Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/609

 

 

 

 

 

 

  2022          04          25                                    2022/ШЦТ/609

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,

Улсын яллагч Д.Хорлоо,

Шүүгдэгч А.Т  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “­Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт А.Төд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 2480 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:   

Монгол Улсын иргэн А.Т, 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамтаар, Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо, *********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаартай Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145 дугаар зүйлийн 145.3, 145.4, 261 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, 

2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 202 дугаартай Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар цагдан хорих ялаар,

2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 923 дугаартай Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, 3 жилийн хорих ялаар,

2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1359 дугаартай Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 42 дугаартай Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар, 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялаас өршөөлд орж чөлөөлөгдсөн /РД:**************** /.

 

Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.Т нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 48 дугаар сургуулийн баруун талын авто зогсоолд байршуулсан хохирогч Б.Бямбадоржийн өмчлөлийн 87-66 УБХ улсын дугаартай Тоёота Вокси загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд талын шилийг хагалж, автомашин дотроос зургийн аппарат, проректор зэргийг авч, нийт 2.282.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэн, эд зүйл хулгайлан авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хөх тэнгэр хотхоны автобусны буудал дээр байрлах, иргэн А.Агийн эзэмшлийн ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/ буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, нөүтбүүк, сиди зэрэг эд зүйлс болон бэлэн 220.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусад нийт 5.339.600 төгрөгийн хохирол учруулсан, 

2021 оны 10 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын ам задгай тоотод байрлах хохирогч Г.Баяртулгын хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрт цоожийг нь хөшиж онгойлгон нэвтэрч “50 инчийн 4к Смарт маркийн зурагт, хар мөнгөн аяга таваг ком зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 2.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадмын хуушуур нэртэй гар утасны худалдааны газрын хаалгыг төмрөөр хөшин, онгойлгон орж гар утаснууд, бэлэн мөнгө, нокиа утасны зай, пабжи тоглоомын гар, хяналтын камер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч З.Лхагва-Эрдэнэд 5.640.000 төгрөгийн, хохирогч М.Сарангэрэлд 4,690,100 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, нийт 20,451,700 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч А.Т нь дөрвөн удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Тийн өгсөн: “Миний бие юуны өмнө шүүгч, прокурор, хохирогч нараасаа уучлалт гуйж байна. Миний бие залуу хүн байж амар хялбар аргаар мөнгө олж хүмүүсийг хохироож хууль зөрчиж яваадаа маш их гэмшиж байна. Урьд өмнө өөрийн болчимгүй зангаасаа болж хэд хэдэн удаа алдаж, томоожоогүй явсандаа гэмшиж байна. Энэ хэрэг дээр цагдан хоригдож байх үедээ маш их зүйлийг бодсон. Би зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодож бусдыг хохироож гэр бүлээ анзаарахгүй явсан аа ухаарсан. Прокурор байцаагч нар надад хэлдэг байсан. Сайн сайхан амьдар залуу хүн үнэнч шударга амьдар гэж надад хэлсэн. Энэ үг надад маш их урам зориг өгсөн. Миний бие бусдад учруулсан хохирлоо чадахаараа төлсөн. Цаашдаа бүрэн төлж барагдуулна. Дахин хууль зөрчихгүй хүмүүсийг хохироохгүй чинь үнэнчээр амьдарч, залуучууд дүү нартаа ийм зүйл хийж болохгүй буруу замаар явж болохгүй тухай үлгэр жишээ болж явах болно гэдгээ амлаж байна. Надад засрал хүмүүжлийн ажил хийж хохирлоо нөхөн төлөх боломж олгооч гэж гуйж байна” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.04/,

Хэргийн гарзын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.06-09/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.1.10-13/,

“Сүлд Үнэлгээ” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх.1.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бямбадоржийн өгсөн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 48 сургуулийн баруун талд машины ил зогсоол дээр машинаа байрлуулсан. Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагийн 40 минутын үед “машины чинь цонх хагарсан байна” гэж үл таних хүн хэлэхээр нь гэрээс гарч ирээд машинаа харсан чинь зүүн хойд цонх хагарч, эд зүйлс хулгайд алдагдсан байсан. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 48 дугаар сургуулийн урд байрны гадаа байрлуулсан миний Тоёота вокси загварын автомашинд хулгайч орж эд зүйлийг авсан байсан. 2021 оны 11 дүгээр сарын 02-нд мөрдөгч миний алдагдсан эд зүйл болох Epson брэндийн проектор, Nikon D5100 загварын зургийн аппарат, дагалдах хэрэгсэл зэргийг надад хүлээлгэн өгсөн. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Тоёота вокси загварын автомашины зүүн хойд талын хагарсан шилний мөнгө болох 160,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болно. Одоо надад санал, гомдолтой зүйл байхгүй, учир нь миний алдагдсан эд зүйлийг цагдаагийн байгууллага олж хүлээлгэн өгсөн надад учирсан хохирол болох 160,000 төгрөгийг авсан хүн нь өгч барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.1.21-22, 24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.Тийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр найз болох Чимэдлхамын 8511 УНГ улсын дугаартай хар өнгийн тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг авч таксинд явсан. Би такси үйлчилгээнд явж байгаад 2021 оны  10 дугаар сарын 31-ний шөнө 03:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар сургуулийн хашааны баруун талын зогсоолд хүн суулгасан. Би хүн буулгасан газартаа бууж бие зассан бөгөөд зогсоолд байсан саарал өнгийн машины дотор талыг харсан. Тэр машины арын тээшний хэсэгт жаахан зүйл байсан. Би тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан байсан бөгөөд би сургуулийн хашааны гадна талд байсан нарийн төмрөөр тухайн машины зүүн хойд талын хаалганы цонхыг хөшсөн. Тухайн машины цонх нь хагарсан бөгөөд гараа хийж машинд ил байсан хоёр жижиг цүнхтэй зүйлийг авсан. Би тэр хоёр зүйлийг авч машиндаа суугаад хөдөлсөн. Тэр хоёр цүнхэнд нэгэнд нь зургийн камер, нөгөөх цүнхэнд нь проектор байсан. Би тухайн хоёр зүйлийг хороололд нэг газар аваачиж хадгалсан байгаа. Би тухайн хоёр зүйлийг зарж мөнгө болгох зорилготой байсан. Би өөрийн гар утсаа ломбардад тавьсан хугацаа дуусах дөхөж байгаа бөгөөд мөнгө олж гар утсаа авах хэрэгтэй байсан. Түүнээс болж би хүний машины цонхыг хагалж эд зүйлсийг авсан...”,

“... Би тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол оо бүрэн төлж барагдуулсан. ” гэх мэдүүлэг /хх.1.27-28, 93/,

“Дамно” ХХК-ийн Хөрөнгийн Үнэлгээний тайлан /хх.1.30-31/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.36-38/,

Шүүгдэгч А.Тийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.1.40-87/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх.1.99-100/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /хх.1.112-113/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /хх.1.122-123/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /хх.1.127-129/,

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай Прокурорын тогтоол /хх.1.133-134/,

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.149/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.150-155/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Агийн өгсөн: “... Өчигдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, “Хөх тэнгэр” хотхоны автобусны буудал дээр байх ТҮЦ-ээ хаагаад явсан. Өглөө буюу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны 09 цаг 50 минутад ТҮЦ-ээ нээх гээд ирсэн чинь манай ТҮЦ-ний хаалга онгорхой, түгжээг эвдэлсэн байдалтай байсан, дотор ороод юмаа үзэхэд Леново болон НР маркийн нөүтбүүк, 100 ширхэг дуутай Сиди, LD тамхи 13 блок, зарим алдсан зүйлийг хэлж мэдэхгүй байна, бэлэн 220.000 төгрөг алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

...би 2 ширхэг нөүтбүүк, Клап ЛД, тамхи 12 боодол, бэлэн мөнгө 220,000 төгрөг, 100 ширхэг дуутай СД зэргийг алдсан талаар ярьсан байна. Үлдсэн эд зүйлийн талаар тэр үед мэдэхгүй байсан тул тодорхой яриагүй. ...Миний НР брэндийн нөүтбүүк 2021 оны хавар 3 сарын 20-ны үеэр компьютер ланд дэлгүүрээс 3,500,000 төгрөгөөр худалдан авч Экстир ХХК-н данснаас Д.Ганхүү гэх хүний Хаан банкны 5011355150 дугаарын данс руу шилжүүлж байсан. Хулгайчаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Би алдагдсан эд зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж ирсэн байгаа, эдгээрт дахин хөрөнгийн үнэлгээ хийлгэмээр байна.

...алдсан эд зүйлийн үнэлгээ болох 5,119,600 төгрөгийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь танилцсан нөүтбүүкийн үнэлгээ болох 540,000 төгрөг дээр бусад алдагдсан эд зүйлсийн 5,119,600 төгрөгийг нэмж 5,659,600 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ... ” гэх мэдүүлэг /хх.1.160, 179, 191/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.Тийн гэрчээр өгсөн: “... 2021 оны 11-р сарын дундуур 3 хоногийн өмнө БЗД-ийн нутаг дэвсгэрт лах “Налайх" явах шинэ замын урд талд байсан "CD“ гар утасны дагалдах хэрэгсэл зардаг "Дэлгүүр"-ийн хаалгыг хөшиж ороод дотроос нь гар утасны дах хэрэгсэл, машины чимэглэл, 2 ширхэг НВ гэсэн нөүт бүүк. бэлэн 100 000 орчим төгрөг авсан тухайн эд зүйлийг таньдаг хүндээ өгсөн тухайн хүнийг зааж өгч чадна. Өөр цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй хэрэг байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.168-169/,

“Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.171-172, 185-188/,

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай Прокурорын тогтоол /хх.1.193-194/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.198/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.199-202/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Баяртулгын өгсөн: “... Манай гэр нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Баянголын ам задгай тоотод байдаг. 2021 оны 09 дүгээр сараас хүүхдийн хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 204423 тоотод түр хугацаагаар амьдарч байгаа. Мөн өөрийн гэртээ 7 хоног бүрийн Баасан гаригт очиж Ням гаригт буцаж явдаг. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд ирээд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн орчимд гэрийн хаалга түгжээд буцаж явсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн орчимд манай хашаанд хамт байх төрсөн ах Н.Гарчаам ах над руу залгаад “танай гэрийн хаалга онгорхой хулгай орсон байдалтай байна” гэж хэлэхээр нь гэртээ очтол манай гэрийн хойморт байсан 50 инчийн зурагт болон хар мөнгөн аяга тавагны ком зэрэг алдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би 50 инчийн 4К Смарт rotenzo маркийн хар өнгөтэй зурагтаа 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Нэкст электроникс төвөөс 1.490.000 төгрөгөөр худалдаж аваад намайг 2020 онд хурим хийхэд бэлгэлсэн. Би зурагтаа 1,400,000 төгрөгөөр үнэлж байна. Мөн хар мөнгөн аяга тавагны ком нь нийтэд нь 1,500,000 төгрөгөөр үнэлж байна.

...Манай гэрээс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр алдагдсан эд зүйлсээс мөнгөн эдлэлийг мөрдөгч надад хүлээлгэн өсгөн. Ротенза загварын 50 инчийн ухаалаг нимгэн дэлгэцтэй зурагтыг үнэлгээний байгууллага 1,000,000 төгрөг үнэлсэн байгаа, иймд дээрх мөнгийг буруутай этгээдээс гаргуулж авмаар байна... ” гэх мэдүүлэг /хх.1.206-207, хх.2.5/,

Хохирлын баримт /хх.1.158/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.Тийн гэрчээр өгсөн: “... 2021 оны 10-р сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Орбитын тойргоос хойшоо баруун тийшээ уулын энгэрт байрлах урагшаа харсан хаалгатай хашаандаа 3 гэртэй хашааны хамгийн хойно нь байсан цагаан цоожтой гэрийн цоожийг хашаанд нь байсан төмрөөр хөшиж онгойлгоод дотроос 50 инчийн хар өнгийн “Rotwess” гэсэн зурагт аваад хажууд талынхан тавиур дээр байсан мөнгөн эдлэлүүдийг уутанд хийж авсан. Тухайн эд зүйлүүдийг СХД-н нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” захын хойно “Дөгөө" гэх ченжид өгсөн. Тухайн эд зүйлийг хулгайн эд зүйл байсныг “Дөгөө" мэдэж байгаа одоо харвал танина зааж өгч чадна...” гэх мэдүүлэг /хх.1.212/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Отгонтөгсийн өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо КВС-тэй байранд РС-тоглоом тоглож байхад надтай хамт Хар хорин зах дээр хамт ажилладаг З.Лхагва-Эрдэнэ нь над руу залгаж гараад ирээ гэхээр нь би гараад очиход З.Лхагва-Эрдэнэ болон А.Т нар нь хамтдаа улсын дугаарын мэдэхгүй хар өнгийн Тоёота приус 30 машин дотор сууж байсан. З.Лхагва-Эрдэнэ нь манай эдгээрийг зарах гэсэн юм гээд лааны суурь болон аяга тавагны ком үзүүлсэн тэгэхээр нь би энэ зүйл чинь мөнгө биш ээ авахгүй гэтэл А.Т нь найз нь шоронгоос гараад удаагүй явна гэхээр би өөрийн Хаан банкны данснаас 50,000 төгрөгийг А.Тийн дугаарын сайн санахгүй данс руу хоолонд ороорой гэж шилжүүлсэн. А.Т нь энэ эд зүйл хэрэгцээгүй юм чинь чи аваад үлдээдэх үү гэхээр би аваад үлдсэн. Надад тийм зүйл хэлээгүй. Хэрэггүй юм чинь чи аваад үлдчих гэсэн. Мөн би хулгайн эд зүйлс гэдгийг мэдсэн бол авч үлдчих гэсэн...” гэх мэдүүлэг /хх.1.215-216/,

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1.217/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.218-220/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.1.221/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн Үнэлгээний тайлан /хх.222-223/,

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай Прокурорын тогтоол /хх.2.06-07/,

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.12/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.14-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Лхагва-Эрдэнийн өгсөн: “... Би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны урд талын автобусны буудал дээр байрладаг “Наадмын хуушуур” гэх газар гар утас зардаг мөн гар утасны засвар үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажлаасаа 20 цаг 37 минутад гарсан тухайн үед хамт суудаг Батбаяр үлдээд би гэр лүүгээ явсан. Батбаяр ажлаасаа 22 цагийн үед буусан гэж хэлж байсан бөгөөд тухайн үед Наадмын хуушуурын хүмүүс үлдсэн гар утас зардаг хэсгээ цоожлоод гарсан байсан. Өнөөдөр 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагт ажилдаа ирэхэд манай Наадмын хуушуурын хаалгыг хөшөөд хулгайч орсон байсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тусдаа нэг лангуутай манай найз Батбаяр бас нэг лангуутай, манай лангуу болон Батбаярын лангуунаас эд зүйлс алдсан байсан.

Самсунг а-80 нэг ширхэг 450,000 төгрөгөөр худалдаж авсан, Redmi note 8 нэг ширхэг 420,000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг а-7 нэг ширхэг 2018 оных 290,000 төгрөгөөр худалдаж авсаг, Самсунг а-50 нэг ширхэг 320,000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг а-30 нэг ширхэг 300,000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг эс-9 нэг ширхэг 230,000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг эс-8 нэг ширхэг 200,000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг эс-8 Актив нэг ширхэг 200,000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг а-7 2017 оных нэг ширхэг 180,000 төгрөгөөр худалдаж авсан, LG Q9 нэг ширхэг 180,000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг а-5 нэг ширхэг 150,000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг жи-6 нэг ширхэг 150,000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг Вайд-3 нэг ширхэг 150,000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг эс-5 нэг ширхэг 80,000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг Гранд макс нэг ширхэг 80,000 төгрөгөөр худалдаж авсан, LG Style нэг ширхэг 80,000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг эс-6 Эджэ плас нэг ширхэг төгрөгөөр худалдаж авсан, ЛЖ нэксус-5 нэг ширхэг 90,000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг эс-7 нэг ширхэг 90,000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг эс-7 нэг ширхэг 120,000 төгрөгөөр худалдаж авсан, Redmi note 5 нэг ширхэг 100,000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг Меда нэг ширхэг 65,000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг а-8 2018 оных нэг ширхэг 200,000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг эс-8 плас нэг ширхэг 220,000 төгрөгөөр худалдаж авсан...”,

“...Миний алдагдсан утаснуудыг А.Төөс авсан хүн болох Мөнхболдоос 5019844201 дугаарын өөрийн Хаан банкны дансаар 2021 оны 11 дүгээр сард мөн 2021 оны 12 дугаар сард 300,000, 400,000-аар нийт 700,000 төгрөгийг авсан. Надад одоо санал, гомдолтой зүйл байхгүй.”  гэх мэдүүлэг /хх.2.24-25, 144-145/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Сарангэрэлийн өгсөн: “... би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ утасны марк болох хэдэн ширхэг байсан талаар мэдүүлсэн. Миний лангуунаас нийт 23 ширхэг утас алга болсон, нийт үнэлгээ нь 3,210,000 төгрөг болсон. Мөн 8 ширхэг нокиа утасны зай 40,000 төгрөг. Үүнээс гадна пабжи тоглоомын гар 5 ширхэг нийт үнэлгээ нь 80,000 төгрөг, төмөр хаалга 800,000 төгрөг, доторх вакум хаалга төгрөг болж байсан. Мөн хяналтын камер тоног төхөөрөмжийн хамт алга болсон. Миний эзэмшлийн биш болохоор би хяналтын камерын үнэлгээг мэдэхгүй байна. Би тухайн утаснуудаас 16 ширхэг утсыг хүлээн авсан. Мөн бор өнгийн цүнхийг 120,000 төгрөгөөр авч байсан.

Би тухайн цүнхийг хүлээн авсан. Одоо би нийт 1,460,000 төгрөгийн үнэ бүхий утсыг хүлээн авсан. Одоо 1,810,000 төгрөгийн утас аваагүй байна. Мөн пабжиний гар төмөр хаалга дотор хаалга Нокио гар утасны зайны мөнгийг нэмээд нийт 2,730,000 төгрөгийн хохирол учраад байна. Аваагүй гар утас хүлээж аваагүй буюу алдсан гар утас нь Рэдми нөте-8 хар 2 ширхэг, эс-7 эджи шаргал өнгөтэй 1 ширхэг, Самсунг эс-6 эджи нэг ширхэг, айфоне эс-6 нэг ширхэг ягаан өнгөтэй, айфоне-6 плас нэг ширхэг, Самсунг галакси 3 ширхэг нийт 9 ширхэг утас аваагүй байна. Тус утасны буюу Рэдми нөте-8 маркийн 2 ширхэг гар утас нийт 840,000 төгрөг, эс-7 эджи 220,000 төгрөг, айфоне 6эс 220.000 төгрөг, Самсунг эс-6 180,000 төгрөг, Айфоне-6 плас 250,000 төгрөг, Самсунг галакси вин 3 ширхэг нийт 115,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би үлдсэн гар утаснуудынхаа мөнгийг авч төмөр хаалга болон доторх хаалга пабжи тоглоомын гар, нокио маркийн гар утасны зайны үнийг төлүүлж авмаар байна. ...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Тэнцвэр Эстимэйт” ХХК хөрөнгийн үнэлгээний дүгнэлттэй танилцлаа уг дүгнэлтэд миний алдагдсан эд зүйлийн үнэлгээ дутуу гаргасан байна. Томилсон Сонгинохайрхан дүүргийн мөрдөгчийн тогтоол дээр ч дурдагдаагүй байна. Иймд би үлдсэн үнэлэгдээгүй айфоне 6 эс, нөте-5, эс-7 эджи, айфоне-6, лангууны модон хаалга, лангуу шилэн цуурсан, хяналтын камерын хар хайрцаг зэргийг төлүүлмээр байна. Миний алдагдсан гар утаснуудыг хулгайчаас худалдаж авсан Мөнхболд гэх залуугаас 700,000 төгрөгийг өөрийн хаана банкны 5064846078 дугаарын данс руу авсан. Мөнхболдоос үлдсэн мөнгөө авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх.2. 32-34, 147-148, 158/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Тийн гэрчээр өгсөн: “... Би 2021 оны 11 дугаар сарын 07-ны 21 цагийн үед гэрээсээ гараад таксинд явж байгаад оройны шөнийн 03 цаг өнгөрч байхад СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Наадмын хуушуур" гэх газрыг бүргэд хаалгыг дугуйн дорцоовоор хөшиж онгойлгож ороод дотроос нь 44 ширхэг гар утсыг бор цүнх болон хар торонд хийж аваад гараад явсан тэгээд тухайн гар утаснуудыг СБД-ийн нутаг дэвсгэрт байрлах ”Хангай хотхоны нэг ченжид 1.950,000 төгрөгөөр бодож өгөөд тухайн шөнөдөө 250,000 найз эмэгтэйн дансаар аваад маргааш өглөө нь 1,700,000 төгрөгийг бэлэн авсан” гэх мэдүүлэг /хх.2.43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мөнхболдын өгсөн: “...Би хувиараа Хангай хотхоны 502 дугаар байранд гар утас засварын газрыг 2016 оноос эхлэн ажиллуулж байна. Би өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан шөнө 05 цагийн үед над руу танихгүй дугаар залгахаар нь авсан. Тэгтэл зарын дагуу ярьж байна. Та эвдрэл гэмтэлтэй гар утас авна гэж зар тавьсан уу гэж асуусан. Би фейсбүүкээр эвдрэл гэмтэлтэй гар утас авна гэж зар байршуулсан байсан юм. Тэгээд би авна гэж хэлсэн. Тэгтэл тухайн залуу надад 40 утас байна гэхээр нь би Хангай хотхонд байрлах гэртээ дуудсан. Тэгтэл удалгүй 160-165 см орчим өндөр, туранхай, саравчтай малгайтай, маск зүүсэн 25 орчим насны залуу ирсэн. Тэгээд надад бор цүнхтэй зүйл үзүүлэхээр нь би аваад гаргаад үзэхэд 44 ширхэг утас байсан. Тэгээд би ямар учиртай утас юм бэ яагаад ийм олноор нь зарж байгаа юм бэ гэж асуусан. Тэгтэл тухайн залуу манай бацаанууд төв аймгаас хулгай хийгээд зарж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би тухайн утаснуудыг 1.950.000 төгрөгөөр худалдаж авахаар болж тохироод би тухайн хүний Хаан банкны данс руу 250.000 төгрөгийг шилжүүлээд маргааш нь 1.700.000 төгрөгийг бэлнээр ажлын урд талд өгсөн. Би нийт 44 утсыг 1.950.000 төгрөгөөр худалдан авсан. 10 гар утсыг зарсан. Үлдсэн утсыг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагаас залгаж ярьсан. Тэгээд би тухайн утаснуудыг хүлээлгэж өгөхөөр авч ирсэн байна. ...Тухайн залуу ганцаараа байсан. Бид хоёр л хоорондоо гар утсыг өгч авалцсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй." гэсэн мэдүүлэг /хх.2.45-48/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнгөнсарнайн өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны 504 дүгээр байрны 36 тоот гэртээ унтаж байхад манай нөхрийн гар утсанд дуудлага ирээд, үл таних хүнтэй ярьж байгаад, гар утсаар ярьж дуусаад, гар утас сэлбэг өгөх гэсэн юм гэрийн гадна ирээд үзүүлчихье нэлээн хэдэн гар утас байгаа гэсэн. Тэгээд удалгүй үл таних хүн манай гэрийн гадна ирээд нөхөртэй уулзаж байгаад 44 ширхэг гар утас 1.950.000 төгрөгөөр өгөөд тус гар утсыг лангуу бууж байгаа юм аа гэж хэлээд тухайн залуу 250.000 төгрөг дансаар шилжүүлж аваад маргааш үлдэгдэл мөнгийг авна гэж хэлээд яваад өгсөн байсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11-р хороо 502 байрны өргөтгөлд байх нөхрийн ажил дээр тухайн гар утас зарсан залуу ирээд бэлэн 1.700.000 төгрөг аваад явсан байсан. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай нөхөр бид хоёр ажил дээр байж байхад энгийн хувцастай цагдаагийн алба хаагч 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө худалдаж авсан гар утас чинь гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйл байна гэж хэлээд манай нөхөр бид хоёр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирээд гар утсаа хүлээлгэн өгөөд мэдүүлэг өгч байна. Тухайн гар утаснууд Самсунг, Элжи, Рэдми маркийн гар утас нар байсан. ” гэсэн мэдүүлэг /хх.2.50/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батбаярын өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр надад цагдаагийн алба хаагч 25-30 орчим насны эрэгтэй хүний хяналтын бичлэг үзүүлсэн тухайн хяналтын камерт бичигдсэн залуугийн үүрээд явж байсан цүнх нь миний гар утсаа хийж хадгалсан байсан цүнх мөн байсан тус залуугийн сууж явсан автомашин нь хар өнгийн приус-30 маркийн машин байхаар нь цагдаагийн алба хаагчид манай эд зүйлийг хулгайлсан энэ хүнийг би таньж магадгүй юм байна. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр надтай хамт лангуунд дээр суудаг Лхагва-Эрдэнэ дээр ирсэн А.Т гэх залуутай төстэй юм байна гэж хэлсэн, тухайн залуу нь намайг өглөө ажил дээрээ ирээд гар утсаа лангууны доороос гаргаж байхыг харсан байсан, тэгээд би А.Т гэх залуутай уулзаад миний эд зүйлийг бол буцаагаад өгчхөө би цагдаад хэлэхгүй гэхэд тухайн залуу надад миний эд зүйлийг хулгайлж аваад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны ченжид зарсан гэдгээ хэлээд зааж өсгөн. Тэгээд би тухайн болсон явдлыг хэрэг шалгаж байсан цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх.2.52/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-н 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ц-1076 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.53-55/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-н 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ц-1077 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.59-60/,

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх.2.64/,

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.68-71/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.72-75/,

Гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.76-84/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.2.84/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн БЗД2-22-311 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.153-154/, Хохирлын тооцоо /хх.2.163/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /хх.2.195-196/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Иймд шүүгдэгч А.Тийг дөрвөн удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч А.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч А.Т үйлдсэн гэмт хэргүүдийн улмаас хохирогч Б.Бямбадоржид учирсан 2.122.000 төгрөгийн эд зүйл буцаан өгсөн мөн бэлнээр 160.000 төгрөг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Г.Баяртулгын хохирол 2.500.000 төгрөгийн хохирлоос 1.500.000 төгрөгийн эд зүйлс буцааж өгсөн, М.Сарангэрэлийн хохирол 4.690.100 төгрөгөөс 700.000 төгрөг, З.Лхагва-Эрдэнийн 5.640.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч А.Тийн хохирлоос нөхөн төлөөгүй үлдсэн бүгд 10.649.100 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Ад 5.659.000 төгрөг, хохирогч Г.Баяртулгад 1.000.000 төгрөг, хохирогч М.Сарангэрэлд 3.990.100 төгрөг тус тус олгохоор шүүх шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй, А.Т урьд 159 /нэг зуун тавин ес/ хоног цагдан хоригдсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Си-Ди нэг ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. А.Тийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар А.Төд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар А.Төд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Тийн урьд цагдан хоригдсон нийт 159 /нэг зуун тавин ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Си-Ди 1 /нэг/ ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Төөс 10.649.100 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Ад 5.659.000 төгрөг, хохирогч Г.Баяртулгад 1.000.000 төгрөг, хохирогч М.Сарангэрэлд 3.990.100 төгрөгийг тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Төд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР