Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/0268 |
Огноо | 2015-06-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2015/0268
2015 оны 6 сарын 18 өдөр | Дугаар 221/МА2015/0268 | Улаанбаатар хот |
С.С-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн
Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд
холбогдох захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаар шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу С.С-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хуралдаанаар хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг хэлэлцэн хурлын хуулиар тогтоосон журмыг зөрчин хурлын даргыг огцруулах үйл ажиллагааг зохион байгуулсан тул Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 20 тоот тогтоолын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Сд холбогдох хэсгийг болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг томилох тухай 21 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эргүүлэн тогтооно уу гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.С өөрөө хуралдааныг нээж эхлүүлсэн. Уг хурлыг эхлэхээс 24 цагийн өмнө Ардчилсан намын бүлгээс Хурлын даргад итгэл үзүүлэх тухай бичгийг Хурлын даргад хүргүүлсэн. Уг асуудлыг олонхийн саналаар хэлэлцэхээр тогтсон. С.С хурлыг хаяж явсан тул Хурлын төлөөлөгчдийн саналаар хуралдааныг үргэлжлүүлэн А.Харахадаар удирдуулахаар санал гарган дэмжигдсэн. Хурлын дарга хурлыг орхин гарсан нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч завсарлага авсан гэж байгаа ч хурлын дүрмийн дагуу завсарлага аваагүй, олон хоног алга болсон. Иймд олонхийн саналаар түүнийг огцруулсан. гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор С.С-ийг Хурлын даргаас огцруулж, С.Е намайг сонгосон нь хуулийн дагуу явагдсан. С.С нь хуралдааны төлөвлөгөөний дагуу 2014 оны тайланг тавьж хэлэлцүүлэх ёстой байсан боловч тайлангаа тавиагүй. Эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулсан гэсэн ч маргааш нь үргэлжлүүлээгүй. Тиймээс төрийн ажлыг цааш нь үргэлжлүүлэх, хэвийн явуулах үүднээс хуралдаан даргалагчийг сонгон, хурлыг үргэлжлүүлэн Ардчилсан намаас миний нэрийг дэвшүүлснээр би хурлын даргаар сонгогдсон. гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 20 дугаар "Хурлын даргыг огцруулах тухай", 21 дүгээр "Хурлын даргыг сонгох тухай" тогтоолыг тус тус хүчингүй болгож, С.С-ийг тус сумын Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардлагын хангаж, Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 20 дугаар "Хурлын даргыг огцруулах тухай" 21 дүгээр "Хурлын даргыг сонгох тухай" тогтоолыг тус тус хүчингүй болгож, С.С-ийг тус сумын Хурлын даргын албан тушаалд эргүүлэн тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.Шүүх зөвхөн нэг талыг баримтлан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан.
Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар тогтоолоор баталсан хэдий ч тус хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хуралдаанаар хэлэлцэх асуудалд намын бүлгээс тодорхой санал оруулсан.
Энэ саналын нэг дэх заалтад "...хуралдаанаар хэлэлцэх асуудлын 3-т зааснаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан илтгэгч хурлын дарга С.С гэснийг Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12.1.2-д зааснаар хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах, 12.1.4-д зааснаар Хурлын дарга..., Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал дүгнэлт гаргах гэсэн хуулийн заалтаар ИТХ-ын дарга С.С-ийн тайланд үнэлэлт, дүгнэлт өгүүлэхээр хэлэлцүүлэн шийдвэр гаргах..." гэж тодорхой оруулсан.
Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан зохицуулалтын хүрээнд хийгдсэн. Намын бүлэг уг саналаа дээрх хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д заасан Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга буюу Хурлын нарийн бичгийн даргад хуралдаан эхлэхээс 24 цагийн өмнө өгсөн. Намын бүлгээс оруулсан саналыг хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлыг ИТХ-ын дарга, Хурлын хороо хангах ёстой. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-д зааснаар эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах нь Хурлын даргын нийтлэг бүрэн эрхэд хамаардаг.
Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий хороог байгуулан ажиллуулж Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангах ёстой. Намын бүлгээс Хуралдаан эхлэхээс өмнө тодорхой санал оруулж байхад Хурлын дарга дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй. Мөн тухайн Хурлын дэргэд Хурлын хороо байгуулж ажиллуулсан эсэх нь тодорхой бус байна.
Сумын ИТХ-ын хуралдаан зөвхөн Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолоор баталсан асуудлын хэмжээнд асуудал хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэдэг нь өрөөсгөл ойлголт. Дээрх хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар Хурлын Тэргүүлэгчид нь Хурлын хуралдааны товыг зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх бүрэн эрхтэй.
Хуралдааны эхэнд Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолоор баталж оруулсан асуудлыг танилцуулж төлөөлөгчдийн саналыг авсаны үндсэн дээр санал хураалт явуулж хэлэлцэх асуудлаа батлах ёстой.
Сумын ИТХ-ын хуралдаан дээрх журмын дагуу явагдаж төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу санал хураахад төлөөлөгчдийн олонх буюу 13 төлөөлөгч дэмжсэнээр хэлэлцэх асуудлын 3 дахь заалтад найруулгын өөрчлөлт хийж "ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэх, үнэлэлт өгөх тухай" болгож баталсан.
2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т "энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй" гэж заасан нь дээрх асуудалд хамааралгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Учир нь ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэх тухай асуудал Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орж төлөөлөгчдөд тараагдсан бөгөөд цоо шинэ асуудал биш юм. Намын бүлэг болон төлөөлөгчид бүрэн эрхийн хүрээнд тухайн асуудалд "үнэлэлт дүгнэлт өгөх" гэсэн заалт нэмж оруулах санал гаргаж энэ нь Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн дэмжлэг авснаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний тухайн заалтад найруулгын шинжтэй өөрчлөлт орсон. Нэгэнт цоо шинэ асуудал хэлэлцүүлэхээр санал оруулаагүй учир саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах шаардлагагүй байсан гэж үзэх хууль зүйн үндэстэй.
Дээрх асуудал нэгэнт төлөөлөгчдийн олонхийн дэмжлэг авч хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон учир Хуралдаанаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх ёстой. Ийм байхад шүүхээс Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн мэтээр дүгнэлт хийсэн нь хууль бус.
З. Хурлын дарга С.С нь Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн батлуулж хуралдаанаа удирдан 1, 2 дахь асуудлуудыг хэлэлцүүлэн дууссаны дараа 3 дахь асуудлыг хэлэлцэх болоход элдэв шалтаг зааж хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарч 2 хоног хүлээлгэсэн нь дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан "Тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах" бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Монгол Улсын Дээд шүүхийн "Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар тогтоолын 10-д: "Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д заасан "...хүндэтгэн үзэх шалтгаан..." гэдэгт эрүүл мэндийн байдал, албан томилолтоор явсан, ар гэрт нь гачигдал гарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон зэрэг хувь хүнээс өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлыг ойлгоно. Хурлын дарга хуулийн дээрх зүйлд заасныг зөрчин хуралдааныг орхин гарч хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. Энэ тохиолдолд хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон аль нэг төлөөлөгч хуралдааныг удирдаж үргэлжлүүлнэ" гэж тодорхой зааж өгсөн.
Миний ИТХ-ын хуралдааныг удирдан явуулсан явдал ямар нэгэн хуулийн заалт зөрчөөгүй.С.С нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлыг орхин явсан тул төлөөлөгчдийн саналаар намайг Хуралдаан даргалагчаар сонгосон. Сумын ИТХ-ын ээлжит хуралдаан дотоод журмын дагуу явагдах ёстой. 7 дугаар хуралдааны дотоод журмыг хуралдааны эхэнд хэлэлцэн баталсан бөгөөд дотоод журмын 7-д намууд эхэндээ 5 минутын завсарлагаа авах, нэмж авахаар бол бичгээр 10 минутаар сунгаж байхаар заасан. Хуралдаанд оролцогчид дээрх дотоод журамд захирагдан хуралдааны ажиллагаанд оролцох үүрэгтэй. С.С нь хуралдааны дотоод журмыг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүй хуралдааныг орхиж явсан, хуралдаанд ирж тайлан тавиагүй, олон хоногоор алга болсон, намын бүлэг нь дотоод журмын дагуу завсарлагаа аваагүй.
С.С нь шүүхийн хуралдаан дээр би хуралдааныг бүрэн эрхийн хүрээнд завсарлуулсан, тухайн үед хуралдаан нээлттэй байсан гэж тайлбарласан. Энэ талаар хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс "Таньд тэгж хуралдааныг завсарлуулж олон хоногоор хуралдаанд оролцохгүй байх бүрэн эрх олгосон ямар хууль эрхийн акт байдаг вэ" гэж асуухад тодорхой хариулж чадахгүй байсан. Энэ нь хуралдааны тэмдэглэлд тодорхой байгаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Хурлын дарга хуралдааныг хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүй завсарлуулах, хойшлуулах бүрэн эрхийг зааж өгөөгүй.
Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалт, тухайн үед болсон нөхцөл байдлуудыг огт харгалзан үзэхгүйгээр зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргасан.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг зохих журмын дагуу хянан үзэж хүчингүй болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.С-ийг ээлжит хуралдаанд ажлаа тайлагнаж, дүгнүүлээгүй тул ажил хийгээгүй гэж үзэн албан тушаалаас огцруулж, мөн өдрийн 21 дүгээр тогтоолоор С.Еийг хурлын даргаар сонгожээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар тогтоолоор 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдаанаар 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн төсөл батлах, ОНХГ-аас 2014 онд хэрэгжүүлсэн төслийн хэрэгжилтийн гүйцэтгэл, 2015 онд ОНХС-аас хэрэгжүүлэх төслийг хэлэлцэн батлах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, сумын Засаг даргын 2014 онд гүйцэтгэсэн үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн тайлан хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх, сумын 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр баталжээ.
2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд Ардчилсан намын бүлгээс хэлэлцүүлэх асуудалд Хурлын даргын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх асуудлыг нэмэхээр санал оруулж, түүнийг нь олонхын саналаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг асуудлыг хэлэлцэхээс өмнө Монгол ардын намын бүлгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хуралдаан завсарласан байна.
2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол ардын намын бүлгийн авсан завсарлага дууссан, Хурлын дарга С.С-ийг ирээгүй гэсэн үндэслэлээр иргэдийн Хурлын тэргүүлэгч А.Харахадаар хуралдааныг удирдуулан ээлжит 7 дугаар хуралдааныг үргэлжлүүлэн, шийдвэрүүд гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 /Хурлын даргын бүрэн эрх: тухайн Хурлын хуралдааныг даргалах.../, 23 дугаар зүйлийн 23.6 /Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана./-д заасныг тус тус зөрчсөн байна.
Түүнчлэн мөн өдрийн Хурлын даргыг огцруулах тухай 20 дугаар тогтоол, Хурлын даргыг сонгох тухай 21 дүгээр тогтоолууд нь ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалд хуульд заасан журмаар ороогүй байх тул хуульд нийцээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар Хурлын төлөөлөгч нь асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй бөгөөд ингэхдээ 24.3-т заасны дагуу тухайн саналд холбогдох баримт, судалгаа, гарах шийдвэрийн төслийн хамт хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгч нарт тараасан байхыг шаардсан, мөн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан Хуралдааны дэг-ийн 2.1 дүгээр зүйлд төлөөлөгчид хуралдаанаар хэлэлцэхээр санаачлан оруулах асуудлыг саналын дүгнэлт, холбогдох баримт бичгийн хамт урьдчилан бэлтгэн боловсруулан, Хурлын нарийн бичгийн даргаар дамжуулан Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж байхаар заажээ.
Харин хариуцагч нь дээрх шаардлагыг хангаагүй буюу хэлэлцэх асуудлын жагсаалтад орж баталгаажаагүй, Хурлын төлөөлөгч нарт хуралдаанаас өмнө урьдчилан мэдэгдэж, холбогдох судалгаа баримтыг хүргүүлээгүй Хурлын даргын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байна.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР