Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2015/0280

 

 

2015 оны 6 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2015/0280

Улаанбаатар хот

 

 

С.Ц-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар

дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаар шийдвэрт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу С.Ц-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар захирамжийн Ё.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

2010 онд манай газар дээр Ё.Б блокоор хашаа барьж, дараа жил нь байшин барьсан. Газрын асуудлаар Нийслэлийн Засаг даргад очиж уулзахад ямар нэгэн давхцал байхгүй гэдэг байсан. Нийслэл болон дүүргийн мэдээллийн санд Ё.Б-ийн газрын кадастрын зураг байдаггүй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 163 дугаар захирамжаар Хандгайтаас өөр Хандгайтын богино гэсэн газрыг олгосон. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр захирамжийн С.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Би Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 163 дугаар захирамжаар 400 м.кв газрыг эзэмшснээс хойш тухайн газарт хашаа барьж зусланд гардаг. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 115 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 700 м.кв болгосон. Гэтэл тэр жил С.Ц манай газар дээр байшин барьсан. С.Ц-д манай газартай давхардуулан газар эзэмшүүлсэн байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр захирамжаар 279 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаад хугацаа нь дууссаны дараа С.Ц нь Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2007 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл гаргаж, 300 дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар эзэмшсэн. Үүний улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул гуравдагч этгээд ийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Анх Ё.Б-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 115 дугаар захирамжаар 400 м.кв газрыг эзэмшүүлсэн. 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар захирамжаар газрын хэмжээг өөрчлөн 700 м.кв болгосон. Ё.Б-ийн хувийн хэрэгт эзэмшил газрын байршлыг заасан кадастрын зураг байхгүй. гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын Ё.Б-д холбогдох 222 дахь хэсгийг хүчингүй болгож,

2. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.6.3-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Ё.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр захирамжийн С.Ц-д /Б.Цэцгээ/ холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Дээрх шийдвэрийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.    Шүүх маргаан бүхий захиргааны актаар шийдвэрлэсэн харилцаанд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д заасан захиргааны актууд нь хуулийн дагуу гарсан эсэхэд дүгнэлт өгөх зарчимтай. ЗХХШТХ-ын 3.1.4-д зааснаар захиргааны акт" гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагаа" гэж тодорхойлсон.

Иргэн С.Ц Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 05 сарын 12-ны 115 тоо захирамжийг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан. Тус захирамжид 2 дах хэсэгт дурьдсанаар Газрын тухай хуулийн 37.2-д заасныг үндэслэн Зуслангийн зориулалтаар.... газар эзэмших эрхээ сунгуулах баталгаажуулах.. хүсэлт гаргасан 430 иргэн, аж хуйн нэгжид" тусгайлан заасан. Ё.Б-ийн нэр тухайн захирамжийн хоёрдугаар хавсралт хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн сунгалт, баталгаажуулалт хийгдсэн байна.

Тус захиргааны актаар Ё.Б-д газар шинээр олгогдоогүй харин нэгэнт үүссэн байсан газар эзэмших эрхийн сунгалт баталгаажилт хийгдсэн байна. Үүнийг ч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 10 сарын 04-ны 1/8296 тоот албан бичигт "Анх иргэн Ё.Б-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын Газар эзэмшүүлэх тухай 2004 оны 08 сарын 25-ны өдрийн 163 тоот захирамж гарч 400м2 газрыг эзэмшсэн. Мөн газар эзэмшүүлэх, хугацаа сунгах, газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 2008 оны 05 сарын 12-ны өдрийн 115 дугаар захирамжаар газрын хэмжээг өөрчилж 700м2 болгосон нь нотлох баримтаар тогтоогдож байх тул.." гэсэн тайлбараар нотлогдож байна.

Маргаан бүхий захиргааны актаар Ё.Б-ийн хувьд "газар эзэмших эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээг өөрчлсөн" эрх зүйн үр дагавар үүсгэсэн байтал шүүхээс тус захиргааны актаар Ё.Б-д шинээр газар эзэмшүүлсэн мэт тайлбарлан Газрын тухай хуульд заасан шинээр газар эзэмшигчид тавигдах шаардлагууд бүхий заалтуудыг зөрчсөн гэж тус заалтуудыг үндэслэн СБД-ын ЗД-ын 2008 оны 05 сарын 12-ны 115 тоо захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна. Зүй нь шүүхээс тус захиргааны актыг гаргахдаа Газар эзэмших эрхийн хугацаа сунгах, газрын хэмжээг өөрчлөх"-тэй холбогдсон Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх, түүнтэй холбогдсон баримтуудыг цуглуулах, дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй байна.

2.    Шүүх нотлогдоогүй асуудалд шууд дүгнэлт өгсөн байна.

Гуравдагч этгээдийн зүгээс гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нотлогдоогүй асуудалд шууд дүгнэлт өгсөн байна. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гарахдаа "2007 онд холбогдох бичиг баримтыг бүрдүүлж анхлан газар эзэмшсэн" гэдэг. Нэхэмжлэгчийн 2007 онд гаргаж байсан "шинээр газар олгож өгнө үү" гэх утга бүхий хүсэлт ч хэрэгт авагдсан байгаа. Харин хариуцагчийн зүгээс тайлбар өгөхдөө Б.Цэцэгээ нарын 3 хүнд 2001 онд газар эзэмшүүлж байсан гэх тайлбарыг гаргаж ирсэн (нэхэмжлэгч маань С.Цэцэгээ).

Нэхэмжлэгч маань өөрөө би ганц өөрийн нэрээр дангаар газар эзэмших эрх олж авсан гэж тайлбарладаг. Иймд нэхэмжлэгч С.Цэцэгээд 2001 онд газар эзэмших эрх үүссэн эсэхэд дүгнэлт өгч шалгах ёстой. Үүнтэй холбогдсон нотлох баримтыг шүүх ЗХХШТХ-ын 31.1-д заасан үүргийн дагуу хэрэгжүүлэх ёстой.

Гэтэл шүүхийн зүгээс хариуцагчийн "Б.Цэцэгээ гэх өөр эзэмшигч байхгүй" гэх ганцхан тайлбар дээр үндэслэн тийм өөр хүн байхгүй тул С.Цэцэгээд газар эзэмших эрх үүссэн байна гэсэн дүгнэлтийг шууд хийж байна. Өөрөөр хэлбэл үг үсгийн алдаа гарсан байна гэх үүднээс хандсан.

Тэгсэн атлаа гуравдагч этгээд болох Ё.Б-ийн газар 2004 оны 08 сарын 25-ны 163 тоот захирамжаар газар эзэмших эрх үүссэнийг "Хандгайтын богино" гэж бичигдсэн тул маргаан бүхий газар эзэмших эрх нь үүссэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Энэ тохиолдолд ч бас үг үсгийн алдаа байж болно.

Мөн Ё.Б-д 2004 онд эзэмшсэн газрын кадастрийн зураг байхгүй, газрын мэдээллийн нэгдсэн санд ороогүй тул эзэмших эрх нь нотлогдохгүй байна гэж үзсэн. Нөгөө талаас С.Цэцэгээгийн 2001 онд газар эзэмших эрх үүссэн гэх газар ч мөн кадастрийн зураг байхгүй тэр газрын кадастрийн нэгдсэн санд ороогүй байсан болох нь Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын албан бичгээр нотлогддог.

Гэтэл "С.Цэцэгээ уг газрыг эзэмших эрхтэй болсон гэж үзэхээр байна" гэх өрөөсгөл дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа "талуудад эрх тэгш хандах" үндсэн зарчмыг зөрчсөн байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 2015 оны 02 сарын 10-ны өдрийн 78 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэргийн оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

            Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар С.Ц-д 15 жилийн хугацаатайгаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн тус дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтад орших 700 м.кв газар нь,

Мөн албан тушаалтны 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар захирамжаар Ё.Б Хандгайтад 700 м.кв газрыг эзэмших эрхийг баталгаажуулсан газартай давхцаж байна гэж С.Ц болон Ё.Б нар шүүхэд хандан нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаанд С.Ц-ийн эзэмшлийн газар Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд 2008 онд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш өөрчлөлт ороогүй, гуравдагч этгээд Ё.Б-ийн нэр дээр тухайн газарт бүртгэл илрээгүй талаар дурджээ. Түүнээс гадна хариуцагчаас ирүүлсэн баримтуудад Ё.Б-д эзэмшүүлсэн газрын кадастрын зураг авагдаагүй, гуравдагч этгээд, хариуцагч нар энэ талаар нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Иймээс Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг-ийг газар эзэмших хүсэлтдээ тусгахаар заасан шаардлагыг хангаагүй хүсэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар захирамжаар Ё.Б-д газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байна.

            Харин хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр захирамж болон газар ашиглуулах гэрчилгээ зэргийг үндэслэн тухайн захирамжаар анх С.Ц-д 400 м.кв газрыг эзэмших эрх үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ. Тиймээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар захирамжийн Ё.Б-д холбогдох хэсэг зөрчсөн байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, нэхэмжлэлийг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

               

                ШҮҮГЧ                               Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

                ШҮҮГЧ                               Э.ХАЛИУНБАЯР