Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2052

 

 

 

 

 

 

 

 

 

“ Ё Г Л” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02033 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ Ё Г Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г Л” ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 23 646 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ Ё Г Л” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг. “Г Л” ХХК нь манай компаниас 40, 60 тн-ын чингэлэг түрээслэн ажилладаг. Түрээсийн төлбөрийн тооцоо хийж 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл хийсэн. Хэлцлээр 11 000 ам.долларын үлдэгдэл гарсан бөгөөд үүнээс хойш 100 ам.доллар буюу 200 000 төгрөг төлж, өөр төлбөр хийгээгүй. Хариуцагч компани энэ төлбөрийг төлөх график гарган 2016 оны 2 дугаар сарын 25-наас 2017 оны 4 дүгээр сарын 25-ны дотор төлж дуусгахаар болсон. Иймд “Г Л” ХХК-иас 10 900 ам.доллар буюу 23 646 000 төгрөг гаргуулж “ Ё Г Л” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн гэрээ, хэлцэл хийгээгүй, 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн баримтад гарын үсэг зурахад “Г Л” ХХК-д гадны олон орны жуулчид ирсэн байсан, тэгэхэд “11 000 ам.долларыг төлөхгүй бол энд орилж өртэй гэдгийг чинь зарлана” гэж сүрдүүлсэн байдаг. Тухайн үед нягтлангууд шалгаж үзээгүй гарын зурсан, нягтлан н.А нь 73 870 ам.доллар төлсөн гэдэг. Санхүүгийн баримтаас үзэхээр “ Ё Г Л” ХХК-д түрээсийн төлбөрт 86 000 ам.долларыг төлсөн байдаг. Эдгээр нь шүүхэд өгсөн нотлох баримтаас харагдана. Бид тооцоо нийлэх хэрэгтэй гэж үзэж байна. Харин ч бид баримтаас үзэхэд илүү мөнгө төлсөн байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Г Л” ХХК-иас 23 646 000 төгрөг гаргуулж “ Ё Г Л” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 276 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г Л” ХХК-иас 276 180 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “... Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг. “Г Л” ХХК нь манай компаниас 40, 60 тоннын чингэлэг түрээслэн ажилладаг ...” гэж дурдсан байдаг. Үндэслэх хэсэгт “... “Ёнжин глобал ложистик” компани болон “Г Л” ХХК-иуд нь 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Тээвэр зуучийн гэрээ”-ний дагуу тээвэр зуучийн үйл ажиллагаа байна. ... Үүнээс дүгнэвэл, талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, үүрэг гүйцэтгэгч нь төлбөрийг төлөх талаар мэдэгдсэн гэж үзнэ ...” гэж дурдсан байдаг. Гэтэл яг бодит байдал дээр 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Хамтран, ажиллах гэрээ”-г байгуулсан байдаг. Хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш ямар нэгэн байдлаар шинээр гэрээ хэлэлцээр, хийгээгүй, бидний зүгээс энэ гэрээг бодит үйлдлээр баталгаажуулан ажилласаар ирсэн. Анх байгуулсан хамтран ажиллах гэрээ нь ямар үндэслэлээр чингэлгийн түрээсийн гэрээ болон хувирсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ын нэхэмжилж буй түрээсийн төлбөр нь эрх зүйн үүднээс дараах шаардлагыг хангаагүй байна. Үүнд: Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”, 43.2.2-т “хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад бичгийг нөгөө тал хүлээн авсан” зэргийг хангаагүй байна. Иймд дээрх шаардлагыг ханган түрээсийн гэрээ байгуулаагүй учраас түрээсийн гэрээний төлбөр гэх 11 000 ам.долларыг нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй болно. Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргалын шүүх хурал дээр “Аудит оруулж, шүүх нягтлан бодох шинжээчийн дүгнэлт гаргуулах” тухай дурдахад огтоос хүлээж аваагүй нь шүүх хууль зөрсөн гэж үзнэ. “Ё Г” ХХК нь “Глобал ложистик” ХХК-иас чингэлгийн түрээс нэхэмжилсэн, түүнийг барагдуулсан гэх, “Глобал ложистик” ХХК нь чингэлэг замд саатсаны улмаас үүссэн алдангийг төлж ирсэн гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Энэ тухай тайлбартаа хавсарган ирүүлсэн байдаг. “Ёнжин глобал” ХХК-ийн гаргаж өгч буй албан тоот нь “Г Л” ХХК-иас ямар нэгэн байдлаар шуудангаар албан ёсоор илгээгүй, ямар нэгэн санхүүгийн баримтыг хавсаргаагүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн зүйлд харшилж байгаа юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                    ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “ Ё Г Л” ХХК нь хариуцагч “Г Л” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 23 646 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

            Зохигчид 2005 оны 9 сарын 29-ний өдөр тээвэр зуучийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч “Г Л” ХХК нь нэхэмжлэгч “ Ё Г Л” ХХК-ийн  чингэлгийг түрээслэн, уг компани гадаад худалдаа, импорт, экспорт, орон нутгийн ачаа, дотоодын болон олон улсын чингэлэг эрхлэх үйл ажиллагаа явуулж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “... түрээсийн төлбөрт 86 000 ам.доллар төлж дуусгасан. Компани дээр ирж айлган сүрдүүлсэн тул төлбөр барагдуулах хэлцэлд гарын үсэг зурсан” гэж тайлбарласан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Учир нь талууд 2016 оны 1 сарын 12-ны өдөр төлбөр барагдуулахаар харилцан тохиролцож, түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 11 000 ам.доллар үлдсэн болохыг тодорхойлон уг төлбөрийг төлөх графикийг тохиролцжээ. /хх-ийн 11 дүгээр тал/  Уг баримтад хариуцагч нь айлган сүрдүүлж, компанийн захирлаар гарын үсэг зуруулсан гэж маргаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Хариуцагч “Г Л” ХХК нь төлбөр барагдуулах хэлцэл байгуулснаас хойш 100 ам.доллар төлсөн гэж үзэж үлдэх 10 900 ам.долларыг нэхэмжилсэн, хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлсэн гэх тайлбараа  баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх уг мөнгөн төлбөрийн үүргийг нэхэмжлэл гаргах үеийн валютын ханшаар тооцож, нийт 23 646 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. 

 

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

           

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276 180 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

                                                                                                 

                                                                                    Г.ДАВААДОРЖ