Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 3

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Иргэдийн төлөөлөгч Ц.Янжмаа,     

Улсын яллагч Р.Энх-Оюун,

Шүүгдэгч Ц.Зундуй, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /ҮД:0747/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Зундуйд холбогдох эрүүгийн 201525031276 дугаартай хэргийг 2016 оны 02 дугаар сарын 26-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Хардал овогт Цэрэнжавын Зундуй: Монгол улсын иргэн, 1991 оны 04 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнес-Удирдлага, Маркетинг менежент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол 16-27 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй РД: /УП91041377/

 

Шүүгдэгч Ц.Зундуй /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь “Голомт” банкны төв салбарын цахим харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, “Голом банк”-ны “Ёс зүйн код”, Бүртгэл тооцооны үйл ажиллагааны журам зөрчиж тус банкны харилцагч Х.Хулангийн 1105032029 тоот ам долларын дансанд харилцагчийн зөвшөөрөлгүйгээр 2015 оны 05 сарын 21-ний өдрөөс 2015 оны 08 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нэвтрэн орж 15 удаагийн үйлдлээр 40.452.41 ам доллар авч Голомт банкинд 78.602.309.68 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2015 оны 09 сарын 11-ний өдөр иргэн Д.Төрмөнх-д орон сууц худалдан авах үнийн дүнгийн 20% болох 21.100.000 төгрөгийг “Голомт” банкинд байршуулах ёстой, таны зээлийн материалыг хаанаас ирсэн материал гэдгийг нь шалгадаг учраас би өөрийгөө хамтран эзэмшигчээр оруулж байгаа юм гэж итгүүлэн данс хамтран эзэмшигчээр бүртгүүлж 21.100.000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Зундуйгаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2012 оны 08-р сард Голомт банкинд харилцагчийн үйлчилгээний ажилтан гэсэн албан тушаалтайгаар Цамбагарав тооцооны төвд ажил орж байсан. 2014 оны 05 дугаар сараас Голомт банкны төв бизнес төвд харилцагчийн үйлчилгээний менежерээр ажиллах болсон. Хамгийн гол асуудал болох банкны харилцагчийн данснаас мөнгө гарган авсан нь 2015 оны 05 дугаар сараас эхэлсэн юм. Би одоогоос 2 жилийн өмнөөс эхлээд хэд хэдэн хүнд мөнгөний өглөг, өртэй байсан, тэр өрийг хүмүүс нь нэхээд байсан юм. 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай ажил дээр надад мөнгө зээлүүлсэн Сарантуяа гэдэг хүн ирээд мөнгөө нэхсэн, өмнө нь ч гэсэн нэхээд байсан юм. Тэр хүнээс би хоёр сарын өмнө 18,750 ам доллар зээлээд авчихсан байсан. Тэгээд тухайн өдрөө манай банкны харилцагч Х.Хулан гэдэг хүний 1105032029 дугаартай ам долларын хугацаагүй хадгаламжийн данснаас 18,750 ам долларыг гаргуулан Сарантуяагийн хэлсэн Энхбаяр гэдэг хүний ам долларын данс руу хийсэн. Тэгэхдээ би харилцагчийн үйлчилгээний менежер ажилтай Тэмүүжинг гуйж байгаад Х.Хулангийн данснаас дээрх мөнгийг зарлагадаж гаргасан. Зарлагын баримтан дээр би өөрөө Х.Хулангийн баталгаат гарын үсгийг харж байгаад дуурайлгаж зурсан. Түүнээс хойш 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 15 удаа уг данснаас дээрх аргаар бэлнээр ам доллар гаргуулан авсан. Харин өдрүүдийнхээ сар, өдрүүдийг сайн санахгүй байна. Ингээд харилцагч Х.Хулангийн данснаас нийт 40,450.9 ам долларыг авч өөрийнхөө өрнөөс дарсан юм. Ингэхдээ би харилцагчийн үйлчилгээний менежер Тэмүүжин, теллер Энх-Өлзий, Цэцэгсайхан нараас гуйж энэ гүйлгээнүүдийг хийсэн. Би тэдэнд “Х.Хулан бол миний сайн таньдаг эгч байгаа юм, би өөрт нь хэлээд зөвшөөрөл авчихсан, би мөнгийг удахгүй буцаагаад хийчих юм, эсвэл манай эгч гадаадад яваа данснаас мөнгө аваад гадаад руу шилжүүлэх гэж байна, би өөрийнх нь зөвшөөрөлтэй мөнгө авах гэж байгаа юм, дараа нь өөрийг нь ирэхээр нь зарлагын баримтан дээр гарын үсгийг нь зуруулаад өгнө” гэх зэргээр энэ гурван хүнд хэлж гуйж байгаад дээрх мөнгийг гаргуулан авсан юм. Энэ гурав цаараглаж зөвшөөрдөггүй байсан ч би “энэ хүн яалтгүй надтай ойр байдаг эгч байгаа юм” гэж гуйж байгаад зарлага хийлгэдэг байсан. Би тэднээс гуйсан болохоор тэд хүний данснаас мөнгө гаргаж өгсөн. Би тэдэнтэй нэг салбарт ажилладаг болохоор надад итгээд л мөнгө гаргаж өгсөн. Би тэднээс гуйж шалсаар байгаад мөнгө гаргуулан авдаг байсан. Би одоогоос 2 жилийн өмнө буюу 2013 оны үеээс хувийн хэрэгцээ болон гэр орондоо эд зүйл авах зэргээр хүмүүсээс өр тавьж мөнгө авсан. Мөн хүмүүстэй покер тоглоод 8 сая орчим төгрөгийн өртэй болсон. Ингээд дээрх өрнүүдээ дарах гээд өөр хүмүүсээс хүүтэй мөнгө зээлдэг, тэгэхдээ төлөх өрнөөс гадна өөртөө хэрэглэх мөнгө нэмж аваад улам их өртэй болчихсон юм. Би 2015 оны 05 дугаар сар гэхэд 4 хүнд нийт 60 сая орчим төгрөгийн өртэй болчихсон байсан. Би Х.Хулангийн данснаас авсан мөнгөөрөө дээрх өрнүүдээсээ дарсан. Гэхдээ надад энд тэнд жижиг хэмжээний өр маш их байсан. Тал талаас хүмүүс мөнгөө нэхээд би өөрөө хэцүү байдалд орчихсон байсан юм. Энэ мөнгөнөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр авсан 3,300 ам долларын 3000-ийг нь түрийвчтэйгээ гээчихсэн. Энэ бүх мөнгөнөөс өөртөө нааж үлдсэн зүйл нь 2 ширхэг гутал, цамц зэрэг хувцас л байна. Өөрөөр эд хөрөнгө худалдаад авчихсан зүйл байхгүй. Манай банкнаас 2015 оны 04 дүгээр сард харилцагч нарыгаа банкнаас ямар үйлчилгээ авдаг, ямар хэмжээний хадгаламжтай, түүнийгээ цаашид сунгах эсэх, манай банкны зүгээс шинээр ямар үйлчилгээ санал болгож болох талаар судалгаа явуулсан. Тэр үедээ би харилцагч Х.Хуланг хэдэн жилийн өмнө ам.долларын хадгаламжийн данс нээлгэсэн, сүүлийн хоёр жил уг данснаас ямар гүйлгээ хийгээгүй, хугацаагүйгээр явж байгааг, уг дансанд 100 гаруй мянган доллар байгааг мэдсэн. Тэгээд би Х.Хуланд шинэ үйлчилгээ санал болгох гэж нэг удаа утсаар холбогдоход тэр хүн ажилтай байна, дараа нь холбогдоё гэж байсан. Тэгээд л мөнгөний асуудалд орсон үедээ уг хүний хадгаламжийн талаар санаад мөнгө авсан /1хх 92-93/

..Манай банкнаас 8 % зээл авах гэж байсан Л.Төрмөнх гэдэг хүний дансанд байршуулсан 21,100,000 төгрөгийг авч, Х.Хулангийн дансруу хийж 10,000 ам.доллар төлсөн. Тухайн үед Л.Төрмөнхийг зээлийн урьдчилгаа мөнгөө данс нээж хийх үед нь би хамтран эзэмшигчээр бүртгүүлчихсэн юм. Ингэсэн учир нь түүний данснаас мөнгийг нь авч Хулангийн дансруу хийнэ гэж бодсон юм. Тэгээд Төрмөнхийн данснаас авсан мөнгөө удаалгүй буцааж олж хийнэ гэж бодож байсан. Мөнгийг нь авахдаа Төрмөнхөд хэлээгүй ч дараа нь учраа хэлээд түүнтэй зээлийн гэрээ байгуулсан. Түүний мөнгөнөөс 10,250,000 төгрөгийг буцааж өгөөд байгаа..

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт нэмж хэлэхэд 2015 оны 4 дүгээр сараас удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу харилцагчийн үйлчилгээний нэрсийн жагсаалтын дагуу судалгаа өгсөн, цахим харилцааны менежер байсан учраас тухайн харилцагчдад ямар бүтээгдэхүүн борлуулах зэргийг программаас шүүж гаргаад ашиглагдахгүй бүтээгдэхүүнийг тухайн хүнд санал болгох байсан. Энэ журмын дагуу жагсаалтанд Хулан гэгч хүний данс байсан. 2015 онд утсаар Хулантай холбогдож та Хулан гэдэг хүн мөн үү? Голомт банкнаас ярьж байна, та манай банкинд хугацаагүй хадгаламжтай юм байна, сүүлийн 2, 3 жил дансаа ашиглаагүй бөгөөд өөрийн хугацаагүй хадгаламжийн хугацааг нь сунгавал хүү нь нэмэгдэх талаар ашигтай байдлыг ярьсан. ..Миний охин 2013 оны 07 дугаар сарын 14-нд төрсөн. Тухайн үед хадмын талын орон сууцны зээлээр авсан байранд эхнэр бид 2 амьдрах болсон. Миний зүгээс гэрээ тохижуулах шаардлага гарсан. Үүнтэй холбоотой хувь хүнээс мөнгө зээлж явсаар байгаад өр маань нилээн даамжирсан. 2014 оноос эхлээд эхнэртэйгээ маргаантай байсан учраас бид 2 тус тусдаа амьдарч хүүхдээ ээлжилж хардаг байсан. 2015 оны 5 дугаар сард өгсөн мэдүүлэгт Сарантуяа гэж хүн манай ажил дээр ирж намайг удаа дараа дарамтладаг байсан. Ингэхдээ дарга дээр чинь орно, удирдлагатай чинь уулзана гэдэг байсан. Би тухайн хүмүүстэй зээлийн шугамаар хүмүүсээс мөнгө зээлдэг байсан, хүүгээ урьдчилж авна эсвэл хугацааны дундуур авж байгаад дараа нь төлдөг байсан. Хулангийн 1105032029 данснаас 15 удаагийн үйлдлээр нийт 40.400 орчим доллар гаргуулж авсан. Харин Төрмөнхийн хувьд 2015 оны 8 дугаар сард Улаанбаатар банк, мөн Голомт банкинд ажилладаг байсан Билгүүн гэгч залуу манай салбар руу тэр хүнийг явуулж “Голомт” банкинд “Ванхүү” компанийн тусгай нөхцөлөөр хийгдсэн гэрээний дагуу хямд нөхцөлтэй орон сууцны зээлэнд хамрагдах боломжийн хүрээнд би түүнтэй хамгийн түрүүлж уулзаж ярилцсан. Уулзаж ярилцахдаа 1 м2-ийн үнэ 1.650.000 төгрөг, банкны хурлаар оруулахдаа 1 м2-ийн үнийг 1.850.000 төгрөгөөр оруулах саналыг хэлэлцсэн. Мөн Төрмөнхтэй зээлийн материал бүрдүүлэх талаар удаа дараа уулзаж байсан. 2015 оны 09 дүгээр сард Цамбагаравын тооцооны салбарт Төрмөнхтэй уулзсан, Бат-Эрдэнийн хувьд зээлийн материалыг нь судлуулахаар гардуулсан байсан. Бат-Эрдэнэтэй уулзахад салбарын хурлаар зээл нь дэмжигдсэн, зээлийн эрсдлийн газрын хурлаар зээл шийдвэрлэгдэх талаар би хэлсэн. Тухайн үед энэхүү асуудлыг хэлсэн. Мөн Төрмөнхөд хэлээд зээлийн урьдчилгаа болох нийт үнийн дүнгийн 30 хувийг банкинд байршуулах шаардлагатай гэж тайлбарласан. Төрмөнх анкетаа ойлгохгүй байна гээд надаар бөглүүж байсан. Харин хамтран эзэмшигчийн хувьд дансны хамтран эзэмшигчээр намайг оруулаач гэсэн саналыг Ариунжаргалд хэлээд орсон. Төрмөнхөд дансны хамтран эзэмшигчээр оролцох шаардлагатай гэдгийг тайлбарлаж хэлээд Төрмөнхөөр гарын үсэг баталгаажуулж зуруулсан. Тухайн данс нээгдсэний дараа Хаан банкинд очиж бид 2 хамт гүйлгээ хийсэн. Төрмөнх надаас банк хоорондын гүйлгээ хэр удаж байж орох вэ? гэдэг талаар надаас асуусан, энэ талаар би Хаан банкны теллерээс асууж түүнд хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа би Голомт банкны 6-р салбар дээр очиж данс шалгахад мөнгө нь орсон байхаар нь аваад Голомт банкны Хулангийн данснаас авсан хохирол руу 10.000 ам.долларыг хийлгэсэн. Тэгээд Төрмөнх над руу залгаад чи юу хийгээд яваад байна, дансанд заавал хамтран эзэмшигч шаардлагатай юм уу? хоёулаа уулзая гэж надад хэлсэн. Бид 2 Цамбагаравын салбар дээр очиж уулзаад би түүнд бүх учраа тайлбарлаж хэлсэн. Би  түүнд “Голомт” банк дээр асуудалтай болсон байна, та надад туслаач би таны зээлийн урьдчилгааны мөнгийг чинь дараагийн хурлаас өмнө ар гэр, ах, дүү нараасаа гуйгаад өгөе гэдэг байдлаар хэлсэн. Тэгээд бид 2 тухайн өдөртөө  Гранд плазагийн хажууд нотариатоор орж  21 сая төгрөгний зээлийн гэрээ хийсэн. Үүнээс 2, 3 хоногийн дараа дотоод аудитын газрын хяналт шалгалт орсон байна, чи Цамбагаравын салбар дээр ирж уулз гээд очиж уулзсан. Баясгалан гэж манай аудитын газрын ажилтан надад: “Нөхөр минь чамд дахиад илүү дутуу асуудал гарвал холбогдох газар нь хэлнэ шүү” гэсэн байдлаар надад хэлж байсан гэв. Өөрийнхөө хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Одоогоор 3 нас хүрээгүй охинтойгоо амьдардаг. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. гэсэн мэдүүлэг.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяраагаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..Би Зундуйг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, би Голомт банкны 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 09/845 дугаартай албан тоотоор надад олгогдсон итгэмжлэлийн дагуу тус банкыг төлөөлж эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцох болно. “Голомт” банкны цахим харилцааны менежрээр ажиллаж байсан Ц.Зундуй нь Голомт банкны төлбөр тооцооны үйл ажиллагааны журмын 5.4, 7.1, 7.2, 7.3, ёс зүйн кодууд болон банкны тухай хууль тогтоомжуудыг зөрчиж 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд харилцагч Х.Хулангийн 1105032029 тоот ам долларын данснаас харилцагчийн зөвшөөрөлгүйгээр нийт 15 удаагийн үйлдлээр 40,452.41 доллар гарган авсан, үүний хүү 269.08 ам доллар нийт 40,721.49 ам долларыг гарган авч “Голомт” банкинд онц их хэмжээний хохирол учруулсан. “Голомт” банк нь Монгол Улсын Иргэний хууль болон Хөдөлмөрийн хууль тогтоомжинд заасны дагуу ажилтны учруулсан хохирол, гэм хорыг байгууллага хариуцна гэсний дагуу 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр харилцагч Х.Хулангийн дансанд банкны өөрийн хөрөнгөнөөс 40,452.41 ам долларыг буцаан шилжүүлж харилцагчийг хохиролгүй болгосон. Энэ учруулсан хохирлоо Ц.Зундуйн нэр дээр авлага үүсгэсэн дансаар 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10.000 ам долларыг төлсөн, үлэгдэл 30,452.41 ам долларыг Ц.Зундуйгаас нэхэмжилж байна. Шимтгэлийн орлого буюу хүү 269.08 ам долларыг эрүүгийн хэрэгт нэхэмжлэхгүй. Энэ хэргийг үйлдэхдээ Ц.Зундуй нь Толомт” банкны ажилтнуудад харилцагч Х.Хуланг өөрийн эгч мэтээр танилцуулж гарын үсгийг нь нөхөж зуруулна гэж хэлдэг, мөн зарим гүйлгээн дээр нь өөрөө харилцагчийн гарын үсгийг дуурайлган зурах зэргээр гэмт үйлдэлдээ хэрэгжүүлсэн байгаа. Ц.Зундуй нь хамгийн анх 2015 оны 05 дугаар сарын 21-нйи өдрийн 08 цаг 59 минутанд “Голомт” банкны харилцагч иргэн Т.Энхбаярын 1105108197 тоот дансанд 18,750.90 ам долларыг орлого тушаах баримт үйлдэж харилцагчийн үйлчилгээний менежер Э.Тэмүүжинг гуйж хий орлого хийлгүүлсэн, энэ өдрийн орой 18 цаг 15 минутанд харилцагч Х.Хулангийн 11105032029 тоот ам долларын данснаас 18,705.90 ам долларыг зарлагын гүйлгээ хийж Энхбаярын дансанд хийсэн хий бичэлтийг нөхөж касс тааруулсан, уг гүйлгээний эх хувь баримт нь гарын үсэггүй байгаа, үүнээс бусад ам долларыг харилцагч Х.Хулангийн данснаас бэлнээр гаргуулж авч гарын үсгийг нь Ц.Зундуй өөрөө дуурайлган зурсан байна...” /1хх 18-19/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Одоогоор бүх хохирлыг төлсөн байгаа. Тухайн үед бид харилцагч Хулангийн хохирлыг өдөрт нь барагдуулсан. Голомт банкинд ийм гэмт хэрэг гарч байгаагүй. Дахин ийм хэрэг гарахгүй байх, дотоод хяналт суларсан үед ийм хэрэг гарсан. Гэмт хэргийн талаар маргахгүй байгаа. Учир нь бүх зүйл ойлгомжтой байгаа. Мөн холбогдох нотлох баримтуудийг гаргаж өгсөн. Одоогоор болон цаашид ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх байхгүй. гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Х.Хулангаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “..Би арваад жилийн өмнө яг он сарыг нь хэлж мэдэхгүй байна, Голомт банкинд 11105032029 тоот ам долларын данс нээлгэсэн, энэ дансаа нээлгэснээсээ хойш байнга хэрэглэж байсан. ..Би уг данснаас 2013 оноос хойш гүйлгээ хийгээгүй. Би 2013 оноос өмнө дансандаа 90.000 гаран ам доллар үлдээсэн байсан учраас хүүтэйгээ нийлээд 100.000 орчим ам доллар болсон байх гэж бодож байсан юм. Гэтэл өөдөөс таны дансанд 60.000 гаран ам доллар байна гэхээр нь би шоконд орсон, би уг үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй, би тэр теллерт хүүхдээ би 2 жил танайхаас энэ данснаасаа мөнгө аваагүй шүү дээ гэхэд тэр ажилтан эгчээ та гүйлгээ хийсэн байна шүү дээ гэж хэлсэн. Би тийм бишээ гэж хэлээд би өөрийн хадгаламжийн дэвтэрийг үзүүлсэн, мэдээж уг дэвтэр дээр ямар ч гүйлгээ хийгдсэн тэмдэглэгээ байхгүй байсан. Ингээд би ахлах теллерт хандаад миний дансанд хийгдсэн гүйлгээнүүдийг шалгаж өгөхийг хүссэн. Тэр өдрөө ахлах теллерийнх нь өрөөнд 3 цаг орчим хүлээсэн. Тэд нар нааш цааш гүйгээд л байсан, 2 хүний нэр яригдаж байсан нэг нь Зундуй нөгөөнх нь түүний доор ажилладаг яг уг гүйлгээг хийсэн ажилтны нэр хэлж байсан.

..Дараагийн өдөр Нямсүрэнтэй “Зайсан скүэр” салбарт уулзаад надад манай ажилтан таны данснаас хууль бусаар авсан 40,452,41 ам долларыг нөхөн бичилт хийсэн, хүүг нь жилийн эцэст нөхөж тооцож өгнө, гэм буруутай ажилтнуудад холбогдох хэлтэс нь хууль цагдаагийн байгууллагад хандаж шалгуулна гэж хэлсэн. ...Надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг “Голомт банк” ажилтныхаа өмнөөс хариуцаж төлсөн байгаа, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй. гэсэн мэдүүлэг. /1хх 25-26/

 

Хохирогч Л.Төрмөнхөөс мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..Би орон сууцны 8 хувийн зээлд хамрагдахаар Голомт банкны төв салбарт 2015 оны 08 дугаар сарын сүүлээр очсон, үүдээр нь орж танай банкны орон сууцны зээл авах гэсэн юм, хэн гэдэг хүнтэй уулзах вэ гэж жижүүрээс асуухад нь манай харилцааны менежер Ц.Зундуй гэж хүнтэй уулзуулсан. Би 3 дугаар хорооллын хүнсний захын урд талын баригдаж дууссан орон сууцнаас худалдаж авах гэсэн юм гэхэд тэр хүн бүрдүүлэх материалын жагсаалтыг өгсөн. Би маргаашнаас нь материалаа бүрдүүлээд 3-4 хоногийн дараа зээл хүссэн өргөдөл холбогдох материалуудаа харилцааны менежер Хосбаяр гэдэг хүнд өгсөн, тэр хүн хэлэхдээ би таны зээлийг хариуцахгүй одоохондоо таны материалын бүрдүүлэлтийг хариуцаж хийнэ, надтай холбогдож болно гээд өөрийнхөө утасны дугаарыг өгсөн, утас нь одоо надад байдаггүй. Үүнээс хойш Зундуй надтай хэд хэдэн удаа материалын бүрдлийн дутуу ийм ийм баримт бүрдүүлж авч ирж өг гэж ярьдаг байсан, би тэр хүссэн материалуудыг нь бүрдүүлж Хосбаярт аваачиж өгсөн. Хамгийн сүүлийн материал бүрдүүлж Хосбаярт өгсөнөөс хойш 2 хоногийн дараа Зундуй надтай холбогддог байсан 90080907 дугаарын утаснаасаа залгаж холбогдоод хоёулаа уулзья, таны зээл хүссэн материалыг Цамбагаравын салбар дээр аваачиж өгнө гэсэн би Голомт банкны Цамбагарав салбар дээр Зундуйн хамт очиход Бат-Эрдэнэ гэж менежертэй намайг уүлзуулаад таны зээлийг энэ хүн хариуцана гэж хэлсэн. Бат-Эрдэнэ миний материалыг авчихсан байсан ба надаас нэмж шаардлагатай паданууд авч анкетаа дутуу бөглөсөн байна гээд нөхөж бөглүүлж авсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа над руу Зундуй утсаар яриад та Цамбагаравын салбар дээр данс нээлгэж нийт авах зээлийхээ 20 хувь болох 21.100.000 төгрөгийг байршуулах хэрэгтэй байна гээд надтай Голомт банкны Цамбагаравын салбарын гадаа уулзаад хамтдаа орж шинээр 1715103807 тоот хугацаагүй хадгаламжийн данс нээхээр болоод би данс нээх гэрээг нь бөглөж 3 байтал Зундуй хажуугаас алив би бөглөөд өгье гэж надаас авч бөглөөд хамтран эзэмшигчээр нь Ц.Зундуй өөрийгөө биччихсэн байсан, би түүнээс яагаад чи хамтран эзэмшигчээр өөрийгөө оруулж байгаа юм бэ гэж асуухад таны зээлийн материалыг хаанаас ирсэн материал гэдгийг нь шалгадаг учраас би өөрийгөө хамтран эзэмшигчээр оруулж байгаа юм гэж хэлсэн. Ингээд данс нээсний дараа Зундуй надтай хамт “Хаан банк” ороод би “Хаан банк”-ныхаа 504004331 тоот данснаас 21.100.000 төгрөгийг шинээр нээсэн “Голомт банк”-ны 1715103807 тоот данс руу шилжүүлсэн. Энэ үед Зундуй банк хооронд энэ мөнгө хэр удаж байж орох вэ гэж Хаан банкны теллерээс асуугаад байсан. Мөнгө шилжүүлсэний дараа бид 2 хамтдаа яваад Зундуй 3-р хороололд буусан, замд явж байхдаа таны зээл 3 дахь хурлаар орно, ямар ч асуудалгүй та санаа зоволтгүй гэж хэлээд буусан. Би түүнийг Голомт банкны ажилтан гэж бодоод итгээд хамтран эзэмшигчээр заавал орохгүй бол болдоггүй юм гэж хэлэхээр нь итгээд хамтран эзэшигчээр оруулсан. Үүний дараа би ганцаараа машиндаа болсон процессийг бодож байгаад жоохон хар санаад 1 цаг гарангын дараа миний зээлийн материал авсан Бат-Эрдэнэ гэж эдийн засагчийн 88099085 дугаарын утас руу нь залгаж танай ажилтан Зундуй гэдэг хүн надтай хамтран эзэмшигчээр данс нээчихсэн, ингэж нээх шаардлагатай юм уу гэж асуухад Бат-Эрдэнэ хэлэхдээ “Тийм юм байхгүй, манай банкны ажилтан хамтран эзэмших данс нээх шаардлага байдаггүй ээ” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Бат-Эрдэнэ над руу залгаад таны данснаас бүх мөнгийг чинь авсан байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Зундуй гэдэг рүү залгаад чи ер нь юу хийгээд яваад байгаа юм бэ, би чамайг салбарын чинь захиралд хэлнэ, мэдэгдэх ёстой газар нь мэдэгдэнэ ээ гэж хэлээд Цамбагаравын салбар луу явсан, Зундуй араас залгаад та байж байгаарай, хоёулаа уулзах хэрэгтэй байна гээд Цамбагаравын Голомт банкны салбарын гадаа уулзаад надад хэлэхдээ “Би их том асуудалд орчихсон юм, таны мөнгийг би ирэх 3 дахь өдөр зээлийн хурал болохоос өмнө мөнгийг чинь олж өгнө. Та битгий цагдаад хэлээч, манай захиралуудад битгий хэлээч” гэж гуйсан. Би түүнээс чи тэгвэл надад барьцтай үл хөдлөх хөрөнгө ч юм уу барьцаал гэхэд за тэгье тэгье гээд 2-уулаа маргааш нь уулзахаар болсон. Маргааш нь уулзсан чинь миний нэр дээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө байхгүй, барьцаалах юм олддоггүй ээ, 2-уулаа ямарч байсан нотариатаар орж зээлийн гэрээ байгуулья гээд зээлийн гэрээ байгуулсан. Цамбагарав салбарын эдийн засагч Бат-Эрдэнэ гэх залуу надтай холбоо бариад таны мөнгийг өгсөн үү гэхээр нь мөнгөө авч чадаагүй гэхэд за би тэгвэл энэ талаар холбогдох захиралууддаа мэдэгдэх ёстой гэж хэлсэн. Үүнээс хойш Зундуй өөрийн төрсөн ах Нарандэлгэрийн хамт надтай уулзаад ах нь миний Хаан банкны данс руу 4.850.000 төгрөг шилжүүлсэн үүнээс хойш 2 хоногийн дараа Зундуй өөрөө 5.250.000 төгрөг төлсөн, мөн хамгийн сүүлд 2015 оны 09 сарын 29-ний өдөр төрсөн ах нь гэж хүн нэрийг нь санахгүй байна миний Хаан банкны данс руу 4 сая төгрөг шилжүүлсэн. Миний хохирлыг ойрын хугацаанд барагдуулж өгнө гэж хэлсэн. гэсэн мэдүүлэг /1 хх 21-23/

 

Гэрч С.Алтанцэцэгээс мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11 цагийн үед манай “Голомт” банкны “Зайсан скуэр” тооцооны төвийн үйл ажиллагааны ахлах ажилтан Дуламсүрэн гэж ажилтан дотуур утсаар надтай холбоо бариад би тань руу нэг дансны дугаар явуулья та гүйлгээг нь хараад өгөөч танай төв салбар дээр хийгдсэн гүйлгээ байна гэж хэлээд Х.Хулангийн 1105032029 тоот дансыг дотоод мессенжерээр явуулсан, би программаас уг дансыг нээж үзээд хамгийн сүүлийн гүйлгээг хархад манай салбар дээр хийгдсэн гүйлгээ байсан, би ямар харилцагч гэдгийг нь мэдэхийн тулд гарын үсэг, зургийг нь харсан. Үүний дараа ахлах ажилтныгаа дуудаад гүйлгээ хийгдсэн үндсэн баримтыг нь авчруулж хархад гарын үсэг зурсан боловч бидний харж байгаагаар баталгаат гарын үсгээсээ зөрүүтэй харагдсан, тэгэхээр нь бүх гүйлгээг нь татаж авчруулсан. Хамгийн сүүлийн гүйлгээ хийсэн төв салбарын харилцагчийн үйлчилгээний менежер Тэмүүжинг дуудаж гүйлгээг хийхэд харилцагч өөрөө ирсэн үү гэж асуухад Х.Хулан гэж хүн Ц.Зундуйгийн эгч гэсээн, тэрээр эгч нь гадаа яараад байна, гүйлгээ хийгээд мөнгө аваад гараад ирээч гэж байна гээд 1000 ам долларыг Х.Хулангийн данснаас авхуулж, баримтыг нь авч гараад гарын үсгийг нь зуруулчихаад орж ирсэн гэж хэлсэн. Энэ хооронд ахлах Баярцэцэгээр Зундуйг дуудуулсан манай захирал А.Нямсүрэн надтай хамт байсан. Зундуй орж ирэхгүй байсан, энэ үед дотоод мессенжерээр “Зайсан скуэр” тооцооны төвөөс “Танайхаас Ц.Зундуй гэж ажилтан холбогдлоо, харилцагчийг хүлээлгэж байгаарай, одоо очиж байна гэж холбогдлоо” гэж хэлсэн. Ц.Зундуйгийн утас руу утасдаж хаана байгааг нь асуухад Сүхбаатарын талбай орчим байна, айгаад орж чадахгүй байна гэсэн чи ямар ч байсан орж ир тодруулах зүйл байна гэсэн боловч орж ирэхгүй 2-3 удаа утасдахад айгаад байна гээд орж ирэхгүй байсан. Бид түүнийг зугтаад алга болчих вий гэж бодоод утсаар холбогдож явсаар Сүхбаатарын талбайн баруун талд байхад нь очиж дагуулж ажил дээр авч ирээд за чи үнэнээ хэл, энэ гүйлгээнүүд ямар учиртай юм бэ, чи энэ харилцагчтай ямар холбоотой юм бэ гэж асуусан, энэ үед Х.Хулангийн дансанд хийгдсэн нийт 10,452.41 ам долларын гүйлгээний баримтуудын эх хувийг аваад ирсэн байсан, нийт 15 удаагийн гүйлгээ байсны хамгийн их дүнтэй гүйлгээ буюу 18,750.90 ам долларын зарлагын гүйлгээний баримтан дээр харилцагчийн гарын үсэггүй, бусад гүйлгээний зарлагын баримтан дээр харилцагчийн гарын үсэгтэй байсан. Ц.Зундуй хэлэхдээ би Х.Хулан гэдэг харилцагтай ямар ч холбоогүй, танихгүй, надад маш их мөнгөний асуудал байсан учраас би авсан гэж хэлсэн. ..Зундуй хамгийн анх гэмт хэрэг хийх үйлдэх сэдэл нь 2015 оны 04 сард манай захирал Нямсүрэн өөрийн ажил үүргийн дагуу нэр бүхий харилцагчдыг идэвхижүүлэх, халамжлах, борлуулалт хийх зорилгоор харилцааны ахлах менежер Амармэндээр гаргуулж өгсөн харилцагчдын нэрсийн мэдээллээс Ц.Зундуй харилцач Х.Хуланг сонгон авч энэ хэргийг үйлдсэн байсан. Энэ гаргаж өгсөн нэрс дээрх харилцагчдын төв салбарт хийгдсэн бүх гүйлгээг шалгаж үзэхэд ямар нэгэн асуудалгүй байсан .гэсэн мэдүүлэг. /1хх 27-29/

Гэрч А.Нямсүрэнгээс мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Дотоод аудитын газраас хийсэн шалгалтаар Ц.Зундуй нь иргэн Х.Хулангийн данснаас харилцагчийн зөвшөөрөлгүйгээр нийт 15 удаагийн үйлдлээр 40,452.41 ам доллар гарган авсан, үүний хүү 269.08 ам доллар нийт 40,721.49 ам долларын хохирол учруулсан байсан нь тогтоогдсон тул Ц.Зундуйн нэр дээр авлага үүсгэж харилцагч Х.Хулангийн дансанд залруулга хийж дээрх мөнгийг байршуулж хохирлыг барагдуулсан байгаа. гэсэн мэдүүлэг. /1хх 38-40/

 

Гэрч А.Бат-Эрдэнээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ...2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр даваа гариг байсан санагдаж байна. Ц.Зундуй надтай утсаар холбоо бариад, мэнд мэдээд, “миний нэг таньдаг ах хүү байгаа, бараг хамаатны шахуу ах хүү байгаа юм, манай банкнаас орон сууцны зээл авах гэж байгаа юм, чиний ажил төрөл хэр байгаа вэ, ачаалал ихтэй байгаа юу, гайгүй байгаа бол гялс судлаад өгөөчээ” гэж хэлсэн. Би түүнээс чи яагаад өөрийнхөө салбар дээр судлаж болохгүй байгаа юм бэ гэхэд, манай салбар ачаалал ихтэй, бараг сар гаран болчих гээд байна гэсэн. Мөн би түүнээс наад хүн чинь манай банкны журам зөрчсөн зүйл байгаа юу, нөхцөл шаардлага хангаж байгаа юу гэж асуухад Ц.Зундуй “Журам зөрчсөн зүйл байхгүй, манай банктай гэрээтэй, тусгай нөхцөл олгосон байгууллагын орон сууцнаас авч байгаа, хаан банкны данс ашигладаг” гэж хэлж байсан. Би тухайн үед 25 хүний зээлийн материалтай, ажил гайгүй байсан мөн хамт хөл бөмбөг тоглодог гайгүй харьцаатай байдаг тул за за чи тэр ахыгаа над руу явуулчих гэж хэлсэн. Үүний дараа үдээс хойш Ц.Зундуй дахин надтай яриад нөгөө ахыг чам руу өөрийг нь явуулах гэсэн чинь гадуур ажилтай бараагаа тараагаад өөрөө очиж амжихгүй болчоод байна, манай төв салбарын Хосбаяр материалынх нь бүрдлийг шалгасан, бүрэн байна гэж байна, би өөрөө чам дээр аваад очъе гэж хэлээд маргааш орой нь бид хөл бөмбөгийн бэлтгэл хамт хийсэн, тэр үед бэлтгэл дээр Д.Төрмөнх гэж хүний материалыг надад авч ирж өгсөн. Би тухайн хүний материалыг судлаж үзэхэд ганц хоёр материал дутуу, өөрөөр хэлбэл бараа материал авсан квитанз, баримтууд дутуу байсан тул Д.Төрмөнхтэй утсаар ярьж уг материалыг нь авчруулж байсан. Материалаа авч ирж өгөхөд нь өөртэй нь уулзаад ажил хэргийнх нь талаар болон Ц.Зундуйг таних исэхийг нь асуухад танина гэж хэлж байсан, Яг ямар харьцаатай исэхийг нь лавлаж асуугаагүй. Энэ хүний зээлийн материал 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн лхагва гаригт манай салбарын хуралдаанаар ороход төвийн хурлаар буюу зээлийн дэд хорооны хурлаар оруулах шийдвэр гарсан, мөн давхар эрсдлийн дүгнэлт авахаар байсан. Ингээд би баасан гаригт нь энэ хүний материалыг зээлийн газарт хүргэж өгсөн.

Энэ өдрийн үдээс хойш 15-16 цагийн үед Д.Төрмөнх над руу утсаар яриад Зундуй бид 2 сая танай салбар дээр данс нээлгээд урьдчилгаа төлбөрөө байршуулчихлаа. Ц.Зундуй болохоор надад хэлэхдээ би таныг зуулчилж өгсөн, энэ байгууллагын байрнаас би борлуулалт хийж байгаа учраас таны данс дээр заавал хамтран эзэмшигчээр орох шаардлагатай гэж хэлээд хамтран эзэмшигчээр орчихлоо, ингэх нь зөв юм уу” гэж надаас асуусан. Тэгэхээр би түүнд “Та юу яриад байгаа юм бэ, хэн таныг данс нээлгэж урьдчилгаа төлбөр байршуул гэсэн юм бэ, би таньд тэгж хэлээгүй, та яагаад асуухгүй тэгж байгаа юм бэ, Ц.Зундуйг хамтран эзэмшигчээр оруулах ямар ч шаардлага байхгүй” гэж бараг загнах шахуу хэлсэн, за би тань руу эргэж яръя гэж хэлээд Ц.Зундуй руу залгаж “Чи юу хийгээд байгаа юм бэ, Төрмөнх гуай сая ярьлаа, данс нээлгээд чи хамтран эзэмшигчээр нь орсон байна, яах гэж тэгэж байгаа юм бэ гэхэд Ц.Зундуй “Хөгшөөн нэг шаптгаан байна аа, би чамтай уулзаж байгаад тайлбарлъя” гэсэн. Яг энэ үед надтай хамт явж байсан манай харилцагчийн зөвлөх Цэрэн-Од Голомт банкны Солонго салбараар орох ажилтай болоод тэнд очиход Зундуйтай таарсан, тэрээр гадаа үүдэнд нь утсаар яриад зогсож байсан. Би түүнийг чи юу хийгээд байгаа юм бэ, яагаад Төрмөнх гуайтай хамт данс нээлгэж байгаа юм бэ гэхэд тэрээр утсаар ярьж байсан ба за байж бай эргээд тайлбарланаа л гэж хэлсэн. Би Д.Төрмөнх рүү яриад та ажил дээр ирээд уулзаадахгүй юу гэж хэлсэн. Намайг ажил дээрээ очиход Төрмөнх гуай ирсэн байсан, мөн Зундуй бас ирж таарсан. Би Төрхмөнх гуайн данс нээлгэсэн Ариунжаргал гэж ажилтантай уулзаад Зундуй энэ ахтай данс нээлгэсэн юм уу, хамтрангаар өөрийгөө оруулсан юм уу, яах гэж хамтрангаар оруулж байгаа юм бэ гэхэд “энэ ах чинь хүсэлтэндээ хамтран эзэмшигчээр Ц.Зундуйг оруулсан, Ц.Зундуй ч гэсэн манай ах байгаа юм гээд л байсан, энэ ах чинь өөрөө юм хэлээгүй шүү дээ гэж хэлсэн”. Би өрөөндөө ороод дансыг нь шалгахад Төрмөнх гуайн Хаан банкны данснаас манай салбарт нээлгэсэн дансанд 21.100.000 төгрөний орлого орж ирээд, ирсэн даруйдаа гарсан байсан, манай салбараас гарсан уу гэхэд гараагүй байсан, би ажилдаа ирэхээс өмнө Солонго салбар дээр Зундуйтай таарсанаа санаад Солонго салбараас асуухад Ц.Зундуй уг мөнгийг авсан байсан. гэсэн мэдүүлэг. /хх 21-23/

 

Гэрч Э.Тэмүүжингийн мэдүүлэг /1хх 41-43/, гэрч Б.Энх-Өлзийгийн мэдүүлэг /хх 44-45/, гэрч З.Цэцэгсайханы мэдүүлэг /1 хх 46-47/, гэрч С.Баярцэцэгийн мэдүүлэг /1 хх 50/, гэрч С.Энхчимэгийн мэдүүлэг /1хх 51-52/ гэрч Б.Хосбаярын мэдүүлэг /1хх 48-49/, шүүгдэгч Ц.Зундуйгийн иргэний үнэмлэхний хуулбар /1хх 104/, иргэний үнэмлэхний лавлагаа /2хх 36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 102/, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 103/,  2015 оны 11 сарын 09-ний өдрийн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹5154 дугаартай дүгнэлт /1хх 56-84/, Голомт банкны дансны хуулга /1 хх 138-189/, Голомт банкны Ц.Зундуйн ажилд орсон тушаал зэрэг баримтууд /1 хх 204-250/, Голомт банкны харилцагч Х.Хулангийн нэрээр хийсэн зарлагын баримтууд: /1хх 216-220/, Зээлийн гэрээний хуулбар /2хх 26/, Дотоод аудитын газар Аудиторын илтгэх хуудас /2хх 50-53/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 сарын 05-ны өдрийн ¹875 дугаартай дүгнэлт /2хх 67-69/, шинжээчийн дүгнэлтийн хавсралт /2хх 70-77/ хохирогч Д.Төрмөнхөөс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт /2хх 130/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

 

Шүүгдэгч Ц.Зундуй нь “Голомт” банкны төв салбарын цахим харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, “Голом банк”-ны “Ёс зүйн код”, Бүртгэл тооцооны үйл ажиллагааны журам зөрчиж тус банкны харилцагч Х.Хулангийн 1105032029 тоот ам долларын дансанд харилцагчийн зөвшөөрөлгүйгээр 2015 оны 05 сарын 21-ний өдрөөс 2015 оны 08 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нэвтрэн орж 15 удаагийн үйлдлээр 40.452.41 ам доллар авч Голомт банкинд 78.602.309.68 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, Мөн 2015 оны 09 сарын 11-ний өдөр иргэн Д.Төрмөнх-д орон сууц худалдан авах үнийн дүнгийн 20% болох 21.100.000 төгрөгийг “Голомт” банкинд байршуулах ёстой, таны зээлийн материалыг хаанаас ирсэн материал гэдгийг нь шалгадаг учраас би өөрийгөө хамтран эзэмшигчээр оруулж байгаа юм гэж итгүүлэн данс хамтран эзэмшигчээр бүртгүүлж 21.100.000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрхи нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Зундуй нь Голомт банкны төлбөр тооцооны үйл ажиллагааны журмын 5.4, 7.1, 7.2, 7.3, ёс зүйн кодууд болон банкны тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдэлүүд, хуурч мэхэлсэн арга, учруулсан хохиролын хэмжээ, түүнийг төлж барагдуулсан байдал зэрэгт шүүгдэгч болон хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас ямар нэгэн маргаан гаргаагүй бөгөөд хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Зундуйгийн өмгөөлөгч Б.Дашдоржоос: Зүйлчлэлийн хувьд Ц.Зундуйгийн үйлдсэн 156.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд 2015 оны 07 сарын 02-ноос өмнөх үйлдэгдсэн гэмт хэргүүдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн заалтыг хамруулж харахаар нийт 15 үйлдлийн 9 үйлдэл нь 2015 оны 07 сарын 02-ноос өмнөх үйлдлүүдэд хамаарагдаж байна. 2015 оны 05 сарын 21-нээс 2015 оны 07 сарын 01 хүртэл нийт 29.950 ам.доллар буюу 57.746.102 төгрөгийн хохирол учруулсан нь харагдаж байна. 2015 оны 07 дугаар сарын 10-аас 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 10.500 ам.доллар буюу 20.856.207 төгрөгийн хохирлын баримт хамаарагдаж байгаа. Иймд өршөөлийн хуульд хамруулж 156.3 дахь хэсэгт заасан зүйл ангийн 156.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж тэнсэж өгнө үү. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.2 дахь хэсэгт заасан зүйл анги нь сонгох санкицтай тул торгуулийн ял оногдуулж цагдан хоригдсон хоногт нь дүйцүүлж өгнө үү гэжээ.

 

Гэвч шүүгдэгч Ц.Зундуйгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үйлдэл нь үргэлжилсэн үйлдэлтэй бөгөөд Хохирогч Хулангийн тоот данснаас 15 удаагийн үйлдлээр мөнгө авсан ба уг данснаас мөнгө авсан сүүлийн хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байх бөгөөд өршөөлийн хуульд хамруулах боломжгүй байна.

 

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  Ц.Зундуйг шунахай буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч  Ц.Зундуйд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах, гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3-д заасан эд хөрөнгө хурааж, хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаах боломжтой байна. Мөн дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.Зундуйгийн 2015 оны 09 сарын 25-ны өдрөөс 2015 оны 11 сарын 25-ны өдөр, 2016 оны 04 сарын 18-ны өдрөөс 2016 оны 06 сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 106 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хардал овогт Цэрэнжавын Зундуйг шунахай буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зундуйгаас 500.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Зундуйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгний эд хөрөнгө хурааж 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг буюу хөнгөн ялыг нь хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 500.000 төгрөгний эд хөрөнгө хурааж 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зундуйд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зундуйгийн цагдан хоригдсон 106 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг си ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР

ШҮҮГЧИД                                 Г.БУЯННЭМЭХ,

    Б.ХАЛИУН