Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/404

 

 

 

 

 

 

 

 

     2022        03       18                                    2022/ШЦТ/404

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,                           

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0690 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.О, 1983 оны ******************* өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, **************** ХХК-д ************* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ********* оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: **********/.   

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 85 дугаар байрны 406 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Уг “зайл пизда минь” гэж түүнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, сандал шидэж эрүүл мэндэд нь дух, баруун шуу, гуя, шилбэ, зүүн сарвууны дунд хуруунд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Г.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/,

Хохирогч Д.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед гэртээ байж байтал манай нөхөр Г.О архи уучихсан ирээд өөрийнхөө өрөөрүү орсон... өрөөнийх нь хаалга нь хаагдаад түжигдсэн. Тэрнээс болж хаалга онгойлго гэж орилж хашхичаад би очоод хаалгыг нь онгойлгоход өрөөнөөсөө гарч ирээд зайл пизда минь гэж учир зүггүй орилж дайраад миний толгой, нүүр лүү цохиод, хөлөөрөө өшиглөсөн... гартаа барьчихсан отверка-г шидээд ... миний гарыг оноод хугараад унасан, сандал аваад миний баруун гарын шуу хэсэг рүү их хүчтэй цохисны улмаас гар гэмтсэн... надад өөр гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх- 5-10/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2382 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хэсэгт 2х1.5см, баруун шууны ар дунд хэсэгт 11х4 см гол хэсэгтээ 9х0.5 см, баруун гуяны дунд урд хэсэгт 5х3 см, шилбэний доод урд хэсэгт 4х3 см, зүүн сарвууны дунд хурууны ар хэсэгт 2х0.5 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. ДҮГНЭЛТ: 1. Д.У-н биед дух, баруун шуу, гуя, шилбэ, зүүн сарвууны дунд хуруунд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-19-20/,

 

Шүүгдэгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрч байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-ийн 44, 45/, Г.Оын Голомт банкин дахь депозит дансны хуулга /хх-ийн 46-63/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 85 дугаар байрны 406 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Уг “зайл пизда минь” гэж түүнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, сандал шидэж эрүүл мэндэд нь дух, баруун шуу, гуя, шилбэ, зүүн сарвууны дунд хуруунд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Угийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Оыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Од хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

 

Бусад асуудлаар:

 

Хохирогч Д.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Г.Оыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Од 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Г.О нь 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР