| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2022/0036/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/67 |
| Огноо | 2022-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/67
2022 01 11 2022/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Н.Булганчимэг;
Шүүгдэгч: Г.Н (өөрийгөө өмгөөлж);
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
Хэргийн дугаар;
Шүүгдэгч Г.Н регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, эмэгтэй, 32 настай, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ам бүл 5 нөхөр, 3 хүүхдийн хамт , урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Г.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр .... байрны гадаа иргэн Б.А-гийг “гэрт ирж маргаан хийлээ” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокуророос Г.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.А /хх-ийн 28-30/, гэрч Г.Ганчимэг /хх-ийн 60-61/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 8691 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/, Г.Н-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-57/, Г.Н-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр .... гадаа иргэн Б.А-гийг “гэрт ирж маргаан хийлээ” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Аийн /хх-ийн 28-30/: “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байсан. Миний төрсөн эгч Оюунцэцэгийн том охин болох Ганчимэг нь гэртээ болкон дээр унтдаг, дандаа цохиж гадуурхдаг байсан. Би энэ өдөр 11 цагийн үед Оюунцэцэг эгчтэйгээ уулзах гээд очиход Оюунцэцэг эгч шууд л орилж хашхираад “та нарт ямар хамаатай юм, та нар Ганчимэгийг юунд өмөөрөөд байгаа юм бэ” гэхэд ...гаднаас Ганчимэг ороод ирсэн. Бэр Ариунаа гэх хүүхэн шууд Ганчимэг рүү нэг юм аваад шидсэн. Ганчимэг тэрэнд нь гомдоод гараад явчихсан. Тэгээд би араас нь гарч Ганчимэгийн сууж байсан байрны урд талын сааданд явж очоод Ганчимэгийг нууцхан зэмлэсэн. Би “чи ядаж ажил олоод хийчхэж болдоггүй юм уу” гээд байж байхад Ганчимэгийн төрсөн дүү болох Г.Н гараад ирсэн. Г.Н “та нар яагаад намайг, ээжийг доромжлоод байгаа юм” гээд шууд Ганчимэгийг алгадаж маажаад үснээс нь зулгаахаар нь би Г.Номин-Эрдэнийг “чи болиоч, ямар хэрцгий харгис юм бэ” гээд гараараа түлхэхэд шууд намайг үсдэж аваад газар унагаагаад цээжин дээр өвдгөлж байгаад миний сав руу 4-5 удаа маш хүчтэйгээр өшиглөсөн. Хажууд нэг хүн зогсож байхаар нь би “цагдаа дуудаад өгөөч” гэхэд Г.Н босоод яваад өгсөн...” гэх мэдүүлгээр,
Б.Аийн биед “тархи доргилт, умдагны цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 8691 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 36-37/,
Г.Н-ийн яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 9-10/: “...Гэртээ байж байтал манай бэр Ариунаа залгаад “Алтанцэцэг эгч ирчихсэн хэрүүл болоод байна” гээд байхаар нь гараад очтол Алтанцэцэг болон миний төрсөн эгч Ганчимэг хоёр гадаа сууж байсан. ...Алтанцэцэг Ганчимэгийг өмөөрөөд ирж миний ээжтэй буюу төрсөн эгчтэйгээ ирж хэрэлдсэн. Тэгээд би Ганчимэгийг “яагаад дандаа ээжийг зовоогоод байдаг юм” гээд алгадаад авсан. Хажуунаас Алтанцэцэг эгч бас хэрэлдэж байгаад нэг мэдсэн би Алтанцэцэг эгчтэй үсдэлцээд зогсож байсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Г.Нд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь өөрийн санаатай үйлдлээрээ хохирогчийг зодсон, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүгдэгчийн хүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч гэмтсэн үр дагавар бий болсон, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Г.Н нь Б.А-гийг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Г.Н-ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ял шийтгэлийн төрлөөс дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид мөнгөн төлбөр оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн;
хохирогч гомдол, саналгүй болсон;
хохирогчид төлөх төлбөргүй;
Г.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ