Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/448

 

 

 

 

 

 

   2022       03          28                                   2022/ШЦТ/448

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч П.Э,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч М.Эрдэнэзаяа нарыг оролцуулан эрүүгийн 2206 00375 0737 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн П.Э, 1985 оны *************** өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, *************** ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны ****************** тоотод оршин суух хаягтай, РД: *************,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, **************** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох хохирогч Л.Стай “машин өгөхгүй” гэх асуудлаар маргалдаж, улмаар баруун гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохих, хоолойг нь боох, баруун гарын эрхий хурууг арагш дарах зэргээр эрүүл мэндэд нь хүч  хэрэглэн халдаж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Л.Сын биед хацар, хүзүү, зүүн өгзөгт цус хуралт, эрүүний баруун тал, хүзүү, баруун хөхний дээд хэсэг, зүүн өгзөгт зулгаралт, баруун сарвууны 1-р хурууны 2-р үенд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч П.Э нь хохирогч Л.Сын хацар, хүзүү, зүүн өгзөгт цус хуралт, эрүүний баруун тал, хүзүү, баруун хөхний дээд хэсэг, зүүн өгзөгт зулгаралт, баруун сарвууны 1-р хурууны 2-р үенд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, *************** тоот гэртээ өглөөний 10-11 цагийн орчимд байж байгаад, би хүүхдүүдээ аваад салхинд гарах гэж байсан чинь эхнэр Л.С ээж рүүгээ явна, машинаа аваад явна гэхээр нь би “машинаа чамд өгч явуулахгүй ээ, би хоёр хүүхдээ аваад салхинд гарна” гэдэг асуудлаас болж эхнэр Л.Стай маргалдаад хоёр алгадаад, нэг түлхээд Л.С шкаф мөргөөд унасан. Намайг бүр янз бүрээр хэлээд байхаар нь уурандаа хоёр удаа алгадаад нэг удаа түлхээд унагачихсан юм. Тухайн үед архи согтуурууулах ундааны зүйл хэрэглээгүй. Урьд өмнө нь эхнэртэйгээ нэг удаа муудалцаад, цагдаагийн байгууллагад торгуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,  

Хохирогч Л.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Одоо өөрийн нөхөр болох П.Этэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн №1578 дугаартай дүгнэлт:

  1. Л.Сын баруун хацар, хүзүү, зүүн өгзөгт цус хуралт, эрүүний баруун тал, хүзүү, баруун хөхний дээд хэсэг, зүүн өгзөгт зулгаралт, баруун сарвууны 1-р хурууны 2-р үенд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, ир ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлтээр /хх-ийн 15-16/ тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч П.Эг 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар байрны 129 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох хохирогч Л.Стай “машин өгөхгүй” гэх асуудлаар маргалдаж, улмаар баруун гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохих, хоолойг нь боох, баруун гарын эрхий хурууг арагш дарах зэргээр эрүүл мэндэд нь хүч  хэрэглэн халдаж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Л.Сын биед хацар, хүзүү, зүүн өгзөгт цус хуралт, эрүүний баруун тал, хүзүү, баруун хөхний дээд хэсэг, зүүн өгзөгт зулгаралт, баруун сарвууны 1-р хурууны 2-р үенд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч П.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хохирогчтой эвлэрсэн болон хувийн байдлыг нь харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял санал гаргаж, шүүгдэгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд шүүх хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Л.С нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй ба хохирогч Л.С нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. П.Эг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Эд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар П.Э нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.С нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР