Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2015/0258

 

 

С.З-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Даваажаргал, нэхэмжлэгч С.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу С.З-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...1992 оны 196 дугаар тогтоолооор Е ХХК-ийн нэр дээр 0.72 га газрыг эзэмшиж ашиглах болсон. Тухайн газраасаа 425 м.кв-ыг Д ХХК-д, 640 м.кв-ыг Ариун ган ХХК-д 900 м.кв газрыг Капитал авто сервис ХХК-д, А.Ганхуягт 673 м.кв газрыг нийт 2638 м.кв газрыг шилжүүлэн өгсөн. 2009 онд 630 м.кв газрыг өөрийн нэр дээр баталгаажуулан авсан. 2002 онд Л.Ч-д 492 м.кв газрыг хууль бусаар эзэмшин манай орцыг тагласан. Иймд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжийн иргэн Л.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 689 м.кв газрыг С.Зд нэмж олгохыг, гаражийн орц гарцыг шийдвэрлэхийг даалгах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/227 дугаар захирамжаар Е ХХК-д 0.32 газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн. Мөн 2002 оны 405 дугаар захирамжаар 3120 м.кв газрыг Капитал сервис ХХК-д ашиглуулахаар болсон бөгөөд энэ газрыг У.Алтанхуяг 2007 оны 650 дугаар захирамжаао 3089 м.кв хэмжээтэйгээр нэр шилжүүлж авсан. Харин 2008 оны 565 дугаар захирамжаар Л.Ч-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Л.Ч өөрийн эзэмшлийн 528 м.кв газрыг 3089 м.кв газартай нэгтгэх хүсэлт гаргасны дагуу 2010 оны 815 дугаар захирамжаар 3617 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч газрын асуудлаар нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Харин орц, гарцыг шийдвэрлэх боломжтой. гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...2010 оны 815 дугаар захирамжаар 3617 м.кв газрыг хуулийн дагуу эзэмшиж байна. С.З нь гбарилгын өргөтгөл, гараажаа барихдаа манай эзэмшлийн газраас 3 м.кв-ыг оруулан барьж, хаалгаа тулган барьсан. Иймд өөрийн эзэмшлийн талбайдаа хашаа барьж чадахгүй байна. Нэхэмжлэгчийн орц, гарц урд талаараа нээлттэй байгаа. Иймд гарц гаргахын тулд манай газраас хасахгүй байхыг хүсч байна. гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, гаражийн орц гарцыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, үлдэх хэсгийг буюу Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжийн иргэн Л.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Л.Чын эзэмшлийн газраас 689 м.кв газрыг С.Зд нэмж эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ...Манайх 2002 онд Капитал авто сервис ХХК-д 2 давхар дуусаагүй барилгын хашааны хамт 45 сая төгрөгөөр худалдах гэрээ хийж, энэхүү гэрээ хүчингүй болгож, зөвхөн дуусаагүй барилгын 32 сая төгрөгөөр худалдах болж энэ гэрээний биелэлттэй холбоотой нэхэмжлэлийг 2010 онд СХД-ийн шүүхэд гаргаж, үлдсэн мөнгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээ хийж гаргуулж авсан. Дээрх асуудал нь Захиргааны хэргийн шүүхэд өгсөн нэхэмжлэлтэй огт холбоогүй бөгөөд үүнтэй холбогдуулан тухайн үедээ газрын маргаантай асуудлаар нэхэмжлэл гаргаагүй байна гэсэн нь үндэслэлгүй.

Л.Ч-д эзэмшүүлсэн газраас 689 м.кв газрыг С.З нэмж олгохыг даалгах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна гэж дурджээ. Энэ хавтаст хэрэгт байгаа материалуудаар нотлогдож байх тул нотлох баримтуудыг үндэслэлгүй гэсэн нь ойлгомжгүй байна.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд бид газрын маань ямар хэсэг хэн гэдэг хүний мэдэлд /нэр дээр/ шилжигдээд байгааг мэдээгүй бөгөөд шүүгч архивын үзлэг хийх явцад л Ж.А нь Л.Ч-д шилжүүлэхдээ 2400 м.кв газрыг 3089 м.кв болгон шилжүүлж өгсөн байхыг мэдэж шүүхэд нэмж нэхэмжлэл гаргасан болно.

Шүүгч шинжээчийг томилж тодорхой асуулгуудаар нарийвчлан дүгнэлт гарах боломжгүй гэж дурдсан /шинжээч нь тухайн үед Газрын харилцааны кадастрын инженерүүдийн хэмжиж олгосон газар гэрчилгээнд тусгагдсан хэмжээнүүдийг мөн кадастрын зургуудыг нотлох баримт болохгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Шинжээчийн дүгнэлтийн хувьд: Захиргааны хэрэг хянан шалгах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д Дүгнэлт ямар шинжилгээ хийсэн түүний үндсэн дээр гаргасан дүгнэлт шүүгчээс тавьсан асуултад өгсөн үндэслэл бүхий хариултыг тодорхой бичнэ гэсэн байтал бүх асуултуудад дүгнэлт гаргах боломжгүй гэсэн байтлаа дүгнэлт гаргасан мэт нэхэмжлэгч надаас 938200 төгрөгийн төлбөр гаргуулах болсон нь хохирсон дээр минь хохироож байна гэж үзэж байна.

Энэ 170 дугаар шийдвэр нь ойлгомжгүй тодорхой бус үндэслэл муутай байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 196 дугаар тогтоолоор Е ХХК-д үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар Октябрь дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний стандартчлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн баруун талд 0.72 га газрыг олгожээ.

            1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Е ХХК-ийн эзэмшил газрыг баталгаажуулж 0.32 га газрыг худалдааны зориулалтаар 5 жилээр ашиглуулах тухай Нийслэлийн Засаг даргын А/227 дугаар захирамж гарсан бөгөөд уг захирамжийг үндэслэн газар ашиглуулах гэрээ байгуулахдаа газрын хэмжээг 3750 м.кв-аар тогтоосон байна.

           

Мөн Е ХХК-ийн эзэмшил газрыг 0.32 га хэмжээгээр баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/227 дугаар захирамж, болон гэрээ байгуулахдаа газрын хэмжээг 3750 м.кв-аар тогтоосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч С.З-ийн тайлбараар зэргээр нотлогдож бөгөөд нэхэмжлэгчийн анхны эзэмшиж байсан газрын хэмжээний талаар хэргийн оролцогч маргаагүй болно.

             

              Е ХХК-ийн эзэмшил газраас А ХХК-д төмөр склад, тоосго, бетонон хашаа бүхий 640 м.кв газрыг худалдсан бөгөөд Ариун ган ХХК-ийн 1999 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлтийн дагуу Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хуралдаанаас 828 м.кв-аар газрын баталгаат хэмжээг тогтоон акт үйлдсэн, мөн Д ХХК-д 425 м.кв бүхий обьектыг худалдсанаар Нийслэлийн Засаг даргын 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/16 дугаар захирамжаар Д ХХК-д 0.04 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар 0.04 га хэмжээгээр олгосон газрыг уг захирамжид оруулаагүй бөгөөд улмаар Д ХХК нь хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 180 дугаар захирамжаар Капитал авто сервис ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар зэргээр нотлогдож байгаа

               

              Үүнээс гадна нэхэмжлэгч С.З К ХХК-ийн захирал А.Г-т дуусаагүй 2 давхар 673.75 м.кв талбай бүхий барилга болон 0.4 га газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна. Шилжүүлж байгаа газрын хэмжээг талууд хүсэлтдээ өөр өөрөөр тэмдэглэсэн байсан боловч энэ талаар С.З маргаагүй байна.

                 К ХХК дээрх 0.4 га газар, 2 давхар дуусаагүй барилгын газар болон Д ХХК-аас 2012 онд шилжүүлэн авсан газруудаа нийлүүлэн Нийслэлийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 405 дугаар захирамжаар 3120 м.кв газрыг эзэмшиж, гэрчилгээ авчээ.

                 Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 3750 м.кв газраас А ХХК-ийн эзэмших эрх бүхий 640 м.кв, К ХХК-ийн эзэмших эрх бүхий 2720 м.кв /Д ХХК-аас шилжүүлэн авсан 0.04 га газар нь Нийслэлийн Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/227 дугаар захирамж гарахаас өмнө шилжсэн, уг газрыг оруулаагүй гарсан/ газар хасагдсан гэж үзэхээр байна.

                 Харин нэхэмжлэгч С.З нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар захирамжаар 630 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болсон байна.

                

                 Иймд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаар захирамжаар К ХХК-ийн 3120 м.кв газрыг 3089 м.кв хэмжээгээр Ж.А-т шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд улмаар Л.Ч-ын Ж.А-с газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт, гэрээг үндэслэн мөн албан тушаалтны 2008 оны 11 дүгээр сарын 565 дугаар захирамжаар 3089 м.кв газрыг Л.Ч-д эзэмшүүлэн, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон,

                

                 Л.Ч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 250 дугаар захирамжаар 528 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд тухайн газар нь 2008 оны Нийслэлийн Засаг даргын 565 дугаар захирамжаар эзэмшсэн 3089 м.кв газрын зүүн урд хил залгаа байрлаж байгаа тул нэгтгэн эзэмших хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжаар 3617 м.кв газрыг Л.Ч-д эзэмшүүлж, нэгж талбарын 18635310208038 дугаартайгаар мэдээллийн санд бүртгэгдсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

                 Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэв.

                

                 Харин шүүх Нийслэлийн Засаг даргын 2002 оны 405 дугаар захирамжийн Капитал авто сервис ХХК-д холбогдох хэсэг, 2007 оны 650 дугаар захирамжийн Ж.А-т холбогдох хэсэг, 2009 оны 93 дугаар захирамжийн С.Зд холбогдох хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Тиймээс энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

                

                 Үүнээс гадна Л.Ч-д газар эзэмшүүлснээр нэхэмжлэгч С.З гараажаа ашиглах боломжгүй, өөрөөр хэлбэл, орц, гарцыг хаасан болох нь маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, кадастрын зургаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ашиг сонирхолыг хамгаалах үүднээс орц, гарцыг шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

                

                 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

                

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

               

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Б.МӨНХТУЯА

                ШҮҮГЧ                                                                                    Д.БААТАРХҮҮ

                ШҮҮГЧ                                                                                    Э.ХАЛИУНБАЯР