Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/269

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Л.Галав,

Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Хохирогч Ч.Г,

Шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Аад холбогдох эрүүгийн 2106 03837 0215 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.А нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын баруун дэнжийн автобусны хойд талд байрлах дугуй засварын гадна маргаан, зодооныг салгахаар очсон Ч.Гын нүүр хэсэгт нь гараараа цохиж, баруун завжинд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 03837 0215 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Ч.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Ч.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, баруун дэнжийн автобусны хойд талд байх дугуй засвартаа ажлаа хийгээд байж байхад гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад очтол зүс таних Лхагваа ахыг А унагаасан. Тухайн үед манай дугуй засварын гадна талд Ванчинсүрэн ах машиныхаа дугуйг янзлаад байж байсан. Тухайн үед А хүргэн Цэдэндамбатай маргалдаад зууралдаад байсан. Яг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Цэдэндамбын гэрээс гарч ирээд маргалдаж байсан. Тухайн үед Лхагваа ах болон Ванчинсүрэн нарын биед ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй. Бусад хүмүүсийг сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд Ванчинсүрэн ах бид 2 яаж байгаа хүүхэд вэ гээд очтол А Ванчинсүрэн ахын нүүр рүү цохиод унагасан. Би очиход А хүргэн Цэдэндамбатай зууралдаад байж байхад Ванчинсүрэн ах Аад хандан “цагдаа дуудсан байгаа, чи байж бай” гэхэд А машинаасаа бууж ирээд миний нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Би тэр дороо ухаан алдаад газар унасан . Хэсэг хугацааны дараа ухаан ороод, ухаан санаа бүдэг бадаг байхад А машинтайгаа хөдлөх гэж байхад нь би газраас шороо авч цацаж байгаад очоод урд салхины шилийг нь гараараа цохиж хагалсан... гэх мэдүүлэг /хх-н 18-23/,

Гэрч М.Ванчинсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Би салгаад “залуу улсууд та нар битгий олон нийтийн газар зодоон цохион хийгээд бай” гээд заамдалцсан байсан гарыг нь салгах гээд угзартал миний баруун гар талд байсан саарал хүрэмтэй залуу нь миний баруун шанаа руу гараараа цохисон. Би тухайн үед газар унасан. Тэгтэл цаанаас Г гарч ирээд саарал хүрэмтэй залууд хандан “чи хөгшин настай хүмүүсийг яахаараа цохиж зоддог юм” гээд байж байтал, саарал хүрэмтэй залуу машиндаа суугаад явах гэхээр нь Г явуулахгүй гээд хаалгыг нь татахад саарал хүрэмтэй залуу бууж ирээд Гын нүүр рүү нь гараараа 1 удаа цохиход Г газар унасан Г хэсэг хугацаанд ухаан алдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,

Гэрч У.Цэдэндамбын мөрдөн байцаалтад өгсөн:

...дугуй засварын Г ах чи яахаараа хөгшин хүн рүү дайрдаг юм гээд зууралдаад авсан чинь А Гын нүүр рүү нь цохисон чинь Г ах ухаан алдаад уначихсан. Тэгээд Г ах босож ирээд газраас шороо аваад машин руу нь шидсэн. Тэгээд гараараа машины салхины шилийг хагалсан гэх мэдүүлэг/хх-ийн 41- 43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10408 дугаартай: Ч.Гын биед баруун завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Ч.Гын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг гарсан гэх хугацаанд үүсэн шинэ гэмтэл байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53/,

Шүүгдэгч Ч.Аын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр миний утас руу манай төрсөн дүү Номинтуяа залгаад “Цэкү намайг зодсон, та намайг ирээд аваадхаач” гээд уйлаад ярьсан. Гачууртад байх дүүгийн гэрт нь очиход манай төрсөн дүү чемодантай хувцсаа бэлдсэн, өөрөө хувцсаа өмссөн байсан. Дүүгийн нөхөр Цэдэндамба цаана ширээн дээрээ цай уугаад сууж байсан. Тухайн үед тэдний ганц хүүхэд болох Өнөмөнх /11 настай, эрэгтэй/ бас байсан. Би тухайн үед Цэдэндамбад хандан “ахын дүү давах ёсгүй зураас гэж байдаг юм, чи тэрийг давсан байна, би дүүгээ аваад явлаа, чи ахтайгаа эргээд уулзаарай” гээд гарсан. Тэгтэл араас манай хүргэн гарч ирээд “та манай эхнэрийг яахаараа авч явдаг юм, насаар нь тэжээж чадах юм уу” гээд байхаар нь би дүүгээ аваад явна гэхэд явуулахгүй гээд чемодантай хувцастай нь зууралдсан. Тухайн үед тэр 2-н хүү болох Өнөболд тэрүүгээр уйлсан байдалтай байсан. Тэнд бид нарын үйлдэл чанга дуу чимээтэй байсан болохоор тэр хавьд байсан хүмүүс буруугаар ойлгосон байх. Нэг мэдсэн дугуй засвар дээр байсан 2 настай эрэгтэй ирээд намайг явуулахгүй гээд байсан. Би тухайн үед Цэдэндамбатай зууралдаж байхад Г гэх ах араас ирээд зууралдаж байгаад Г ах газар унасан байх. Г ах газар 10-20 секунд болсон байх. Тэр хавьд байсан хүмүүс шаваад байхаар нь машиндаа суугаад хөдлөх гэтэл нөгөө Г ах босож ирээд газраас шороо атгаад миний машин руу цацсан. Шороо цацаад миний машин руу гүйж ирээд урд салхины шилийг гараараа цохиж хагласан. Тэгэхлээр нь би цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Түүний шүүх хуралдаанд өгсөн: ...машиндаа дүүгийн хувцсыг нь ачиж байхад хүргэн гарч ирээд явуулахгүй гэж эсэргүүцсэн. Тийм байдалтай барьцалдаад байж байтал хоёр ах гарч ирээд юу болсныг асуухгүйгээр хүргэний талд ороод “чи яагаад хүний амьдралд оролцдог юм. Эхнэрийг нь үлдээ” гэж над руу бүгд зэрэг дайрцгаагаад байсан. Тэгээд ноцолдоцгоож байхад энэ ах газарт унасан байсан. Би тэр үед энэ ахыг цохиогүй шүү гэж хэлээд машинд суугаад хөдлөх гэтэл бөөн шороо авч шидээд гараараа миний машины цонхыг хагалсан. Би цагдаа дуудсан. Дараа нь намайг цагдаа дээр очиход хөгшин хүн зодсон байна гэж үзсэн. Хохирогч өөрөө над руу дайрч байсан. Би гарыг нь салгах гэж хичээж байсан. Тэр үед хэн нэгний гарт цохигдож хохирогч унасан байж магадгүй. Түүнд энэ гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй байна. Би хараал/й. Мэдэхгүй байна. Тэнд 3 хүн байсан гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Хавтаст хэргээс шүүгдэгч Ч.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-76/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргий гүйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 Шүүгдэгч Ч.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Г болон гэрч М.Ванчинсүрэн, У.Цэдэндамба нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Дээрх нотлох баримтуудаар Ч.А нь бусадтай маргалдаж байхдаа маргааныг, шүүгдэгч болон гэрч У.Цэдэндамба нарыг салгахаар очсон М.Ванчинсүрэн, Ч.Г нарын нүүр хэсэгт гараараа цохиж, хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдөх ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, улмаар хохирогч Ч.Гт хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй хуулиар хамгаалагдсан бусдын ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Ч.Аыг нь хохирогч Ч.Гын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Ч.Г нь шүүх хуралдаанд

“шүүгдэгч нь миний хүүхэд шиг насны хүн байна. Надаас уучлалт гуйгаагүй. Сая шүүх хуралдаанд ярьсныг нь сонслоо. Энэ хүн намайг болон өөр 2 ч настай хөгшин хүнийг унатал нь цохисноо огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг залуу байхад гэмт хэргийг таслан зогсоож бай, буруу зүйл хийж байгаа бол боль гэж шаардлага тавьдаг бай гэж сургасан. Энийг биелүүлээгүй гэмт хэргийг нуусан бол өөрөө хариуцлага хүлээдэг байсан. Тийм учраас би энэ хүүхдэд гудамж талбайд битгий асуудал үүсгэ. Ярилцаж наад асуудлаа шийд, хүүхэд нь уйлаад байна, боль гэж шаардлага тавьсан. Миний энэ шаардлага бол зөв шаардлага. Ийм шаардлага тавьсаныхаа төлөө нам цохиулаад ухаан алдсан. Энүүнд маш их гомдож байна. Хохирлын талаарх баримтыг гаргаж өгсөн. Хуульд зааснаар нь шийдэж өгнө үү.” гэсэн тайлбар гаргасан.

Тэрээр шүүх хуралдаанд ШШҮХ-нд үзүүлэхэд төлсөн төлбөрийн 8.000 төгрөгийн баримт болон люкс центр ХХК-ийн люкс мед эмнэлэгт толгойн томографи шинжилгээ хийлгэсний төлбөрт төлсөн 100.000 төгрөгийн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Хохирогчид учирсан дээрх хохирлыг түүнд гэмтэл учруулсан гэм буруутай этгээд хариуцаж нөхөн төлөх нь үндэслэлтэй учир Ч.Ааас гаргуулж олгов.

Харин хэрэгт авагдаагүй боловч учирсан гэмтлийг эмчлэхэд гаргасан зардлын талаарх санхүүгийн баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгч Ч.Аын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнийг нөхөн төлөөгүй байдал, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ өгч байгаа “би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна” гэх үнэлэлт дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, хувийн байдал Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан торгох ялыг их хэмжээгээр оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэм бурууд тохирно гэж үзэв.

Харин хохирогч Ч.Г нь шүүгдэгч Ч.Аын эзэмшлийн тоёота ист маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг гараараа цохиж хагалан 160,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Г, гэрч Ч.А нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ий 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож, бусдын эд хөрөнгийг гэмтээх идэвхтэй үйлдэл хийсэн байна.

Тухайн үйлдлийн улмаас Ч.Аад бага хэмжээ болох 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөс доош хэмжээний хохирол учирсан байгаа нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх учир зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст холбогдох материалыг хүргүүлсэн прокурорын үйлдэл зөв байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Х овогт Чын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ааас 108.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Г /НП65051476/-Т олгосугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Аад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Н.БААСАНБАТ