Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/795

 

 

2021         11           19                                   2021/ШЦТ/795     

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч С.Болорзул,

Хохирогч Б.Батболд, Х.Сарангэрэл,

Хохирогч Д.Энхтуяа, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, О.Баясгалан,

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А,, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н-д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .....оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.А,

Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Зөвлөх үйлчилгээний компанид мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 2, дүүгийн хамт .............. түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, Г.Н

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.А нь 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АСА циркийн орчим хохирогч Б.Батболдод “Барилгын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 50.000.000 төгрөг авч залилсан,

2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрэл банкны орчим хохирогч Х.Сарангэрэлд “Бага хүүтэй зээл бүтээж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 25.000.000 төгрөг авч залилсан,

2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, 2012 оны 06 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах спортын ордны орчим хохирогч Д.Энхтуяад “Барилгын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 26.000.000 төгрөг авч залилсан,

2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Пүрэвдоржид “Барилын тусгай зөвшөөрөл авч өгч, ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 8.500.000 төгрөг авч залилсан,

Шүүгдэгч Б.А нь Г.Атой бүлэглэн 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр, 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Анхбаярт “Бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ” гэж хэлж 3 удаагийн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 50.800.000 төгрөг авч залилсан,

Шүүгдэгч Г.А нь Б.Атай бүлэглэн 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр, 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Анхбаярт  “Бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ” гэж хэлж 3 удаагийн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 50.800.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний хувьд Б.Батболд гэх хүнийг ерөөсөө танихгүй. Урд нь уулзаж байгаагүй. Би Сарангэрэл гэх хүнээс тухайн оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 75.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулаад авсан. Тэр гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан. Тэр өдрөө 25.000.000 төгрөгийг нь өгөөд 2-3 хоногоос би чамд 50.000.000 төгрөгийг нь өгнө гэсэн. Би 33.000.000 төгрөгийг нь буцааж өгсөн өөрсдөө ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээд 2 хоногийн дараа над руу яриад цирк дээр хүрээд ир гэж дуудсан. Би яваад очсон чинь үлдсэн 50.000.000 төгрөгөө өгье гэсэн. Нийслэлийн шүүхийн ард байдаг Японы хөгжлийн сан дээр бага хүүтэй зээл гарж байгаа юм байна, тэрийг хөөцөлдөж өгөөч ээ гэж хэлсэн. Оюунтуяа эгч надад анх тийм санал тавьсан. Тэгээд би Сарангэрэл эгчтэй уулзаад надад мөнгөний хэрэг байна, танд мөнгө байвал зээлээч ээ гээд гэрээ байгуулж 75.000.000 төгрөг авсан. Тухайн үед би ажлаасаа гараад удаагүй байсан болохоор мөнгө төгрөггүй байсан. Тэгээд надтай гэрээ байгуулаад 25.000.000 төгрөгөө тэр өдрөө өгөөд 2 хоногийн дараа 50.000.000 төгрөг өгөхөд дотор нь зөндөө хүмүүс байсан. Би хэн гэдгийг нь ч мэдээгүй. Би энэ хүнд Б.Батболдод барилгын ажил олж өгнө гэсэн зүйл ерөөсөө яриагүй. Бага хүүтэй зээлийн бичиг баримтыг бүрдүүлж өгье гэж л анх Сарангэрэл эгчтэй тохирсон. Тэрнийхээ дагуу би ажлаа хийгээд Японы хөгжлийн сан дээр очсон танайх урд нь зээл авахаар хүсэлт гаргаж байсан юм байна. Зээл чинь гарахаар болсон боловч банкин дээр очоод барьцаа хөрөнгөгүй гээд буцсан зээл байна. Манайх ийм зээлийг судлахгүй гээд буцаасан. Тэгээд би Сарангэрэл эгчид та өмнө нь зээл авахаар хөөцөлдөж байсан юм байна шүү дээ, надаа хэлэхгүй яасан юм бэ” гэж хэлээд би авсан мөнгөө бага багаар буцаан өгч байсан. Тэгээд нийт 33.000.000 төгрөгийг Сарангэрэл эгчид өгсөн байгаа. Б.Батболд гэх хүнийг би ерөөсөө танихгүй. Сүүлд нь намайг цагдаад өгнө гэж байхад “би тендер авах хүн байна уу, байвал би материалыг нь бүрдүүлж өгье” гэсэн. Би тендер олгодог эрх бүхий хүн биш. Д.Энхтуяа захирлаас 2012 онд “Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн ажил хийж өгье” гээд Нямаа гэх хүнтэй уулзсан. Тэр Нямаа гэх хүн бол Д.Энхтуяа захиралтай хамт ажиллаж байсан. Тэгээд Г.Атой ирээд тендерийн материал бүрдүүлж өгье гэх байдлаар яриад 25.000.000 төгрөг авсан. 25.000.000 төгрөгөөсөө 5.000.000 төгрөгийг нь Г.А, Нямаа хоёр миний машинд сууж байгаад авсан. Гэрээнд Г.А хамтран зээлдэгчээр орсон байдаг. Тэр гэрээ ерөөсөө олдохгүй байгаа. Би 4 удаа “тэр гэрээг гаргаж өгөөч ээ” гэж хүсэлт бичсэн боловч гаргаж өгөхгүй байгаа. Энэ тухайгаа би мөрдөн байцаагч, прокурорт хэлж байсан. Д.Энхтуяагаас 25.000.000 төгрөг авсан. Дараа нь мөнгө авъя гэхэд надад мөнгө алга гээд 1.000.000 төгрөг өгсөн. Нийт 26.000.000 төгрөг авсан. Ажил нь бүтсэн боловч бүтээгүй гээд намайг цагдаад өгсөн. Энэ мөнгөнөөс буцааж өгсөн зүйл байхгүй. Энэ мөнгөнөөс Г.А, Нямаа хоёр миний машинд сууж байхдаа 5.000.000 төгрөг авсан. Одоо болтол энэ мөнгийг ерөөсөө аваагүй. Энэ асуудлыг шалгах ажиллагаа ерөөсөө хийгээгүй. Би цагдаад “Г.Аийн зөөврийн компьютерыг нь шалгаач ээ, тэр дотор материалууд нь байгаа шүү дээ” гэж хэлсэн чинь цагдаа нь би мэдэж байна гээд ерөөсөө шалгаагүй. 6 сард гэрээ байгуулсан. Энэ талаарх баримтаа өг гэхээр 2013 оны баримт гаргаж өгдөг. 2012 оны ажил гүйцэтгэсэн гэрээг ерөөсөө гаргаж өгдөггүй. Пүрэвдоржоос намайг 8.500.000 төгрөг авсан гээд байгаа. Би 6.000.000 төгрөг авсан. Гэхдээ би Пүрэвдоржийг бас танихгүй. Хатанболд гэх залуу надтай ирж уулзаж байсан. Тэр бол Оюунтуяа эгчийн хүүхдийнх нь найз нь юм байна лээ. Тэгээд тэр материалыг нь би бүрдүүлээд барилгын яаманд өгсөн. Өгсөн чинь тэдний компанийг гүйцэтгэгч нь хуурамчаар үйлдсэн байна гэж үзээд барилгын яам тусгай зөвшөөрөл өгөөгүй. Тэд нар надад хуурамч материал гаргаж өгсөн юм байна лээ. Өөрсдөд нь тэр материалууд нь байх ёстой. Тэрийг нь шалга гэсэн хүсэлтийг цагдаад зөндөө тавьсан. Бүрдүүлсэн материал нь байгаа. 6.000.000 төгрөгөөс төлсөн зүйл байхгүй. Хатанболд хайчсан нь мэдэгдэхгүй алга болсон. Би ажил хөөцөлдөөд явж байхад бол ажил гардаг юм гэдэг байдлаар Анхбаяртай уулзсан нь үнэн. Надад бол Г.Аид Анхбаяраас мөнгө авсан шүү гээд 25.000.000 төгрөг өгсөн. Тэр 25.000.000 төгрөгийг авчихаад 29.000.000 төгрөгийг нь хүүтэй нь өглөө гэж бодоод Анхбаярт өгчихсөн байсан. Тэгсэн чинь Г.А нөгөө Анхбаяр мөнгө төгрөг өгөхгүй бол цагдаад өглөө, эсвэл зээлийн гэрээ байгуулахгүй бол болохгүй нь гэж сүрдүүлээд надтай 55.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Өөрөөс нь ер нь би 25.000.000 төгрөг авсан. Тэр мөнгийг би Анхбаяраас аваагүй. Г.Аоос авсан. Г.А л надад Анхбаяраас 25.000.000 төгрөгийг авч өгсөн. Дараа нь би “ахын дүү мөнгөний боломж байна уу” гэсэн чинь би энд машинаа тавих гэж байна гэж байсан. Энэ хүн надад 800.000 төгрөг гаргаж өгөхийн тулд 12.000.000 төгрөгөөр машинаа барьцаанд тавина гэж байхгүй. Анхбаяраас 25.000.000 төгрөг аваад 29.000.000 төгрөг буцааж өгсөн. Өөр мөнгө аваагүй....” гэв.

 

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Г.А, Б.А нар бүлэглэж Анхбаяраас 50.800.000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр авсан гэсэн яллах дүгнэлтийг уншиж сонсголоо. Тэрэн дээр 2 асуудлаар би холбогдож байгаа. 25.000.000 төгрөгийг Б.А надад миний дансаар өгсөн. Сүүлд 800.000 төгрөгөөр ломбардад машин тавиад өгсөн гэсэн асуудал байгаагүй. Миний данс руу Анхбаяр 25.000.000, 25.000.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлэг хийсэн хийгээд би тэрийг нь авч очиж өгсөн. Тухайн үед чи Анхбаяртайгаа зээлийн гэрээ байгуулчих гэж Б.А хэлж байсан. Тухайн үед би Анхбаярт “хоёулаа зээлийн гэрээ хийчих үү” гэсэн чинь үгүй ээ гэрээ байгуулахад үнэтэй байдаг гээд хэлээд гэрээ байгуулахаа больж байсан. Тэрийг Анхбаяраас өөрөөс нь асууж болно. Энэ хүн юу яриад яагаад байгааг нь үнэхээр ойлгохгүй байна. Надад 10.000.000 төгрөг өгсөн гэж өмнө нь мэдүүлэг өгсөн гэж ярьдаг. 12.000.000 төгрөг өгсөн ч гэж ярьдаг. 2 дугаар хх-ийн 233 дугаар хуудсан дээр авагдсан мэдүүлэгт нь намайг Солонгос явахад нь 20.000.000 төгрөг өгсөн гэсэн байдаг. Би хэзээ ч Солонгос явж байгаагүй. Мөрдөгчийн тэмдэглэл ч байгаа. Б.А иймэрхүү байдлаар зөрүүтэй мэдүүлгүүд өгч байна. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Б.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр найз Сарангэрэлийн хамт орой 4 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Циркийн талбай дээр Б.Атай уулзсан. Тэгэхэд Б.А машинтайгаа ирсэн. Бас Цолмон ах нь машинтайгаа ирсэн. Цолмон ахынх нь машинд нь сууж байгаад 50.000.000 төгрөгийг хар уутанд хийсэн байсан. Тэр мөнгөө Б.Аад өгсөн. Тэр мөнгийг би найзаасаа аваад Б.А тендерт ялуулах юм байна. Би өөрөө тендерт орж байгаагүй учраас би яг юунд зарцуулагддаг болохыг мэдээгүй. Би бол найздаа тусалъя гэж бодоод мөнгийг чамд өгсөн. Би нэг ч төгрөг аваагүй. Би Б.Аын яриаг харахад залилангийн сонгодог жишээ юм байна гэж харж байна. Б.А хуулийн цоорхойг ашиглаад яваад байна. Зөвлөлт холбоот улсан сурсан орос школтой хүний хувьд би үгээрээ л итгэлцдэг хүн. Тэгж л Аад итгэж мөнгө өгсөн. Тэр өдөр ямар азаар бичлэг хийсэн юм бэ. Тэр бичлэг хэрэгт авагдсан байгаа. Бүх ярьсан ярианууд тэр бичлэг дээр байгаа. Явж явж луйварчны яриаг бичиж авсан байна. 50.000.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг нь өгсөн. Одоо үлдэгдэл 45.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Өөр төлсөн зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч Д.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Нямаа гэх хүн надтай 2001-2003 оны хооронд Зос трейд гэх компанид хамт ажиллаж байсан. Би Б.Атай яаж уулзсан бэ гэхээр би Нямаатай уулзаагүй бараг 10 жил болсны дараа таараад уулзаад ярьж байхад би Монголын цахилгаан холбоонд ажиллаж байгаа, өвчний улмаас маш хүнд хагалгаанд орсон гэж маш хүнд зовлон ярьсан. Осолд орсон юм байна лээ. Би тухайн үед “эгчид нь тусалж чадах зүйл юу байна” гэсэн чинь “танай Зос Трэйд компани барилгын ажил хийж байгаа юу” гэхээр нь би “хийж байгаа” гэсэн. “Та ямар, ямар ажил хийж байна вэ” гэхээр нь би” ерөнхийдөө төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэгийн ажил хийж байна. Хувийн орон сууцны ажил бид нар ерөөсөө хийж чадахаа байсан. Одоо тийм ажил хийхгүй байгаа” гэсэн чинь “надад тус болох яах вэ би найздаа тусалчихмаар байна. Манай найз барилгын ажил санал болгоод яваад байдаг. Тэрэнд би тусалчихвал надад тэрний тус ирнэ” гэсэн. “За ямар ажил хийдэг юм бэ” гэсэн чинь “барилгын ажил хийдэг. Баг, бригад ажиллуулдаг, тендерийн ажил дээр барилгын бригад ажиллуулдаг” гэсэн зүйл хэлж байсан. Тэр хоорондоо энэ Б.Аыг ярьсан. Манай “ийм найз байгаа та тэрэнд тусалчихвал надад тусалсантай адил бид тийм хоорондоо тийм амлалт өгсөн” гэсэн утгатай юмыг анх ярилцаад салцгаасан. Тэгээд 7 хоногийн дараа явж байхад над руу утасдаад “та хаана байна би таныг Б.Атай танилцуулах” гэсэн юм гэсэн. Тэгээд Ардын ойролцоо уулзсан санагдаж байна. Тэгээд уулзсан чинь энэ залуу орж ирсэн. Бид хоёр уулзахад “ямар ажил хийдэг юм б”э гэж асуухад энэ хүн өөрийгөө “барилгын ажил олдог хүн. Засвар үйлчилгээ юу ч байсан болно” гэж хэлсэн. “Би Сү.Батболдын хуулийн зөвлөх. Нямаа тантай танилцуулсан байх. Та Нямаад итгэж байна уу, надад итгэж байна уу. Нямаад итгэж байгаа бол надад итгэж болно” гэсэн зүйл хэлсэн. Бид хоёр ингэж ярилцсан. Миний хувьд Зос Трэйд компаний ажлыг хийж явсан гэдгийг сайн мэдэж байсан юм байна лээ. Судалж байсан юм байна лээ. Тэр үед би Хөвсгөлд нэг ажилтай байсан. Би тэр үед Хөвсгөлд нэг ажилтай явж байсан. Зос Трэйд компанийн ажлыг бага хийж байсан. Тэгээд ярилцахад Зос Трэйд компанийн захирал гэдэг утгаар энэ хүн намайг огт мэдээгүй. Би бараг таньдаг ч үгүй байсан үе. Би тэр үед иргэн Д.Энхтуяа гэх хүнийхээ хувиар уулзсан. Би тэр үед Зос Трэйд компаниа захирал байгаа ч үгүй. Одоо ч биш. Зос Трэйд компани 1996 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш улсын хөрөнгөөр ч барилга барьж байсан. 4-5 яамны барилга барьсан. Өнөөдрийн байдлаар 20 гаруй жилийн хугацаанд улсын хөрөнгө оруулалтаар 60 гаруй барилга барьсан. Би Г.А гэх хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Таних ч үгүй... Тэгж уулзчихаад хэд хоногийн дараа ажил бүтэх гээд байна 25.000.000 төгрөг өгчих гэж надад хэлсэн. “Ямар ажил бүтсэн юм бэ” гэхээр зөндөө ажлууд байна. Та Нямаад итгэхгүй байгаа юм уу, надад итгэхгүй байгаа юм уу гэж хэлж байсан. Би тухайн үед Нямаа руу утасдаад за танай найз ингээд байна. За би чамайг бодож л өгч байгаа шүү. Чамд энэ хүн туслах юм байна шүү. Чи энэ хүнээс тусаа авах юм байна шүү. Та хоёр ажиллаад үнэхээр Зос Трэйд компанид ажил олддог юм бол тэрийг нь ав, хамтраад хий гэж байсан. Анх би Нямаад тийм байдлаар санал тавьсан. Тэр утгаараа Нямаад итгэж Нямаад туслах гэж тэр мөнгийг өгсөн болохоос Б.А гэх хүнийг огт танихгүй. 25.000.000 төгрөгийг би спортын төв ордны ойролцоо машин дотор Б.Аад өгсөн. Машин дотор өгсөн билүү, кофе шопод өгсөн билүү 7-8 жилийн өмнө болсон асуудал болохоор би тодорхой сайн санахгүй байна. Би анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө л үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Мөнгийг бэлнээр өгсөн. Тэгээд 3-4 хоногийн дараа Нямаа над руу утасдаад Б.Аад мөнгө өгсөн юм уу гэж асуухад нь би 25.000.000 төгрөг өгсөн гэж хэлсэн чинь аан тийм үү, ажил нь бүтэж байвал яамай даа гэсэн хариу өгсөн. Тэгээд 3-4 хоногийн дараа 5 дахь өдрийн орой би 25.000.000 төгрөгөө өгөөд ажил бүтчихлээ. Одоо 1.000.000 төгрөг хэрэгтэй болчихлоо гээд 4 замын ойролцоо ирж надаас 1.000.000 төгрөг авсан. Нөгөө 25.000.000 төгрөгөө өгөх ёстой хүндээ өгсөн. Одоо ажил бүтнэ гэсэн утгатай юм хэлсэн. Энийг Нямаа мэдэж байгаа гэж хэлж 1.000.000 төгрөг авсан. Би бол ямар ажил бүтэх гээд байгааг нь огт асуугаагүй. Б.Ааас төлсөн зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч Х.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Б.Атай Оюунтуяа гэх хамт ажиллаж байсан эгчээр нь дамжуулаад танилцсан. Б.Аыг хуулийн мэдлэгтэй ажил хэрэгч залуу байх гэж анх дүгнээд бараг 1 цагийн дотор л маргааш нь надад орж ирэх гэж байгаа мөнгөнөөсөө өгөхөөр болсон. Оюунтуяа эгч Б.Аыг маш сайн залуу, миний сайн дүү байгаа юм аа. Хуулийн мэргэжилтэй хүн. Манай Чингис хаан зочид буудлын хуулийн зөвлөх хийж байгаа. Тэгээд Сараа найз минь бага хүүтэй зээл авахад чинь энэ хүн маш сайн тусална гэсэн. Хэрэв бид нар өөрсдөө авч чаддаг бол Б.Аад 75.000.000 төгрөгөө өгөөд зээлээ авхуулах хэмжээний дорой хүмүүс биш. Б.Аын хэлснээр л бид хөдөлсөн. Б.А бол зээлийн гэрээгээр халхавчилсан залилан мэхлэх гэмт хэрэг хийсэн. Улс төрийн тавцанд хамт явсан Б.Батболд гэх найзыгаа 50.000.000 төгрөгийн өрөнд оруулж, чамаас болж оюутан цагийнх нь барилгын компанийн найзуудтай нь муудалцуулсан. Зүгээр хадгаламждаа хадгалж байсан 50.000.000 төгрөгийг авсан. 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Оюунтуяа анх намайг Б.Атай уулзуулсан. Сарангэрэл гэх хүнд орж ирэх гэж байгаа мөнгөнийх нь талыг нь аваад өгчихье. Одоо энэ хүнд юу хэрэгтэй гэхээр хүү багатай зээл хайгаад явж байгаа гэдэг мэдээллийг Оюунтуяа, Б.А хоёр аваад өнөөдөр л амжаад гэрээгээ хийчих маргааш мөнгө нь орж ирэх гэж байгаа. Оюунтуяагийн ах нь Батлан хамгаалах яаманд ажилладаг байсан. Мөнгө шилжиж, орж ирэх гэж байгааг мэдсэн. Мөнгө авч өгнө гэхээр нь л би итгэсэн. Энэ хоёр нийлээд яах ёстой юм бэ гэсэн чинь Сараа зээлийн гэрээ хийчих 1 сарын хугацаанд л энэ хөнгөлөлттэй зээлийн мөнгө чинь гарна. 10 хувийг нь өгөхөөс л хойш энэ хүн чинь 10 хувийг нь авч байж цааш ажлаа хийдэг гэнэ ээ гэхээр нь би үнэхээр л зээл авах гэж байгаа юм чинь орж ирэх гэж байгаа мөнгөнөөсөө 75.000.000 төгрөгийг нь өгье гэсэн чинь надтай хамтарч ажиллаж байсан манай хамтрагч залуу би өгөхгүй. Чи 25.000.000 төгрөгөө л өг гэж Баяраа хэлж байсныг Б.А хэлж байсан. Баяраа би 50.000.000 төгрөгөө өгөхгүй. Чи 25.000.000 төгрөгөө өгчих гэж хэлж байсан. Би одоо дүүргийн тендерүүдийг шалгаруулдаг худалдан авах газрын дарга, цэргийг нь таньдаг, баздаг, тендерт нь ялуулдаг гэх байдлаар бүх л сайн сайхан зүйл хэлсэн. Б.Батболд бид хоёр хөөцөлдөөд явж байхад энэ хүн 75.000.000 төгрөгийн гэрээ хийсэн. Би сүүлд цагдаа, шүүхээр явж байхад наад хүн чинь танийг залилсан. Зээлийн гэрээгээр халхавчилж, залилсан. Зээлийн гэрээтэй хүн иргэний журмаар асуудлаа шийдвэрлүүлдэг. Энэ хүн дандаа ийм арга хэрэглээд яваад байсан юм байна лээ. Энэ хүний хойноос маш их хөөцөлдөж явсан. Энэ хүн өөрөө 33.000.000 төгрөг өгсөн гэж ярьж байна. Би 25.000.000 төгрөгтөө бас өөр хэнээс залилаад авсан нь мэдэгдэхгүй спорт улаан машиныг нь авсан. 5.000.000 төгрөгийг Цэндмаа өөрөө ирээд бэлнээр аваад явсан. Б.Батболд бид хоёр Цэндмаа, Энхсүх хоёроос 11 дүгээр хороололд байдаг компанид нь очоод барилгын ажил олох гээд явж байгаа юм чинь спикер дээр тавиад яриулчихъя гэсэн. Ерөөсөө хоёр цэцэрлэг авъя. Тус бүрд нь 25.000.000 төгрөг өгье. Б.Батболдод итгэж байна гээд Б.Батболд надад итгээд би Оюунтуяад итгэсэн. Сарангэрэл, Б.Батболд хоёр үнэхээр тендер авч өгөх гээд байгаа юм уу эсхүл залилах гээд байгаа юм уу гэдгийг тэр хоёр хүн маань нягтлаад спикер дээр ярья гээд Б.Атай ярьсан. Б.А чадна чадна. Сонгинохайрхан дүүргийн 2 цэцэрлэгийн ажил байгаа. Та нарт мөнгө чинь л байх юм бол өнөөдөр, маргаашгүй аваад өгч чадна. Хамгийн гол нь өнөөдөр л мөнгө нь хэрэгтэй гээд шахаж шаардаад байсан. Над дээр шүүхийн шийдвэр гараад би тэр өрийг төлөөд явж байгаа. Б.Батболд найзуудтайгаа зээлийн гэрээ байгуулаад Занабазарын хөшөөний урдах банк руу ороод 50.000.000 төгрөгийг бэлнээр торонд хийгээд ирсэн. Б.А өөрийн дансаар мөнгө авахгүй, бэлнээр авна гээд байсан учраас бэлнээр авсан. Б.Батболд хоёр 50.000.000 төгрөгөө торонд хийгээд циркийн өмнө байсан. Б.Аын машинд очсон. Б.А сууж байсан. Мөнгө авах гэж байсан хүнээ маш сайн харсан. Гар барьж танилцсан. Танилцахаас гадна тухайн үеийн яриаг машины суудал дээр сууж байхдаа бичсэн. Пунцагийн Сухбатын эхнэртэй, Оюунтуяатай, Цолмон ахтайгаа бүлгээрээ явж байсан. Тэр хүмүүс бүгдээрээ мөнгө хүртсэн. Хувааж авсан. Тэрийг би дараа нь мэдсэн. Б.А хүн бүрд мөнгө өгөөд баярлалаа гэж хэлээн цаашаа өрөө дарахаар явсан. Би тэрийг мэдэж байгаа. Б.А 33.000.000 төгрөгийг надад өгсөн гэж хэлж байгаа бол тэрийг задалж хэлэх ёстой. Б.А надад машин өгсөн тэр машиныг би найзынхаа Есөн Шижир гэх ББСБ дээр барьцаанд тавиад өнөөдрийг хүртэл мөнгө ирэхгүй байсан болохоор алдсан. Би 25.000.000 төгрөг төлөгдсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 201301042032 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2013 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр намайг Оюунтуяа эгч Сарангэрэл гэдэг хүнтэй танилцуулсан. Тэгээд танилцуулахдаа Сарангэрэл зээл авах материалаа барьчихсан ирсэн. Тэгээд би Сарангэрэлтэй уулзаад надад мөнгө хэрэгтэй байна, би зээлийг чинь хөөцөлдөж өгье гэж хэлсэн. Тэгээд Сарангэрэл хэд хэрэгтэй юм бэ гэсэн. Тэгээд би их мөнгө хэрэгтэй гэж хэлтэл Сарангэрэл эгч их мөнгөтэй тэгээд хэд бэ гэсэн тэгэхээр нь би 75 сая гэж хэлтэл Сарангэрэл эгч болно ш дээ гэж надад хэлсэн. Тэгээд 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сарангэрэл эгч жолоочтойгоо машинтайгаа Оюунтуяа эгчтэй явж байсан. Тэгээд циркийн баруун хойд талын нотариат руу ороод 75 сая төгрөгийн гэрээгээ байгуулсан, би Сарангэрэлд мөнгөө аваагүй байж гэрээ байгууллаа ш дээ мөнгө чинь байгаа юм уу гэж хэлсэн. Тэгээд Сарангэрэл мөнгө одоо удахгүй орж ирнэ гэж хэлсэн. Тэгээд 120 мянгатын Эрэл банк руу хамт явсан. Тэнд банкны гадна хүлээгээд байж байтал банкин дотроос Сарангэрэл халзан толгойтой эрэгтэй хүнтэй хамт гарч ирсэн. Тэгээд надад 25  сая төгрөг өгсөн. Үлдсэн 50 сая төгрөгийг нөгөөдрөөс өгнө гэж хэлсэн. Би 25 сая төгрөгөөс Анхбаярт 15 сая төгрөгийг, 10 сая төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албад урд өмнө гарсан шүүхийн шийдвэрийнхээ нэхэмжлэлд өгсөн. 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн үед тохирсон ёсоороо АСА цирк дээр очтол Оюунтуяа, Сарангэрэл тэгээд танихгүй хоёр эрэгтэй хүнтэй хамт машин дотор байсан. Тэгээд орсон чинь гэрээний үлдэгдэл 50 сая төгрөгөө өгч байсан. Тэгээд спортын төв ордны тэнд Анхбаярт 30 сая төгрөг өгсөн, маргааш нь Батсуурьд 7 сая төгрөг, Эрдэнэбаярт 5 сая төгрөг өгсөн. Тэгээд Сарангэрэл эгчийн зээлийн материалыг бариад зээл олгодог газруудаар явсан. Хөдөлмөрийн яам, Жайка олон улсын байгууллагуудаар явсан. Тэгээд Сарангэрэл эгчийн бэлдэж өгсөн материалыг канондоод тэр хоёрт хоёуланд нь өгсөн. ...7 хоногийн дараа зээлийн хариуг авах гэтэл манайхаар зээл нь урд нь орсон байна, тэгээд банкин дээр барьцаа хөрөнгөн дээрээ асуудалтай юм байна лээ гээд буцаагдсан зээлийн материал байсан. Энэ тухай би Сарангэрэл эгчид хэлэхэд надаас мөнгөө нэхээд эхэлсэн. Тэгээд би 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн мөнгөө бага багаар цувруулан өгч эхэлсэн. Одоо би нийт 33 сая төгрөг Сарангэрэлд өгсөн. Сарангэрэлд 41 сая 450 мянган төгрөг, Анхбаяр гэдэг хүнд 8 сая 500 мянган төгрөгийн зээл төлөх дутуу байгаа, банкинд зээл байхгүй. Надад мөнгө зээлснийх нь хариуд ЖАЙКА гэх нэртэй хүмүүнлэгийн байгууллага , хөдөлмөрийн яамнаас авах ёстой байсан 1 тэрбум төгрөгийн зээлийг нь хөөцөлдөж өгнө гэж хэлсэн. Сарангэрэлээс авсан мөнгөнөөс Оюунтуяа, Цолмон нарт өгөөгүй. Анхбаярт 30 сая, Батсуурьт 7 сая, Эрдэнэбүрэнд 5 сая төгрөгийн өрөө төлөөд өөртөө Тоёота Хариер маркийн машин худалдан авсан. Үлдсэн 20 сая төгрөгийг нь жижиг сажиг 1, 2 сая төгрөгийн өр төлсөөр байгаад л дууссан. Би Сарангэрэлээс 75 сая төгрөгийг авсан ба харин Батболдоос 50 сая төгрөгийг аваагүй. Батболд надад 50 сая төгрөгийг өгсөн би тэр мөнгийг нь Сарангэрэлийн 50 сая төгрөг байна л гэж бодсон ба тэр 50 сая төгрөгтэй нийлээд л 75 сая төгрөгийг авсан гэж л бодсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69-70, 136, 144 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 185-186, 187, 188 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 17-18, 200, 230-231 дүгээр хуудас, 3 дугаар хх-ийн 30, 77, 175 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би уг сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ хэрэгт ямар ч холбогдол байхгүй. Би Аыг бусад хүмүүстэй холбож өгсөн нь үнэн боловч Атай бүлэглэж бусдыг залилж мөнгө авсан зүйл хийгээгүй. Би ямар ч мөнгө аваагүй. Зөвхөн Анхбаярыг Атай холбож өгсөн байгаа. Би Атай валют арилжааны сургалтад сууж байхдаа танилцсан юм. Тэгээд надад барилгын ажил хийх компани олоод өгвөл ажлаа гаргасны дараа надад урамшуулал өгнөө гэж амласан учраас хүнтэй холбож өгсөн юм. Би Энхтуяа гэдэг эгч, мөн Анхбаяр нарыг холбож өгсөн, тэрнээс дундаас нь мөнгө төгрөг авсан зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 149 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.А мөрдөн байцаалтад дахин мэдүүлэхдээ “....Б.А, Б.Анхбаяр нар нь мөнгө төгрөг авалцах үед нь байсан. Эхлээд 25 сая төгрөгийг Их Монгол рестораны орчимд машин дотор тааралдаад өгч байсан юм. Дараагийн 25 сая төгрөгийг мөн л хүүхдийн 100 орчимд өгч байсан, яг хаана мөнгө өгснийг мэдэхгүй байна. Би бол тэдний мөнгөнөөс ерөөсөө авч байгаагүй. Надад миний мэдэж байгаа баримт байхгүй. Харин А мөнгөө авахдаа 2 удаа 25, 25 сая төгрөгөөр миний дансаар дамжуулан авхуулсан баримт нь хэрэгт байх ёстой....” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 198-199, 232 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 61, 62-63 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Батболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би инженер мэргэжилтэй хүн бөгөөд надад барилгын ажил хэрэгтэй байсан юм. Энэ тухай 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би Х.Сарангэрэл гэдэг хүнтэй уулзаад хэлэхэд Сарангэрэл надад өөрийн найз Оюунтуяагийн дотны дүү А гэдэг залуу надад хөнгөлөлттэй зээл авч өгөхөд тусална гэсэн, барилгын ажил олж өгөхөд тусална гэж хэлсэн тэгэхээр нь би Сарангэрэлд наад залуутай чинь уулзъя гэж хэлсэн. Тэгээд Сарангэрэл бид хоёр энэ залуутай 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагт АСА циркийн гадна байдаг талбай дээр уулзахаар тохирсон. Тэгээд би 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сарангэрэлтэй хамт Цолмон гэдэг хүний машинд суугаад АСА циркийн гадна талбай дээр Цолмонгийн машин дотор Цолмон, Оюунтуяа, Сарангэрэл нартай хамт байж байтал гаднаас А орж ирж машинд суугаад намайг Оюунтуяа, Цолмон хоёр танилцуулаад энэ манай сайн дүү байгаа юмаа энэ хүнд итгэж болно чиний ажлыг бүтээж өгч чадна гэж хэлж байсан. Тэгээд би Атай уулзаад барилгын ажлын талаар ярьсан. Тэгэхэд А надад барилгын ажил ямар ч асуудал байхгүй би олж өгч чадна, би найдвартай та надад итгээрэй гэж хэлж байсан. Тэгээд надад 50 сая төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд би энэ мөнгийг шууд тоолоод өгсөн юмаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-31 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Батболд мөрдөн байцаалтад дахин мэдүүлэхдээ “...2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сарангэрэл Оюунтуяа гэдэг найзаараа дамжуулаад Атай танилцсан байсан. Сарангэрэл надад хэлэхдээ Оюунтуяа Аыг яаманд ажилладаг хуульч гэж танилцуулсан байсан бөгөөд Сарангэрэл ч надад тэгж танилцуулсан байсан. Тэгээд Сарангэрэл Оюунтуяагаар дамжуулан барилгын ажил хөнгөлөлттэй зээл зэрэг зүйлд зуучилж өгнө гэсээр танилцаад 50 сая төгрөгөө өгсөн. Сарангэрэл, Оюунтуяа нар Аыг найдвартай хүн гэж итгүүлсэн тэгээд би 50 сая төгрөгөө Аад өгөөд залилуулсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-31, 131, 153 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 72-73, 164-165 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 56 дугаар хуудас/,

 

Хохирогч Х.Сарангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...А надад Жайка гэж олон улсын шугамаар олддог төслийн зээлийг танд 7 хоногийн дотор гаргаад өгнө, та надад итгэж болно, би хуулийн мэргэжилтэй өмгөөлөгч мэргэжилтэй, би Оюунтуяа эгчийг бодож тантай уулзаж байна, тэрнээс би маш завгүй хүн би одоо шүүх хуралд суугаад хөдөө Багахангай руу өмгөөлөгчөөр явах гэж байна. Та надтай ажлаа гүйцэлдүүлье гэвэл одоо надтай гэрээ хий тэгээд гэрээгээ надтай одоо нотариатаар сарын хугацаатай хүүгүй мөнгө зээлсэн гээд гэрээ хий энэ сарын дотор таны зээл гарна харин би зээл бүтвэл авах ёстой хувиа авна гэж хэлж байсан тэгээд би тэр дор нь Түшиг төвийн замын урд талд байдаг нотариат ороод зээлийн гэрээ байгуулсан тэр гэрээ урд нь миний гомдлыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал байгаа, тэгээд тухайн үед надад тендерийн мөнгө орж ирж таараад үдээс хойш 120 мянгатын эрэл банкны гадаа бэлэн 25 сая төгрөг бэлнээр Аад өгсөн...нийт Аад би 25 сая, Батболдод 50 сая төгрөг нийт 75 сая төгрөг залилан мэхлүүлсэн...одоо Ааас нэхэмжлэх зүйл байхгүй харин Батболдын мөнгийг барагдуулж хохирогч нарыг хохиролгүй болгох хэрэгтэй...Ааас 25.000.000 төгрөг нэхэмжилж байна. А бол нийтдээ 75 сая төгрөгийг Батболд бид хоёроос авчихсан юм. Дээрхи Цэндмаагийн 50 сая төгрөгөөс гадна би өөрөө хувиараа өгсөн 25 сая төгрөгөөс 8 сая төгрөг бэлнээр аваад дээр нь нэг машин авсан учраас өөрийнхөө энэ асуудалд нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 156-157 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 75 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 58 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Энхтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...А надад 2,3 ажил байна, та ажил авах гэж байгаа бол эхлээд мөнгө өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн, тэгээд би манай компани боломжийн хирээр ажилтай байгаа гэж хэлтэл А манай Нямаа туслаарай гэж гуйсан тэгээд би туслах гэж байгаа юм шүү гэж хэлсэн, тэгэхээр нь одоохондоо ч надад ажил байгаа, яахав өвөл барилгын ажил зогсоод байдаг юм засварын ажил өвөл хийвэл зүгээр байдаг юм гээд санал хэлсэн, тиймэрхүү юм яриад бидний эхний уулзалт дууссан, дараа утсаар яриад 10-аад хоногийн дараа А надтай уулзъя гэж утсаар ярьсан тэгээд бид хоёр Сүхбаатар дүүргийн нутагт байдаг кафены газар хоёулаа уулзсан, тэгээд уулзсан чинь А надад мөнгө хэрэгтэй байна, би танд ажил олж өгнө та надад итгэж болно гэж хэлээд 25 сая төгрөг өгчих гэж хэлсэн, тэгэхээр нь би юу юуны духанд хүрэлгүй чамд мөнгө өгөөд яахав дээ гэж хэлсэн чинь А за би тэр ажил ажил гэж ярихаа больё надад яг өнөө маргааш гэхэд 25 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн, тэгэхээр нь ш чамд яахаараа 25 сая төгрөг юу гэж өгөх бэ, надад ажил олж өгсөн зүйл байж би чамд яаж итгэх юм бэ гэж хэлтэл А надад одоогоор 2,3 ажил бэлэн байна гол нь бүтэхээр болсон байгаа гэж хэлсэн. Тэгээд та надад итгэхгүй бол би танаас 25 сая төгрөг нотариатаар батлуулаад зээлийн гэрээ байгуулан авъя гэж хэлсэн. Тэгээд надад итгэ би Су Батболдын хуулийн зөвлөх байсан хүн шүү та намайг хүн явуулж шалгуулаад үзээрэй гэж томроод яриад байсан. Тэгээд тиймэрхүү юм ярьж байгаад салсан тэгээд 3,4 хоногийн дараахан А над руу бас утсаар яриад уулзъя ажил бүтсэн гэж яриад бид Сүхбаатар дүүргийн нутагт одоо хаана ч билээ 11 дүгээр хорооллын Хаан билүү Хас банк билүү, Спортын төв ордны Хаан банк билүү энэ хоёрын нэгнээс нь 25 сая төгрөг аваад Аад нотариатаар зээлийн гэрээ байгуулж 25 сая төгрөг өгсөн. А нь мөнгө хэрэгтэй байна, би танд ажил бүтээж өгнө, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд авсан, гэхдээ яг ямар ажил олж өгөхөө урьдчилан хэлээгүй. 25.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 178-179 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 131 дүгээр хуудас, 3 дугаар хх-ийн 162-163 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Пүрэвдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Хатанболд нь надаас барилгын тусгай зөвшөөрөл буюу 168 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил олох хүн байна тэгээд та тендерийн ажлын урьдчилгаа мөнгө гэж 5 сая төгрөг, тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж Аад 1 сая төгрөг, цэцэрлэгийн зураг төсөл гаргаж өгнө гэж 2.5 сая төгрөг нийт надаас 8.500.000 төгрөг 3 удаагийн үйлдлээр цувуулан авч А гэдэг хүнд өгсөн...А нь тухайн үед бидэнд хэлэхдээ би компанийн барилгын тусгай зөвшөөрөл 7 хоногийн дотор гаргаж өгнөө гэж хэлсэн, тэгснээ Сүхбаатар дүүргийн 168 дугаар цэцэрлэгийн тендер авч өгнө гэж хэлсэн тэрэнд болохоор нийт үнийн дүнгийн 0,5 хувийг авна гэж өөрөө хэлж байсан Тэгээд өөрийнхөө ард байдаг хүнийг маш том эрх мэдэлтэй нөлөө бүхий хүн байгаа та мэдэх шаардлага байхгүй гэж хэлсэн...А ч олдоогүй сураггүй алга болж утсаар ярихдаа энэ тэнд ажилтай, хуралтай байна, амралт зугаалгаар хөдөө явж байна, чиний ажил бүтсэн байгаа шүү ахын дүү санаа зоволтгүй гэж хуурч мэхэлсээр өнөөдрийг хүрсэн. Би нийт 8.500.000 төгрөгөө нэхэмжилж байна.  гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 1-2, 3-4 дүгээр хуудас/,

 

            Хохирогч Б.Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Нилээн дээр үеэс таньдаг байсан найз Н гэдэг залуу байдаг юм. Тэгээд тухайн үед би өөрөө замын бетон эдлэл үйлдвэрлэдэг байсан юм, ажил ч гайгүй явж байсан чинь Н надтай уулзаад “чи нэг гайгүйхэн тендер аваад улсын ажил хийвэл яадаг юм бэ? Ер нь ажлыг чинь гайгүй болгож чадах нэг гайгүй ах байгаа ш дээ өөр барилгын салбар луу ороод үзээч” гэж санал тавьсан юм, “өө тэгье үзье” гэж хэлээд А гэдэг ахтай уулзсан юм. Тэгээд тэр А гэдэг ах надад “барилгын тендер авч өгье, бүх зүйлийг чинь өөрөө бүрдүүлээд ажлыг чинь бүтээгээд өгнө, чи харин надад мөнгө зээлээч” гэсэн тэгэхээр нь би “юу гэж зүгээр мөнгө зээлэх юм бэ?” гэхэд “50 сая төгрөг зээлчих 70 сая төгрөг болгоод өгье” гэсэн. Тэгэхэд Н цуг байж байгаад манай ах бол ямар ч асуудал байхгүй ээ, чиний ажлыг амжуулаад мөнгийг чинь буцаагаад өгнө гэж байсан. Тэгээд 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 25 сая төгрөг аваад дараа нь 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дахин 25 сая төгрөгийг Нийн дансанд шилжүүлээд өгсөн. Тэгээд ажил гарахыг хүлээгээд байсан чинь нөгөө ажлууд нь ерөөсөө болоогүй юм. Дараа нь 3 сарын дараа Ноос нэхсэн чинь Н “А ахаас нэх” гэсэн. Тэгэхээр нь би тэр 2-той уулзсан чинь А нь “удахгүй өгнөө асуудал байхгүй, жаахан хүлээж бай, миний мөнгө одоо орж ирэх гэж байна” гэж явсаар байгаад 2013 он гарсны дараа байхаа надад 50 сая төгрөгийг 70 сая төгрөг болгож өгнө гэсэн утгатай гар бичмэл баталгаа гаргаж өгсөн. Тэгээд 2013 оны 05 дугаар сар хүртэл цувуулаад 29.500.000 төгрөг өгсөн...Надад энэ зээлийн гэрээгээр бол 55 сая төгрөг өгөх ёстой, гэхдээ надад 29.500.000 төгрөг өгсөн, дээр нь нэмж 800.000 төгрөг авсан, Тэгэхээр нь 28.700.000 төгрөгийг өгсөн гэсэн үг. Тэгээд 50 сая төгрөгөөс 28.7 сая төгрөг өгсөн болохоор 21.3 сая төгрөг үлдэж байгаа юм.... Нийн данс руу 2 удаа 25,25 сая төгрөгөөр шилжүүлж өгсөн, өөр хүн мэдэхгүй. Тухайн үед А баталгаа хийж өгөөд байхаар нь А л өгөх ёстой юм байгаа биз гэж байсан юм. Үнэн хэрэг дээрээ Н, А 2 нийлж намайг залилан мэхэлсэн байна гэж үзэж байна...Б.А надад 29.5 сая төгрөгийг буцааж өгсөн байгаа, 42 сая төгрөгийг буцааж өгсөн гэдэг нь худлаа юм аа...А нь авсан юм уу, Н нь надаас авсан уу хэн нь эргүүлж өгөх ёстойг мэдэхгүй байна. Ямар ч байсан Нийн данс руу хийсэн баримт нь байгааг хүлээлгэж өгье. 50 сая төгрөгийг 2 удаа хувааж өгснийг 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “зээл өгөв” гэж бичсэнийг уг банкны теллер нь “зээл төлөв” гэж мөнгөний шилжүүлгийн утган дээрээ буруу бичсэн байна...”,”...нийт 50.000.000 төгрөгийг 2 Нийн дансруу шилжүүлж өгч байсан. Үүний дараа 800.000 төгрөгийг Аад бэлнээр нь өгч байсан. Ингээд нийт 50.800.000 төгрөгийг байна...29.500.000 төгрөгийг увуулж цувуулан нэхүүлж байж өгсөн байдаг. Үлдэгдэл 21.300.000 төгрөгийг төлөөгүй байгаа ба энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 126-127, 128, 229 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Анхбаяр мөрдөн байцаалтад дахин мэдүүлэхдээ “...Нийт 50.000.000 төгрөгийг 2 хувааж Нийн данс руу шилжүүлж өгч байсан. Үүний дараа 800.000 төгрөгийг Аад бэлнээр нь өгч байсан. Ингээд нийт 50.800.000 төгрөгийг өгчхөөд байна. Н надаас авсан 50.000.000 төгрөгийг бүтнээр нь Аад өгсөн гэж хэлж байсан. 29.500.000 төгрөгийг увуулж цувуулан нэхүүлж байж өгсөн байдаг. Одоо үлдэгдэл 21.300.000 төгрөг төлөгдөөгүй байгаа ба энэ мөнгөө нэхэмжилж байна. /3 дугаар хх-ийн 29 дүгээр хуудас, 74 дүгээр хуудас, 4 дүгээр хх-ийн 57 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Оюунтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....Сарангэрэл над руу яриад намайг циркийн энд хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би очтол Цолмон ахын машинд Сарангэрэл, Батболд, Цолмон ах, А нар сууж байсан. Тэгээд би Цолмон ахыг та бууж бай би орж сууя гээд би машинд орж суугаад урд талын суудал дээр нь суугаад тамхи татаад  сууж байсан. Батболд цаасан дээр юм бичээд сууж байсан. Тэгээд тэд хоорондоо банкны зээлийн талаарх ажил яриад байсан, би сайн ойлгоогүй. Тэгээд Аад Батболд 50 сая төгрөг бэлнээр өгч байсан. Батболд хэлэхдээ Ааа чамд найдаж байгаа шүү ажил төрлөө бүтээгээд зээлээ хурдан бүтээгээрэй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 32-34 дүгээр хуудас, 3 дугаар хх-ийн 76 дугаар хуудас/,

 

Гэрч С.Батсуурь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би Аыг зүс танина. Батзориг гэх залууд би 2012 оны 02 дугаар сард 30 сая төгрөг зээлсэн юмаа, тэгээд буцаагаад мөнгөө нэхсэн чинь Батзориг нь А гэдэг хүнтэй тооцоотой байсан юм шиг байсан. 2013 оны зун А гэх хүний нэрээр миний дансанд 7 сая төгрөг орж ирсэн юм аа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 42-43 дугаар хуудас/,

 

            Гэрч Д.Нямаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...А надад хэлэхдээ барилгын ажил олж өгч болно. Гэхдээ урьдчилгаа мөнгө болох 25 сая төгрөг авах шаардлагатай гэж хэлж байсан. Баталгааг би өөрөө гаргаж өгнө, гэрээ хийж нотариатаар баглуулж өгнө гэсэн. Тэгээд би итгээд Зос трейд ХХК-ны захирал Энхтуяа эгчтэй Аыг уулзуулсан. Тэр 2 уулзаад хоорондоо гэрээ байгуулж Энхтуяа эгч Аад 25 сая төгрөг өгсөн. Яг мөнгө хүлээлцэж өгөлцөж авалцах үед нь би байсан. Сүүлдээ Энхтуяа эгч надаас Аыг асуугаад эхэлсэн. Би Аын мэддэг бүх дугаарыг хэлсэн. ...А Энхтуяа эгчид ямар ч ажил олж өгөөгүй. А нь Энхтуяа эгчид барилга, угсралт үйлдвэрлэлийн ажил олж өгнө гэж амлаж мөнгийг нь авсан.. Миний хувьд Ааас шалтгаалан хүний итгэл алдсан, захирлынхаа нүүрийг харахад хэцүү байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 182-183 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 133 дугаар хуудас/,

 

            Гэрч У.Наранцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “... Аад өгсөн мөнгө нь манай нөхөр Пүрэвдорж өгсөн болохоор хохирогчоор тогтоогдсон байсан. Одоо манай Хатанболд Америкийн нэгдсэн улс руу сургуульд явчихсан. Мөн нөхөр Пүрэвдорж нь Бүгд найрамдах Солонгос Ард улсад ажиллаж байгаа хэзээ ирэх нь тодорхойгүй учраас байцаалт өгөх, хэргийн материалтай танилцах боломжгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 175 дугаар хуудас/,

 

            Гэрч Д.Цэцэгмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “....Би Б.Аыг танихгүй. Батболд нь манай нөхөр Эрдэнэсүхтэй Оросын Холбооны улсад 6 жил хамт сурсан найз нь юм байгаа. Сарангэрэлийг бол танихгүй. Батболд, Сарангэрэл нар яг яах гэж мөнгө авсныг мэдэхгүй. Одоо Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхээс 2015 онд 50 сая төгрөгийг Батболд, Сарангэрэл нараас гаргуулан авах, тэр 2 50/50 хувиар нь хувааж төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан боловч шийдвэр гүйцэтгэл явагдаж миний төлбөрийг барагдуулж чадахгүй байгаа юм. 50 сая төгрөгийг юунд зарцуулж байгаа талаар яриагүй, харин шүүх дээр байхдаа Б.А гэдэг хүнд мөнгөө залилуулсан гэж яриад байгаа юм...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 166-167 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.А болон хохирогч Х.Сарангэрэл нарын хооронд байгуулсан 75.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /1 дүгээр хх-ийн 14, 92-93 дугаар хуудас/,

 

2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б.А, Х.Сарангэрэл нарын хооронд байгуулсан хэлцэл, дансны хуулга /1 дүгээр хх-ийн 94-95 дугаар хуудас/,

 

Эд зүйл эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэлд “...Хохирогч Б.Батболдоос 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагт А гэгчтэй ярилцахад утсаар дуу авьяаг бичсэн гэх 1 ширхэг сиди хураан авах ажиллагааг 12 цаг 14 минутад дуусгав...” гэжээ /1 дүгээр хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Батболдоос гаргаж өгсөн ярианы сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, сиди бичлэг /1 дүгээр хх-ийн 25-27 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц гэм судлалын 865 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. Б.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна.
  2. Б.А гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна. Б.А нь тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна.
  3.  Б.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчинг нотлох баримт алга байна. Б.А нь өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна.  /1 дүгээр хх-ийн 53 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.А болон хохирогч Б.Анхбаяр нарын хооронд байгуулсан 55.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /1 дүгээр хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

 

Х.Сарангэрэлийн зээлийн төслийн материалын зураг /1 дүгээр хх-ийн 96-98 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолд “..хохирогч Б.Батболдоос хураан авсан хар, улаан өнгө хосолсон ган диск гэж улаан өнгөөр бичсэн бичлэгээс давтан ФЛАШ дискэнд хуулж авсан  флаш нь үзлэгээр эд мөрийн баримт болох нь батлагдсан. Эд мөрийн баримт Флаш диск-г хэрэгт хавсаргахаар тогтов...” гэжээ /1 дүгээр хх-ийн 132 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2565 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

Шинжилгээнд ирүүлсэн “Somei” маркийн CD-д бичигдсэн “Track01.CDA” гэсэн нэртэй харилцан ярианы бичлэг нь дуу авианы харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. /1 дүгээр хх-ийн 134-135 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэлд “...Б.Батболдоос хар өнгө, улаан өнгө хосолсон Sandisk гэж улаан өнгөөр бичсэн урд өмнө СД-д бичсэн бичлэгийг дахин флашинд буулгаж хураалгав...” гэжээ /1 дүгээр хх-ийн 146 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3206 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн цэсээс “Ariunbat.Circus” гэсэн нэртэй 2013 оны 04 дүгээр сарын 25-ны 16 цаг 52 минутад үүсгэгдсэн 00:03:13 секундийн үргэлжлэх хугацаатай, харилцан яриа бичигдсэн дуу авианы бичлэг нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “Ariunbat.Circus” гэсэн нэртэй дуу авианы бичлэгт Б.Батболд, Б.А нар харилцан ярилцсан байх боломжтой байна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн “Ariunbat.Circus” гэсэн нэртэй дуу авианы бичлэгт харилцан ярилцаж байгаа хүмүүсийн ярианы хэсгүүд давхардсан, зарим хүмүүсийн дуу хоолой хэт цаана сонсогдож байгаагаас хэдэн хүн харилцан ярианд оролцож байгааг тогтоох боломжгүй байна.
  4. Ariunbat.Circus” гэсэн нэртэй дуу авианы бичлэгт ярилцсан харилцан яриаг бичиж хавсаргав. /1 дүгээр хх-ийн 148-149 дүгээр хуудас/,

 

Ariunbat.Circus дуу авианы бичлэгийн харилцан ярианууд /1 дүгээр хх-ийн 150-152 дугаар хуудас/,

 

“Зос трейд” ХХК-ийн товч танилцуулга /1 дүгээр хх-ийн 189-200 дугаар хуудас/,

 

Хөвсгөл аймгийн цагаан-үүр суманд баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /1 дүгээр хх-ийн 201-204 дүгээр хуудас, 3 дугаар хх-ийн 238-241 дүгээр хуудас/,

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт /1 дүгээр хх-ийн 207-208 дугаар хуудас /,

 

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолд “...хохирогч С.Пүрэвдоржоос хар өнгийн 4gb багтаамжтай, htt:www.xulihe.com гэх бичигтэй нэг талдаа гэрэлтэй флашинд хохирогчийн эхнэрийн дүү Хатанболд нь Атай ярилцсан ярианы бичлэг байгаа гэх флашийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахаар тогтов...” гэжээ /2 дугаар хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэлд “....хохирогч С.Пүрэвдоржоос хар өнгийн 4gb багтаамжтай, htt:www.xulihe.com гэх бичигтэй нэг талдаа гэрэлтэй флашинд хохирогчийн эхнэрийн дүү Хатанболд нь Атай ярилцсан ярианы бичлэг байгаа гэх флашинд үзлэг хийж, шинжилгээ томилохоор эд мөрийн баримтаар хураав...” гэжээ /2 дугаар хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Зээлийн гэрээнд “...Зээлдүүлэгч У.Хатанболд, зээлдэгч Б.Аад 6.000.000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Б.А нь заасан хугацаанд дурьдсан мөнгийг эгүүлэн төлөх үүрэг хүлээнэ. Гэхдээ ямар ч тохиолдолд зээлсэн мөнгийг гэрээнд тохиролцсон 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төлж дуусгасан байна. Баяраа овогтой А би Хатанболдоос 2.500.000 төгрөг хүлээн авлаа...” гэжээ /1 дүгээр хх-ийн 237 дугаар хуудас/, 

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5225 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. Шинжилгээнд ирүүлсэн “20141022_005625.mp4” нэртэй гар утсаар бичигдсэн дүрс бичлэгийн файл нь харьцуулах шинжилгээний шаардлага хангахгүй байна. /2 дугаар хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Б.Анхбаярын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 129-130 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 32 дугаар хуудас/,

 

Г.Аийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 163 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц гэм судлалын 651 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1.  Г.А нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон удирдаж чадаж байсан байна.
  2.  Г.А нь хэргийн үйлдлийн хувьд сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна.
  3.  Г.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцаж чадаж байна. Хэрэг хариуцах чадвартай байна.
  4.  Г.Аид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /2 дугаар хх-ийн 197 дугаар хуудас/,

 

Б.Алтанчимэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 236-237 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...хохирогч Б.Батболдоос гаргаж өгсөн 9 хуудас баримтыг хураан авав...” гэжээ /3 дугаар хх-ийн 79 дүгээр хуудас/,

 

Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас /3 дугаар хх-ийн 80 дугаар хуудас/,

 

Иргэний хэргийн шүүхэд гаргасан хүсэлт /3 дугаар хх-ийн 81-82 дугаар хуудас/,

 

Д.Цэндмаа, Х.Сарангэрэл нарын хооронд байгуулсан 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /3 дугаар хх-ийн 83 дугаар хуудас/,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /3 дугаар хх-ийн 84-85 дугаар хуудас/,

 

2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16.00 цагийн орчим “АСА” циркийн автомашины зогсоол дээр Цолмонгийн машинд Б.А, Х.Сарангэрэл, Б.Батболд нарын хооронд болсон ярианы аудио бичлэгийн дэлгэрэнгүй текст /3 дугаар хх-ийн 86-88 дугаар хуудас/,

 

Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт /3 дугаар хх-ийн 231 дүгээр хуудас/,

 

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд баригдсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээн авах хурлын тэмдэглэл /3 дугаар хх-ийн 232-234 дүгээр хуудас/,

 

“Зос трейд” ХХК-ийн тусгай зөвшөөрөл /3 дугаар хх-ийн 235-236 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа / 1 дүгээр хх-ийн 76, 248 дугаар хуудас /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 71 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 73 дугаар хуудас/, ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 77 дугаар хуудас/, хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын сертификат /1 дүгээр хх-ийн 80 дугаар хуудас/, бакалаврын диплом /1 дүгээр хх-ийн 81-82 дугаар хуудас/, гэрч Д.Энхтуулын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас/, гэрч Б.Алтанчимэгийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч А.Буяндэлгэрийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 10 дугаар хуудас/, зээлийн баталгаа /2 дугаар хх-ийн 159-160 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хх-ийн 166 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 166 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 дугаар хх-ийн 159 дүгээр хуудас/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /2 дугаар хх-ийн 157 дугаар хуудас/, гэрч У.Ганхуягийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 191 дүгээр хуудас/, гадаад паспортын хуулбар /2 дугаар хх-ийн 234-235 дугаар хуудас/, магистрын дипломын хуулбар, магистрын ажлын хуулбар /3 дугаар хх-ийн 24-47 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч Ш.Бадмаарагаас оршин суугаа хаягийн тодорхойлолт бүхий 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр:

 

2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АСА” циркийн орчим хохирогч Б.Батболдод “Барилгын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 50.000.000 төгрөгийг авч залилсан,

 

2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрэл” банкны орчим хохирогч Х.Сарангэрэлд “Бага хүүтэй зээл бүтээж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 25.000.000 төгрөг авч залилсан,

 

2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, 2012 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны орчим хохирогч Д.Энхтуяад “Барилгын ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 26.000.000 төгрөг авч залилсан,

 

2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Пүрэвдоржид “Барилын тусгай зөвшөөрөл авч өгч, ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 8.500.000 төгрөг авч залилсан,

 

Мөн шүүгдэгч Б.А, Г.А нар бүлэглэн 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр, 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Анхбаярт ““барилгын тендер авч өгье, бүх зүйлийг чинь өөрөө бүрдүүлээд ажлыг чинь бүтээгээд өгнө, чи надад 50.000.000 төгрөг зээлбэл мөнгийг чинь 70.000.000 төгрөг болгож өгнө” гэж хэлж 3 удаагийн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 50.800.000 төгрөг авч залилсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч Б.Батболдын “...би Атай уулзаад барилгын ажлын талаар ярьсан. Тэгэхэд А надад “барилгын ажил ямар ч асуудал байхгүй би олж өгч чадна, би найдвартай та надад итгээрэй гэж хэлж байсан. Тэгээд надад 50 сая төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд би энэ мөнгийг шууд тоолоод өгсөн юмаа...” гэсэн мэдүүлэг,

 

            Хохирогч Х.Сарангэрэлийн “...А надад “Жайка гэж олон улсын шугамаар олддог төслийн зээлийг танд 7 хоногийн дотор гаргаад өгнө, та надад итгэж болно, би хуулийн мэргэжилтэй өмгөөлөгч мэргэжилтэй” гэж хэлээд 120 мянгатын Эрэл банкны гадаа бэлэн 25 сая төгрөг бэлнээр Аад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

            Хохирогч Д.Энхтуяагийн “...Аад 25 сая төгрөг өгсөн. А нь мөнгө хэрэгтэй байна, би танд ажил бүтээж өгнө, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд авсан...” гэсэн мэдүүлэг,

 

            Хохирогч С.Пүрэвдоржийн “...Хатанболд нь надаас “барилгын тусгай зөвшөөрөл буюу 168 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил олох хүн байна тэгээд та тендерийн ажлын урьдчилгаа мөнгө гэж 5 сая төгрөг, тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж Аад 1 сая төгрөг, цэцэрлэгийн зураг төсөл гаргаж өгнө гэж 2.5 сая төгрөг нийт надаас 8.500.000 төгрөг 3 удаагийн үйлдлээр цувуулан авч А гэдэг хүнд өгсөн. Би Атай уулзаж бэлнээр 1 сая төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

            Хохирогч Б.Анхбаярын “...Н надтай уулзаад “чи нэг гайгүйхэн тендер аваад улсын ажил хийвэл яадаг юм бэ? Ер нь ажлыг чинь гайгүй болгож чадах нэг гайгүй ах байгаа ш дээ өөр барилгын салбар луу ороод үзээч” гэж санал тавьсан юм, “өө тэгье үзье” гэж хэлээд А гэдэг ахтай уулзсан юм. Тэгээд тэр А гэдэг ах надад “барилгын тендер авч өгье, бүх зүйлийг чинь өөрөө бүрдүүлээд ажлыг чинь бүтээгээд өгнө, чи харин надад мөнгө зээлээч” гэсэн тэгэхээр нь би “юу гэж зүгээр мөнгө зээлэх юм бэ?” гэхэд “50 сая төгрөг зээлчих 70 сая төгрөг болгоод өгье” гэсэн. Тэгэхэд Н цуг байж байгаад “манай ах бол ямар ч асуудал байхгүй ээ, чиний ажлыг амжуулаад мөнгийг чинь буцаагаад өгнө” гэж байсан. Тэгээд 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 25 сая төгрөг аваад дараа нь 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дахин 25 сая төгрөгийг Нийн дансанд шилжүүлээд өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Оюунтуяа, С.Батсуурь, Д.Нямаа, У.Наранцэцэг, Д.Цэцэгмаа нарын мэдүүлэг,

 

Эд зүйл эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд,

 

Б.А болон Х.Сарангэрэл нарын хооронд байгуулсан 75.000.000 төгрөгийн зээлийн гэрээ,

 

Б.А болон Б.Анхбаяр нарын хооронд байгуулсан 55.000.000 төгрөгийн зээлийн гэрээ,

 

У.Хатанболдоос Б.А нарын хооронд гэрээ байгуулсан 6.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /2.500.000 төгрөг хүлээн авсан бичиглэлтэй/,

 

            Б.Анхбаярын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г.Аийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3206 дугаартай дүгнэлт / Б.Батболд, Б.А нар харилцан ярилцсан байх боломжтой талаар/, 

 

            Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлтүүд,

 

            Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогч нарт “Барилгын ажил олж өгнө”, “Бага хүүтэй зээл бүтээж өгнө”, “Барилгын тусгай зөвшөөрөл авч өгч, ажил олж өгнө” гэх зэргээр үгээр, үйлдлээр бодит байдлыг гуйвуулан хуурч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өөртөө авсан, шүүгдэгч Г.А нь хохирогч Б.Анхбаярт “гайгүйхэн тендер аваад улсын ажил хийвэл яадаг юм бэ? А ажлыг чинь бүтээж өгнө” гэж хэлж үгээр, үйлдлээр бодит байдлыг гуйвуулан хуурч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өөртөө авсан үйлдлүүд тус тус тогтоогджээ. 

 

Шүүгдэгч Б.А, Г.А нар нь дээрх байдлаар худал хэлж хохирогч нарт ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн хохирогч нарын бага хүүтэй зээл авах, бизнесийн үйл ажиллагаагаа явуулах, барилгын тусгай зөвшөөрөл авах, барилгын ажил олох гэх мэтчилэн тэдгээрийн хүсэл сонирхлыг ашиглан худал хэлж төөрөгдүүлэн зарим хохирогч нартай зээл нэрийдлээр Зээлийн гэрээ байгуулж эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан санаатай үргэлжилсэн үйлдлүүд нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч нар нь дээрх нэр бүхий хохирогч нараас мөнгийг авахдаа хохирогч нарт тодорхой ажил бүтээж амлалт өгч, тухайн бүтээх ажил нь биелэгдэх боломжгүй гэдгийг мэдсээр атлаа хууль бус үйлдэл хийж, олон хохирогч нарын итгэлийг эвдэж, Б.Ааас гэмт үйлдлээ тодорхой хугацаанд үргэлжлүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Ийнхүү шүүгдэгч нараас өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Аын  гэмт үйлдэл нь 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр, шүүгдэгч Г.Аийн гэмт үйлдэл нь 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тус тус үйлдэгдсэн нь тогтоогдож 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлогдох боловч шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарыг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар гэм буруутайд тооцож хууль буцаан хэрэглэх нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Аыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Г.Аийг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар “..шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгч “...улсын яллагчтай санал нэг байна...” гэж, шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч Ш.Бадмаараг “...Миний үйлчлүүлэгчийн үйлдэл оролцоо байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж, шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч нараас “...А нь хохирогч нарын хууль бус хүсэл зоригийг хэрэгжүүлэхээр авлига өгөх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгах шаардлагатай, Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго тодорхойгүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

Хэрэгт авагдсан хохирогч Б.Анхбаярын “...найз Н гэдэг залуу надтай уулзаад “чи нэг гайгүйхэн тендер аваад улсын ажил хийвэл яадаг юм бэ? Ер нь ажлыг чинь гайгүй болгож чадах нэг гайгүй ах байгаа ш дээ өөр барилгын салбар луу ороод үзээч” гэж санал тавьсан юм. Н цуг байж байгаад манай ах бол ямар ч асуудал байхгүй ээ, чиний ажлыг амжуулаад мөнгийг чинь буцаагаад өгнө гэж байсан. Тэгээд 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 25 сая төгрөг аваад дараа нь 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дахин 25 сая төгрөгийг Нийн дансанд шилжүүлээд өгсөн. Н, А 2 нийлж намайг залилан мэхэлсэн...” гэж /2 хх-ийн 126-127/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аийн “...Би Анхбаярыг Атай холбож өгсөн. Анхбаяр 25.000.000, 25.000.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлэг хийсэн...” гэж, шүүгдэгч Б.Аын мэдүүлэг, Б.Анхбаярын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 129-130, 3 хх-ийн 32/, Г.Аийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 163, 3 хх-ийн 36/ зэрэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Аийн гэмт үйлдэл нотлогдсон гэж шүүх үзсэн.

Дээрх баримтуудаас үзвэл Б.Анхбаяр нь шүүгдэгч нарт итгэж мөнгөө өгөх итгэл үнэмшил нь найз Г.Аийн “манай ах бол ямар ч асуудал байхгүй ээ, чиний ажлыг амжуулаад мөнгийг чинь буцаагаад өгнө” гэсэн санаа бүхий элдэв үг, үйлдэл илэрхийлснээр тэрээр итгэж улмаар Г.Аийн эзэмшлийн Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн.

Шүүгдэгч Г.Аоос Б.Аын “барилгын тендер авч өгье” гэсэн үг, үйлдэл илэрхий хууль бус шинжтэй болохыг мэдсээр атлаа уг үйлдлийг дэмжиж хохирогч Б.Анхбаярыг итгүүлснээр түүнээс тэдгээрт мөнгөө өгөх нөхцөл бий болсон тул өмгөөлөгч Ш.Бадмаарагаас гаргасан саналыг хүлээн аваагүй.    

Мөн шүүгдэгч нараас өөрсдийн эдийн ашиг сонирхлоо хангах зорилгоор хууль бус аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай сэдэлтээр хохирогч нарт хуурамч ойлголт төрүүлж эд хөрөнгийг өөрсдийн мэдэлд шилжүүлэн авснаар залилан мэхлэх гэмт хэргийн шинж /сэдэлт, санаа зорилго/ бүрэн нотлогдсон гэж дүгнэхээр байна.

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогч нараас “авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгах шаардлагатай” гэсэн санал гаргасан ба шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч нарын гэм бурууг дүгнэж шийдвэрлэсэн, энэ хэрэгт тухайн асуудлыг хамтатган шалгах шаардлагагүй, залилах гэмт хэргийн нөхцөл байдалд нөлөөлөхгүй гэж үзсэн тул өмгөөлөгч нарын саналыг хүлээн аваагүй.

Энэ хэргийг шийдвэрлэснээр тухайн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг шалгах ажиллагааг хязгаарлаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирол, төлбөрийн талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.А, Г.А нарыг гэм буруутайд тооцож,  нийт 100.800.000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч Б.Аын өмгөөлөгчөөс хохирол төлөхтэй холбоотой хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг түр хугацаагаар завсарлуулсан боловч уг хугацаанд хохирлоо  нөхөн төлөөгүй болохыг тэмдэглэв. 

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Ааас нийт 90.150.000 төгрөгийн хохирлыг гаргуулж нэр бүхий дараах хохирогч нарт олгохоор шийдвэрлэв. Үүнд:

 

- Хохирогч Б.Батболдод 45.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж мөн хохирогчид,

- Хохирогч Д.Энхтуяад 26.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж мөн хохирогчид,

- Хохирогч С.Пүрэвдоржид 8.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж мөн хохирогчид тус тус олгох нь зүйтэй байна.

 

Мөн хохирогч Б.Анхбаярын 50.800.000 төгрөгийн хохирлоос 29.500.000 төгрөг төлөгдсөн талаар хохирогчоос мэдүүлсэн тул үлдэгдэл 21.300.000 төгрөгийг Б.А, Г.А нараас хувь тэнцүүлэн тооцож, шүүгдэгч тус бүрээс 10.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Анхбаярт олгохоор шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгч Б.Ааас хохирогч Х.Сарангэрэлийн 25.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь Х.Сарангэрэлийн “....би өөрөө хувиараа өгсөн 25 сая төгрөгөөс 8 сая төгрөг бэлнээр аваад дээр нь нэг машин авсан учраас өөрийнхөө энэ асуудалд нэхэмжлэх зүйл байхгүй...” /3 дугаар хх-ийн 75 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.А, Г.А нарыг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Ийнхүү шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Б.Аыг шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Аийг шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Аад оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Г.Аийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 18 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Г.Нацагдоржоос “...хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэж, өмгөөлөгч О.Баясгалангаас “...торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэж, шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч Ш.Бадмаарагаас “...хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэж тус тус санал гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.Аын бусдыг үргэлжилсэн үйлдлээр залилсан үйлдэл нь 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дуусч үйлдэгдсэн хэрэгт 2015 оны 4 дүгээр сарын 28, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдэд яллагдагчаар татагдсан /2 хх-ийн 144-145, 244-245/, шүүгдэгч Г.Аийн бусдыг залилсан үйлдэл нь 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн хэрэгт 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар татагдсан /2 хх-ийн 148-149/ болох нь тус тус тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүгдэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилсөн тул хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан өмнөх зохицуулалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

    Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон зохицуулалт нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар, агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хүчин төгөлдөр хуулийн заалтыг шүүх баримталж хэргийг шийдвэрлэлээ.

 

Тодруулбал материаллаг болон процессын хуулийн хэм хэмжээ нь өөр өөр харилцааг зохицуулах боловч зарим тохиолдолд зохицуулалт нь давхцах, холимог шинж нөхцлийг илэрхийлж, хоорондоо зөрчилдөх боловч хамгийн гол нь тухайн хуулиар зохицуулсан хэм хэмжээний зорилго, агуулга, мөн чанарыг харгалзан хэрэглэдэг онцлогтой байдаг тул өмгөөлөгч нарын саналуудыг хүлээн аваагүй болно. 

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сиди, 1 ширхэг флаш зэргийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдлаа.

           

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв шударгаар амьдрах, биеэ зөв авч явах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Аыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

                                                                                     

            2. Шүүгдэгч Г.А-ийг бүлэглэн, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Аыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Аийг 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аид оногдуулсан торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь хохирогч Х.Сарангэрэлд төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, 1 ширхэг флаш зэргийг хэрэгт хавсаргасугай.

 

            9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ааас 90.150.000 төгрөгийг гаргуулж,

- Хохирогч Б.Батболдод 45.000.000 төгрөг,

- Хохирогч Д.Энхтуяад 26.000.000 төгрөг,

- Хохирогч С.Пүрэвдоржид 8.500.000 төгрөг,

- Хохирогч Б.Анхбаярт 10.650.000 төгрөг,

 Шүүгдэгч Г.Аоос 10.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Анхбаярт тус тус олгосугай.

 

            10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            13. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ДУЛАМСҮРЭН