Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/449

 

 

 

 

 

 

   2022       03          28                                   2022/ШЦТ/449

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,                           

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0702 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.М, 1991 оны ****************** өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ****************** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ****************** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн ************************** тоот гэртээ эхнэр Г.Атай “миний дүү нартай золгосонгүй гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд язарсан шарх, баруун нүдний гадна булан, дээд уруулын дотор хэсэг, хоёр шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 02/,

 

Хохирогч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надтай хэрүүл хийгээд байхаар нь би явлаа гэсэн чинь миний утсыг өгөхгүй намайг гэрээс гаргахгүй байсан тэгээд миний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх- ийн 17-18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2526 дугаартай дүгнэлт

1. Г.Аийн биед дээд уруулд язарсан шарх, баруун нүдний гадна булан, дээд уруулын дотор хэсэг, хоёр шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 30-31/,

 

Шүүгдэгч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ... би гутал авч шидсэн... би газар унагаагаад толгой дээр нь гараараа дарж байгаад босгосон... шалан дээр дахиж унагаагаад нүүрийг нь шаланд наагаад 2 минут хэрээтэй толгой дээр нь дарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 19/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-ийн 40/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, 1 дүгээр хэсгийн 497 тоот гэртээ эхнэр Г.Атай “миний дүү нартай золгосонгүй гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд язарсан шарх, баруун нүдний гадна булан, дээд уруулын дотор хэсэг, хоёр шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Аийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Э.Мд хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

 

Бусад асуудлаар:

Хохирогч Г.А нь хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаанд өөрт учирсан хохирол, хор уршгийг баримтаар  нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ямаат овогт Эрдэнэгэрэлийн Мөнгөнтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Мд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Э.М нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч хохирол  төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР