Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 185/2022/0356/Э |
Дугаар | 2022/ШЦТ/410 |
Огноо | 2022-04-15 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/410
2022 04 15 2022/ШЦТ/410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Ц.Төгөлдөр;
Шүүгдэгч: Ц.Б (өөрийгөө өмгөөлж);
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;
Хэргийн дугаар: ;
Шүүгдэгч Ц.Б регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Ц.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр .... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Н.О-рийг үл ялих зүйлээр шалтаглаж нүүр рүү нь түлхэж, гараараа уруул хэсэгт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь эрүүний зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгарал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокуророос Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий
бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24/, хохирогч Н.О-рийн мэдүүлэг /хх-ийн 28-30, 33-34/, Н.О-рийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 8365 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/, Ц.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 47, 50-51, 56, 71/, Ц.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/, хохирогч Н.О-рийн хүсэлт /хх-ийн 79/ болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ..... хамтран амьдрагч Н.О-тэй таарамжгүй харьцаанаас үүдэлтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Н.О-рийн /хх-ийн 29-30/: “...Би өөрийн хамтран амьдрагчтайгаа ..... амьдардаг. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр барилгачдын баяр тэмдэглээд 2 шил 0,5 литрийн Хараа архи уусан. Ц.Б хамт шар айраг ууж байгаад гэнэт миний нүүр рүү түлхээд, 1 удаа нүүр рүү цохисон чинь миний хиймэл шүд унаад амнаас цус гарсан. ...Урьд өмнө нь зодож, цохиж байгаагүй...” гэх мэдүүлгээр,
Н.О-рийн биед “эрүүний зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгарал, уруулын дотор салстын язарсан шарх” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 8365 дугаартай шинжээчдийн дүгнэлтээр /хх-ийн 41-42/,
Ц.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 7-8/: “...Би тухайн өдөр Н.О-рийн хамт архи ууж байгаад маргалдаад Н.О-рийн зүүн хацар руу 1 удаа гараараа алгадсан. Тэгсэн чинь Н.О-рийн амнаас жаахан цус гарсан. Хиймэл шүд нь газар уначихсан байсан. Тэгээд би стаканд ус хийж байгаад хиймэл шүдийг нь хийчихээд, амных нь цус гарсан байсан хэсгийг цэвэрлэчихээд гараад явсан. ...Би тухайн өдөр Н.О-рийн хамт 1 сав том шар айраг уучихсан байж байсан чинь Н.О-рийн найз Энхээ гэх эмэгтэй гэрт орж ирээд “Н.О-ээ чи Хятадад 2 нөхөртэй байсан биз дээ” гэж хэлээд орилж байгаад гараад явсан. Тэгэхээр нь Н.О-ээс “үнэн юм уу” гэж асуухад дуугарахгүй урдаас хэрүүл хийгээд байхаар нь би уурлаад алгадсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ...” гэх мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нарын хооронд үүссэн маргаан, тэмцэл нь нэг тал давамгайлсан гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлаас нийгмийн шалтгаант шинж байдлаар ялгаатай байж эхнэр, нөхрийн хоорондын таарамжгүй харьцаанаас улбаатай маргааны улмаас хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Ц.Б нь Н.О-рийг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Ц.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Н.О-рийн “...гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт хавтаст хэргийн 79 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ