааж авсан үйлдэлд маргаагүй боловч гэрээний хугацаа сунгасан байсан, хариуцагч төлбөр төлөх үүргээ зөрчөөгүй тул хохирол шаардах эрхгүй гэж маргасан байна.

Зохигчийн хооронд байгуулсан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний 8.2.-т “гэрээнд нэмэлт өөрчлөлтүүдийг зөвхөн бичгээр хийх бөгөөд эрхий бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр гэж үзэх ба энэхүү гэрээний салшгүй хэсэг байна.” гэж тохиролцсон байх тул төлбөр төлөх хугацааг сунгасан гэх хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийг төлбөр төлөх гэрээний үүргээ зөрчсөн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3.-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй бөгөөд гагцхүү түүнд хохирол учирсан нь баримтаар тогтоогдсон байх учиртай.

Нэхэмжлэгч  МБ ИХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...хариуцагчийн хүсэлтээр гэрээнээс татгалзаж, техник, тоног төхөөрөмжөө буцаан авсан. Тухайн эд хөрөнгийг өмнө нь ашиглаж байсан, хуучин техник гэдэг шалтгаанаар дараагийн худалдан авагчид 15 000 ам.долларын зөрүүтэй, 70 000 ам.доллараар худалдсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон 15 000 ам.долларын хохирол учирсан...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ: “...Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан тухайн жилд 20 хоног ашиглаад зогсоолд тавьсан, шинээрээ байсан техникийг бараг цоо шинээр нь буцааж авчихаад мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Техникээ  манайхаас аваад дараагийн айлд зарж, зөрүү төлбөрийг нэхэмжилнэ гэсэн заалт гэрээнд байхгүй...” гэж маргажээ.

 Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд Палессе КЗС-575 маркийн үр тарианы комбайн “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ” 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан, 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч эд хөрөнгийг хүлээн авч ашигласан боловч төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй гэх нөхцөл байдлын улмаас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2017/031 тоот албан бичгээр гэрээнд өөрчлөлт оруулж, төлбөрийн хугацааг өөрчлөх, боломжгүй гэж үзвэл худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа агуулга бүхий хүсэлтийг нэхэмжлэгчид хүргүүлсэн ч тодорхой хариу өгсөн баримтгүй бөгөөд хариуцагчийн дээрх хүсэлтээс хойш 9 сарын дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр текникийг нэхэмжлэгч буцаан авчээ.

Түүнчлэн техникийг хүлээн авч, хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн боловч төлбөр тооцоог нийлж, гэрээг дүгнээгүй, хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн техникт эвдрэл гэмтэл, элэгдэл байсан эсэх, энэ нь техникийн үнэлгээнд нөлөөлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т заасан эд хөрөнгийн алдагдал буюу гэмтлээс хохирол учирсныг өнгөрсөн, одоо үеийн нөхцөл байдлыг харьцуулах замаар тогтоох ба “...бараг шинээрээ байсан техникийг буцааж авсан...” гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “...хуучин техник гэдэг шалтгаанаар үнэ буурсан...” гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, үндэслэлээ нотлох, нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч  МБ ИХХК нь өөрт учирсан хохирлыг үндэслэл бүхий баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч талуудын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд “...нэхэмжлэгчийн хохирсон гэх нөхцөл байдал ямар нотлох баримтад үндэслэж байгаа нь тодорхойгүй байхад хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00464 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 711 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 227 дугаар зүйлийн 227.1., 227.3.-т заасныг үндэслэн “А Т” ХХК-иас 15.000 ам доллар буюу 40 000 800 төгрөг гаргуулахыг хүссэн  МБ ИХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “А Т” ХХК-ийн төлөөлөгч О.Чимгээгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “А Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 995 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД