Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 00905

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн А.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ц.У-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2017/00816/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: А.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.О нь У-тай 1990 онд танилцаж 1990 оны 9 дүгээр 12-нд хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охин А 1991 оны 12 дугаар сарын 13-нд, 1995 оны 4 дүгээр сарын 13-нд А, хүү Б2010 оны 7 дугаар сарын 17-д төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд ер нь үүдээ түгжиж байгаад зоддог зантай. Сүүлдээ архи маш ихээр уудаг, гэр орондоо тогтвор суурьшил муутай, 26 жил хамт амьдарсан. Гурван хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд маш их зүйл өнгөрөөдөг байсан. Архинаас гаргах санаатай 3-4 удаа эмчилгээ хийлгэж байсан. 2017 оны 1 сард 3 хавирга хугарч 1 сар хөдөлгөөн муутай, хүний гарт зовж байсан. Нүд тагларсан, одоо 1 нүд байнга нулимс гоожно, мөн зүүн гар мэдээ муутай болтол мушгисан. 2017 оны 2 сард гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгөөд 4 сар гаруй архи уухгүй ганц удаа боломж олго гэсэн. Тэгээд гуйгаад байхаар нь өргөдлөө авсан. Архи уух юм бол дахин өргөдлөө өгч сална гэсэн тохиролцоо хийж буцсан. 5, 6 сард архиа уугаагүй 7 сараас ууж архины доромжлол эхэлсэн. Одоо 3 сар тэвчлээ. Би өөрөө сумандаа нэг дэлгүүр ажиллуулдаг. Энэ дотроо л байж байгаад үснийхээ талыг зулгаалгаад арай гэж гарч хүүхдүүд хүмүүсийн буянд мултарсан. Хажуу талын эгчийг дуудуулж оруулж ирэхэд 2 удаа зодож гаргасан. Сумын цагдаа дуудаж авчраад би өөрөө эгчийндээ очсон. Би гурван хүүхдээ тэжээж өдийг хүргээд тэр дэлгүүрийг ажиллуулдаг. Манай нөхөр нэг бол тоглоно, нэг бол архи ууна. 10 хоногт 2 өдөр эрүүл байдаг. Бусад үед согтуу байдаг. Уугаад дуугай байхгүй, бөгснөөс доош юм л ярьдаг. Одоо өөрөө бол миний түлхүүр хулгайлж, баригдангуутаа манай дэлгүүрт байсан хүнтэй унтсан гэж ярьж зодсон. Одоо нас ч явлаа. Ийм хүнтэй яавч амьдарч чадахгүй байна. Бид гэр орондоо тайван амьдарч чадахгүй хэцүү байна. Бэлэг эрхтэнг минь хүртэл татаж бараг урах шахсан, 2 гар хөдлөхөд бэрхшээлтэй, нуруу ууц өвдөөд явахаар салгалаад хэцүү байна. Иймд 2017 оны 00 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг цуцлуулж өгнө үү. Хүү Б-г өөрийн асрамжид авна. Эд хөрөнгийн маргаан байхгүй хүүхдийн тэтгэлэг авахгүй. Хуулийн дагуу салгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А.О нь гэрлэлт цуцлуулахаар өргөдөл өгсөн боловч нөхөр Ц.У-н биеийн байдал бүдүүн гэдэсний хавдартай тул хагалгаанд оруулах болсон. Иймд энэхүү нэхэмжлэлээ буцаан авах хүсэлтэй байна. Миний амьдралд саад болохгүйгээр ээж нь аваад явж байна. Иймд энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч А.О нь Ц.У холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Одончимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн тал хувь 35.100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар А.О нэхэмжлэлтэй хариуцагч Ц.У холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн тал хувь 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч А.О олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН