| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2017/01574/и |
| Дугаар | 1330 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 1330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө 67/1 “Номин тав трейд” ХХК
Хариуцагчаар оролцвол зохих этээд болох В.Баярмааг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Номин тав трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
В.Баярмаа нь 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр “Номин тав трейд” ХХК-тай NTB/15/477 дугаар бүхий Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулан Улсын Их дэлгүүрийн 1 давхарт байрлах 8,93 м.кв худалдааны талбайг Алт, мөнгөн худалдаалах үйлчилгээ үзүүлэх зориулалтаар ашиглахаар буюу 1 м.кв талбайн төлбөрийн хэмжээ нь 119,900 төгрөг буюу 1 сарын талбайн төлбөрийн хэмжээ нийт 1,070,707 төгрөг байхаар харилцан тохиролцож, 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байдаг. Мөн энэхүү Худалдааны хамтын ажиллагааны гэрээтэй холбоотойгоор В.Баярмаа нь “Номин тав трейд” ХХК-тай 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр NTB/15/478 дугаартай Тавилгын түрээсийн гэрээ байгуулан, уг гэрээгээр 2,8 м.кв тавилгыг 1 м.кв тавилгын түрээсийн төлбөрийг 55,100 төгрөг буюу нийт 154,280 төгрөг байхаар тус тус харилцан тохиролцсон байна. Гэтэл В.Баярмаа нь дээрх 2 гэрээ болох Худалдааны хамтын ажиллагааны гэрээ болон Тавилгын түрээсийн гэрээний үүргээ зөрчин нийт 3,815,859,92 төгрөгийн төлбөрийг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөлгүй “Номин тав трейд” ХХК-ийг хохироосоор байна. Иймд “Номин тав трейд” ХХК-ийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хандаж Худалдааны хамтын ажиллагааны гэрээ болон Тавилгын түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 3,815,859,92 төгрөг, алданги 1,907,929,96 төгрөг, нийт 5,723,789,88 төгрөгийг хариуцагч Алаг адуут овогт Ванданбатын Баярмаа /РД:ХЛ67020308/-аас гаргуулахаар өргөдөл гаргасан болно. Гэвч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай” баримтаар В.Баярмаа нь Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо Өнөр хороолол 17 дугаар байр 18 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан юм. Иймд дээрх Түрээсийн гэрээтэй холбоотой иргэний маргаанд хариуцагчаар оролцвол зохих В.Баярмаагийн хаяг тодорхойгүй байгаа тул Алаг адуут овогт Ванданбатын Баярмаа /РД:ХЛ67020308/-г эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү. В.Баярмаагийн утас 99096723, нөхөр Б.Энх-Амгалан 99187605 болно.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
“Номин тав трейд” ХХК нь В.Баярмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
“Номин тав трейд” ХХК-ийн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь В.Баярмааг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тодруулснаар түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар “Номин тав трейд” ХХК-ийн хүсэлтийг хангах үндэслэл тогтоогдлоо.
Алаг адуут овогт Ванданбатын Баярмаа ХЛ67020308 дугаарын регистртэй болохыг дурдах нь зүйтэй.
В.Баярмаа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул В.Баярмааг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Алаг адуут овогт Ванданбатын Баярмаа /РД:ХЛ67020308/-г эрэн сурвалжилсугай.
2. В.Баярмааг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Нийтийн хэв журам хамгаалах газрын хамгаалалтын газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөнийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119,2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ