Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 186/2016/0013/э |
Дугаар | 14 |
Огноо | 2016-06-20 |
Зүйл хэсэг | 096.1., 147.2., 254.1., |
Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,
Иргэдийн төлөөлөгч О.Ууганням,
Улсын яллагч А.Нямсүрэн,
Шүүгдэгч Ч.Төгсбаясгалан, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн /ҮД:2190/, Ж.Цэрэндолгор /ҮД:0652/
Шүүгдэгч Г.Энхмөнх, түүний өмгөөлөгч Г.Баярмаа ҮД:/1814/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Төгсбаясгалан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Энхмөнх нарт холбогдох эрүүгийн 2014250004369 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 04-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржигон овогт Чулуунбаатарын Төгсбаясгалан: Монгол улсын иргэн, 1994 оны 01 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, ах эгч дүү нарын хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-1 гудамж 5 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 01 сарын 24-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, РД:/УХ94012671/
Шүүгдэгч Боржигон овогт Гүндгэрэлийн Энхмөнх: Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 7-615 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, РД:/У3940121913/
Шүүгдэгч Ч.Төгсбаясгалан нь /яллах дүгнэлтэд тэмдгэлсэнээр/ 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Энхмөнхтэй маргалдан улмаар чулуугаар түүний толгойн тус газарт нь цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 48 б байрны орцонд хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн О.Дэлгэрмөрөнд амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, “Нопог” маркийн гар утсыг дээрэмдсэн,
Шүүгдэгч Г.Энхмөнх нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Ч.Төгсбаясгаланд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “би өөрөө унаж гэмтсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Төгсбаясгалангаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2014 оны 07 сарын 12-ны өдөр наадмын талбай дээр хуушуур зарж дуусаад гэртээ хариад байж байтал Энхмөнх, манай найз охин Мөрөөдөл нар хамт орж ирсэн. Тэгээд уулан дээр гарахаар ярилцаад манай гэрээс гарсан. Тэр үед миний таньдаг найз машинаараа уулан дээр хүргэж өгсөн. Тэгэхэд Энхмөнх дэлгүүрээс нэг пиво авч ууж дуусчихаад Энхмөнхийн гэрт орох гэтэл манай гэрт хадам дүү нар ирсэн байна, би удахгүй араас чинь гараад очъё гэсэн. Тэгээд тухайн уулан дээрээ хүлээж суутал Энхмөнх араас 2 хадам дүүтэйгээ ирсэн. Бид нар пиво ууж байгаад Өнөболд руу утсаар яриад ирэхдээ пиво аваад ир гээд дуудсан. Өнөболд, Анхтуяатай хамт ирж пиво уусан. Тэгээд би найз охин Мөрөөдлийн гэрлүү орсон. Тэгээд тэднийхээс гарч ирээд бие засаад байж байхад Энхмөнхийн бага дүү нь таараад гэрт чинь хэн байна гэж асуухад Энхтулга ах байна гэж хариулсан. Би Энхтулгыг дагуулаад буцаад хамт очоод дахиж пиво нэмж уусан. Тэгээд Мөрөөдөл бид хоёр тэдний гэрт байж байтал хашааны гаднаас намайг “Шонхоо” гээд дуудсан. Тэгэхэд нь би гараад очиход Энхтулга нилээн согтолттой байж байснаа өдий болтол ахтай маань хамт найзлаж явдагт чинь баярлаж явдаг шүү гэж надад хэлсэн. Цаанаас Анхтуяа бууж ирээд Энхмөнх, Өнөболдыг мөргөчихлөө очоод салгаад өгөөч гэж надад хэлсэн. Тэгээд би салгаж өгөх гээд очиход Өнөболдын хамарнаас цус гаргасан байсан. Тэгээд би Энхболдод чи хүн дуудаж ирчихээд яагаад найзыгаа ингэж байгаа юм бэ? бид нар явлаа гэж хэлсэн. Бид нар эргээд явах гэтэл Энхмөнх намайг дуудаад надад багын найз байж өмөөрлөө гэхээр нь чиний буруу байна гэхэд намайг мөргөж унагаасан. Тэгээд би Энхмөнхийг хавирч унагаагаад дээр нь гарсан. Тэгээд маргааш уулзаарай гээд байж байтал Энхмөнх гартаа чулуу бариад миний нуруу руу 2-3 удаа цохисон. Өнөболд нь Энхмөнхийг салгаад тэврээд авсан. Харин Энхтулга намайг доороо хийгээд ноцолдож байсан. Энхмөнх дахиад гүйгээд ирэхээр нь би газраас чулуу аваад Энхмөнх рүү чулуу шидсэн. Би Энхмөнх рүү чулуу шидэхэд бэртэж гэмтсэн гэдгийг мэдээгүй. Тэгэхэд араас нь Өнөболд ирээд түүнийг тэврээд авсан. Энхтулга бид 2 зодолдож байхад Мөрөөдөл, Анхтуяа нар салгасан. Тухайн үед Энхмөнх зүгээр байсан. Харин би өөрөө зодуулж байхдаа Энхмөнх рүү чулуу шидсэн. Уулнаас бид хэд буухад Энхтулга, Энхмөнх 2 тэврэлдэж зогсоод үлдсэн. Тэгээд 20-30 минутын дараа 3 хүн дуудаад очих гэтэл Өнөболд надад битгий оч гэж зөвлөсөн. Би тэгэхэд нь зүгээр очоод уучлалт гуйя гээд түрүүлээд очсон. Намайг очиход Энхмөнх надад юу ч хэлэлгүй шууд цохиж унагаагаад 2 дүүтэйгээ хамт зодож байхад Өнөболд салгах гэж араас ирсэн. Өнөболдыг ирэхэд Алтан-Од гэх залуу түүнийг цохиж замын уруу унагаагаад тэр 2 доор зодолдож байсан. Энхтулга, Үүлээ нар нь намайг зодож байхад нь яагаад намайг ингэж байгаа юм бэ? гэхэд Энхтулга ахын толгойноос цус гараад тогтохгүй байна гэсэн. Тэгсэн Энхмөнх замын цаанаас толгойноос нь цус гарсан байдалтай гүйгээд гарч ирсэн. Дахиад намайг цохиод авахаар зугтаасан.
Тухайн үед Энхмөнх рүү чулуу шидсэнээ мөрдөн байцаалтын шатанд би худал мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэхь хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгийн хувьд 2015 оны 06 сарын 03-ны өдөр Жуковын автобусны буудлаас дээшээ ангийнхаа хүүхэд Сайн-Ерөөлтийн гэрт очих гээд явж байсан. Өмнө нь түүнтэй хүнсний зах дээр таархад манайд ирээрэй гэж байсан. Бид хоёр 2 дугаар ангиасаа хойш уулзалдаагүй. Тэдний гэрийн орцыг нь мэддэг мөртлөө давхарыг нь мэддэгүй байсан. Тухайн үед би халаасандаа гар утас болон мөнгөтэй явж байсан. Тэгэхэд орц руу орж байсан хүүхдээс ахынх нь утас цэнэггүй болчихлоо утсаараа ганц яриулаач гэж сем картаа утсанд нь хийсэн, би утсыг нь барьж ярьж байгаад чи түр хүлээж байгаарай би цонхоор хараад ирье гээд тэр чигтээ утсыг аваад явсан. Энэ хэрэгтээ гэмшиж байна. Надад холбогдох хэргийг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Г.Энхмөнхөөс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Миний мөрдөн байцаалтанд өгч байсан мэдүүлэг үнэн зөв. Шүүх хуралдаанд орохдоо би Төгсбаясгаланг өрөвдөөд тийм мэдүүлэг өгчихсөн юм. Төгсбаясгалан бид 2 багын найзууд юм. Миний биед учирсан гэмтлийг Төгсбаясгалан чулуугаар цохиж учруулсан юм. Би шүүх хуралдааны явцад Төгсбаясгалан намайг зодсон хэргээсээ гадна бас хүн дээрэмдэх хэрэгт шалгагдаж байгаа юм. Тэгэхээр давхар хэрэгтэй болохоор нь өрөвдөөд тэгээд мэдүүлсэн юм. Түүнээс биш миний биед учруулсан гэмтлийг Төгсбаясгалан чулуугаар цохиж урчуулсан юм....Төгсбаясгалан бид 2 хэрэлдэж байтал Төгсбаясгалан гэнэт доошоо суугаал газраас чулуу аваад над руу шидээд миний толгойг хагалсан юм. Шүүх хурал дээр найзыгаа өрөвдөөд худлаа ярьсандаа гэмшиж байна гэсэн мэдүүлэг.
Хохирогч Г.Энхмөнхөөс мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..2014 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-615 тоот гэртээ байж байтал 18-19 цагийн хооронд Төгсбаясгалан над руу залгаад уулан дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би Батхүрэл, Алтан-Од нарыг дагуулаад уулан дээр яваад очтол Төгсбаясгалан, найз охины хамт байж байсан. 1 ширхэг 2,5 литрийн пиво авч ирсэн байсныг бид нар хувааж уусан. Хэсэг хугацааны дараа Өнөболд эхнэрийн хамт ирсэн. Мөн адил ирэхдээ 1 ширхэг 2,5 литрийн пиво авч ирсэн. Бид нар хувааж уусан. Юм ярьж сууж байхдаа би 2 жилийн өмнө болсон явдлын талаар Өнөболдод хэлээд түүнийг толгойгоороо 1 мөргөсөн Өнөболд намайг цохиж зодоогүй. Өнөболд бид 2 жаахан маргалдтал Төгсбаясгалан дундуур ороод салгасан. ..Төгсбаясгалан бид 2 зодолдсон. Төгсбаясгалан намайг газар унагаачихаад дээр гарч байгаад нүүрэн тус газар гараараа ойролцоогоор 2 удаа цохьсон. Энхтулга бид 2-ын дундуур орж салгасан. Би Төгсбаясгалангийн нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохьсон. Энхтулга Төгсбаясгаланг надаас салгаад холдуулсан. Өнөболд миний хажууд явж байсан. Тэгсэн Төгсбаясгалан газраас чулуу аваад шидсэн. Эхний шидсэн чулуу нь миний толгойн тус газар онож толгой хагарсан. /1 хх 60/ одоо эмчилгээний зардалаа нэхнэ, ямар нэгэн гомдолгүй гэсэн мэдүүлэг.
Насанд хүрээгүй хохирогч О.Дэлгэрмөрөнгөөс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Орцонд миний араас орж ирээд гар утсаа өгч бай ах нь нэг яриадхъя гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөгүй. Тэгтэл эвхэгддэг хутга гаргаж ирээд надад хутга байгаа шүү миний хэлснээр хий гээд би өөрийнхөө гар утсыг өгсөн. Тэр ах өөрийнхөө Samsung S3 маркийн гар утсыг гаргаж надад үзүүлээд нэгж нь дуусчихаад байна гэж хэлж байсан. ...миний гар утсыг аваад намайг 3 тоолоход юу ч дуугаралгүйгээр гэр лүүгээ ор гээд би шатаар өгсөөд дээшээ явсан. Хутгыг аль халааснаасаа гаргаж ирснийг мэдэхгүй, эвхэгддэг хутга гаргаж ирсэн боловч хутгаа тэнийлгээгүй надад харуулсан...” гэсэн мэдүүлэг /2 хх 28/
Гэрч Г.Энхтулгаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2014 оны 07 сарын 12-ны орой бөх дуусахын үед буюу 20 цагийн үед манай ах Энхмөнх гэртээ эхнэрийнхээ дүү Үүлээ болон Үүлээгийн найзтай 2 литрийн савтай Кружка нэртэй пиво хуваагаад ууж байсан юм орой 22 цаг болж байсан. Би ахыгаа гэр лүүгээ явъя гэсэн чинь байж бай гэж хэлсэн. ..ах эхлээд Өнөболдтой муудалцаад эхэлсэн юунаас болж муудалцсан талаар мэдэхгүй би хол зайтай байсан ах эхлээд Өнөболдыг дух хэсгээрээ хамар хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн юм билээ. Энхмөнх цаашаа яваад өгсөн. Араас нь Төгсбаясгалан яваад очсон. Би Өнөболдтой юм яриад байж байсан чинь Төгсбаясгалан ахтай маргалдаад Төгсбаясгаланг ах эхлээд мөргөсөн. Би гүйж очсон чинь дээр доороо ороод зодолдоод би Төгсбаясгаланг авсан. Өнөболд манай ахыг аваад салгасан. Боль яагаад зодоон хийгээд байгаа юм гээд салгаад байж байсан чинь Төгсбаясгалан чулуу аваад шидсэн. Би ах руу эргээд харсан чинь ахын толгойноос цус гарсан ах ална гэсэн чинь Төгсбаясгалан, Өнөболд, Өнөболдын эхнэр зугтаагаад яваад өгсөн. Би ахыг аваад гэр рүүгээ явсан...газраас чулуу аваад 1 метр орчим зайнаас гарын алганы хэмжээтэй чулуу шидсэн. ...Чулуу шидсэний дараа цус гарсан. Төгсбаясгалан чулуу шидээд зугтаагаад гүйгээд явсан. Духны дээд хэсгээс үсэн дотроосоо цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1 69-70/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 07 сарын 17-ны өдрийн №831 дүгнэлт: Г.Энхмөнхийн биед 2007.05.16-нд зүүн чамархай ясны суурь яс руу чиглэсэн шугаман хугарал, зүүн чамархайн эдийн гүн дэх цус хуралт, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Энхмөнхийн биед учирсан 2014.07.12-нд гэмтэл нь 2007.05.16-ны өдөр үүссэн гэмтэлтэй холбоогүй байна. Энхмөнхийн биед 2007.05.16-нд зүүн чамархай ясны суурь яс руу чиглэсэн шугаман хугарал, зүүн чамархайн эдийн гүн дэх цус хуралт, зүүн чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа, аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2014.07.12-нд зүүн дух чамархай ясны цөмөрсөн ил хугарал, хуйхны шарх, хатуу бүрхүүл дээрхи цусан хураа, тархины эдийн няцрал, хагалгаа хийгдсэн байдал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ШШҮХ-н ШЭШХ-н шинжээч эмч Амартүвшингийн №11098 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх гэмтэл хатуу мохоо хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь унах үед үүсэх боломж багатай...гэсэн дүгнэлт” /2 хх 31-32/
Гэрч Б.Отгонжаргалаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2015 оны 06 арын 03-ны өдөр 15 цагийн үед хүү Дэлгэрмөрөн орж ирээд орцондоо нэг ахад хутга тулгуулан Хонор маркийн гар утсаа дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хүүгээсээ юу болсон талаар асуухад зодож цохиогүй, хутга тулгаад гар утсыг авсан гэж хэлсэн. Тэр залуу жинсэн өмд, цагаан цамцтай 20-25 орчим настай, улаан цамц мөрлөж уясан ах байсан гэж хэлсэн. гэсэн мэдүүлэг /1 хх 217/
2015-06-03-ны өдрийн илтгэх хуудас “...хохирогч О.Дэлгэрмөрөнгиин гэртээ ирсэн гэх зам маршрутын дагуу ямар нэгэн хяналтын камер байгаа эсэхийг тогтоох зорилгоор явж шалгахад БЗД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт орших “Сод эрхэс” төвийн дээвэр дээр оршин цагдаагийн хэлтсийн тавьсан хяналтын камер байв. Сэжигтэй этгээд хохирогч О.Дэлгэрмөрөнг хойноос нь дагаж явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв. Сэжигтэй этгээд нь цагаан өнгийн цамцтай мөрөн дээрээ улаан өнгийн ноосон цамц уячихсан, цэнхэр өнгийн урд талаараа цайвар жинсэн өмдтэй, цагаан пүүзтэй, өмднийхөө шуумаг хэсгийг шилбэ хүртлээ шуусан, эрэгтэй байсан болохыг илтгэх хуудас болгон бичив” гэх тэмдэглэл /1хх 244-1, илтгэх хуудас /1хх 247/
Шүүгдэгч Ч.Төгсбаясгалангийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх 49/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50/, 2012 оны 01 сарын 24-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн ¹49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх 67-68/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 95159 дугаартай өвчний түүх /1хх 22-36/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 204-206/, Эд зүйлийн үнэлгээ-350.000, 20.000 /1 хх 209-210/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /1хх 187/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 204-206/, хохирлын мөнгийг хууль ёсны төлөөлөгч Б.Отгонжаргалд хүлээлгэн өгсөн баримт /1хх 211/, шүүгдэгч Г.Энхмөнхийн иргэний үнэмлэхний лавлагаа /2хх 178/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх 177/, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /2хх 179/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шижээчийн 2015 оны 07 сарын 17-ны өдрийн ¹831 дугаартай дүгнэлт /2хх 32-33/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /2 хх 34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Төгсбаясгалан нь 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Энхмөнхтэй маргалдан улмаар чулуугаар түүний толгойн тус газарт нь цохиж, бие махбодид нь зүүн чамархай ясны суурь яс руу чиглэсэн шугаман хугарал, зүүн чамархайн эдийн гүн дэх цус хуралт, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорхи цус харвалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 48 б байрны орцонд хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн О.Дэлгэрмөрөнд амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, “Хонор” маркийн гар утсыг дээрэмдсэн,
Шүүгдэгч Г.Энхмөнх нь 2015 оны 11 сарын 23-ны өдөр Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Ч.Төгсбаясгаланд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “би өөрөө унаж гэмтсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Төгсбаясгаланг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь зэвсэг хэрэглэн аюултайгаагаар хүч хэрэглэхээр заналхийлэн эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Г.Энхмөнхийг шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Төгсбаясгалан нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 01 сарын 24-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Төгсбаясгалангийн үйлдсэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь зэвсэг хэрэглэн аюултайгаагаар хүч хэрэглэхээр заналхийлэн эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэргүүд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан ялаас 2 жилийг өршөөн хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг тогтоож, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөв.
Шүүгдэгч Г.Энхмөнх нь шүүгдэгч Ч.Төгсбаясгалантай багаасаа найзалсан 2 хүнд зүйл ангитай гэмт хэрэг үйлдсэн байсан тул “өөрөө унаж хүнд гэмтэл авсан” гэж худал мэдүүлэг өгсөн хэмээн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Иймд Г.Энхмөнхийн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цэрэндолгороос: Ч.Төгсбаясгалан нь хутга тулгаж хохирогчийг дээрэмдээгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү гэсэн боловч мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Дэлгэрмөнхөөс мэдүүлсэн “Тэгтэл эвхэгддэг хутга гаргаж ирээд надад хутга байгаа шүү миний хэлснээр хий гээд би өөрийнхөө гар утсыг өгсөн” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Төгсбаясгалангаас 475.890 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Энхмөнхөд олгож, шүүгдэгч Ч.Төгсбаясгалангийн 2015 оны 06 сарын 09-ний өдрөөс 2016 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 377 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.Энхмөнх нь бусдад төлөх төлбөргүй цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Чулуунбаатарын Төгсбаясгаланг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь зэвсэг хэрэглэн аюултайгаагаар хүч хэрэглэхээр заналхийлэн эд хөрөнгийг нь дээрэмдсэн,
Шүүгдэгч Боржигон овогт Гүндгэрэлийн Энхмөнхийг шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төгсбаясгаланг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхмөнхийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төгсбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төгсбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 1 сарын хугацаагаар хорихоор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсгийг журамлан 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төгсбаясгаланд оногдуулсан 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхмөнхөд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төгсбаясгалангийн цагдан хоригдсон 377 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Г.Энхмөнх нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төгсбаясгалангаас 475.890 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Энхмөнхөд олгож, шүүгдэгч Г.Энхмөнх нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Төгсбаясгаланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Г.Энхмөнхөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД Б.ХАЛИУН
С.БАТГЭРЭЛ