Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2050

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02126 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Ж-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.М-т холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 16 663 590 төгрөг гаргуулах маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Гэнэндулам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Бадамцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр С.М-тай БНСУ-аас автомашины сэлбэг, автомашин, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал зэргийг нийлүүлж, хамтран ажиллахаар харилцан тохиролцож, эхний ээлжийн санхүүжилт болгон 4550 ам.долларыг, 2 000 000 төгрөгийн хамт өгсөн. Гэтэл С.М үүнээс хойш сураггүй алга болсон тул би Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хандан гомдол гаргахад С.М хэд хэдэн өр төлбөрийн хэргээр шалгагдаж байгаа нь мэдэгдсэн. Улмаар 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр С.М, түүний өмгөөлөгч Д.Батсүх нартай уулзахад хариуцагч өөрийн төлбөрөөс 2 000 000 төгрөгийг төлж, үлдэх 4550 ам.долларыг тухайн өдөр байгуулсан батламж гэрээний дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Тус батламж гэрээнд талуудын өмнө үүссэн өр төлбөр 4550 ам.долларын үүргийг С.М 2010 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө “Хьюндай аванте” маркийн 2000 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинаар тооцож дуусгавар болгох, энэ хугацаанд автомашиныг нийлүүлээгүй тохиолдолд үндсэн төлбөр 4550 ам.долларыг 2010 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс, хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувь буюу 22.75 ам.долларын хүүгийн хамт төлөх үүргийг хүлээсэн. Тохирсон хугацаанд хариуцагч гэрээний автомашин нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй буюу 2014 оны 6 дугаар сард С.М надтай утсаар холбогдон “Соната-5” маркийн автомашин авахыг санал болгосны дагуу өөрийн найз Т.Батхуягаар дамжуулан дээрх автомашиныг үзүүлэхэд “өмнө нь таксинд явж байсан, муу тэрэг байна” гэсэн тул автомашиныг аваагүй. Үүнээс хойш хариуцагчтай дахин холбоо тасарсан тул шүүхэд хандан хаягийг нь тодруулж холбогдсон бөгөөд таны төлбөрөөс чинь төлнө гээд 100 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Иймээс үндсэн төлбөр 4550 ам.доллар буюу өнөөдрийн Монголбанкны ханшаар /1ам.доллар=2468.68 төгрөг/ 11 109 060 төгрөгийг, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 100 хоногийн хугацааны хүү 2250 ам доллар буюу 5 554 530 төгрөг, нийт 16 663 590 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2009 онд талууд хамтран ажиллах гэрээ байгуулсан ч одоо энэ гэрээг олох боломжгүй, гэрээний дагуу хөрөнгө оруулалт гэж 4200 ам.доллар оруулсан боловч тухайн үед эдийн засгийн хямралаас болж ажил бүтэлгүйтсэн. 2010 онд 4200 ам.доллараас 2 000 000 төгрөгийг буцаан өгсөн. Батламж гэрээгээр 4550 ам.доллар төлөх гэрээ байгуулсан боловч Иргэний хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Тэрээр 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Х.Жд бензиний мөнгө гэж 100 000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсгүүдэд зааснаар С.Маас хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 16 563 590 төгрөгийг гаргуулан, Х.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240 768 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Жд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн С.Маас хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 16 563 590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй мөн Иргэний хуулийг зөрчиж шийдвэрлэсэн. Валютийн ханшийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20935430 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 5154 дугаарын албан бичиг, түүний хавсралт, лавлагааны хариу, “Хаан” банкны дансны хуулга, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамж, гэрч н.Лхагважав, Т.Батхуяг нарын мэдүүлэг зэргээр Иргэний хуулийн 49 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь үндэслэлгүй. “Хаан” банкны дансны хуулга нь үүргээ хүлээн зөвшөөрснийг нотлох хангалттай баримт биш, мөн гэрч нар өр авлагын талаар юу ч мэдэхгүй, С.М нь хилээр тогтмол орж, гарч байсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ гаргахад нөлөөлөхгүй зэргээр нотлогдох юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                    ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Х.Ж нь хариуцагч С.М-т холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 16 663 590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Зохигчид 2009 онд хамтран ажиллахаар тохиролцож, хариуцагч С.М нь БНСУ-аас автомашин болон сэлбэг, барилгын материал нийлүүлэх, нэхэмжлэгч Х.Ж нь гэрээний санхүүжилтад 4 550 ам.доллар болон 2 000 000 төгрөгийг тус тус төлсөн үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан, маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг талуудын дээрх тайлбарт үндэслэн, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1  дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

 Талууд 2010 оны 3 сарын 31-ний өдөр “батламж” гэх хэлцэл хийж, уг хэлцлээр хариуцагч С.М нь хамтран ажиллах гэрээний дагуу автомашин болон сэлбэг, барилгын материал нийлүүлээгүйгээс нэхэмжлэгч Х.Ж-гаас гэрээний санхүүжилтэд өгсөн 4 550 ам.долларыг 2010 оны 6 сарын 20-ны өдрийн дотор буцаан төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдол хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй баримт болох Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/00066 дугаар захирамжийг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн гэрээний хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байгаа боловч давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх замаар анхан шатны шүүхийн алдааг залруулах боломжтой гэж үзэв.

 

Хариуцагч нь хамтран ажиллах гэрээний дагуу нийлүүлэх эд хөрөнгийг нийлүүлээгүй талаар маргаагүй байна. Харин нэхэмжлэлийн шаардлагыг татгалзлын үндэслэлээ “... дээрх батламж гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулсан, гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэх эрхгүй” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.  Учир нь тэрээр гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг буцаан төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Талууд 2010 оны 3 сарын 31-ний өдөр батламж гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч нь 2015 оны 9 сарын 02-ны өдөр иргэний эрх зүйн харилцаанд оролвол зохих этгээд болох С.Мыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. /хх-ийн 96-97 дугаар тал/

 

Харин хариуцагч С.М-ын нэхэмжлэгчид 100 000 төгрөгийг 2016 оны 8 сарын 07-ны өдөр “Хаан” банк дахь нэхэмжлэгчийн 5020199301 тоот дансанд шилжүүлж зээлсэн гэх тайлбар болон  талуудын хооронд өөр үүргийн харилцаа байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул уг шилжүүлгийн баримтыг талуудын маргаж буй гэрээний үүрэгт хамааралтай гэж үзнэ. /хх-ийн 10 дугаар тал/ Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгосон үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заасан тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2016 оны 8 сарын 07-ны өдрөөс эхлэн тоолохоор байна. Нэхэмжлэгч 2016 оны 12 сарын 05-ны өдөр шүүхэд хариуцагч С.М-т холбогдуулан гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Х.Ж нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хамтран ажиллах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 4 550 ам.долларыг буцаан гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй болно. Мөн талууд батламж гэрээгээр хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон  байгаа боловч  гэрээнээс татгалзсан тохиолдолд  татгалзсан гэрээгээр тохиролцсон алданги буюу  нэмэлт үүргийг шаардах эрхгүй. Харин  гэрээ цуцлагдсантай холбоотой учирсан хохирол эсхүл хуульд заасны дагуу мөнгөн төлбөрийн үүргийн хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой хүү шаардах эрхээ алдаагүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацааны тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Хариуцагч нэхэмжлэгчтэй мөнгөн төлбөрийн үүргийн  хугацааны талаар тохиролцсон, хэтрүүлсэн алданги төлөх талаар тохиролцсон хэлцэл хийж байснаас үзэхэд уг үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд нэмж мөнгө төлөх үр дагавар үүсч болох талаар урьдчилан мэдэх боломжтой байсан гэж үзэв.

 

Иймд хариуцагч С.М-аас гэрээний үндсэн төлбөр 4 550 ам.доллар, хэтрүүлсэн хугацааны хүүд 2 250 ам.доллар, нийт 6 800 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн валютын ханшаар тооцож 16 663 590 төгрөгийн үүссэнээс түүний төлсөн 100 000 төгрөгийг хасч, үлдэх 16 563 590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт тус тус заасантай нийцжээ.

 

Хариуцагчийн төлбөл зохих ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож гаргуулсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Тодруулбал Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан нь тухайн мөнгөний ханш өсөж, буурахад хамааралтай бөгөөд харин гадаад мөнгөн тэмдэгт нь төгрөгтэй харьцах ханшд хамаарахгүй юм.

           

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02126 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 ...” гэсний дараа “205 дугаар зүйлийн 205.1, 222 дугаар зүйлийн 222.5” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

                                                                                                 

                                                                                    Г.ДАВААДОРЖ