Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2051

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01942 дугаар шийдвэртэй,

 

           Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “К” ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 18 684 796 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

30 000 000 төгрөг, 5 ширхэг чингэлэг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: М.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани “К” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 3 хороо, .................... тоотод байрлах, Y-2202014464 улсын бүртгэлтэй, 630 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 570 м.кв орчим талбайг үйлдвэрлэл, оффисийн зориулалтаар нэг сарын 6 000 000 төгрөгөөр, 2 жилийн хугацаатай “К” ХХК-д түрээсэлж, эхний 2 сарын түрээсийн төлбөрийг бөөнд нь төлсөн. Дараа нь 2013 оны 12 дугаар сараас 2015 оны 6 дугаар сарыг дуустал сарын түрээсийн төлбөрийг 4 368 421 төгрөг болгон бууруулж, 19 сараар төлье гэж хүсэлт тавьсны дагуу нийт 83 000 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сард “К” ХХК нь манай компанид төлсөн. Энэ хугацаа нь 2015 оны 7 дугаар сард дууссан бөгөөд 2015 оны 7 дугаар сараас түрээсийн төлбөрийг сарын 5 000 000 төгрөг болгосон. Үүнээс хойш буюу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс  хойш 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр болох 31 200 000 төгрөгийг төлөөгүй. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс дээрх талбайг 2 жилийн хугацаатай, сарын 2 800 000 төгрөгөөр түрээслэхээр дахин тохиролцож, гэрээ байгуулсан. Үүнээс хойш 2016 оны 01 дүгээр сарын 27, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус тус 5 000 000 төгрөгийг нийт 10 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрөөс түрээслэгч үйл ажиллагаа явуулахад өөрсдөдөө зориулж тохижуулсан тохижилтын мөнгө 9 235 200 төгрөг болсон. Үүнийг төлбөрөөс хасъя гэхээр зөвшөөрч, үлдэгдэл төлбөр болох 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 11 964 800 төгрөг болсон гэж тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг түрээсийн төлбөр болон 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл түрээсийн төлбөр болох 6 719 996 төгрөгийг төлөхгүйгээр UESU 214912 0 22G1 дугаартай 1 ширхэг, 216863 дугаартай 1 ширхэг, FCIU 242574 5 22G1 дугаартай 1 ширхэг, U 600240 7 SU 2210 дугаартай 1 ширхэг, тус бүр нь 20 тонны нийт 4 ширхэг чингэлэг барьцаанд үлдээгээд, нүүгээд явсан боловч түрээсэлсэн обьектыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байна. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 18 684 796 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 570 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө ажлын байрыг түрээслэхээр гэрээ байгуулж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч тал ажлын байрандаа орсон. 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэлх 2 сарын түрээс 12 000 000 төгрөг хариуцагч тал бэлнээр төлсөн. 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээс 83 000 000 төгрөгийг бэлнээр бөөнд нь өгсөн. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны түрээс 10 000 000 төгрөгийг мөн тушаасан. Энэ хугацааны түрээсийн төлбөрт “М” ХХК-ийн захирал н.Т 9 235 200 төгрөгийг ажлын байр тохижуулсан мөнгөө энэ хугацааны түрээсийн төлбөрт оруулж тооцсон ба үүнийг нэхэмжлэлийн шаардлагад хүлээн зөвшөөрсөн байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс сарын түрээсийг 2 800 000 төгрөг болгосон. Нэхэмжлэгч талын нэхэж байгаа 2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Уг ажлын байрыг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас хаасан ба 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр”К” ХХК нь уг байрнаас нүүсэн. Хариуцагч байгууллага нь үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн явуулахын тулд нүүсэн бөгөөд “К” ХХК-ийн 5 ширхэг чингэлэг бусад эд зүйлсийг “М” ХХК-ийн захирал н.Тогоо булааж авч үлдсэн. Нэхэмжлэгч талаас гаргасан 18 684 796 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бид бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэхдээ түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн гэрээгээ үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой байхад нэхэмжлэгч нар нь бүртгүүлээгүй байсан. Хуульд заасны дагуу уг түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгч тал түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр шаардах эрхгүй. Хариуцагч талын зүгээс 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн асуудлаар ямар нэгэн маргаан байхгүй гэж үзэж байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр н.Т түрээсийн гэрээг шинээр байгуулсан бөгөөд энэ гэрээг бид хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хариуцагч талаас “М” ХХК-д өгөх ямар нэгэн өр төлбөр байхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай байгууллага тухай бүрд нь ажлын байрны түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж дуусгасан.  Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “М” ХХК-ийн захирал М.Т-той ажлын байрны түрээсийн гэрээг дахин хийхдээ уг ажлын байр нь хүнсний үйлдвэрлэл явуулах, барилга байгууламжийн стандарт шаардлага хангахгүй байгаа зэргийн үндэслэн түрээсийн гэрээнд нэг сарын түрээсийн төлбөрийг 2 800 000 төгрөг болгон өөрчлөлт оруулсан. ”М” ХХК-ийн байрны өмнөх 0,7 га газар, талбайг хар шороо, хатуу хайргаар дүүргэж, тэгшилж, машины зогсоол хийсэн. Уг байрыг төмөр хашаа, хаалга, хаалтаар тойруулан тусгаарлан хашаа барьж битүүлж хашаажуулсан. Уг байрны дотор талд тааз хана, шалны плита зэрэг барилгын доторх засал чимэглэлийг хийж гүйцэтгэсэн. Түрээсийн барьцаанд бэлнээр 18 000 000 төгрөгийг тушаасан бөгөөд түрээсийн байрыг тойруулж барьсан төмөр хашаа, хаалт, төмөр хаалгыг 12 000 000 төгрөгөөр хийлгэсэн тул нийт 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн хууль бусаар эзэмшиж байгаа 20 тонны UESU 214912 0 22G1 дугаартай 1 ширхэг, 216863 дугаартай 1 ширхэг, FCIU 242574 5 22G1 дугаартай 1 ширхэг, U 600240 7 SU 2210 дугаартай 1 ширхэг, SITU 297112 6  22G1 дугаартай 1 ширхэг, тус бүр нь 20 тонны, нийт 5 ширхэг чингэлгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч  сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 18 000 000 төгрөгийг түрээсийн гэрээний барьцаанд бус 2013 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын түрээсийн төлбөрт төлсөн. Мөн төмөр хашаа барихдаа биднээс зөвшөөрөл аваагүй бөгөөд бодит байдал дээрх төмөр хашааг барьсан зүйл байхгүй. 4 чингэлгийн хувьд хариуцагч нь өөрөө түрээсийн төлбөрийн барьцаад акт үйлдэж үлдээсэн. Түрээсийн төлбөрийг бүрэн төлсний дараа дээрх 4 чингэлгийг хариуцагчид буцааг өгч болно.  Харин 1 чингэлгийн хувьд миний өмч бөгөөд хариуцагч нь бидэнд зарсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 301 дүгээр зүйлийн 301.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-иас 12 104 795 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэгч “М” ХХК-иас 6 000 000 төгрөг болон UESU 214912 0 22G1 дугаартай 1 ширхэг, 216863 дугаартай 1 ширхэг, FCIU 242574 5 22G1 дугаартай 1 ширхэг, U 600240 7 SU 2210 дугаартай 1 ширхэг, тус бүр нь 20 тонны нийт 4 ширхэг чингэлгийг гаргуулан хариуцагч ”К” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 580 001 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 000 000 төгрөг гаргуулах болон SITU 297112 6  22G1 дугаартай 1 ширхэг 20 тонны чингэлэг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251374 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 208 627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 110 950 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 3 сарын 09-ний өдрийн 02-02-340/11 тоот актаар хариуцагчийн үйл ажиллагааг түр зогсоосноос 2016 оны 3 сарын 09-ний өдрөөс 2016 оны 5 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагаас 6 580 001 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл дээрх актаар хариуцагчийн үйл ажиллагааг зогсоогүй талаар хэрэгт цахилгаан хэрэглэсэн төлбөрийг нэхэмжилсэн талаарх баримт байхад үнэлж шийдвэрлээгүй нь үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Иймд нэмж 6 580 001 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх “М” ХХК, “К” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "Ажлын байр түрээслэх гэрээ"-г Иргэний хуулийн 287, 288, 289 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна гэж үзэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг болох “М” ХХК-д түрээсийн гэрээний барьцаанд тушаасан 12 000 000 төгрөг, “К” ХХК-ийн өмч болох SITV297112622G-1 дугаартай 20 тонны чингэлэгийг түрээслүүлэгчээс шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийп 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2-т  заасныг зөрчсөн. “М” ХХК-ийн өөрийн өмч болох үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлийн Y-2202014464 тоот гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай 570 м.кв талбайтай барилга байгууламжаа “К” ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр "Ажлын байр түрээслэх" гэрээ байгуулж түрээслэгч К ХХК-д хүнсний үйлдвэрлэл явуулахаар түүний эзэмшилд, ашиглалтанд шилжүүлж, түрээслэгч “К” ХХК нь тухайн түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээж гэрээ байгуулагдсан байхад анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан "Ажлын байр түрээслэх" гэрээг Иргэний хуулийн 287, 288, 289 дэх хэсэгт заасан зүйл заалтаар талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан байна гэж үзэж хуулийг буруу хэрэглэсэн байна. Үүнээс гадна нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээ гэх нотлох баримт нь дундаасаа гэрээний үргэлжлэл болох 1 хуудас /дутуу/ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад нотлох баримт болгон шийдвэрийг үндэслэх хэсэгт дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. “М” ХХК түрээсийн хугацаанд түрээсийн гэрээний 2.1, 4.4-т заасан үүргээ биелүүлээгүй хүнсний үйлдвэрлэл явуулах нөхцөл боломжоор хангаагүйгээс үүдэн “К” ХХК-д ихээхэн хохирол учирсан талаар, тайлбар болоод нотлох баримтуудыг хариуцагч талаас гаргаж өгсөөр байхад үүнийг анхан шатны шүүх бодитойгоор үнэлсэнгүй. Mөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэгээхэн хэсэг болох “К” ХХК-ийн өмч SITV297112622G-1 дугаартай 20 тонны чингэлэгийг нэхэмжлэгч тал, М ХХК өөрийн өмч хөрөнгөөр худалдаж авсан гэх үндэслэлээ нотлож чадахгүй байхад тухайн чингэлэгийг “М” ХХК-ийн өмч хөрөнгө байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Энэ нь чингэлэгийн өмчлөгч “К” ХХК-ийг хохироосон шийдвэр боллоо. Түрээслэгч “К” ХХК нь “М” ХХК-д түрээсийн ямар нэгэн төлбөр тооцоогүй харин “К” ХХК нь түрээсийн төлбөр 126 035 000 төгрөгийг төлөх ёстойгоос 135 035 200 төгрөгийг төлсөн бөгөөд Мончингистэй ХХК-д 9 000 000 төгрөг илүү төлсөн байна. Мөн хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт болох 171 дүгээр хуудсанд байгаа түрээсийн төлбөр төлсөн баримтын гүйлгээний утганд "2016 оны 2 сарын түрээсийн төлбөр" гэж бичиж төлбөр төлсөн нь хариуцагчийн хамгийн сүүлийн cap төлсөн түрээсийн төлбөрийн баримт юм. Иймээс дээрх баримтуудыг үндэслэхэд нэхэмжлэгч “М” ХХК-д ямар нэг түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй болохыг нотлох баримтаар илэрхийлэгдэж байна. Шүүхээс Кокодесерт ХХК-иас 12 104 795 төгрөг гаргуулж “М” ХХК-д олгoxoop шийдвэр гаргахдаа ямар нотлох баримтыг үндэслэснээ шүүхийн шийдвэртээ тодорхой тусгаагүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Талуудын хооронд байгуулагдсан ажлын байр түрээслэх гэрээг бүрэн утгаар нь авч үзвэл, хүнсний үйлдвэрлэл явуулах зориулалтаар эзэмшүүлж ашиглуулахдаа байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний үндсэн нөхцөл агуулгыг хангаж байхад анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр нь үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр байх үндэслэл болох тул хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх заалтуудтай зөрчилдөж байгаа тул шүүхээс үүнд хуулийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийгээгүй байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд  шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, “М” ХХК-иас 6 000 000 төгрөг болон UESU № 214912 0 22G1 дугаартай 1 ширхэг, /№216863/ дугаартай 1 ширхэг, FCIU № 242574 5 22G1 дугаартай 1 ширхэг, MMMU № 600240 7 2210 дугаартай 1 ширхэг тус бүр 20 тонны нийт 4 ширхэг чингэлэгийг гаргуулан хариуцагч “К” ХХК-нд олгох шийдвэрийг хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн барьцаанд төлсөн 12 000 000 төгрөгийг, мөн Кокодесерт ХХК-ийн өмч болох SITU № 297112 6 22С1 цэнхэр өнгийн 20 тонны 1 ширхэг чингэлэгийг Мончингистэй ХХК-иас гаргуулж авах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                    ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “К” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 18 684 796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, барьцаанд үлдээсэн 18 000 000 төгрөг болон хашаа, хаалт, хаалганы үнэ 12 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг, 5 ширхэг чингэлэг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Зохигчид 2013 оны 9 сарын 21-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “М” ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, ............. тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай 630 м.кв талбайгаас 520 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, 2 жилийн хугацаатай түрээслүүлэх, хариуцагч “К” ХХК нь түрээсийн төлбөрт сарын 6 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Талууд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр түрээсийн гэрээг дахин 2 жилийн хугацаагаар сунгаж,  түрээсийн төлбөрийг сарын 2 800 000 төгрөгөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, төлбөр төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, талууд уг үйл баримтад маргаагүй байна. /хх-ийн 10, 221-222 дугаар тал/

 

            Түрээслүүлэгч “М” ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Төмөрчний гудамж, 16 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нийт 630 м.кв болох нь улсын бүртгэлийн гэрчилгээр тогтоогдож байх бөгөөд үүнээс түрээслэгч “К” ХХК нь 520 м.кв талбайг түрээслэсэн байна. Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус тодорхой хэсгийг түрээслэсэн тул гэрээг улсын бүртгэлд  бүртгүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх-ийн 9, 221 дүгээр тал/

 

            Зохигчид 2016 оны 2 сарын 22-ны өдөр тооцоо нийлж, түрээслэгч “К” ХХК нь түрээсийн төлбөрт 11 964 800 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлжээ. /хх-ийн 12 дугаар тал/ Хариуцагч “К” ХХК нь түрээсийн гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн гэж маргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Талууд  2016 оны 2 сарын 22-ны өдөр тооцоо нийлсэнээс хойш  2016 оны 3 сарын 09-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар түрээслэгч “К” ХХК-ийн хүнсний үйлдвэрлэл явуулах үйл ажиллагааг түр зогсоосон байна. /хх-ийн 95-97 дугаар тал/ Анхан шатны шүүх энэ үеэс эхлэн түрээслэгч нь түрээсийн гэрээний зүйлийг ашиглах боломжгүй болсон, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ цуцлагдсан гэж зөв дүгнэжээ.

 

            Улмаар 2016 оны 2 сарын 22-ны өдөр тооцоо нийлсэнээс хойш 2016 оны 3 сарын 09-ний өдөр гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны 15 хоногийн түрээсийн төлбөрийг түрээслэгч нь төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт тооцооны алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна. Иймд хариуцагч “К” ХХК-иас тооцооны үлдэгдлийн баталгаагаар тохиролцсон 11 964 800 төгрөг, 15 хоногийн түрээсийн төлбөр 1 399 995 төгрөг, нийт 13 364 795 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцэх тул энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

            Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг 2016 оны 5 сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд түрээсийн зүйлийг ашигласан нь цахилгааны төлбөр төлсөн баримтаар тогтоогдоно гэх тайлбар үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Нэхэмжлэгч цахилгааны төлбөр төлсөн уг хөрөнгийг хариуцагч эзэмшилдээ байлгасан гэх нөхцөл байдлыг шууд нотлоогүй болно.

            Хариуцагч “К” ХХК нь түрээсийн гэрээний барьцаанд 18 000 000 төгрөг төлсөн гэж уг төлбөрийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч үгүйсгэн маргасан. Талуудын байгуулсан гэрээний 3.3-т нэг сарын түрээстэй тэнцэх хэмжээний мөнгийг барьцаа болгон үлдээх талаар зааснаас үзэхэд түрээслэгч нь барьцаанд 6 000 000 төгрөг төлсөн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүх түрээслүүлэгч “М” ХХК-иас 6 000 000 төгрөг гаргуулж түрээслэгч “К” ХХК-д олгосон нь үндэслэлтэй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Талууд 2016 оны 4 сарын 28-ны өдөр барьцааны зүйл хүлээлгэн өгсөн баримтаар түрээслэгч “К” ХХК нь UESU 214912 0 22G1 дугаартай 1 ширхэг, 216863 дугаартай 1 ширхэг, FCIU 242574 5 22G1 дугаартай 1 ширхэг, U 600240 7 SU 2210 дугаартай 1 ширхэг, тус бүр нь 20 тонны нийт 4 ширхэг чингэлгийг  түрээслүүлэгч “М” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө байрлах хашаанд байршуулсан болох нь тогтоогдсон, мөн үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогджээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч нь гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотойгоор шаардлага хангуулахаар түрээслэгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй гэж дүгнэж, саатуулан барих эрх шүүхийн шийдвэр гарснаар дуусгавар болно гэж үзэж дээрх 4 чингэлгийг хариуцагчид буцаан олгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв биш болно.

 

            Учир нь Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасан саатуулан барих эрхийг 301.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг барьцаалсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан барьцааны эрх дуусгавар болох үндэслэл бүрдсэн тохиолдолд эд хөрөнгийг түрээслэгчид буцаан өгөх үүрэг түрээслүүлэгчид үүснэ. Өөрөөр хэлбэл, түрээслэгч нь гэрээний дагуу төлөх төлбөрийг бүрэн төлж буюу Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан шаардлага дуусгавар болсноор  барьцааны зүйлийг саатуулан  барих түрээслүүлэгчийн эрх дуусгавар болно. Харин шүүхийн шийдвэр гарснаар уг барьцааны эрх дуусгавар болох зохицуулалт хуульд байхгүй байхад дээрх 4 чингэлгийг буцаан гаргуулсан нь учир дутагдалтай байх боловч нэхэмжлэгч нь энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

 

            Харин хариуцагч нь SITU 297112 6  22G1 дугаартай 1 ширхэг 20 тонны чингэлгийн өмчлөгч болохоо баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх уг чингэлгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Нэхэмжлэгчийн эзэмшилд уг чингэлэг байгаа нь хариуцагчийн өмчлөлийн зүйлийг шууд дүгнэх үндэслэл болоогүй бөгөөд зохигчдын хооронд үйлдэгдсэн барьцааны эд хөрөнгийг шилжүүлсэн тухай актад талууд гарын үсэг зурсан байгаатай харьцуулан үзэхэд уг чингэлэгийг хариуцагчийн өмчлөлийн зүйл гэх байдал баримтаар нотлогдоогүй.  

 

            Түүнчлэн түрээслэгч “К” ХХК нь түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр гэрээний зүйл байрлах үл хөдлөх эд хөрөнгийн гадна хашаа, хаалт, хаалгыг шинээр хийж 12 000 000 төгрөгийн зардал гаргасан болохоо баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01942 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “… 12 104 795 төгрөг ...” гэснийг “13 364 795 төгрөг” гэж, “... 6 580 001 төгрөг ...” гэснийг “5 320 001 төгрөг” гэж,

2 дахь заалтын “... 208 627 төгрөг ...” гэснийг “224 773 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт  тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 120 132 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ