Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 185/2022/0140/Э |
Дугаар | 2022/ШЦТ/164 |
Огноо | 2022-02-18 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | М.Сүхчулуун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/164
2022 02 18 2022/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: М.Сүхчулуун;
Шүүгдэгч: Г.А;
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Мөнхбаяр;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү;
Хэргийн дугаар: ;
Шүүгдэгч Г.А регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Г.А нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутын орчимд .... УНД дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Сүхбаатар дүүргийн 6 дугаар xopоo Биеийн тамир спортын төв ордны баруун талын зам дээр хөдөлгөөнд оролцож байхдаа .... УНЧ дугаартай “Тоёота Камри” маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.М-тай маргалдаж, улмаар С.М-рын жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун талын гадна толийг гараараа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 450.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокуророос Г.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон
хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “...Би эхнэр хүүхдээ авчихаад Спортын төв ордны эсрэг талд байрлах Петровисын оффисын урд талын зогсоолоос замын хөдөлгөөнд оролцохдоо дохиогоо өгөөд хоёрдугаар эгнээ рүү ороход хойно явж байсан машины жолооч “толиндоо хардаггүй юм уу” гээд цонхоо онгойлгоод загнаад байсан. Тухайн машин тойроод явах боломжгүй байсан тул би “уучлаарай, урдуур чинь орчихъё” гэж хэлээд орсон. Тэгтэл уг цагаан өнгийн машинтай жолооч эсрэг урсгалаар яваад зэрэгцэж ирэнгүүтээ цонхоо онгойлгоод миний машины толийг хүчтэй цохисон. Тэр үед манай эхнэр, хүүхэд цочоод айсан. Тэгэхээр нь би машинаасаа бууж очоод “яаж яваад байгаа юм” гэж хэлээд толь руу нь цохиход хугарсан. Гэхдээ толины суурь хэсгээр хугарсан болохоос толь хэсэг болон толин дээр байдаг гэрэл, дохио зүгээр байсан...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:
хохирогч С.М-рын /хх-ийн 8/: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг 30 минутын орчим өөрийн .... УНЧ дугаартай “Тоёота Камри-50” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Биеийн тамир спортын төв ордны баруун талын засмал замаар хойноосоо урагш чиглэлтэй явж байгаад Туушин руугаа баруун эргэсэн. Гэтэл замын баруун талд .... УНД дугаартай саарал өнгийн “Приус-30” маркийн машин зогсож байсан. Тухайн үед зам түгжрэлтэй байсан ба аажуухнаар урагшилж байхад тухайн тээврийн хэрэгсэл нь хажуу талаас маш хурдтайгаар шахаж орж ирээд явган хүний зам дээр буцаж эргэх гээд байсан. Тэгэхээр нь би машиныхаа цонхыг онгойлгож байгаад тухайн хүнд “чи явган хүний зам дээр эргэж болохгүй, чи миний араар эргэ” гээд хэлэхэд “ямар сүртэй пизда вэ, би яараад байна” гэх мэтээр хараагаад байхаар нь би урагш чигээрээ явах гэтэл тухайн машины толь надад тээглээд байхаар нь би толийг нь цааш түлхэн хураагаад өөрөө урагшаа явсан. Гэтэл тэр залуу гарч ирээд миний машины баруун талын толийг баруун гараараа цохин доош нь хугалж дахин ашиглах боломжгүй болгосон. Би яагаад хугалсан тухай асуух гэтэл тухайн залуу нь намайг заамдаад “би чамайг ална шүү” гээд байсан. ...“Дамно” үнэлгээний газрын үнэлгээтэй танилцсан. Дүгнэлтэд 450.000 төгрөг гэж заасан байх ба тухайн мөнгийг нэхэмжилж байна. Нөгөө машинд ямар нэгэн гэмтэл учраагүй, машиныхаа толийг буцааж дэлгээд цааш хөдөлгөөнд оролцсон...” гэх мэдүүлэг,
“...2012 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота Камри” маркийн автомашины толь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 450.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23/,
мөн “Дамно” ХХК-ийн “...“Тоёота Камри” маркийн тээврийн хэрэгслийн баруун талын толийг 450.000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлтэй байна. Уг автомашины баруун толь нь сууриараа хугарсан, засварлах боломжгүй тул бүтэн толины зах зээлийн дундаж үнэлгээгээр тооцогдов. Тус автомашины толины эвдэрч гэмтсэн эд ангийг салгаж худалдан борлуулдаггүй тул сольж тавих боломжгүй” гэх 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 61-64/,
Г.Агийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 37-38/: “...Миний бие өөрийн .... УНД дугаартай “Тоёота Приүс 30” маркийн машинаар өөрийн эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туушин зочид буудлын ертөнцийн зүгээр баруун урд талаас хөдөлгөөнд оролцож, “Тоёота Камри” маркийн машины урдуур машины хамраа хийж “урдуур чинь орчихъё” гэж хэлэхэд жолооч нь “чи толиндоо хардаггүй юм уу” гэж хэлж уурласан. Би юм бодолгүй цааш явж байтал тас хийх чимээ гарахаар нь юу болов гээд хартал “Тоёота Камри” маркийн машины жолооч гараараа миний машины зүүн талын толийг цохисон. Машинд сууж байсан миний хүүхэд болон эхнэр айхаар нь би уурлаж машинаасаа бууж очоод уг машины жолоочийн талын толийг аяархан цохитол толь нь хугараад доош санжигнаад унасан. Хохирогч гэх залуу өөрөө эхлээд ёс зүйгүй үйлдэл гаргаж миний машины толийг цохиж, хараал хэлээд байсан учир би уурлаж толийг нь цохиод хугалсан. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна, хугарсан толийг засах үйлчилгээ байдаг...” гэх мэдүүлэг,
Г.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 39-46/, хохирогч С.М-рын хүсэлт /хх-ийн 66/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.А нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1330 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Спортын төв ордны баруун талын автозамд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо эгнээ байршил булаацалдаж марган С.М-рын жолоодож явсан .... УНЧ улсын дугаартай “Тоёота Камри” маркийн автомашины баруун талын толийг цохиж, сууриар нь хугалж санаатай гэмтээсэн болох нь тогтоогдсон байна.
Прокуророос Г.Агийн үйлдлээс учирсан хохирлын мөнгөн дүнг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 450.000 төгрөгөөр буюу С.М-рын жолоодож явсан .... УНЧ улсын дугаартай “Тоёота Камри” маркийн автомашины баруун талын толь сууриараа хугарсан, засварлах боломжгүй тул бүтэн толины зах зээлийн дундаж үнэлгээгээр тооцсон нь түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт яллах гол нотлох баримт болжээ.
Гэвч шүүгдэгчийг яллах үндэслэл болж буй дээрх баримтыг шүүх дараах байдлаар үгүйсгэж байна.
Устгах гэдэг ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гадны хүчин зүйлийн үр дүнд биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх ямар ч бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг, гэмтээх гэдэг ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн биет байдал нь гадны хүчин зүйлийн үр дүнд ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, түр хугацаагаар нь зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болсон боловч засвар үйлчилгээгээр сэргээж анхны байдалд нь эргүүлэн оруулж болохыг ойлгоно.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтооход устгагдсан, гэмтээгдсэн эд хөрөнгийн аж ахуйн ач холбогдол, үнэ өртгийг харгалзан үзэх нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тодорхойлоход хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж, гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтооно.
Хэрэгт цугласан баримтаас үзэхэд хохирогч С.М-рын эд хөрөнгө биет
байдлын хувьд бүрэн устаагүй, харин нийт 250.000 төгрөгийн засвар үйлчилгээгээр (толины суурийг 100.000 төгрөгөөр наалгуулсан, толины суурийг 150.000 төгрөгөөр худалдаж авсан) сэргээж анхны байдалд нь эргүүлэн оруулсан нь хэргийн 66 дугаар талд авагдсан бөгөөд үүнийг хохирогч өөрөө бататган илэрхийлжээ.
Үүнээс үзвэл хохирогч С.М-рын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр буюу нийт 250.000 төгрөгөөр тодорхойлох боломжтой бөгөөд энэ нь хохирогчийн ашиг сонирхлыг зөрчөөгүй, түүний эд хөрөнгө шинжээчдийн дүгнэлтэд тусгагдсан шиг дахин ашиглах, засварлах боломжгүйгээр гэмтэж шинээр бүтэн толь худалдаж авах хэмжээний хохирол учирсан бус харин засвар үйлчилгээ авсны үр дүнд сэргээж анхны байдалд нь оруулж ашиглаж байгааг илтгэж байх тул “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 450.000 төгрөгийн хохирол нь бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй буюу дээрх баримтаар үгүйсгэгдэж байх тул шинжээчдийн дүгнэлтийг нотолгооны бусад хэрэгслээс илүүд авч үзсэнгүй бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа баримтлаагүй болно.
Ийм учраас Г.Агийн үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ бага хэмжээнээс дээш хэмжээнд хамаарахгүй, зөрчлийн хэргийн шинжтэй байх тул түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж шүүх үзэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахаар тогтов.
Энэхүү шийдвэр нь Г.Аг “Эд хөрөнгө устгах, гэмтээх” зөрчил гаргасан эсэхийг шалгахад саад болохгүйн дээр Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд тооцогдох үндэслэлтэй гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчилж эхлэх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8-д заасны дагуу цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч хянан шийдвэрлэх учиртайг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнийг цагаатгасан бөгөөд хохирогч С.М-рын “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нь хэргийн 66 дугаар талд авагдсаныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Прокуророос шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
4. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ