Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 185/2021/0022/Э |
Дугаар | 2021/ШЦТ/21 |
Огноо | 2021-01-06 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/21
2021 01 06 2021/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;
улсын яллагч: Л.Мажигсүрэн;
шүүгдэгч: Ч.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Г-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн ..... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ..., ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт , урьд ял шийтгэлгүй, Ч.Г
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.А-рын толгойн компьютерт томографын шинжилгээ /хх-ийн 3-4/, хохирогч Б.А-рын мэдүүлэг /хх-ийн 8-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11213 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14/, “...” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/, хохирогч Б.А-рын хохирлын баримтууд /хх-ийн 46-48/, хохирол төлсөн баримт /хх-ийн 49/, Ч.Гы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-30/, Ч.Гы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 35-37, 39-45, 50/, Б.А-рын хүсэлт /хх-ийн 51/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “М ” ХХК-ийн байрны гадна иргэн Б.А-рыг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.А-рын /хх-ийн 8-9/: “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 10 цаг 40 минутын орчимд ажил дээрээ байхад манай ажлын нягтлан Х ирээд “манай нөхөр чамтай уулзъя гэж байна” гэхээр нь “ямар шалтгаанаар юм бол” гэхэд “дээр амралтаас ирэхэд чиний утасны дугаарыг миний утас дээрээс хараад ямар хүн байдаг юм, уулзъя, энэ хэн юм бэ гээд байсан юм” гэж хэлсэн. Би “за тэгье, уулзъя” гээд ажлаасаа гараад очсон. Хын нөхөр нь ганцаараа зогсож байсан. Би “юу байна” гээд өөдөөс нь очоод гар барьсан чинь гараас барьж аваад нөгөө гараараа үгийн зөрөөгүй миний зүүн доод хэсэг буюу хацрын дээд хэсэгт цохисон. Би тухайн залуутай муудалцсан асуудал байхгүй. ...Манай ажлынхан 9 дүгээр сарын 25-ны өдөр амралтад явсан. Би амралтаас явахаар болоод шөнө 01 цагийн орчимд Хыг ажлын хүний хамт авч ирсэн. Тэднийг буулгаж өгөөд явсан. Тухайн үед Х шөнө 01 цаг өнгөрч байхад над руу залгасан. ...Х “дээр амралтаас ирэхэд би чам руу залгасан ш дээ, тэгээд ямар хүн залгасан юм, ямар хүн байдгийг харъя гээд байна” гэж хэлсэн. Миний зүүн нүдний доод талд арьс нь гүн халцарсан, зүүн нүдний дээд зовхи зүсэгдсэн, зүүн хацар урагдсан. ...учрыг нь мэдэхгүй байж үгийн зөрүүгүй намайг цохисонд гомдолтой байна” гэх мэдүүлгээр,
Б.А-рын биед “зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд зулгаралт” бүxий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11213 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 13-14/,
Ч.Гы яллагдагчаар мэдүүлсэн /хх-ий 27-30/: “...Би Б.А гэх хүнийг сайн танихгүй. Манай эхнэртэй хамт ажилладаг хүн байгаа юм. 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өглөөний 10 цагийн орчимд эхнэрийн ажил болох Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо “М ” ХХК-ийн байрны гадаа эхнэрийгээ дуудаж гаргаж уулзсан. Тэгээд эхнэрээрээ Б.А гэх залууг дуудуулж гаргуулж ирсэн. Учир нь Б.А гэх эрэгтэй нь учир шалтгаангүй эхнэр рүү залгаад байдаг болохоор учрыг нь асуух гэж гаргаж ирсэн. Тэгээд гараад ирэхэд нь бид нээх их зүйл яриагүй. Тэгээд уур хүрээд шууд Б.А-рын нүүрэн тус газарт нь баруун гараараа 1 удаа цохисон. Цохих үед нүдний шилний рам нь дээшээ нүдний дээд хэсэгт гэмтэл учруулсан байх. Намайг Б.А-рыг цохих үед хажууд харсан хүн байхгүй. Эхнэр тухайн цаг хугацаанд бид хоёроос жаахан зайтай зогсож байсан. ...би хардаж уурласандаа ийм асуудал гаргасан байна. Энэ үйлдэл нь хууль бус гэдгийг мэдэж байсан. Түүний эмчилгээнд хэрэглэсэн эм тариа, шинжилгээнд зарцуулагдсан 767.450 төгрөгийн хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Ч.Гы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.А-рын “...хохиролд 767.450 төгрөг хүлээн авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байр суурь хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ч.Гыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Ч.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ч.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ч.Г нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ