| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0877/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/815 |
| Огноо | 2021-11-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/815
2021 11 24 2021/ШЦТ/815
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
Улсын яллагч Д.Эрдэнэчимэг /томилолтоор/,
Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч С.Галхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С-т холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1970 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 51 настай, дээд боловсролтой, ерөнхий цэргийн командын офицер мэргэжилтэй, “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 1, .................. оршин суух, урьд:
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 200.000 төгрөг хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, .Д.С
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.С 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Онцгой байдлын ерөнхий газрын урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Хьюндай Элентра” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 12 настай Б.Буянбадралыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн ......... дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг дөнгөж өнгөрч байх үед би “УБТТС” ХХК-ний эзэмшилд байдаг цагаан өнгийн Хьюндай Элентра маркийн 1 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хамтаар хүүхдийн 100-аас нэгдүгээр хороолол орох зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг Онцгой байдлын ерөнхий газрын урд талын 3-н замын уулзварын замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 5 орчим км/ц-ийн хурдтай явж байсан. Энэ үед баруунаасаа зүүн, зүүнээсээ баруун чиглэлтэй замын хөдөлгөөн нь бөглөрөөд нилээн түгжрэл ихтэй байсан. Тэгтэл бага багаар явж байх үед тухайн хүүхэд нь ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй ганцаараа явган хүний гарцаар машинууд сүлжиж орж ирсэн ба энэ мөчид машинаа дөнгөж хөдөлгөтөл машины урдуур орж ирсэн. Тэгээд би харсан даруйдаа тоормозоо гишгэсэн боловч машины урд хэсэгт тэр хүүхэд нь биеийнхээ баруун хэсгээр мөргөгдөж зам дээр унасан юм..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 138-140, 148-151, 179 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Буянбадрал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн орчимд би хичээлээ тараад гэртээ харих гээд Сүхбаатар дүүргийн нутаг Хүүхдийн 100-н замынхаа ертөнцийн зүгээр урд талаас гэрлэн дохиогүй явган хүний гарцаар урдаасаа хойшоогоо зам хөндлөн гарч явтал зүүнээсээ баруун чиглэлтэй явсан цагаан өнгөтэй Улаанбаатар таксины машин нь намайг баруун хажуу хэсэг рүү машиныхаа урд хэсгээр мөргөсөн. Тэгээд тэр машины жолооч нь бууж ирээд бие нь зүгээр үү гэж асуухаар нь ахар сүүл хавиар өвдөөд байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Болортуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 03 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчимд миний хүү Б.Буянбадрал нь өөрийнхөө 99749522 гэсэн дугаараас миний 99169522 гэсэн дугаар руу залгаж ээжээ би машинд мөргүүлчихээд гэмтлийн эмнэлэг дээр үзүүлчихээд байж байна, та хүрээд ирэх үү гэж хэлсэн. .....намайг явж очиход түүний биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байхгүй, харин нурууны зураг авахуулсан гэж хэлж байсан...Гомдолтой. Эмчилгээний зардалд зарцуулсан мөнгөө авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч У.Чулуунцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...цагаан өнгийн суудлын машин нь ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй түгжрээд зогсож байгаад баруун гар тийшээгээ буюу хойшоогоо эргэх үед урдаасаа хойшоогоо чиглэлтэй явган хүний гарцаар 15-16 орчим насны эрэгтэй хүүхэд нь гарч ирээд биеийнхээ баруун хажуу хэсэгт мөргөгдөж зам дээр унасан юм...Миний бие уг ослыг ажлынхаа хоёр хүнтэйгээ ойролцоогоор 5-10 орчим метрийн зайнд л харсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 141 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3971 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №753 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Мөрдөгчийн №167 дугаартай магадлагаа “...1. Хьюндай Элентра маркийн 1 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Дорж овогтой Сүхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө....” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Болортуяа овогтой Буянбадрал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэжээ /1хх-ийн 71-72 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /1 хх-ийн 3-9 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэлд “...Д.Сын жолоодож явсан гэх “H.Elantra” маркийн 1 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 50 минутад тээврийн хэрэгсэл түр саатуулах байр руу тээвэрлэн хүргүүлэв...” гэжээ /1 хх-ийн 11 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “....Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс албан бичгийн дагуу саарал өнгийн DVD 4.7 gb 120 min/ 16 x нэртэй ослын талаарх камерын бичлэгийг хуулбарлан ирүүлснийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /1хх-ийн 20 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “....2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг 00 минут 33 секундэд уг 3-н замын уулзварын замын хөдөлгөөн ихтэй ба зүүнээсээ баруун чиглэлтэй цагаан өнгийн Хьюндай Элентра маркийн 1 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь явж байх үед урдаасаа хойшоогоо чиглэлтэй зохицуулагддаггүй явган хүний гарцаар бараан өнгийн хувцастай, хар өнгийн саравчтай малгайтай хүн нь зам хөндлөн гарч яваад машины урд хэсэгт мөргөгдөж биеийнхээ баруун хажуу хэсгээр зам дээр унаж байлаа....” гэжээ /1хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Болортуяагаас гаргаж өгсөн хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /1хх-ийн 31-42 дугаар хуудас/,
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1хх-ийн 44 дүгээр хуудас/,
Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн албан бичигт “...1 улсын дугаартай Хюьндай Элантра маркийн автомашин нь манай УБТТС ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй байдаг....2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Доржийн Сүхбаатартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан түрээслэгчийн ашиглалтад уг автомашиныг шилжүүлсэн. Уг санхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болоогүй өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна....манай компани нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “иргэний хариуцагч” болох үндэслэлгүй байна..” гэжээ /1хх-ийн 47 дугаар хуудас/,
Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ /1хх-ийн 48-50 дугаар хуудас/,
Авто тээврийн үндэсний төвд оношилгооны орлого төлсөн баримт /1хх-ийн 61 дүгээр хуудас/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №58 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт “...Дүгнэлт:
Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1хх-ийн 68 дугаар хуудас/,
Дуудлагын лавлагаа /1хх-ийн 81 дүгээр хуудас/,
Жолоочийн бүртгэл “...Дорж овогтой Сүхбаатар 2018/12/31 онооны системээс эрх түдгэлзүүлэв...2019/03/28 эрх сэргээсэн...” гэжээ /1 хх-ийн 152 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 88 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 82 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /1хх-ийн 13, 87, 142 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /1хх-ийн 14 дүгээр хуудас/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 16 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 45 дугаар хуудас/, ажил байдлын тодорхойлолт /1хх-ийн 84-85 дугаар хуудас/, шилжин ирсэн тухай тодорхойлолт /1хх-ийн 89 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 90, 107 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 108-112 дугаар хуудас/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /1хх-ийн 113 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 248 дүгээр хуудас/, “Гарьд манлай” ХХК-ийн эмнэлгийн тодорхойлолт /2 дугаар хх-ийн 5 дугаар хуудас/, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлсөнтэй холбоотой шинээр гаргаж өгсөн 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.С 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Онцгой байдлын ерөнхий газрын урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Хьюндай Элентра” маркийн 1 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 12 настай Б.Буянбадралыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч,
Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл,
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас,
Дуудлагын лавлагаа,
Жолоочийн бүртгэл,
Насанд хүрээгүй хохирогч Б.Буянбадралын “...2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн орчимд би хичээлээ тараад гэртээ харих гээд Сүхбаатар дүүргийн нутаг Хүүхдийн 100-н замынхаа ертөнцийн зүгээр урд талаас гэрлэн дохиогүй явган хүний гарцаар урдаасаа хойшоогоо зам хөндлөн гарч явтал зүүнээсээ баруун чиглэлтэй явсан цагаан өнгөтэй Улаанбаатар таксины машин нь намайг баруун хажуу хэсэг рүү машиныхаа урд хэсгээр мөргөсөн...” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ц.Болортуяагийн “...2019 оны 03 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчимд миний хүү ...залгаж ээжээ би машинд мөргүүлчихээд гэмтлийн эмнэлэг дээр үзүүлчихээд байж байна, та хүрээд ирэх үү гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч У.Чулуунцэцэгийн “...цагаан өнгийн суудлын машин нь ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй түгжрээд зогсож байгаад баруун гар тийшээгээ буюу хойшоогоо эргэх үед урдаасаа хойшоогоо чиглэлтэй явган хүний гарцаар 15-16 орчим насны эрэгтэй хүүхэд нь гарч ирээд биеийнхээ баруун хажуу хэсэгт мөргөгдөж зам дээр унасан юм...Миний бие уг ослыг ажлынхаа хоёр хүнтэйгээ ойролцоогоор 5-10 орчим метрийн зайнд л харсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №753 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 2. Б.Буянбадралын биед ууцны 1-р нугалмын баруун талын латерал масс, зүүн умдаг ясны дээд салааны далд хугарал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтэл авсан гэх тухайн цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
Мөрдөгчийн №167 дугаартай магадлагаа,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №58 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас,
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Зам тээврийн осол гарсан хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, Д.С нь “Хьюндай Элентра” маркийн 1 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан болох нь, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар, явган зорчигч Б.Буянбадралын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №753 дугаартай дүгнэлтээр бодитой тогтоосон, Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг мөрдөгчийн магадлагаа, бусад баримтуудаар, шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болохыг жолоочийн бүртгэлд тодорхойлсон байх ба эдгээр хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал замын хөдөлгөөнд оролцож, явган зорчигч гарах боломжтой гарцаар зорчиж байхад түүнийг мөргөхгүй байх арга хэмжээ авалгүй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан заалтыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн тодорхойлолтод “...өмгөөлөгч С.Галхүүгээс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирлын зардалд 500.000 төгрөг авсан ирүүлснийг хүлээн авлаа. Мөнгө хүлээн авахад миний төрсөн дүү Б.Буянбадрал цуг байлцсан болно...тус хэрэгт хохирогч талаас гомдолгүй болно..” гэж /хх-ийн 27/, насанд хүрээгүй хохирогч Ц.Болортуяагаас хүсэлтээ /хх-ийн 25/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ...эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна” гэж, мөн хууль зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус зохицуулсан.
Шүүх шүүгдэгч Д.Сыг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон ба тухайн гэмт хэрэг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч, нөхцөл журмыг хангасан гэж үзлээ.
Шүүгдэгч Д.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна хохирогчид төлөх төлбөргүй /насанд хүрээгүй хохирогч Б.Буянбадрал, түүний хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохиролд төлбөр төлсөн, тэдгээрээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн хүсэлт гаргасан/ байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тээврийн прокурорын газрын 2019 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн №2 дугаартай прокурорын дүгнэлтээр “...Жолооч Д.Сын зөрчилд дээрх прокурорын тогтоолын дагуу ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад И.Азбаяр 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 38 дахь хэсэгт зааснаар 3100006190477376 дугаартай шийтгэлийн хуудсаар 20.000 /хорин мянга/ төгрөгөөр торгосон байна....Д.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул Д.Ст холбогдох эрүүгийн 1903003070256 дугаартай хэрэгт 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 303 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлээд байна. Иймд Д.Ст 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 38 дахь хэсэгт зааснаар торгууль оногдуулсан 3100006190477376 дугаартай зөрчлийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлт бичив..” гэжээ.
Шүүх шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, шүүгдэгч Д.С нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийт 9 хоног цагдан хоригдсон болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Д.С тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож болохгүй гэдгээ мэдсээр атлаа тээврийн хэрэгслийг дур мэдэн жолоодож замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.С-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ст холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С нь 9 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар эрх бүхий албан тушаалтны 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №3100006190477376 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН